Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт ҮХНӨ-ийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Энэ хүрээнд УИХ-ын өнгөрсөн баасан /2023.05.05/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн билээ. Харин энэ долоо хоногоос эхэлж УИХ-ын даргын захирамжаар гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдод ҮХНӨ-ийн төслийн талаар мэдээлэл өгч эхлээд байгаа юм. Түүнчлэн ҮХНӨ-ийн төслөөр ард иргэдээс санал авч эхэлсэн.
Тэгвэл парламентад суудалтай хоёр намын дарга ҮХНӨ-ийн төслийн талаар чуулганы нэгдсэн хуралдаанаар ямар байр суурь илэрхийлснийг уншигчдадаа тоймлон хүргэе.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮХНӨ-ИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХ ЭРХ НЬ УИХ-Д ХАДГАЛАГДАЖ БАЙНА
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ-ын тогтоолыг Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Тиймээс 2022 оны 54 дүгээр тогтоолын дагуу ҮХНӨ-ийн төслийг хугацаанд оруулж ирсэн. Хэлэлцэн батлах эрх нь УИХ-д хадгалагдаж байна. Улс төрийн намуудтай олон талаар зөвшилцсөн. Хэд, хэдэн хурал болсон. Эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүний хувьд хүндэтгэлтэй хандаж, хамтарч ярилцсан. Гишүүдийн тоог нэмэх нь сонгодог хэлбэрээрээ л орж ирж байна гэсэн үг. Тойргоос төлөөлсөн төлөөллийн мандат, хувь тэнцүүлж буюу нийгмийн төлөөллийг хангах мандат нь тэнцүү байх нь хамгийн зөв. Энэ 30 хувьд хүрэх нь үү, 50, 50-иараа батлагдах нь та нарын л асуудал. Иргэдэд мэдээллээ олон талаас нь өгч, ярилцах ёстой. Жагсаалтын ард нэр хүндгүй, авлига болон албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг оруулж ирдэг байдлыг нь зогсоох ёстой. Нийгмийн төлөөллийг хэрхэн оролцуулах вэ гэдэг бодлогын өрсөлдөөн байх ёстой. Үүнийг өмнө нь хийж чадаагүй. Одоо ҮХНӨ-тэй холбоотойгоор Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ. Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ. Үүнд аль альд нь шүүлтүүр хийх, эрх мэдлийг шуналаасаа татгалзах агуулга руу орж чадвал бодлогын тэнцвэртэй парламентыг бүрдүүлнэ.
Т.ДОРЖХАНД: ХОЁР НҮҮРТЭЙ БАЙМААРГҮЙ БАЙНА
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.ДОРЖХАНД: Намын дарга нарын хувьд хоёр зүйл дээр тохирсон байдаг. Тогтолцооны өөрчлөлтийг хийе. Авлигатай тэмцэх тэмцлээ зоригтой хийе, үнэн. Парламентын сөрөг хүчин гэхээр бүх зүйлийг буруутгадаг байж болохгүй. Улс, эх орныхоо эрх ашиг дээр нэгддэг байх ёстой. Улс орон ялдаг, үр хүүхэд эрүүл нийгэмд амьдар үр дүнд хүрч байвал болох нь тэр. ҮХНӨ-ийн төслийг оруулж ирсэнд баярлаж байна. Үр дүнд нь бүгдээрээ хүрмээр байна. Бүгдээрээ хоёр нүүртэй баймааргүй байна. Нэг нүүртэй баймаар байна, улстөрчид өө. Давхар дээлээ нөмөрсөн бол гишүүдийн тоог зохистой түвшинд аваачих хэрэгтэй. Иргэдтэй уулзлаа. Тэд дэмжиж байна. Иргэд мэдээлэлгүй болохоороо уурлаж байна, мэдээлэл авахаараа дэмжиж байна шүү. Бүгдээрээ шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Судалгаанд суурилж шийдэх ёстой.
Сэтгэгдэл ( 1 )
Эргүү дагз гишүүн болохоор ман-тай хамтрач байх шив дахиж сонгогдохийн харна