Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тов ёсоор энэ сарын 15-23-ны өдрүүдэд хуралдаж, 2022 оны сүүлийн шийдвэрээ гаргана.
Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны есдүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх;
Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох;
Банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргасан юм.
Уг шийдвэр гарах үед жилийн инфляц наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гараад байсан.
Тэгвэл сүүлийн буюу аравдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 14.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.6 хувь байна.
Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын хурлаараа "Цаашид мөнгөний бодлогын төлөвийг үргэлжлүүлэн хатууруулах эсэх нь гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ" гэсэн юм.
Тодотгоход, эдийн засагт үүсээд буй сөрөг нөхцөл байдлыг бууруулахын тулд гал унтраах байдлаар аргацаан хандах биш төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог сайтар хангасан шийдвэрүүд гаргах нь чухал байгааг олон улсын байгууллагууд, эдийн засагчид, судлаачдын зүгээс эрх баригчдад байнга зөвлөдөг.
Тухайлбал, ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсэг өнгөрсөн есдүгээр сард манай улсад ажиллаад гаргасан дүгнэлтдээ "УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэр мөнгөний бодлоготой уялдахгүй бол цаашид Төв банканд бодлогоо нэмж хатууруулахаас өөр орон зай байхгүй болно. Хатуу бодлогын нөлөөлөл жирийн иргэдэд сөргөөр нөлөөлж, өр зээлээ ч төлж чадахгүй болох эрсдэлтэй” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Төгрөг чинь бөгсөө арчсан цааснаас үнэгүй болж бүх юмны үнэ өсөж бна ш тээ. Цалин огт нэмэгдсэнгүй. Одоо дизель түлш ховордлоо гээд бүх юм өдрөөр н5мэгдэж бна. Төгрөгийнхөө ханшийг хамгаалаач үнэ цэнийг нэмэгдүүлээчэээ. Ард түмний дараачийн тэмцэх асуудал төгрөгийн ханш шүү. Нэг хэдхэн компаниудын эрх ашгийг хамгаалсан шийдвэр хэрэгүй шүү малуудаа.