Нийлүүлэлтийн гинжин хэлхээнээс үл хамааран зэвсгийн худалдаа нэмэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

2021 онд дэлхийн зэвсэг үйлдвэрлэгч томоохон 100 компанийн борлуулалт, үйлчилгээ 1.9 хувиар нэмэгдэж, 592 тэрбум ам.долларт хүрсэн тухай Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн / SIPRI / мэдээлжээ. Ингэснээр дэлхий дахинд зэвсгийн худалдаа долоо дахь жилдээ дараалан нэмэгдэж байна.

SIPRI-ийн мэдээллээр, зэвсэг үйлдвэрлэгч томоохон 100 компанийн жагсаалтад АНУ-ын 40 компани багтдаг. Тэдний борлуулалтын нийт хэмжээ 299 тэрбум ам.долларт хүрчээ. Жагсаалтад орсон Хятадын найман компанийн борлуулалтын нийт хэмжээ 109 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оныхтой харьцуулахад 6.3 хувиар өссөн байна. Хятадын найман компанийн дөрөв нь топ-10 бичигдэж байна. Хятадын “China Shipbuilding Trading” компани дэлхийн хамгийн том цэргийн усан онгоц үйлдвэрлэгч компани болж, нийт 11.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулсан байна. БНСУ-ын дөрвөн компанийн нийт борлуулалт 3.6 хувиар өсөж, 7.2 тэрбум ам.долларт хүрчээ. SIPRI-ийн жагсаалтад орсон Европын 27 компанийн борлуулалтын нийт хэмжээ 123 тэрбум ам.доллар болж өссөн бол Оросын зургаан компани нийт 17.8 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top