Дорнын говиос Монгол эхэлдэг
Ийм нэртэй нэг сайхан дууг яруу найрагч Л.Эрдэнэбат зохиосон байдаг юм. Дорноговь аймаг руу явах бүрд л энэ мөр нь аманд өөрийн эрхгүй аялагддаг билээ. Ажил, амьдрал, ахан дүүсийн барилдлагаар энэ нутаг руу мөн ч олон явж дээ. Харин энэ удаад буюу өнгөрсөн долоо хоногт Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын нээлтийг сурвалжилах багийн бүрэлдэхүүнд багтан Улаанбаатар хотоос галт тэргээр гарлаа. Хавар гурван сард энэ замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх үед нь мөн очиж байсан болохоор найман сарын дотор төмөр замаа тавиад дуусчихсан гэхээр очиж үзэх гэж догдолж байлаа.
Учир нь хавар Ерөнхий сайд, Монголиан транс лайн ХХК болон Монголиан транс ложистик ХХК-ийн нэгдэлийн удирдлагууд, УИХ-ын Б.Дэлгэрсайхан нар “Найман сарын дотор энэ замыг бүрэн дуусгана” гэхэд нь итгээгүй юм. Харин тэд чаджээ, “Монголчууд бүтээж чадна гэдгийг харуулна” гэснээрээ харуулж чадлаа.
Улаанбаатар хотоос хөдөлсөн бид явсаар Зүүнбаян өртөө өнгөрч, гурван замын уулзвар дээр ирэхэд Монголиан Транс Ложистик ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар угтан авсан юм. Зүүнбаян-Тавантолгой, Сайншанд-Зүүнбаян, Ханги-Зүүнбаян гэсэн гурван замын энэхүү уулзвараас Ханги боомт хүртэл 226.9 км төмөр замын уулзвар нь манай улсад төмөр замын анхны гурван замын уулзвар болж байгаа аж. Мэдээж Ханги-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар туршилтын галт тэрэг явуулж, биднийг очихоос долоо хоногийн өмнө ачааны галт тэрэг явчихсан гэнэ. Гэсэн хэдий ч энэ замаар явж байгаа анхны хүн тээврийн галт тэрэг бөгөөд, анхны зорчигчид нь болж байгаа учраас аюулгүй байдлаа бодолцон бага хурдтай явна гэдгийг тэрбээр хэлж байсан.
Үнэхээр ч бид цаашаа Ханги өртөө хүртэл цагт 30 орчим км цагийн хурдаар явж хүрсэн гэдгийг сүүлд нь мэдсэн юм. Номгон өртөөнөөс дөрвөн км зайд байх гурван замын уулзвар дээрээс бид галт тэргэндээ ус нэмээд цааш хөдлөхөөс өмнө Д.Сүхбаатар дарга галт тэргээ усаар халаадаг, говь газар тул усны хэрэглээгээ аль болох багасгахыг сануулаад “Өнгөрсөн хугацаанд энэ бүтээн байгуулалтад оролцсон бид чинь бараг л шүлсээрээ нүүрээ угааж байлаа” хэмээн хошигносон юм. Ийнхүү шинэ төмөр замын анхны зорчигчдын нэг болж явсаар Ханги өртөөн дээр ирлээ. Төмөр замын өртөө, зөрлөгийг ер нь ойролцоох уул ус, газар нутгийн нэрээр нэрлэдэг юм байна. Өртөөний баруун талд зочдыг хүлээн авах, хүмүүсийг хоол, цайгаар дайлах гэрүүд эгнүүлэн барьж, өртөөний урд нээлтийн тайзыг засжээ.
ХОНОГТ КМ ГАРУЙ ТӨМӨР ЗАМ
Ханги өртөө нь хилийн зурвасаас 13 км наана байрладаг аж. Тиймээс сэтгүүлчдийн галт тэрэг нээлтээс өмнө цааш явж, төмөр замын тэг цэг хүрэхээр болов. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт явж буйг, хилийн зурваст орж ирж байгаа зэргийг галт тэргэнд станцаар дамжуулж байсан нь нэлээд сонирхолтой байсан юм. Эхлэл цэг буюу хил холбох хэсэг хүртэлх 13 км зайд өргөн болон нарийн царигийг хоёуланг нь тавьсан байна. Ингэснээр БНХАУ-ын талаас ямар ч царигаар ирсэн ачаа барааг саадгүй буулгах, ачих боломж бүрдэх бөгөөд энэ зохион байгуулалтыг залуу монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээжээ. Төмөр замын тэг цэг, хилийн зурваст буухад хүйтэн салхитай байсан ч эх орны торгон хил гэж бодохоор сэтгэлд нэг л дулаан.
"Монголиан транс лайн" компанийн инженерүүд 2017 онд хил холбох цэгийн асуудлаар Зам тээврийн хөгжлийн яамныхантай урд хөршид очиж байж. Энэ үед нь л хилээс цаана зургаан км зайд хятадын төмөр зам ороод ирчихсэн байсан гэнэ. Тиймээс үлдсэн энэ зайг хооронд нь холбоход л болох юм байна. Нэг ёсондоо нарийн царигаар холбоод дотогшоо 13 км явуулсан нь бараа бүтээгдэхүүнийг өөрийн нутагтаа буулгах, шилжүүлэн ачих боломж бүрдэнэ.
Ингэснээр импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийтдээ 20-25 сая тонн, төмөр замын тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэх аж. Мөн дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэх боломжтой болжээ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа өмнөд хөрш рүүгээ хоёр дахь гарцтай болж байгаа гэдгийг албаныхан онцолж байсан.
Мөн уг төмөр зам нь ачаа тээврийн буюу III зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй төмөр зам юм. Нийт 226.9 км төмөр замыг найман сар буюу 240 хоногт барьж байгуулсан нь хоногт нэг орчим км төмөр зам тавьсан гэсэн үг юм. Хамгийн онцлууштай нь ийм бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийж чадсан билээ.
Энэхүү бүтээн байгуулалтын ажилд180 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3500 гаруй ажилчин оролцсон бөгөөд ашиглалтад орсноор 1300 байнгын ажлын байр бий болно. Мөн Зэвсэгт хүчний цэргийн Барилга инженерийн цэргийн алба хаагчид оролцсон бөгөөд төмөр зам барих материалуудаа ч гэсэн аль болох дотоодын нөөц бололцоогоороо шийджээ. Нэг ёсондоо энэхүү төмөр зам үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчдын хамтын бүтээл. Дээрээс нь хувийн хэвшил Засгийн газраас ямар нэгэн баталгаа гаргуулалгүй, зээл авалгүй, өөрсдийн өртгөөр барьж байгуулсан юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн энэ төмөр замын өртөг анх ТЭЗҮ хийхэд 400 гаруй сая ам.доллар болж байсан гэнэ.
Харин цар тахал, дайны байдал, бэлэн бүтээгдэхүүн шууд худалдан авснаас болж өртөг нь багагүй хэмжээгээр өсчээ. Одоогийн байдлаар зургаан гүүр, 252 хоолой тавьсан бөгөөд зуун вагонтой нэг галт тэргийг нэг гэж тооцоод хоногт 8-9 галт тэргийг нэвтрүүлэх буюу БНХАУ-тай солилцох тооцсон байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд баригдсан тус замын концессийн гэрээ нь 20 жил бөгөөд хөрөнгө оруулалтаа хэдэн жилийн дотор нөхөх боломжтойг одоогоор судалж байгаа гэдгийг Монголиан транс лайн компанийн захирал Б.Баяржаргал ярьж байсан.
ЭКСПОРТЫН ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЭХ ТӨМӨР ЗАМ
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын нээлтэд Ерөнхий сайд, Зам тээврийн хөгжлийн болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар оролцсон. Энэ үеэр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Боомилогдсон боомтын зангилаа энэ бүтээн байгуулалтаар тайлагдаж эхэлнэ. Ингэснээр 2023 онд экспортын орлого анх удаа 11 тэрбум ам.долларыг давах болно. Бусад төмөр замын гарцууд нээгдсэнээр монголчууд бидний олон жил хүлээсэн үзүүлэлтүүд 2050 онд биш, 2040 онд биш, 2030 онд ч биш ердөө ирэх 4-5 жилийн дотор боомтын боймыг тайлснаар ирэх бүрэн боломжтой.
Цар тахлаас улбаалж эдийн засаг -4.6 хувиар агшсан, дайны нөхцөл байдлаас үүдэж үнийн өсөлт үүсэж, ханшийн савалгаа үүссэн хүнд цаг үед “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг дэмжиж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр төсвөөс санхүүжилтийн дэмжлэггүйгээр, нэмэлт өр үүсгэхгүйгээр энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг хийж чадсан та бүхнээр Монгол Улс бахархаж байна” хэмээн онцолсон. Мөн “Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг” гэсэн юм. Үнэхээр монголчууд бид өөрсдөө хийж чадах зүйлээ талцал, хуваагдлаас үүдэн зогсоож, өнөөдрийн өөхөө нэн тэргүүнд тавьсаар ирсэн нь өнөөдрийн байдлыг бий болгосон нь гашуун үнэн. Тиймдээ ч одоогийн байдлаар гацаж зогссон 40 гаруй томоохон төсөл байгаа гэнэ лээ.
Нээлтийн үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Энэ төмөр замаар Тавантолгойн нүүрс, Болдтөмөр Ерөө голоос төмрийн хүдэр тээвэрлэх боломжтой. Замын-Үүдийн төмөр замын түгжрэлийг бууруулах, байхгүй болгох маш чухал үүрэгтэй. Орос-Монгол-Хятадыг холбосон ганцхан чиглэлийн замтай байсан бол транзит тээвэр хийх дахин нэг гарцтай боллоо. Холболтын цэгийг ойрын хугацаанд тохирох боломжтой. Өмнөд хөршид хийж байгаа Ерөнхийлөгчийн айлчлалаар энэ асуудлыг хөндөн ярина” гэсэн юм. Үнэхээр энэ замын холболтыг нэг хоногийн өмнө ч гэсэн хийснээрээ бидэнд ашигтай. Мэдээж эдийн засгаа солонгоруулж, уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг бууруулах нь чухал ч гэсэн ойрын хугацаанд байгаа боломж маань уул уурхай. Боломжийн хэмжээнд уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдээ гаргаж байж л мөнгөтэй болно. Мөнгөтэй болж байж дараа, дараагийн бүтээн байгуулалтаа хийж, ажлын байр бий болгож, эдийн засгаа солонгоруулна. Энэ тухай ч гэсэн “Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдэр гарах боломжтой. Эдийн засагт маш чухал нөлөө үзүүлнэ” хэмээн ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн.
ХУЛАНГИЙН НУТГИЙГ ХОРЬЖ ХАШААЛАХГҮЙ
Монголчууд өөрсдөө бүтээн босгосон Ханги-Зүүнбаян чиглэлийн энэхүү төмөр зам Дорноговь аймгийн Мандах, Улаанбадрах, Хатанбулаг сумын нутгийг дайран өнгөрч байгаа. Энэ дотроосоо Хатанбулаг сумын нутаг нэлээд нутгаар дайрдаг аж. Хилийн цэгээс эхлээд л төмөр замын хоёр талаар хулан сүрэг, сүргээрээ байх нь гайхалтай. Хилийн зурвас дээр очоод харж байхап хоорондоо 600 гаруй метрийн зайтай хоёр улсын хилийн тор дотор ч хулангийн сүрэг байх нь сонин.
Харин өмнөд хөршийн хилийн хашаа өндөр, зай бага учраас урагшаа тэр бүрийд гараад байдаггүй бололтой. Тиймээс эх орондоо өөрийн тааваар бэлчээрлэж, өсөж үржиж байгаа нь энэ аж.
Өнгөрсөн оны судалгаагаар манай улсад 77 мянга гаруй хулан адуу бүртгэгдсэн байна. Хулангийн 95 хувь нь Монголд байдаг учраас эдгээрийг хамгаалах, тоо толгойг өсгөх, ирээдүй хойч үедээ үлдээх, цаашлаад олон улсын өмнө хүлээсэн үүрэг гэдгийг байгаль хамгаалагчид хэлдэг. Төмөр замаас холгүйхэн байсгээд л хэдэн зуугаар тоологдох өтгөн сүрэг тааралдах ч тэр бүр үргэж, давхилдаад байх нь үгүй аж. Харин ойролцоогоор нь машин, мотоцикл өнгөрөхөд тоос татуулан давхиж байлаа.
Төмөр замын хоёр талаар торон хашаа татаагүй учраас зэрлэг ан амьтан дайрагдах магадлалтай юм байна даа гэж бодсон маань өрөөсгөл ажээ. Асууж тодруулаагүй бол ёстой л хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг шиг зүйл болох дөхсөн. Монголиан транс ложистик компанийн Замын албаны дарга Б.Батсайханы хэлж байгаагаар одоогийн байдлаар зөвхөн өртөө, зөрлөг буюу суурин газрууддаа тор татахаар төлөвлөж байгаа аж. Харин бусад газарт нь тор татаж зэрлэг ан, амьтны хөдөлгөөнд нөлөө үзүүлэхгүй байхаар тооцсон байна. Учир нь зэрлэг амьтан торон хашаанд орчихоороо буцан давхиж дайруулах, торонд орооцолдох эрсдэлтэй байдаг гэнэ. Харин ийнхүү хашаагүй байлгаснаар машинист дуут дохиогоо ажиллуулснаар л үргэн холддог учраас ямар нэгэн эрсдэл гардаггүй байна.
Монгол инженерүүд, дотоодын бүтээн байгуулагчид маань ингэж л эдийн засгийн хөгжил, улс орны ирээдүйгээс эхлээд мал, зэрлэг амьтны хөдөлгөөнийг ч тооцож байж энэхүү бүтээн байгуулалтыг хийжээ. Ээрэм говийн нутгаар эрчит тэрэг дуут дохиогоо татуулан довтолгоно. Түүхэнд үлдэх бүтээн байгуулалтын гэрч болж, анхны зорчигч болон явж буйдаа талархана. Монгол инженерүүдийн тархинд боловсорч, мянга, мянган монгол залуусын хөлс, хүчээр боссон энэ төмөр зам ирээдүйн их бүтээн байгуулалтын нэгэн том туршлага болж, хөгжлийн их тулгуур болох нь гарцаагүй. Ханги өртөөнөөс сэтгүүлчдийн баг галт тэргэндээ суухад говь нутагт салхи ширүүсэж байлаа. Гэхдээ говь нутагт ингэж салхилах нь нутаг орон нь талархаж, лус савдаг нь баясаж байгаагийн илрэл гэж Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар нээлтийн ёслол дээр хэлж байсан нь санагдана.
Тийнхүү биднийг хөдлөхөд говь нутаг баярлан салхилсаар хэвээр авай.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Дорнын говиос Монгол эхэлдэг Монголын хөгжил Хангийн зам Хатанбулагаас эхэлж байна даа