Хятадын Өвөрмонгол, баруун өмнөд Хятадын Юньнань дахь хилийн томоохон боомтууд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хаалттай байсан бөгөөд ням гарагт албан ёсоор үйл ажиллагаагаа бүрэн сэргээлээ.
Боомтын үйл ажиллагаа дахин эрчимжиж эхэлсэнтэй холбоотойгоор Евразийн өргөн уудам бүс нутаг дахь Хятадын хуурай замын худалдааны гол замуудын ачаа болон зорчигчдын тоо ирэх саруудад хурдацтай нэмэгдэх төлөвтэй байгаа талаар гаалийн ажилтнууд болон бизнес эрхлэгчид “Global Times” сонинд ярьжээ.
Монгол, Орос, Вьетнам, хөрш зэргэлдээ орнууд болон Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний чиглэлийн ачаалал нэмэгдэж, худалдааны эргэлт өсөхөөр байгаа юм. “Тэг КОВИД” хатуу бодлогыг дуусгавар болгосноос сарын дараа энэ улсыг зорьсон эхний зорчигчид нь Хонконгийн олон мянган оршин суугч байсан талаар Ройтерс мэдээлсэн байна.
Зорчиход тавигдах хязгаарлалтуудын ихэнх нь тэр дундаа ирсэн хүмүүсийг долоо хоног тусгаарладаг байсан журмыг цуцалсан ч хилийг нээхдээ тодорхой журам баримтална гэж Хятадын эрх баригчид мэдэгдэж байсан тул зорчих хөдөлгөөн эсвэл виз олголтод хязгаарлалт тавих аж.
“Global Times”-ийн мэдээлсэнээр өнгөрсөн ням гарагийн өглөөний 09.00 цагт Монголоос 300 орчим зорчигч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод иржээ. Эрээн хот бол Хятад-Монголын хилийн хамгийн том хуурай замын боомт бөгөөд Хятад-Европыг холбосон ачааны галт тэрэгний нэг чиглэлийн чухал орц, гарц юм. 2013 онд тус боомтоор дамжин хил дамнасан төмөр замын үйлчилгээг эхлүүлснээс хойш наймдугаар сард нь тус боомт Хятад-Европын 10 мянган ачааны галт тэрэг нэвтэрч, түүхэн амжилт тогтоож байсан. Хятад Монголын хил дамнасан худалдааны хувьд Эрээнхотоор худалдааны 70 гаруй хувь дамжиж байна.
"Хяналтыг сулруулсны дараа авто замын ачаа тээвэр хэвийн байдалдаа орж, төмөр замын ачааны багтаамж нэмэгдэнэ. Ирэх онд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний тоо мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байна" гэж Эрэнхотын Гаалийн газрын төлөөлөгч Ван Майлигэн “Global Times”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.
ӨМӨЗО-ны Манжуур хотод өөр нэг хуурай замын боомт ням гарагаас эхлэн олон улсын авто замын зорчигч тээврийн үйлчилгээгээссэргээснээр эхний хоёр автобусаар БНХАУ-аас ОХУ-д 16 зорчигч, ОХУ-аас зургаан зорчигч БНХАУ руу нэвтэрсэн байна. Хятадын өмнөд хилийн боомтуудад ч мөн адил үйл ажиллагаагаа сэргээж байгаа аж. Баруун өмнөд Хятадын Юньнань мужийн хуурай газрын томоохон боомт Хэкоу хотод ням гарагийн 8.00 цагт хилийн үйл ажиллагаа сэргэсэн. Тус боомтоор цар тахлаас өмнө өдөр бүр 124 мянган хүн нэвтэрдэг байжээ.
Гурван жил орчмын хугацаанд ийнхүү хатуу хөл хорионд байсан улс гэнэт л ийнхүү хөл хориогоо цуцалсанаар хүн ам шигүү суурьшсан энэ улсад халдварын хүчтэй давалгаа дэгдэж, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм.
Их Британид байрладаг “Airfinity” судалгааны компанийн мэдээлснээр, өдгөө Хятадад өдөрт 2.5 сая хүн халдвар авч байгаа бол өдөрт 16600 хүн халдварын улмаас нас барж байгаа аж. Цаашлаад энэ сарын дунд үе гэхэд халдварын тоо өдөрт 3.7 сая хүрч магадгүй гэж шинжээчид тооцоолжээ. Мөн энэ тооцооллоор Хятадад ковидын улмаас хэдийнэ 209 000 хүн нас барсан аж. Дөрөвдүгээр сарын сүүл гэхэд нас баралтын тоо 1.7 саяд хүрч болзошгүй гэж “Airfinity” сэрэмжлүүлжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )