Дэлхийн эдийн засагт тулгарч буй таван том бэрхшээл

2023 оны 01 сарын 13

2022 он бол дэлхийн эдийн засаг цар тахлын улмаас үүссэн эмх замбараагүй байдлаас гарах төлөвтэй байсан жил байлаа. Гэвч Орос хоёрдугаар сарын 24-нд Украинд довтолсонтой холбоотойгоор дэлхийн эдийн засаг тодорхойгүй байдлын хямралд оров.

Украины дайн, Оросын эсрэг барууны хориг арга хэмжээ авсан нь геополитикийн хурцадмал байдлыг улам хурцатгаж, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд амжилт тогтоож, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд саад болсон. Инфляц олон жилийн дээд цэгтээ хүрснээр Төвбанкууд аль хэдийн удааширч буй эдийн засагтай холбоотойгоор зээлийн хүүгээ өсгөж, 2023 онд эдийн засгийн уналтын төлөвийг улам бүр нэмэгдүүлснээр мөнгөний хүртээмжийг огцом чангаруулахаас өөр аргагүй болсон. Дэлхийн эдийн засагт тулгарч болзошгүй томоохон сорилтуудыг DW агентлаг нэрлэжээ.

 

УДАХГҮЙ БОЛОХ УНАЛТ

 

КОВИД-19-ийн хөл хорио дэлхийн эдийн засгийг бараг зогсонги байдалд оруулсан 2020 оны дараа дэлхийн эдийн засгийн өсөлтийн гурав дахь хамгийн муу жил байх төлөвтэй байна. Төв банкууд хэрэглээний бараа, үйлчилгээний эрэлтийг бууруулахын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүлсээр байгаа тул АНУ, Их Британи зэрэг дэлхийн томоохон эдийн засаг, мөн еврогийн бүс энэ онд уналтад орно гэж шинжээчид таамаглаж байна.  Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева 2023 онд дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад нэрвэгдэж магадгүй гэж анхааруулсан бөгөөд энэ жилийг  2022 онтой харьцуулахад "хатуу" жил гэж тодорхойлсон.

 

ХЯТАДЫН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ

 

2023 он эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө Хятад улс “Тэг КОВИД” бодлогоосоо татгалзахаа мэдэгдсэн. Халдварын  тохиолдлууд  нэмэгдэж байгаа нь  БНХАУ-ын  эрүүл мэндийн тогтолцоог хүнд байдалд оруулаад буй. Энэ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээн дэх эмзэг сэргэлтэд цохилт болж магадгүй юм. Түүнчлэн коронавирусийн  шинэ хувилбар гарч ирж, дэлхийн бусад хэсэгт тархах эрсдэлтэй.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛ

 

Эрчим хүчний нөхцөл байдал, ялангуяа Европын байдал 2023 онд Засгийн газруудын толгойны өвчин хэвээр байх болно. Хятад улс дахин нээгдэж, Япон, Солонгос зэрэг Азийн уламжлалт худалдан авагчид эрчим хүчний илүү эх үүсвэр хайж эхлэх үед шингэрүүлсэн хийн өрсөлдөөн  ширүүн болж магадгүй байгаа юм.

 

ГЕОПОЛИТИКИЙН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ, ТЕХНОЛОГИЙН ДАЙН

 

Цэрэг, улс төрийн хурцадмал байдал нь 2022 оных шиг эдийн засагт учрах хамгийн том эрсдэлүүдийн нэг хэвээр байх болно. Украин дахь Оросын дайн эцэс төгсгөлгүй байгаа хэдий ч дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч Тайваньтай холбоотой АНУ-Хятадын маргаан, хурцадмал байдал улам бүр нэмэгдсээр байна.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top