Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн онгоцны тийзийн үнийн өсөлт, агаарын хөлгийн шатахууны сумалгаа болон ачилтын үнийн өсөлттэй холбоотой гомдлын дагуу онгоцны шатахуун борлуулах, цэнэглэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох “Мэргэ ван” ХХК-д холбогдох зөрчлийн 2202000306 дугаартай хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явууллаа.
“Мэргэ ван” ХХК нь Монгол Улсын хэмжээнд онгоцны шатахуун эцсийн худалдан авагчид борлуулах, Улаанбаатар хотын хэмжээнд онгоцны шатахуун цэнэглэх зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр 2013 онд тогтоогдсон бөгөөд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгааг ШӨХТГ-ын хуралдааны 2019 оны 03 тоот тогтоолоор дахин тогтоосон байдаг.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн үнэтэй харьцуулахад хил үнэ 2022 оны наймдугаар сард 46.7 хувиар, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2022 оны наймдугаар сард 11.6 хувиар нэмэгдсэн байх бөгөөд “Мэргэ ван” ХХК нь 2022 оны наймдугаар сард агаарын хөлгийн шатахууны сумалгааны кг тутамд 2800 байсан үнийг 5600 төгрөг болгож 100 хувиар, ачилтын кг тутамд 2750 байсан үнийг 5550 төгрөг болгож 102 хувиар тус тус өсгөсөн байна.
Өөрөөр хэлбэл, валютын ханш 10 гаруй, хил үнэ 40 гаруй хувиар буюу нөлөөлөх хүчин зүйл 50 гаруй хувиар өөрчлөгдсөн байхад “Мэргэ ван” ХХК нь сумалгаа болон ачилтын үнийг 100-102 хувиар өсгөж давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулж, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон болох нь нотлогдлоо.
Иймд давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулж, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зөрчил гаргасан “Мэргэ ван” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 183.6 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
Сэтгэгдэл ( 2 )
Бас л хулгай луйвар шунал үхээч
Okay