-Манай улс “Дүрслэх урлагийн эрмитаж”-тай болох цаг болжээ-
Катар улсын таван хотын найман том цэнгэлдэх хүрээлэнд болж буй хөл бөмбөгийн ДАШТ дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл тус улсын нийслэл Доха хотын Үндэсний музейн хойморт монгол зураачдын дүрслэх урлагийн бүтээлүүдийг дэлгэснийг үзэгчид шимтэн сонирхож, гайхан биширч байгааг дуулгая.
Тодруулбал, Монголын бүх цаг үеийнхний хайртай зураач Ц.Жамсран агсны “Орхоны хавар”, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсомын “Тайхар чулуу”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн “Кино механикч”, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт М.Цэмбэлдоржийн “Цагийн сайхан” гэсэн дөрвөн бүтээл тэнд тавигджээ.
Хамгийн сонирхолтой нь дээрх бүтээлүүд 1960-аад онд социалист реализмын аргаар зурагдсан юм. Нэг үгээр хэлбэл, Монголын зураачдын социалист релизмын үеийн бүтээлүүдийг дэлхий ийнхүү хүлээн зөвшөөрч, гайхан биширч байна.
Дээрх мэдээллийг сонссон хэн ч “Ямар шалгуураар дээрх зургуудыг сонгосон бэ. Манай холбогдох байгууллагууд сонгож явуулсан уу. Катарт гаргаж буй үзэсгэлэнг зохион байгуулагчид өөрсдөө үзэж шилж сонгосон уу” гэсэн асуултыг тавих нь мэдээж.
Энэ тухай Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяагаас тодруулахад “Катар улсын талаас үзэсгэлэн зохион байгуулагчид нь өөрсдөө манай галерейн сан хөмрөг дэх дүрслэх урлагийн бүтээлүүдийг үзэж хараад дээрх дөрвөн зургийг сонгож үзэсгэлэнд толилуулахаар болсон. Монголчуудын дүрслэх урлагийн түүх өөрөө маш гайхалтай. Монголын дүрслэх урлагийн түүхийг авч үзвэл манай зураачид маш богинохон хугацаанд монгол зургаас өрнийн урлаг руу орж чадсан байдаг. Монгол хүний ур чадвар, арга техник, дасан зохицох чадвар, гайхалтай ой санамж үүнд нөлөөлсөн байх. Энэ бол дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд заавал бичигдэх сонирхолтой кэйс юм” хэмээн онцлон тэмдэглэж байна.
Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хийгээд түүнийг сонирхохоор газар газраас Катарыг зорин очсон олон орны зочид гийчдийн нүдийг монгол зураачдын бүтээл ид хужирлаж буйг сонсоход бахархах огших сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Гэвч энэ цаг дор бид дотооддоо ямархуу байдалтай байна вэ.
Нэн ялангуяа дүрслэх урлагийн бүтээлүүдээ хэр хайрлаж, хамгаалж байдаг билээ гээд бодоход даанч ичгэвтэр. Хэдхэн жишээ хэлье. Уран зургийн галерей л гэхэд өнгөрсөн 31 жилд өөрийн гэсэн байргүй тул Соёлын төв өргөөний нэг буланд жилдээ 10 гаруй сая төгрөгийн түрээс төлөөд ирсэн байх жишээтэй. Төр нэг халааснаасаа авч нөгөө халаас руугаа хийх маягаар 31 жилийг ийм байдлаар үджээ. Энэ мөнгөөрөө Уран зургийн галерейг зориулалтын байртай болгож, статусыг нь ахиулан Үндэсний уран зургийн галерей болгочихсон бол өнөөдөр арай өөр байх сан.
Гэтэл өнгөрсөн хугацаанд “Улсын алтан сан хөмрөг”-т авсан дүрслэх урлагийн бүтээлүүдийг хадгалж ирсэн тус байр нь зориулалтын бус байсан гээд бод доо. 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үеэр тэнд үнэт бүтээлүүд устаж шатсан хэрэг гарсан. 2009 оны тавдугаар сард хуучирч муудсан цахилгааны утаснаас нь гал гарч 900 гаруй үнэт бүтээл шатаж үгүй болсон. Өдгөө үе үе дээврээс нь ус гоожиж, сан хөмрөгийн ажилтнууд нөөцөнд хадгалж буй бүтээлүүдээ нэг булангаас нөгөө рүү зөөж өдөр хоногийг аргацааж байна. Бас болоогүй нөөцөнд хадгалсан бүтээлүүдээс эх зураг нь алга болсон хуулбарлагдсан байж болзошгүй, эсвэл бараа сураггүй алга болж Эрүүгийн цагдаагийн албанаас эрэн сурвалжилж буй үнэт бүтээлийн жагсаалтад оруулсан нь ч бий. Зай талбай бага учраас одоо нөөцөнд байгаа 4000 гаруй бүтээлийн дөнгөж наймхан хувийг л үзэсгэлэн гаргаж олон нийтэд толилуулдаг. Энэ байдлаа үе үеийн Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга, сайд, гишүүдэд танилцуулахад огтхон ч тоолгүй явж ирсэн гэж байгаа юм. Тэр байтугай “Засс, аль тэртээ өнгөрсөн баларсан социалзмын үеэ өнгөрөөсөн хогнууд одоо хэнд хэрэгтэй юм бэ” гэж хэлж байсан хүн ч байсан гэхээр харамсаад баршгүй. Түүх соёлын өв, Монголын оюун санааны гайхамшиг болсон тэр их өвийг тийм байдлаар үнэгүйдүүлчихээд зарим нь эрх мэдэл, алба тушаалаа ашиглан хулгайч нартай бүлэглэн гадагш гаргаж, сүлжээ үүсгэн хэчнээн тэрбумыг завшсан байхыг ч үгүйсгэхгүй. Тэр бүү хэл улс дамнасан уран зургийн наймаа панз үсэргэж, энд тэнд хувийн галерей нээчихээд сууж байгаа улстөрчид голдуу эрхмүүд ч байна.
Монгол зураачдын бүтээл хаана ч гологдохгүйг, арга барил, уран чадвар нь ямархан гайхамшигтай болохыг олон жилийн өмнө алга болж, түүнээс хойш эрэн сурвалжлагдсаар өнөө хүрч буй нэр зураач Ц.Жамсран агсны “Шинэ цас” тэргүүтэн бүтээлүүдээс харж болно. Өнөөдөр Катарын нийслэл Доха хотын үндэсний музейн хойморт залагдсан дөрвөн бүтээл ч үүнийг харуулж байна.
Тэгэхээр өнөөдөр бид эдийн засгаа аврах том төлөвлөгөө ярьж, нүүрс, зэсээ хэрхэн үнэ хүргэх тухай толгойгоо гашилгаж, эсвэл жуулчин татах тухай тоо бодож суухын оронд валют олох өөр боломжууд байгааг олж хараасай. Үүний нэг нь дүрслэх урлагийн сор болсон бүтээлүүдээ дэлхийд сонирхуулах биш гэж үү. Их эзэн Чингис хаанаар нэрлэсэн, Эзэнт гүрний үүх түүх, эдлэл хэрэглэлийг харуулсан үндэсний томоохон музей байгуулж чадсан юм чинь дэлхийд гайхагдаж буй монгол зураачдынхаа бүтээлүүдээр “Дүрслэх урлагийн эрмитаж” байгуулж яагаад болохгүй гэж. Бидэнд хангалттай нөөц байна шүү дээ.Өөрсдийгөө голж болохгүйг, “Одоо энийг хэн тоодог юм бэ, хаях хэрэгтэй” гэж хэлэх эрхгүйг Катар-2022 ДАШТ батлан харууллаа. Монгол зураачийн тэртээ 1960-аад онд зурсан бүтээл дэлхийд гайхагдаж байна гэдэг бол Монгол Улс “Дүрслэх урлагийн эрмитаж” байгуулах цаг болсныг харуулж байгаа түүхэн үйл явдал юм.
Дэр нэр дурдсан дөрвөн уран бүтээлчийн нэг болох Ц.Жамсран агсан бол ард түмний хайртай зураач, бүтээлүүд нь олон улсын үзэсгэлэнд Монголын нүүрийг тахалж ирсэн хосгүй зураач байсан. Гэсэн атал тэр хүн хөдөөний жирийн малчин, дүрслэх урлагийн ямар ч сургууль төгсөөгүй, өөрийн сонирхлоор зураг зурж ирсэн эгэл нэгэн байсныг бид мэднэ. Монголчууд Төв Азийн цээжинд хэзээнээсээ нутаглаж ирсэн нүүдэлчин ард түмэн. Гэвч тэднээс яаж тийм уран нарийн бүтээл гарсан нь өөрөө гайхамшиг. Шинжлэх ухаан, техник, технологи төдийлөн хөгжөөгүй, өнөөгийн 3D, 4D гэхчлэн техникийн дэвшил гарах байтугай сураг ч байхгүй үед Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Н.Цүлтэм агсны зурсан “Талын айл” хэмээх бүтээл ямархан алслалтай, гайхалтай болохыг өнөөдөр хүн төрөлхтөн гайхан бишрэх нь лавтай. Ингэж бид өөрсдийнхөө өв соёлыг үнэлж, мэдэрч, хайрлаж, хамгаалдаг баймаар байна. Эдийн засаг хэцүүдлээ, хэмнэлтийн горимоор ажиллана гээд өөрсдөөсөө харамлах атлаа өчнөөн үнэт зүйлээ алдаж асгаж, устгаж мөхөөж сууж болохгүй ээ. Монгол Улс монгол зураачийн авьяас, уран чадвар, арга барилын том сургууль болсон үндэсний “Дүрслэх урлагийн эрмитаж”-ийг байгуулах цаг болсныг үүгээр сануулья.
Сэтгэгдэл ( 2 )
Бахархалтай.
Монгол Улсынхаа алдарт зураачдаар бахархаж байна.