УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Улс төр эрүүл биш өвчтэй байна

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

"Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. АН-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Тэрээр “УИХ бол бага ард түмэн гэдэг. Энэ танхим дотор сууж байгаа бид ард түмний элч болж чадаж байна уу. Бидний дотор гэр хорооллын иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, багш, эмч, сувилагч эрдэмтэн, малчин, жижиг дунд бизнес эрхлэгчийн төлөөлөл, эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөл илүү байх ёстой. Тэгвэл энэ жинхэнэ утгаараа ард түмний, нийгмийн төлөөлөл бий болно. Асуудал хүндээ биш тогтолцоондоо байна. Мажоритар тогтолцооны сул тал нь мөнгө санхүү, хүн хүчний нөөц их шаарддаг учраас нийгмийн төлөөлөл парламентад орж ирж чадахгүй байна. Улс орноо тойрогт хуваасан сул тал маш их байна. Баянзүрх дүүргээс сонгогдсон би зөвхөн тухайн дүүргийнхээ эмнэлгийн асуудлыг яриад байх юм уу. Хорт хавдраас сэргийлэх асуудлыг улсын хэмжээнд хөндөх үүрэгтэй. Эмч хүн ард түмний тойргоор нь ялгах эрхгүй. Гэтэл улс төр ийм байдал руу түлхэж байна. Тойрог тойрогтоо эмнэлэг барихаас илүү улс орноо бүтнээр нь харж, оношилж, эмчилж, урьдчилан сэргийлж чаддаг тогтолцоо хэрэгтэй. Тойрогт гишүүд хуваагдаад байгаа төдийгүй, сонгогчид мөн хуваагдаж байна. Өөрийнхөө тойрогт нэр дэвшсэн хүмүүс дундаас л сонголтоо хийдэг нь сонголт уу, тулгалт уу. Энэ асуултыг зориуд асуумаар байна. Жишээлбэл, та эмийн санд ороход хайсан эм чинь байхгүй бол орлуулаад энийг уучих гэх сонголт тулгаж байгаатай л адил. Бид нэр дэвшсэн хүмүүс дундаасаа л сонгодог тогтолцоотой өдийг хүрсэн. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгогдох эрхтэй гэж заасан юм бол иргэн бүр төлөөлөл болоод төрийн өндөр байгууллагад ажиллах боломж нээлттэй юм уу. Үгүй. Гэрээ бол хэрэгждэг байх ёстой. Хэгжихгүй байгаа гэрээг хэдэн ч удаа шинэчилж болно. Тэр ч утгаараа бид Үндсэн хуулийг хэдэн ч удаа өөрчилж болно. Улс төр эрүүл биш өвчтэй байна. Тийм учраас би Монгол Улсын төрийн тогтолцоонд том шинэчлэлт, мэс засал хийх гэж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн эр зоригийг үнэхээр үнэлж, дэмжиж байна” гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сон(66.181.179.160) 2023 оны 05 сарын 06

Сонгууль дөхөхөөр уянгалаад эхэлдэг улс төрчдыг харахаар өрөвдөх юмоо ийм гишүүн байдгийгч мартсан байж

0  |  0
Иргэн(66.181.182.30) 2023 оны 05 сарын 06

Үнэн. Улс төрч, хулгайч хоёр ижил утга илэрхийлдэг болсон.

0  |  0
энэ үнэн(59.153.114.179) 2023 оны 05 сарын 05

хэдэн хулгайч нэмээд л ндсэн хуулийн төгөлдөржилт үү ха ха

0  |  0
Зочин(103.212.117.67) 2023 оны 05 сарын 05

Эмийн сонголт улс төрийн сонголттой нэг их жишээ авах сэдэв биш шүү дээ. Ижил найрлагатай , өөр өөр худалдааны нэртэй эм зөндөө байдаг шүү дээ. Харин ижил нэртэй улс төрчид байлаа ч гэсэн тэд эмтэй адилхан ижил найрлагатай байж чадахгүй л дээ. Ярих юмаа олж ярьмаар.

0  |  0
Top