Манайхан нэг хэсэг “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэлцэн шуурч байв. Шуурах ч гэж өөртөө давуу эрх олгож, дүрэм журмаа зөрчин “монголчилж” байсны тод жишээ. Зарим нь “Бид тэнгэрлэг монголчууд юм чинь тэнгэртэйгээ ойрхон” хэмээн дур зоргоороо авирлахыг оролдож байсны илрэл байх. Уг нь гүйцэд унших юм бол гавьяат хуульч Б.Чимид агсан “Үндсэн хуулийн Цэцийн дээр нэг л юм бий. Энэ нь хөх тэнгэр биш, Үндсэн хууль өөрөө юм” гэсэн байдаг. Ганц өгүүлбэрээс дутуу сонсох хийгээд дураар авирлахын гайг гүйцэд ухаарахаар хэлсэн байгаа биз. Яг үүн шиг сүүлийн үед шүүх дээр гараад суучихлаа. Тэдний дээр салхинаас өөр юм байдаггүй гэх болов. Шүүгчид авлига авдаг, дураараа авирладаг гэсэн шүүмжлэл хөврөөстэй. Нөгөө талаас амтай болгон тэгж ярьж бичих атал түүнийгээ баримтжуулан хариуцлага тооцуулахаар хандсан тохиолдол алга. Эзэн биегүй ийм яриа энд тэнд ниссээр. Энэ нь өөрөө бидний хуулийн мэдлэг хэр байгааг үнэлэх нэг ёсны үзүүлэлт юм.
Тэгвэл шүүх, шүүгчидтэй холбоотой асуудлыг хариуцсан холбогдох байгууллагууд тэр болгонд яагаад дуугардаггүй юм бэ. Тэд ер нь хэрхэн ажилладаг вэ гэдэгт дүгнэлт бас болохоор. Яагаад гэвэл, өнөөдөр Цэцийн дээр хөх тэнгэр биш Үндсэн хууль байгаа шиг шүүх, шүүгчдийн дээр салхи биш Сахилгын хороо гэж байгууллага бий.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хуулиар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоож өгсөн. Сахилгын хороо байгуулагдсан цагаас эхлэн 2021-2022 онд 626, 2022-2023 онд 320, 2023-2024 онд 321, нийт 1267 өргөдөл мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Агуулгаар нь авч үзвэл, албан тушаалын нөлөө, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох 499, олон нийтийн болон хэвлэл, мэдээллийн сүлжээ ашиглахдаа хуулиар хориглосон үйлдэл гаргах 12, олон нийттэй харилцах явцад гаргасан зөрчил хоёр, хэргийн оролцогчтой харилцах явцад гаргасан зөрчил 116, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах 422, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд гаргасан зөрчил 127, хүндэтгэж үзэж шалтгаангүйгээр албан ажлаа таслах дөрөв, шүүхийн шийдвэр гаргах хугацааг хэтрүүлэх 71, албан чиг үүрэгт хамааралгүй гаргасан зөрчил 40, шүүгчийн ашиг сонирхлын зөрчил 60 байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс сахилгын нийт 618 хэргийг хэлэлцэж, 107 нотлох дүгнэлт үйлдэж, хэрэгсэхгүй болгох 514 санал гаргаснаас 35 шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна. Шийтгэл оногдуулсан шийдвэрийн үндэслэлийг үзвэл хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах, шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих, шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах зэрэг зөрчил дийлэнх байжээ.
Сахилгын хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрддэг. Гишүүд нь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгогдож, томилогддог. Бүрэлдэхүүнд нь Хяналтын шатны шүүхээс нэг, Давж заалдах шатны шүүхээс хоёр, Анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгодог. Бусад таван гишүүнийг нь нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилдог. Тус хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх, захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх зэрэг хатуу шалгууртай.
Сахилгын хороо хэрхэн ажилладаг вэ гэвэл үйл ажиллагаагаа хуралдаан хэлбэрээр явуулдаг. Шүүгчтэй холбоотой сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, хуралдаанаараа хянан шийдвэрлэх, гомдол, түүнчлэн эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрддэг аж. Тэгэхээр хуулиараа хэн нэгний амаар болон бичгээр гаргасан өргөдөл гомдолд үндэслэн шалгаж хянах, хуралдаан зарлах эрх үүсэх учир дээр өгүүлсэн даян дээгүүр олны салхиар дамжсан хов живийг шүүрч авч шалгах, хянах, шийдвэр гаргах эрх үүсдэггүй гэж ойлгож болох нь. Тиймээс “шүүх авлигажсан, шүүгч ийм тийм” гэсэн эзэн биегүй явган яриа газар авдаг байж магадгүй.
Түүнчлэн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх гээд өөр чиг үүргүүд ч Сахилгын хороонд бий. Шүүхийн бие даасан байдал, хараат бус байдлыг хангаж, хамгаалахгүйгээр үнэнийг дэнслэхэд мэдээж хэцүү.
Гэхдээ шүүгчид хуулиа мэддэг, мөрддөг учраас ажилдаа алдаа хийдэл гаргадаггүй юу гэвэл тийм биш аж. Санаатай, санамсаргүй алдааг үйлчлүүлэгч, иргэд гярхай хардаг, Сахилгын хороонд ханддаг, тэр дагуу зөрчлийг шийдээд явдаг. “Шилэн данс”-тай адил тэдгээр мэдээллүүд нь цахим хуудастаа ил тод тавигддаг. Гэвч хэрэг болгож орж хардаг, уншдаг, танилцдаг хүн та бидний дунд цөөхөн бололтой. Тиймээс шүүхийн дээр салхи л байдаг, тэд дур зоргоороо авирладаг гэсэн ойлголт байсаар...
Сэтгэгдэл ( 0 )