"Хаан" Леброн Жэймс "МӨНХИЙН" рекордын босгон дээр

Админ | Zindaa.mn
2023 оны 02 сарын 05

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин

 

Мэргэжлийн сагсанбөмбөгийн оргил болох Үндэсний сагсанбөмбөгийн холбооны ( NBA -National Basketball Association) түүхэн дэх " Мөнхийн" гэгддэг нэгэн рекордыг буюу бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогчийн рекордыг "Хаан" Леброн Жэймс шинэчлэх мөч тун ойрхон боллоо.

НБА-ийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогч бол домогт Карим Абдул Жаббар. Эдүгээ 75 нас сүүдэр хүрсэн Карим Абдул Жаббар 1968-1989 онд НБА-ийн "Милоуки бакс", "Лос Анжелес Лэйкерс" багуудад тоглож, зургаан удаа аварга болж, нийтдээ  38 387 оноо авсан нь " мөнхийн" рекордод тооцогдож байлаа. Уг нэр нь "Бага" Фердинанд Льюис Алсиндор боловч хожим исламын шашинд орж, эцэг эхээс заяасан нэрээ Карим Абдул Жаббар болгон өөрчилсөн түүнийг тулааны урлагийн мастер Брюс Лигийн "Үхлийн тоглоом" кинонд тоглосноор нь,  бас алдарт "skyhook" буюу бидний ярьдгаар "даллаж" шиддэгээр нь мэдэх байх.

Тэгвэл НБА-ийн өнөө цагийн супер од Леброн Жэймс 38 насандаа Карим Абдул Жаббарын рекордыг эвдэх нь тодорхой боллоо.  Өнөөдрийн байдлаар ( 2023 оны хоёрдугаар сарын дөрвөн) Леброн Жэймс 38 325 оноо аваад байгаа бөгөөд "мөнхийн" рекордыг эвдэхэд ердөө 63 оноо дутуу байна.

Леброны тоглодог " Лос Анжелес Лэйкерс" баг өнөөдөр (2.04) " Нью Орлеанс"-тай, ирэх мягмар гарагт (2.07) "Оклахома"-тай , пүрэв гарагт (2.09) "Милоуки"-тай , ирэх бямбад (2.11) "Голден стэйт уорриорз"-тай хийнэ.  Олонхи сэтгүүлчид болон сагсанбөмбөгийн мэргэжилтнүүд сэтгүүлчид "мөнхийн" рекордыг эвдэх тоглолт мягмар гарагийн үдэш болно гэж үзэж байна. Өнөөдөр "Лэйкерс" айлын талбайд тоглоно. Мөн нэг тоглолтод 63 оноо авах Леброны хувьд боломжтой ч тийм ч амаргүй. Сүүлийн 14 тоглолтод Леброн 30 оноо дунджаар авч байгааг тооцвол, мөн " Оклахома"-тай өөрийн талбайд тоглох учир дээрх магадлал өндөр. Тиймээс ч мягмар гарагийн тоглолтыг НБА-ээс орон даяар шууд нэвтрүүлэх шийдвэр гаргав.

Тоглолтын тасалбар "хаданд гарч" дээд тал нь 92 000 доллар хүрчээ. Мөн пүрэв гарагт "Милоуки"-тай хийх тоглолт дээр ч  түүхэн рекорд эвдэгдэхийг байг гэхгүй. Өмнөх рекордыг эзэмшиж буй Карим Абдул Жаббар "Милоуки" болон "Лэйкерс"-т тоглож байсан, мөн Леброн одоогийн супер од  Антетокумпогийн багийн эсрэг түүх бичих бас л гоё болно.

Ямартай ч "Хаан" Жэймс бүх цаг үеийн хамгийн нэр хүндтэй рекордыг эвдэх нь цаг хугацааны л асуудал болжээ. Домогт "Нисдэг" Майкл Жордан, "Хар мамба" Коби Брайант нарт ч ийм боломж ирж байсангүй ээ. Яахын аргагүй энэ жилийн спортын ертөнцийн тодоос тод үйл явдал болох нь.

НБА-ийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогчид:

1. Карим Абдул Жаббар - 38 387 оноо

2. ЛЕБРОН ЖЭЙМС - 38 325 оноо

3. Карл Мэлоун - 36 928 оноо

4. Коби Брайант - 33 643 оноо

5. Майкл Жордан - 32 292 оноо

Леброн Жэймс НБА-ийн бүх цаг үеийн хамгийн олон оноо авсан тоглогч болж нэгэн " мөнхийн" рекордыг эвдэх нь тодорхой ч , мөн "Хаан" ч хүрч чадахгүй олон " мөнхийн"  рекорд бас бий. Тухайлбал нэг тоглолтод 100 оноо авсан Уилт Чэмберлений рекорд, Билл Расселийн аваргын 11 бөгж, Майкл Жорданы 10 удаагийн "мэргэн бууч" гэх мэт.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top