Найруулагч Э.Ёндоншарав: Үсээ зулгаагаад ч хамаагүй урагшаа л гишгэх ёстой

2022 оны 11 сарын 23

Драмын театр нэг шинэ “хулигаантай” болжээ. Түүнийг Э.Ёндоншарав гэх бөгөөд тайзан дээрээс дураараа “орилж хашхирч”, үзэгчдийг “үймүүлж” өгч байна. Драмын театр тэр дураараа нөхөрт өөрийнхөөрөө “орилох” боломжийг өгч. Шинэ тархи, шинэ цус сэлбэлт. Браво. Тэр гэхдээ мэргэжлийн хулигаан юм. Театраас, тайзнаас хүмүүсийн зүрх сэтгэл, оюун бодол руу тэс өөр өнгөөр ёг хийтэл нь хашхирч байна.

Бид улам л хайрцаглагдаж, хайрцаг маань улам л давчуу, харанхуй болоод байгаа энэ цаг үед Э.Ёндоншарав цэвэр агаар оруулж, нэг цонхыг нээж өгөв бүгдэд. Гэхдээ түүнтэй үг хэлэлцэхэд их хэцүү. Маш муу ярьдаг, анхаарал нь тэс өөр газар тайзны энд тэнд л үсчээд байх шиг. Харин оросоор бол сайн ойлголцож болохоор... Даанч сэтгүүлчийн орос хэлний мэдлэг хоол захиалахад ч хүрэлцэхгүй нь гачлантай. Найруулагч Э.Ёндоншарав их муу ярьдаг ч, маш уран боддог хүн билээ. Түүний хэл нь “Сычуаны сайн хүн” жүжиг. Жүжгийг үзэхэд л түүнийг ойлгочихно.


-Та ГИТИС-ийг төгсөөд энэ жил эх орондоо ирсэн.  Би буруу ойлгоогүй бол Станиславскийн школ заалгасан байх. Яагаад Бертольт Брехтийн зохиолыг сонгосон юм бэ? 

-Миний дотоод сэтгэлийн өвдөлт энэ зохиолын санаа, мэдрэмжтэй давхцаж байгаа юм болов уу. Москвад төгсөхөөрөө заавал Гамлет, Шекспир хийх албагүй шүү дээ. Өөрт мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжүүд ямар зохиолоос уншигдаж байна түүнд л хөтлөгдөнө. Энэ зохиолоор зүгээр нэг жүжиг тавих биш “Театр хийх”-ийг зорьж байгаа юм. Жүжигчдийг арай өөр арга барилаар тоглуулах сургалт гэх юм уу даа. Жүжигчдийн мэдрэмж, сэтгэл хөдлөл ч гэсэн дүрийнхтэй давхцаж байх ёстой.

-Жүжгийн найруулга их сонирхолтой байлаа. Жүжигчид дүрээсээ гараад буцаж ороод....Миний ард сууж байсан үзэгч жүжигчдийг алдаа гаргачихлаа гэж бодсон байх “Энэ юу болоод байна аа” гэж уулга алдсан. (инээв) Ийм тавилтад үзэгчид бэлэн гэж та бодож байна уу?

-Үзэгчдийн дунд сууж ямар мэдрэмж авч байгааг мэдмээр л байна. Үнэхээр сонирхолтой байж чадаж байна уу. Эсвэл жүжгийг үймүүлээд байгаа юм шиг санагдаж байна уу. Тэрийг ч бас мэдэрмээр байна. Таны хэлсэн шиг нэлээд үзэгдлүүд байсан л даа. Үзэгчид арай бэлэн биш байхад тийм дураараа юм хийж болохгүй юм шиг санагдаад хассан. Жүжгийн дундуур Ялалт, Хулан хоёрыг яриулаад “Ер нь та эмэгтэй партнёртай тоглохдоо яадаг вэ, жинхэнээсээ дурладаг уу. Жинхэнээсээ дурласан юм шиг жүжиглээд үзэгчдийг хуурч байгаа юм уу.” гэх мэтээр өрнөдгийг үзэгчид үзсэн байх. Дүрийн улаан шугам ингэж явж байгаад дуусахад Ялалтын амьдралын талаар орж ирнэ гээд энэ нь онолоороо нэг шугамд давхцаж байх ёстой. Жүж­гийн дүрд ямар мэдрэмж явж байна тэр нь үргэлжлээд улаан шуга­маа таслахгүй үргэлжилнэ. Хэзээ дүр рүүгээ орсон, хэзээ гар­­сан нь мэдэгдэхгүй уусаж байх ёстой.

-Таны тэр өвдөлт хувь хүний тань өвдөлт юм бол уу, мэргэжлийн хүнийх юм болов уу. Чухам юуны төлөөх юм бэ?

-Москва, Грек, Бээжин, Украин зэрэг олон орноор явж, олон янзын хүмүүстэй уулзаж байхад их ганцаардал мэдэрч байсан. Би ч бас өчнөөн нүгэл хийж байгаа даа... гэх мэт бодлууд орж ирдэг. Энэ мэдээж миний хувь хүний л өвдөлт. Жаахан ч гэсэн хичээгээд сайн хүн байх гэхээр их хэцүү шүү дээ. Жүжигт гол дүр хэлж байгаа биз дээ “Хүн заавал араатан байх ёстой юм уу. Зөөлөн байхаар хүмүүс элэг бариад байх юм” гэж. Иймэрхүү олон асуултууд амьдралын явцад асуугддаг. Энэ л олон асуултад  хариултууд  хайж байгаа орилоон шүү дээ энэ жүжиг.

-Брехтийн өвдөлт таныхтай давхцаад энэ жүжгийг тавих болсон юм байна гэж бодлоо?

-Энэ жүжиг бол тэр чигээрээ би. Би ямар Брехттэй хамт амьдарч, үг сольж үзсэн биш, би тэр хүнийг мэдэхгүй. Харин Брехтээр дамжуулан өөрийгөө харуулж байгаа миний хувийн илэрхийлэмж. Брехт гэдэг тэр агуу хүнээр дамжуулж би өөрийгөө гаргаж байгаа л гэсэн үг юм. Брехтийг уншиж байхад их хулигаан маягийн, задгай сэтгэдэг хүн байсан юм шиг санагддаг. Би ярихдаа тааруу хүн. Үзэгчид жүжгээ үзчихэд л Брехт гэдэг хүнийг бас намайг юу хэлэх гээд ядаад байгааг ойлгох байх. Намайг Москвад сурч байхад орчуулагдсан ном байхгүй үйлээ үздэг байлаа. Орчуулагч Н.Пүрэвдагва ах бол маш мундаг ажил хийж байгаа. Дараа дараагийн найруулагч нарт үнэхээр хэрэгтэй ажил. Бүгдээрээ хамтраад ингэж хүмүүсийн оюун санаанд нөлөөлөх ажил хийнэ гэдэг асар том буян. Хэзээ нэгэн цагт нэг монгол хүүхэд сурахаар Москва руу явах тэр үед энэ гоё номууд орчуулагдсан байгаасай гэж хүсдэг.

-Та “Сычуаны сайн хүн” жүжгээ өөрийнхөө санасны хэдэн хувьд нь хийж чадав?

-Өөрийн хүссэн хэмжээний 60 хувьд л хүрсэн.

-Үлдсэн 40 хувь нь хаачив?

-Цаг хугацаанд баригдаж яг өөрийнхөө хүссэн системийг оруулж ирэхэд  20 хэдэн жүжигчинд  зэрэг хийх боломжгүйгээ олж харсан. Тиймээс онолын нарийн ширийн зүйлсийг цөөхөн 3-4 дүртэй ч юм уу жүжигчин дээр хийх ёстой юм байна. Бүгдийг нь бөөнөөр нь хөдөлгөнө гэдэг бол асар их хөдөлмөр, цаг хугацаа их орох юм билээ. Энэ жүжигт тоглохын тулд жүжигчин,  Брехтийн  тусгай школд суурилна. Жүжгийг тоглохгүй, жүжгийг тайзан дээр тавьж үзүүлдэг. Нэг жүжгийн зохиол тавьчихаад жүжигчин, үзэгч хоёулаа суугаад хэлэлцэж байна гэсэн үг. Миний жүжгийн 40 хувь нь яагаад алга болчихож байна гэхээр үзэгчдийн дунд суугаад тэнд ярилцлага явах ёстой байхгүй юу. Москвад тавьсан бол би ингэж хийх байсан. “За энэ хүнийг буруутай гэж үзэж байгаа хүн байна уу?” гээд асуухаар үзэгчдээс гар өргөхөөр нь найруулагч өөрөө гарч ирээд “Тэгвэл та юу гэж бодож байна” гэх мэтээр жинхэнээсээ үзэгчтэйгээ ярилцана гэсэн үг. Өнөөдөр зретил арай бэлэн биш болохоор ингэж хийж чадаагүй.  Харин дараагийн жүжгийг би яг ингэж хийж, өөрөө тоглоно.  Би Оросод дипломныхоо жүжгийг тэгж хийсэн. Мэргэжлийн байдлаар ингэж хулигиандах ёстой. Харин мэргэжлийн бус хүн ингэвэл ойлгуулж чадахгүй. Гэхдээ сурсан школоороо жүжиг хийхгүй харин эндээс өөрийнхөө арга барилыг гаргаж ирнэ. Энэ жүжигт бид аравдугаар сарын 1-нд сургуулилтаа эхлээд  дундуур нь бас өөр жүжгүүдтэй байсан болохоор хагас цагуудаар ажилласан. Ингээд арваннэгдүгээр сард 10 хэдэн хоног жүжгээ бүтэн бэлдээд л  шууд нээлтээ хийсэн учраас би 60 хувь гээд байгаа юм.

-Та нээлтийн үзвэрээ үзсэн үү, ямар санагдсан бэ?

-Нээлтийн өдөр цастай,  замын түгжрээтэй байсан болохоор ч тэр үү суудал энд тэндээ хоосон байсан. Тэр хоосон зайнууд  намайг сүхдээд унагаачих шиг л болсон. Дараа нь харсан чинь суудал дүүрсэн байсан.

-Билетийн борлуулалт танд ямар хамаатай юм бэ. Найруулагч хүссэнээ хийгээд л санаагаа амраагаад болох юм биш үү?

-Би боорцог хийдэг хүн байлаа гэж бодоход яавал боорцог маань амттай чанартай болох вэ гэдэг дээр 80 хувь анхаарлаа хандуулаад 20 хувьд нь яаж боорцгоо зарах вэ гэх ёстой байхгүй юу. Гэтэл Монголд яавал энэ боорцгийг хурдан зарах вэ гэдэг дээр 80 хувь анхаарлаа хандуулаад үлдсэн 20 хувь дээрээ энэ боорцгийг яаж амттай болгох вэ  гэдэг юм байна. Миний хамгийн гол хүсэл бол чанартай бүтээл хийх л байна. Тэгээд зарж чадахгүй бол бас хайран. Тэгээд хоосон суудлууд байхаар нь “Хүмүүс гоё гялгар зүйлд дуртай, миний жүжигт гоё гялгар юм байхгүй юм чинь” гээд санаа жаахан зовсон. (инээв)

-Та жүжгээ үзэж чадав уу? 

-Ёстой үзэж чадахгүй юм билээ. Яагаад гэхээр бэлтгэл дээр нэг зүйл нь буруу болчихвол шууд хэлээд болиулаад дахиад эхнээс нь явдаг. Харин яг жүжиг маань тайзан дээрээс үзэгчдэд хүрээд явж байхад тэгж хэлж чадахгүй байсан нь хэцүү санагдсан.

-Жүжиг нэгэнтээ таны “хаанчлал”-аас гарч жүжигчид, үзэгчдийн мэдэлд очсон. Одоо та хэнд ч хэрэггүй болоод сэт­гүүлчтэй арын өрөөндөө ярил­цаад кофе уугаад сууж байна. Энэ танд аймаар байна уу?

-Харин ч гоё юм биш үү. Ингэхээс өөр арга алга.

-Хүмүүс гоё гялгар зүйлд дур­тай гээд түүнийг нь үзүүлээд байж болохгүй байх. Энэ талаар?

-Мэдээж. Ер нь үзэгчдийнхээ араас явж болохгүй. Гар, хөлөө хугалаад, үс гэзгээ зулгаагаад ч хамаагүй урагшаа л гишгэх  ёстой. Үзэх болов уу гэсэн айдас нь бид үзэгчдийнхээ араас явах гээд байна гэсэн үг. Тиймээс өмнө нь гарч байгаад сонин зүйлийг харуулах ёстой. Үзэгчид мэргэж­лийн хүмүүс биш болохоор юу үзэх гээд байгаагаа мэдэхгүй учраас бид санал болгож байх ёстой.

-Энэ жүжгийг тавихад танд хамгийн төвөгтэй зүйлс нь юу байв?

-Манайд техникч, техникийн зүйлс нь их хэцүү. Техникийн талын хүмүүс дутагдалтай, цалин нь бага болохоор ажиллах хүн олдохгүй шүү дээ. Эдгээр асуудлаас болж ажил унадаг. Гэтэл энэ ажлыг мэргэжлийн хүн л хийх хэрэгтэй болдог.

-Та саяхан төгсөж ирсэн. Бүх юмыг одоохондоо гаднаас сэргэгээр харж байгаа байх. Удалгүй бидэндээ уусаад өөрийгөө алдчихвий гэдгээс эмээж байна уу?

-Мэдээж орос хэлний буянаар асар том ертөнц надад нээгдсэн. Би угаасаа хөдөөний хүн болохоор өнөөгийн нийгэмд нэг их уусахгүй байх. Одоо англи хэл сурмаар байна. Тэр хэлээр дахиад өөр ертөнц нээгдэнэ гэж бодож байна. Өөр ертөнц нээгдэнэ гэдэг нь зорилго цаашаа эцэс төгсгөлгүй үргэлжилнэ гэсэн үг. Хорвоо ертөнцтэй танилцах,  олон хүнтэй уулзаж энэ ертөнцийн хаа нэг буланд ямар амьдрал байдгийг мэдэж авах нь гол юм.

-Та энэ жүжгийн дүрүүдээ ямар шалгуураар сонгосон бэ?

-Энэ жүжгийн дүр юуны өмнө их зөөлөн хүн байх ёстой. Ер нь хүн мэдэгддэг, жишээ нь, Ялалт ах гэхэд цаанаасаа гүндүүгүй, элдэв хуурамч маяггүй хамгийн гол нь өөрийнхөөрөө л байдаг хүн. Авьяасгүй жүжигчин гэж байхгүй. Харин найруулагчийн мөн чанарт тухайн жүжигчний өөрөө ч мэдээгүй нөөц боломж, хүчин чадлыг хөндөж дуугаргах ёстой. Тэгж чадвал чи найруулагч болно. Ийм хүмүүсийн сэтгэлийн утас гоё хөндөгдөж хөглөгддөг. Тэгж байж жүжигчин дахин нээгддэг.

-Та өөрийгөө ямар нэг талаар нээсэн үү?

-Би олон түлхүүртэй хүн гэдгээ мэдсэн. Тэр олон түлхүүрээ жүжигчдэд тааруулж, таарсан жүжигчин нь нээгдэх нь байна.

-Сайн хүн гэж таныхаар ямар хүн бэ?

-Сайн хүн гэж миний бодлоор эмпати хүн байх. Хүний өмнөөс жинхнээсээ өвдөж чаддаг тэр чанар гол нь. Хүний хажууд бус ганцаараа байхдаа хүний төлөө чин сэтгэлээсээ санаа зовнидог мэдрэмж бол хамгийн үнэтэй. 

-Та жишээ нь ямар үедээ тийм байдаг вэ?

-Би эгч нарыгаа, ээж аавыгаа их боддог. Би  чин сэтгэлээсээ энд тэнд гоё амттай хоол идэхээрээ эсвэл гоё газар очихдоо миний эгч энд байсан бол гэж боддог.

-Та сайн хүн мөн үү?

-Би их эготой хүн. Өөрөө өөртөө хайртай хүн. Хүн өөрийгөө тодорхойлох их хэцүү шүү дээ. Аав ээжийн хэлээд өгч чадахгүй амьдралын асар олон асуултын хариултыг олох гэж л энэ мэргэж­лийг сонгосон. Маш гоё мэргэжил.

-Энэ жүжгээрээ та хүмүүст юу хэлэхийг хүсэж байгаа юм бэ?

-Би театр хийх юмсан гээд мөрөөдөж байгаа. Та үзсэн бол миний жүжиг өөрийн гэсэн хэл­бэртэй. Өөрийн гэсэн театрын хэл гэх юм уу тэрийг л хийх хэрэгтэй байгаа юм. Жүжиг бүхлээрээ нэг том мотор байх ёстой. Тэр нь ажилладаг эргэдэг, өөрийн гэсэн ертөнцтэй, хэлтэй тусдаа хэлбэртэй байх ёстой. Тэр нь өөрөө театр болно. Өөрийнхөө хэлийг зохиогоод тэр хэлээрээ харилцана гэсэн үг. “Сычуаны сайн хүн” дээр маш их санаа зовж байсан. Ямар сайндаа нойлд ороод бие засахдаа хүртэл жүжгээ бодож байхав дээ. Нойрондоо оросоор зүүдлээд л гэнэт босож ирээд юм тэмдэглээд. Хүн ингээд хэтэрхий далд ухамсраа ажиллуулаад байхаар унтаж байхад хүртэл тэр нь ажилладаг юм билээ. Гэнэт сэрэ­хэд сценээ бодчихсон байдаг, тэгэхээр нь гялс бичээд авчихдаг байсан.

-Хүн хэзээ жинхэнэ найруулагч болдог юм болоо?

-Дөнгөж л эхэлж байнадаа сайн найруулагч болох үгүйг үзэгчид  л мэдэх байх. Жүжиг болгон дээр өөрчлөгддөг тэгээд дахиад шинээр эхэлдэг. Найруулагч түүнийг өөрийнхөөрөө зохиогоод л явна тогтсон зүйл байхгүй. Жүжиг бол тухайн тэр цаг хугацаандаа болоод усаар бол урсаад л өнгөрдөг кино бол цаг өнгөрсөнд үлдэж болдог. Жүжиг бол урсаад л өнгөрдөг тийм зүйл. Тогтсон юм байхгүй байнга өөрчлөгддөг. Жишээ нь, үзэгч “Сычуаны сайн хүн” тог­лоод дууслаа гэхэд амжсангүй гэдэг тэр нь өөрөө амттай байх ч боломжтой.

 

А.МӨНХЖИН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.91.45) 2023 оны 04 сарын 28

Сайн хүн гэж хэн бэ. үзэгч өөрөө өөрийгөө тоьдох дотор хүнтэйгээ ярих жүжиг санагдсан. олон олон залуус үзээсэй дээ

1  |  0
Top