Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2023.05.04) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах тухай санал хураалт явуулав.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их хурлын гишүүдийн 87.2 хувь, тус хуулийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн 87.2 хувь, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 93.6 хувь, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 91.5 хувь, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 93.8 хувь, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 91.7 хувь, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 91.7 хувь, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 57.1 хувь, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 83.7 хувь, Аялал жуулчлалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг 83.7 хувь, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөл оруулах тухай хуулийн төслийг 91.3 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 90.0 хувь, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 92.0 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 94.0 хувь, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 94.0 хувь, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 88.0 хувь, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 90.2 хувь тус тус дэмжиж баталлаа.
Дараа нь Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хийсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн тухай тэрбээр дурдаад, нэгдүгээрт, хүний боловсрол эзэмших явц нь дан ганц албан боловсролоор бус албан бус хувилбартай байх бөгөөд ажил, амьдралын орчинд сурч, эзэмшсэн чадварыг хүлээн зөвшөөрч, цаг хугацаа хэмнэх, богино хугацаанд ажил, хөдөлмөр эрхлэх, орлоготой болох, бүтээмжээ бодитой үнэлүүлэх, бие даан эзэмшсэн ур чадвараа үнэлүүлж гэрчилгээ үнэмлэхтэй болох эрх зүйн орчин, зохицуулалтыг бий болгох, хоёрдугаарт, боловсролд цахим технологийн дэвшил нэвтэрч байгаа ч эрх зүйн зохицуулалтгүй байгааг шийдвэрлэж, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, хүн бүр суралцах боломжоо нэмэгдүүлэх, хоцрогдлоо нөхөх, хүүхэд, залуучууд чөлөөт цагаараа ур чадвараа хөгжүүлэх, гуравдугаарт, англи хэлийг үндсэн гадаад хэлээр судлах, дөрөвдүгээрт, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамрагдах тэгш боломж бүрдүүлэх, холбогдох санхүүжилт, хөтөлбөр, орчин, хэрэглэгдэхүүний эрх зүйн орчныг сайжруулах, тавдугаарт, багш бэлтгэх хувилбарт сургалтыг бий болгох, багшийг давтан сургадаг, хөгжүүлдэг тогтолцоог шинэчлэх, багшийг хуулиар зөвшөөрснөөс бусад ажил гүйцэтгүүлэхийг хориглох, зургадугаарт, салбарын санхүүжилтийг гүйцэтгэлд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх зохицуулалтуудыг тусгасан талаарх санал, дүгнэлтийг танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэл нь хоорондоо зохицож байгаа эсэх, хөндлөнгийн үнэлгээ, Индоментийн сан, ялгаатай хэрэгцээг хэрхэн тайлбарлаж байгаа, гадаад улсын болон олон улсын сургалтын хөтөлбөрөөс Монгол Улсад шилжин суралцах хөтөлбөрийг Боловсролын ерөнхий газар батлах нь зүйтэй эсэх, төсөлд тусгагдсан багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцоо, тусгай шаардлагыг Багшийн хөгжлийг дэмжих тухай хуультай нийцүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн багшийг эцэг эх, суралцагчийн хүсэлтэд үндэслэн ажлын бус цагаар нэмэлт орлого олох боломжийг нээж өгөх, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын үйл ажиллагаа, удирдах албан тушаалтанд тавигдах шаардлага зэрэг асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, багш нарын танхимын цагийн ачааллыг бодитой үнэлэх, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, эцэг, эхийн орлого, гарал үүслээс хамаараад хүүхдүүдэд тэгш бус боловсрол олгогдож байгааг хэрхэн хязгаарлах, хувийн сургууль сургалтын төлбөрөө огцом нэмснээр бий болж байгаа орлого хүүхдийн боловсролд зарцуулагдаж байгаа эсэхийг хэрхэн хянах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, бүх шатын боловсролын байгууллагын багш нар Төрийн албаны тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход хамрагдах, мөн боловсролын салбарт хэт ашгийн төлөө ажиллах нь зөв, эсэх, хүүхдүүдэд ялгавартай байдал үүсгэж байгаа нь боловсролын тогтолцооноос шалтгаалж байгаа эсэх, ашгийн төлөө ажиллаж байгаа сургуулиуд татвар төлөх шаардлагатай зэрэг асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн сурагчдын хичээлийг тасалдуулах нөхцөл байдал үүсгэнэ гэх шалтгаанаар үг хэлэх, хүсэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдаж байгаа эсэх зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авсан байна. Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогуудан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, А.Адъяасүрэн, Ц.Туваан, Д.Батлут, О.Цогтгэрэл, Ж.Батжаргал, Н.Ганибал, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Т.Доржханд, Г.Ганболд, Н.Учрал, Э.Бат-Амгалан, Б.Баярсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Х.Болорчулуун нар асуулт асууж, үг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүд боловсролын салбарт гарч байгаа ялгаатай байдал, багш, боловсон хүчний ур чадвар, чадамж, сурах орчны ялгаатай байдлыг хуулиар хэрхэн халах, англи хэлийг хэддүгээр ангиас зааж эхлэх, сурагчдын ачааллыг хэрхэн багасгах, сургалт, боловсролын үйл ажиллагаанд хүүхдийн өөрсдийнх нь хүсэл, бодлыг хэрхэн харгалзах, дээд боловсролын хөтөлбөрт үндэсний онцлогийг хэрхэн тусгаж буй, үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувь нь боловсролын салбарт ноогдож буй, хууль батлагдсанаар хэрхэн нэмэгдэх, эдийн засгийн баталгааг хангах, шинжлэх ухааны асуудлуудыг боловсролын үйл ажиллагаатай хэрхэн уялдуулж байгаа, орлого багатай иргэдийнхээ хүүхдээ сургуульд хамруулах боломжийг хумихгүй байх, боловсролын зорилгыг ёс суртахуунтай, боловсролтой иргэн бэлдэх хэмээн тодорхойлох, сурах бичгийг эрдэмтэн, судлаачдаар хийлгэж байсан уламжлалыг сэргээх, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.7-д заасан ерөнхий боловсролыг үнэгүй олгох зарчимтай нийцүүлэх, удирдлага санхүүжилтийн тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилтийн нөлөөллийг тооцсон эсэх зэрэг олон асуудлыг хөндөн асуусан юм.
Мөн, улсын сургуулиуд, багш, боловсон хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, ачаалал үүрэлцэж байгаа хувийн хэвшлийн сургуулиудын үүргийг зөв үнэлэх, хүн бүрт хүрсэн боловсролын бодлого хэрэгжүүлэх, хүүхэд харах үйлчилгээний талаар зохицуулалт оруулах, багш, ажилчдын хөгжлийг дэмжих, цалин хангамжийг баталгаатай нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцаар хангах, тэтгэвэрт гарах насыг дээшээ болон доошоо сонголттой болгох, үндэсний хэл, соёл, уламжлалаар хойч үеийг төлөвшүүлэхэд анхаарах, эрүүл мэнд, биеийн тамир, хөдөлмөр, урлаг, гоо зүйн боловсролыг төлөвшлийн цөм болгох, хүмүүнлэг боловсролын асуудалд анхаарах, боловсролын салбарын засаглалын тогтолцоог сайжруулж, улс төржилтөөс ангид байх, бүх шатны сургуульд ажиллаж буй багш, ажилчдын хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах, малчдын хүүхдийг зургаан наснаас нь сургуульд оруулах талаар эцэг, эхийн саналд үндэслэн шийдвэрлэдэг байх, сургуулийн бүртгэлийг хэрхэн цэгцлэх, хөдөөгийн алслагдсан сум, суурин, нийслэлийн захын гэр хорооллын сургуулиудын багшлах боловсон хүчний тогтвортой ажиллах эдийн засаг, нийгмийн нөхцөлийг хангах, хувьсах зардлыг ялгаваргүй олгох, хөдөлмөрийн зах зээл, эрэлттэй тэргүүлэх мэргэжлийн судалгааг хийх зэрэг асуудлыг дэвшүүлэн ярьж, санал хэлж байв. Түүнчлэн хуулийн гол мессэж, салбарын хөгжлийн хэтийн бодлого, амбиц юу болох, боловсролын хаб (hub) бий болгох боломж бий эсэх, сургалтын үндэсний хөтөлбөр, салбарын засаглалд гарч буй үүрэг, хариуцлага, эрхийн давхардал, хийдлийг хэрхэн арилгах, сургуулиудын удирдлагын томилгоо, хяналтын асуудал, улсын төсвөөс боловсролд зарцуулах хувь хэмжээг нэмэгдүүлэх, лаборатори сургуулиуд дээр туршсан сайн туршлагыг нийт сургуулиудад нэвтрүүлэх, боловсрол, сургалт, хүүхдийн хүмүүжлийн ажилд эцэг эх, гэр бүлийн үүргийг нэмэгдүүлж, эх орон, байгаль орчин, хүн ардаа хайрлан хамгаалах сэтгэлгээтэй, зөв хүн болгож төлөвшүүлэх зэрэг асуудлуудад анхаарч ажиллахыг сануулсан юм.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар хариулт өгсөн юм.
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зургаан том реформыг тусгасан талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд онцолж, санхүүжилтийн тогтолцоо, хөтөлбөрийн шинэчлэл, багшийг хөгжүүлж, зөв үнэлж, чадахуйн зарчимд суурилан дэвшүүлдэг байх, сурлагын үнэлгээ, дүнгийн тогтолцоог ахиц дэвшлийн зарчимд шилжүүлэх, засаглалыг сайжруулах, цахим шилжилт гэсэн реформуудыг хэрэгжүүлэхээр хуульд тусгасны дурдсан юм. Тэрбээр ерөнхий боловсролын сургуульд хамрагдалт 98 хувьтай буюу хүртээмж сайн байгааг танилцуулж, одоо сургалтын чанарын асуудалд анхаарах цаг болсныг Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа онцолсон юм. Түүнчлэн тэрбээр, олон жилийн хуримтлагдсан тогтолцооны гажгийг нэг өдөр засаж чадахгүй хэмээгээд, боловсролын хуулиудыг багцаар нь хэлэлцэж буй анхны тохиолдол энэ юм. Хуулиудыг багцаар боловсруулах үүднээс өмнө нь маш том судалгааны ажил хийж, тогтолцоо, сургалтын байгууллага, хөтөлбөр, менежмент гээд бүхий л зүйлд оношлогоо хийж, сурах бичгүүдээ шинжилж, үр дүнг нягталсан. Манай улсын боловсролын сул тал нь академик чиглэл нь байсан. Одоо үүнийг өөрчилж, мэдлэг, чадвар, төлөвшилд чиглүүлнэ гэлээ. Нийгэмд газар аваад байгаа ажилгүйдэл, ядуурал бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд боловсролынхоо бодлогоо нийцүүлээгүйтэй холбоотой. Өнөөдөр нэг хүүхдэд оногдож байгаа боловсролын санхүүжилт 500 ам.доллар байгаа нь Мексик Улсынхаас тав дахин бага байгаа юм. Хөгжингүй орнуудынхаас хэдэн арав дахин бага байна. Иймд санхүүжилтийн механизмыг өөрчилж үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ хэмээн тэрбээр тайлбарласан юм.
Багшлах боловсон хүчний хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд богино, дунд хугацааны стратегиудыг хэрэгжүүлэх бөгөөд тухайлбал, богино хугацааны стратегийн хүрээнд оюутнуудыг сурангаа багшлах хөтөлбрт хамруулах, мөн тэтэгэвэрт гарсан багш нарын мэдлэг, туршлагыг ашиглахаар төлөвлөж буйгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Түүнчлэн, хөдөөгийн сумдын сургуульд анги ахих тусам сурагчдын тоо багасаж, 10-12 дугаар ангид 3-5 хүүхэдтэй ангиуд ч байна. Иймд сум бүрд 12 жилийн сургууль байх эсэхийг шийдвэрлэж, тохируулалт хийх замаар багш нарын хүрэлцээг зохицуулна гэлээ. Харин цалин, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг Боловсролын ерөнхий хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй, төрийн албан хаагчдын цалингийн сүлжээний асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нэгдсэн байдлаар боловсруулж, Засгийн газар дээр шийдвэрлэнэ гэв.
Боловсролын ерөнхий хуулиар багш нарын эдийн засаг, нийгмийн баталгааны асуудлаар тодорхой зохицуулалт орж байгааг Ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням дурдаж, тухайлбал, хотын захын дүүрэг, алслагдсан сумын сургуулийн багш нарт тасралтгүй ажилласан эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож, уг урамшууллы цаашаа гурван жил тутам олгох, мөн 15 жилээс дээш тасралтгүй ажилласан багш, ажилтнуудын нэг хүүхдийг төрийн өмчит сургуульд үнэ төлбөргүй сургах тухай зохицуулалтуудыг тусгасан гэлээ.
Мөн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны хүрээнд хүүхдийн хувьсах зардлыг тооцох аргачлалд сургуулийн төвөөс алслагдсан байдал, орон зайг хүртэл хамруулж тооцохоор тусгаж буйг тайлбарласан юм. Хуулийн төсөлд, хувийн сургуулиудыг ялгаварласан зүйл заалт байхгүй бөгөөд хувьсах зардлыг сургалтын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хувийн сургуулиудад улсын сургуулийн нэгэн адил олгохоор зааж буйг болон эхэнд суралцах үндсэн гадаад хэл бол англи хэл байх тухай тусгасныг Ажлын хэсгийн ахлагч дурдсан бөгөөд харин Боловсрол, шинжлэх ухааны яамнаас англи хэлийг ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас үзэх бодлого баримталж буйг хэлэв. Мөн тэрбээр, сургуулиуд гурван жил тутам хөндлөнгийн магадлан итгэмжлэл, үнэлгээг хийлгэх, үнэлгээнд сурагчдын сурлага, багшийн чадвар, сургуулийн менежментийг хамруулах, сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлд эцэг, эхийн төлөөлөл заавал орох, холбогдох мэдээлэлтэй танилцах эрхтэй байх, их, дээд сургуулиуд дэргэдээ хөгжлийн сантай байх, багш нарын орон сууцны асуудлыг төрөөс дэмжих, боловсролын салбар мэргэжлийн удирдлагын босоо тогтолцоотой байх, Засгийн газар жил бүр эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийг зарлаж, тэдгээр мэргэжлээр суралцах оюутан, сурагчдад тэтгэлэг өгдөг болох, салбарт өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрөх зохицуулултуудыг хуулийн төсөлд тусгаад байгаа талаар ярив.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, малчин иргэдэд хүүхдээ хэдэн наснаас сургуульд явуулах талаар сонголт үлдээсэн зохицуулалт Боловсролын ерөнхий хуульд хадгалагдсан талаар дурдаж, 2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах Байнгын хорооны Ажлын хэсгийг байгуулж ажиллуулахаар төлөвлөж буйг танилцуулав.
Хэлэлцэн буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтэд дурдагдсан зарчмын зөрүүтэй 76 санал тус бүрээр санал хураалт явуулж эхлэв. Гэвч санал хураах явцад зарчмын зөрүүтэй саналууд дээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн болон Засгийн газрын гишүүд ойлголт, саналаа нэгтгэх шаардлагатай болсон тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан горимын саналын дагуу хэлэлцүүлгийг таван хоногоор завсарлуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )