Хятадын "ТЭГ КОВИД" бодлого хааш эргэх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02


БНХАУ-д ковидын халдвар хамгааллын хатуу арга хэмжээг эсэргүүцсэн олныг хамарсан цуглаан, жагсаалтай зэрэгцэн тус улсын эрх баригчид “тэг ковид” бодлогоо зөөлрүүлэх хандлагатай байна.

Олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал Бээжин, Шанхай, Нанжин, Чэндү, Ухань зэрэг томоохон хотуудыг хамарсан. Жагсагчид элдэв урианаас илүү цэвэр цагаан цаас барин жагсаж байгаа нь аливаа цензурийн хоригоос зайлсхийх оролдлого гэж ажиглагчид үзэж, үйл явдлыг “цагаан цаасны хувьсгал” хэмээн нэрийдэв. Сүүлдээ урианууд ковид, хязгаарлалтын сэдвээс хазайж, Ши Жинпинийг огцруулах хүртэл шаардлага гарч ирсэн. Сүүлийн үед хууль хүчнийхний хүч нэмэгдсэнтэй холбоотой жагсаалын эрчим буурч байна. Гэсэн ч олныг хамарсан жагсаал, цуглаан эрх баригчдын анхаарлын гадна үлдсэнгүй.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Сунь Чунлань улс орон шинэ нөхцөл байдалтай нүүр тулж байна гэж мэдэгдсэн бол ажиглагчид төрийн мэдлийн хэвлэлүүдээр гарч буй ковидын талаарх мэдээллийн өнгө аяс өөрчлөгдсөнийг онцолж байна.
 


Тэмцэгч Үрүмчи

Үүнээс өмнө Хятадын эрх баригчид “тэг ковид” гэх хатуу бодлого барьж, энэ хүрээнд халдварын хэдхэн тохиолдол бүртгэгдэхэд олон сая хүн амтай хотуудад хөл хорио тогтоож байв. Шинжаан Уйгурын өөртөө засах бүс нутгийн нийслэл Үрүмчи хотын оршин суугчид энэ л бодлого өнгөрсөн пүрэв гарагт өндөр орон сууцны барилгад гарсан галын улмаас олон хүн амиа алдахад хүргэсэн гэж үзэж байна. Энэ нь Үрүмчи хотод олон мянган хүнийг хамарсан жагсаал өрнөхөд хүргэж, эл давлагаа Хятад даяар үргэлжилсэн. Гэвч тус хотын эрх баригчид энэхүү хувилбарыг үгүйсгэж, орон сууцны барилгын өмнө олон машин байрлуулсны улмаас гал унтраах машин ороход саад учруулсан хэмээн тайлбарлав. Гэсэн хэдий ч өнгөрсөн даваа гарагт орон нутгийн эрх баригчид халдвар хамгааллын арга хэмжээг сулруулах шийдвэр гаргасан юм.

Мягмар гарагаас эхлэн Үрүмчи хотын дөрвөн сая оршин суугчдад оршин суугаа дүүрэг дотроо нийтийн тээврээр зорчих зөвшөөрөл олгосон. Ковидын халдварын эрсдэл багатай бүсэд байрладаг зарим үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа хэсэгчлэн сэргээх зөвшөөрөл хүсэх боломжтой болжээ.
 


"Шинэ нөхцөл байдал"

Өнгөрсөн лхагва гарагт Гүанжоу зэрэг хэд хэдэн томоохон хотод халдвар хамгааллын арга хэмжээг гэнэт цуцалсан. Энэ шийдвэр нь тус хотод өрнөсөн жагсаалд оролцогчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарснаас хэдхэн цагийн дараа гарчээ. Бээжин хотын эрх баригчид хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдэд гэртээ өөрсдийгөө тусгаарлах зөвшөөрөл олгосон байна. Үүнээс өмнө бүхэл бүтэн орон сууцны хороололд хөл хорио тогтоодог байв.

Шадар сайд Сунь Чунлань коронавирусний хоруу чанар суларч байна хэмээн мэдэгдсэн. Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх салбарт шинэ нөхцөл байдал, шинэ зорилтуудтай нүүр тулж байна. Учир нь вирусний өвчин үүсгэх чадвар суларч байна. Олон хүн вакцинд хамрагдаж, халдварын тархалтыг тогтоох арга барил, туршлага нэмэгдсэн гэж Сунь Чунлань онцолсон юм. Түүний энэхүү мэдэгдлийн дараа Шанхай, Чунчин хотуудад хязгаарлалтын арга хэмжээг сулруулжээ. Чунланий мэдэгдэл нь Хятадын эрх баригчдын “тэг ковид” бодлогыг хатуу баримтлах ёстой гэж өмнө нь мэдэгдэж байсантай эрс ялгагдав. Энэ бүхэн Хятад улс олныг хамарсан хөл хорионоос ангижрах замд гарсныг илтгэж байна гэж шинжээчид үзэж байна.

Сүүлийн өдрүүдэд тус улсад ковидын тохиолдлууд дээд хэмжээнд хүрч байгаа. 36-40 мянга нь тэрбум гаруй хүн амтай Хятадын хувьд харьцангуй бага үзүүлэлт. Цар тахал эхэлснээс хойших хугацаанд тус улсад нийт 5200 мянган хүн ковидоор нас баржээ. Өөрөөр хэлбэл нэг сая хүнд гурван нас баралт ногдож байгаа нь АНУ, Их Британитай харьцуулахад туйлын бага. Эдгээр улсад нэг сая хүнд 3000, 2400 нас баралт тус тус ногдож байна.

Хятадын “тэг ковид” гэх бодлого нь тодорхой эцсийн цэггүй. Хятадад хэрэглэж байгаа вакцин нь бусад орныхтой харьцуулахад үр дүн нь бага ба вакцинжуулалт ч хангалттай өндөр биш. Хязгаарлалтын арга хэмжээнүүд нь эргээд чөтгөрийн тойрог үүсгэж байна. Удаан хугацаанд тусгаарлагдсан хүмүүс вирустэй “харьцахгүй” тул хамгийн өндөр хамгаалалт болдог “сүргийн дархлаа” үүсгэх шанс бага. Хамгаалалтын энэ л хана ихэнх орнуудад халдвар хамгааллын хатуу арга хэмжээ авалгүй вирустэй зэрэгцэн орших боломж олгож байна. Эх сурвалж ВВС агентлаг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
87(103.229.120.87) 2022 оны 12 сарын 02

Хэзээ ч тэг болохгүй тэг ковид. Улс төр орсон тэг ковид

0  |  0
Ха(64.119.24.116) 2022 оны 12 сарын 02

Хүнийг айлгаад дарамтлаад байхаар бие нь айдастай тэгээд өвдөөд байгаа юм амны билэгээ гэж өвдөхгүй ээ зүгээр болноо гэж бодвол зүгээр болно

0  |  0
. (202.179.21.195) 2022 оны 12 сарын 02

Шал дэмий юм хийж байгаа юм хужаа нар. Бусад улсууд хорио цээр гэхээ больчихоод болоод байхад хятад л гэж...

0  |  0
Top