Түүхий нүүрс хяналтаас гарч, хар тортог, хорт утаа бүрхлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

“Улаанбаатар хотод утааны голомт болж буй газруудад дрон нисгэж, утаа их гарч буй айлуудад очиж, шахмал түлш хэрэглэж байна уу, түүхий нүүрс болон бусад зүйлс түлж байна уу гэдгийг шалгана” гэж БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан өмнөх оны мөн үед хэлсэн нь олны дургүйцлийг ихэд хүргэж, сайдын сэнтийгээсээ буух нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.

Сайд хүн ийм үг, үйлдэл гаргасан нь буруу байсан боловч үнэхээр л хууль тогтоомжийг зөрчиж өөрийгөө болон өрөөлийн эрүүл мэндэд заналхийлж, түүхий нүүрс түлж буй иргэн, ААН, байгууллагуудыг илрүүлэх нь зөв юм.

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолд “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцаас бусад Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай” гэсэн байдаг.

Гэвч өнөөдөр “Монголын хууль гурван хоног” гэдэг шиг нөгөө төрийн удирдах албан тушаалтны сүржин эргүүл ч үгүй, хяналт ч үгүй болжээ. Дээрээс нь Эрчим хүчний яам “гал алдах нь” гэж эмээхдээ дээрх тогтоолын гуравдугаарт “Байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн технологийн зориулалтаар дулаан, уур үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад сайжруулсан шахмал түлш, мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс)-ийг хэрэглэхийг зөвшөөрсүгэй” гэдэг заалт нэмсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотод ажиллаж байгаа нам даралтын зуухнуудад түүхий нүүрс хэрэглэж эхэлсэн байна. “Аргална даа” сайд хэлсэндээ ч аргалж чаджээ.


 

“170 нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэдэг 20 аан шаардлага биелүүлдэггүй” гэв

 

Харин энэ их утаа тортгоос болж эмнэлгийн ачаалал дийлдэхээ байж, арга ядаж хэвтдэг байсан коридор нь ч олдохоо байсныг эцэг, эхчүүд санаашран ярьж байна. Одоо энэ асуудлыг хэн “аргалах” вэ. Эрчим хүчний яам уу, үгүй л болов уу. Тэд өөрсдийгөө гал алдах аюулаас аварч гарсан бол болоо гэсэн шиг бусад асуудлыг хөсөр хаяжээ.

Ийнхүү нөгөө л нэг хар тортог, хорт утаа Улаанбаатар хотыг бүрхлээ. Хэдийгээр айл өрхийн хэрэглээнд сайжруулсан шахмал түлш хэрэглэх заалт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн заалт нь тэр хэмжээгээр утаа үйлдвэрлэхийг зөвшөөрч буй хэрэг. Учир нь нам даралтын зуухны яндан 100 айлын яндантай тэнцдэг гэж тооцвол нийтдээ 17 мянган айл өрх нүүрс түлэх хэмжээний хөө тортог, агаарын бохирдол бий болгоно гэсэн үг.

Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид өнгөрсөн гуравдугаар сараас хойш нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрлөө авдаг 20 аж ахуй нэгжийн 170 нам даралтын зуухны үйл ажиллагааг шалгасан. Бид эдгээр аж ахуйн нэгжүүдэд яндандаа утаа шүүгч тавих, угаарын хийн мэдрэгч байршуул, баяжуулсан нүүрсээ хадгалах битүү агуулах барих, үнсээ хадгалах битүү савтай байх шаардлагыг тавьсан. Харамсалтай нь энэ шаардлагын нэгийг ч биелүүлээгүй байна. Тэгсэн мөртлөө түүхий нүүрс түлэх шаардлагаа тавьж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ шаардлагаа огт биелүүлээгүй. Хамгийн дорвитой ажилладаг нь уур үйлдвэрлэдэг 68 аж ахуйн нэгжийн 88 нам даралтын зуух. Холбооны зүгээс маш сайн ажилладаг. Харин дулаан үйлдвэрлэдэг 20 аж ахуйн нэгжийн 182 зуух шаардлагыг биелүүлээгүй” гэсэн юм.

Агаарын бохирдлыг үүсгэж байгаа бас нэг хүчин зүйл нь тээврийн хэрэгслээс ялгарч байгаа хорт бодис юм. Улаанбаатар хотод 670 гаруй мянган тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд тэдгээрийн 87 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Мөн манай тээврийн хэрэгслүүд "евро-2" гэдэг шатахуун хэрэглэж байгаа нь шаталт бүрэн явагдахгүй, агаарт хорт бодис ялгарах шалтгаан болж байна гэдгийг мөн Б.Алтанзул хэлж байлаа.

 

129 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээ хэдий хүртэл яригдах вэ

 

Манай улс Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд батлан, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн ч 2021 онд хугацаа нь дуусаж, үр дүн нь утаан дундаа сүлэлдэж замхран алга болов. Угтаа уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасган дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавьсан.

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “2017-2021 оны хооронд гэр хорооллын 198 мянган өрхөөс 42 мянган өрхийг эрчим хүчээр хангах буюу яндангүй бүс байгуулах технологийг бүрэн нэвтрүүлсэн. Гэтэл яндангүй айлын тоо багасах ёстой байтал харин ч нэмэгдээд 203 мянган айл болчихсон. 2019-2020 онд 400 мянга орчин тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байсан юм. Харин одоо 600 мянган тонн давчихсан.

Дээрээс нь нийслэлийн 22 ААН-ийн 68 байршилд 183 нам даралтын зуух галлагааны улиралд 129 мянган тонн түүхий нүүрс түлж байна.

Дээрх ААН-үүд 2017-2022 оны хооронд “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн дагуу нүүрс хэрэглэхээ зогсоож газ эсвэл цахилгаан руу шилжих ёстой байсан. Гэтэл шилжилт хийж чадаагүйн улмаас ЭХЯ-наас хөлдөлт үүсэх эрсдэлтэй байна хэмээн түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн.

Цаашдаа бид дулаанаа цахилгаан эрчим хүчээр хангах боломж байна. Ингэхийн тулд 1980-аад оны хоёр том станц дээр өргөтгөл хийх хэрэгтэй. Өргөтгөл хийхийн тулд 170 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна. Ингэснээр 44 мянга орчим айл өрх эрчим хүчээр дулаанаа хангах нөхцөл бүрдэнэ” гэв.

Мөн Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанд мөн түүхий нүүрсний хэрэглээг хэлэлцэж байв. Тодруулбал, “Халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох байгальд ээлтэй технологиор шийдэж агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2022 онд төвлөрсөн дулаан хангамж, цахилгаан болон хийн халаалтад шилжүүлж, сайжруулсан түлш хэрэглэж, техникийн шийдлийг өөрчилснөөр 129 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсооно. Ингэснээр агаарт хаягдах PM10 тоосонцрын хэмжээ 1900 тонн, хүхэрлэг хийн хэмжээ 570 тонноор буурах юм” гэж байжээ. Энэ мэтчилэн 129 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээ хэдэн өвөл дамжин яриг­даж, иргэд хөө тортог болсон утаа­гаар хэдий хүртэл амьсгалах вэ.

 

Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлш стандартад нийцэж байгаа

 

Тэгвэл сайжруулсан шахмал түлшний чанарын асуудлаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх мэдээлэл өгсөн. Тэрбээр “Сайжруулсан шахмал түлшийг долоо хоног бүр нэгээс доошгүй удаа гурван лабораторид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинжилдэг. Өнөөдрийн байдлаар бидний үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байгаа.

Улаанбаатар хотод байрладаг том хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утааны асуудал бий. Технологийн шинэчлэл хийж, бүх станц дээр байнгын ажиллагаатай утааны хэмжилт хийдэг төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмжийн хэмжилтийн дүнг хянаж байгаа. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэмжилтийг зөөврийн төхөөрөмжөөр албажуулж хэмждэг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод байрлаж буй дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг станцуудаас гарч байгаа утаа Монгол Улсын стандартыг хангаж байгаа.

Сайжруулсан шахмал түлш болон станцуудын үйлдвэрлэлтэй холбоотой ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйл байхгүй гэдгийг баттай хэлэх байна” гэсэн юм.

Өнгөрсөн жил сайжруулсан түлш утаатай, утаагүй гэж ярьдаг байсан бол өнөө жил “сайжруулсан түлшнийх үү, түүхий нүүрснийх үү” болж хувирчээ. Ямартай ч түүхий нүүрс хяналтаас гарч, ЭХЯ “гал алдахгүй” гэсэндээ агаарын бохирдлыг бууруулах үүднээс Засгийн газраас гаргасан Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай 62 дугаар тогтоолоос ухарчээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирина(193.232.238.250) 2023 оны 01 сарын 10

Городским властям пора задумываться о строительстве социального жилья. Многоквартирных жилых домов с небольшой квадратурой помещений (квартир), для того что бы в целом стоимость квартиры стоили не дорого. Это подтолкнет рынок ипотечных кредитов. Кто-то сможет купить и переехать с юрточных районов. В худонах необходимо развивать скотоводство, для того чтобы граждане не уезжали в город.

0  |  0
Top