Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан (2023.05.15) гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр 12 цаг 13 минутад эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдлийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор энэ хуульд заасан хуулийн төсөл хэлэлцэх журмын дагуу хэлэлцэж эцэслэн батална” гэж заасан байдаг.
Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын төгсгөлтэй залгаад геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улбаатай сүүлийн 40 жилд тохиолдоогүй инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилтыг бий болгож байгааг танилцуулгын эхэнд дурдсан. Гэсэн ч гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг Засгийн газраас үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны I улиралд 3.9 хувиар агшсан байсан эдийн засаг мөн оны эцэст 4.8 хувиар өссөн байна. Түүнчлэн 2022 онд 16.9 хувьд хүрч байсан инфляц оны эцэст 13.2 хувь, 2023 оны эхний улирлын байдлаар 12 хувьд хүрч харьцангуй тогтворжоод байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа. Засгийн газраас сүүлийн 3 жилд хугацаа дууссан арилжааны нөхцөлтэй Засгийн газрын үнэт цааснуудыг эдийн засаг, төсөв дарамт учруулахгүйгээр шийдвэрлсэн гэдгийг онцоллоо. Тухайлбал 2017 оноос 800 сая ам.долларын Гэрэгэ бонд үлдэгдэл төлбөр болох 368,4 сая ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт бүрэн төлж барагдуулсан байна. Ингэснээр 2021 оноос хойш нийтдээ 1 тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлжжээ. Экспортын сэргэлт үргэлжилж, энэ оны эхний 4 сарын байдлаар нүүрсний экспортыг өмнөх оны мөн үеэс 5 дахин өсгөж 19 сая тоннд хүрчээ. Экспортын голлох бүтээгдэхүүн нүүрс тээвэрлэлт, борлуулалтад үүсээд байсан хүндрэл бэрхшээлийг арилгаж, ил тод нээлттэй болгох, ашигт малтмал тойрсон авлига, албан тушаалын хэргүүдийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээ 2022 оноос хойш хэрэгжүүлж байгааг мөн танилцуулгад дурдсан юм.
Монгол Улс анх удаа нүүрсээ биржээр амжилттай, ил тод, нээлттэй арилжаалж уурхайн ам нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсийг хил нөхцөлөөр өндөр үнэтэй борлуулж эхлээд байгаа юм. Ингэснээр байгалийн баялгийн үнэ цэн өсөж, Монгол Улсад орох валютын урсгал нэмэгдэж байгааг хэллээ. Үнийн үр дүнд 2022 оны I улиралд 1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны I улиралд 79.6 сая ам.долларын ашигтай болж улмаар 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрчээ.
Дэлхий дахинд эрчим хүчний үнийн өсөлт 2023 оны эхнээс саарсан, мөн урд хөршид цар тахлын хатуу хөл хориогоо цуцалсан зэрэг нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний эрэлт болон үнэд эергээр нөлөөлж байгаа юм байна. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих боомтын болон дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаа аж. Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа дээр дурдсан арга хэмжээний үр дүнд эдийн засаг 2023 онд 6 хувьд хүрч, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс өсөхөөр байгаагийн зэрэгцээ 2023 оны эцэс гэхэд төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолж байгаа аж.
Засгийн газар эдийн засгийг сэргээх, засаглалаа сайжруулах чиглэлээр богино хугацаанд олсон амжилтаа бататгаж чадвал 2024 онд экспортыг 14.2 тэрбум ам.долларт, гадаад худалдааны ашгийг 4.3 тэрбум ам.долларт хүргэснээр эдийн засаг 6.5 хувиар өсөж инфляц 8 хувьд хүрч тогтворжих төлөвлөлт тооцоо хийлээ. Цаашид экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд гол анхаарлаа хандуулан төрөлжүүлэх, гадаад нөхцөл байдлаас эдийн засгийн хамаарлыг дархлаа бий болгох нь дунд, урт хугацаанд тогтвортой өсөлтийн суурь болно гэлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2024 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 21,163.2 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 22,996.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1,832.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2,8 хувьтай байхаар тооцож Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад бүрэн нийцүүлэн төлөвлөжээ.
Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зөвлөмжийг тус зөвлөлийн дарга Д.Даваасүрэн танилцуулав.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үндсэн зорилт нь Монгол Улс байгалийн баялгаа эрчимтэй ашиглах явцдаа хуримтлал үүсгэх бөгөөд 2010 онд хууль батлагдсанаас хойш төрийн мэдэлд Хүний хөгжил сан, Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сан хэлбэрээр хуримтлал үүсгэх оролдлого хийж байгаа ч тодорхой шалтгааны улмаас эдгээр сангийн хөрөнгийг төсвийн орлого зарлагын бүрэлдэхүүн болгох эрх зүйн зохицуулалт хийдэг болохыг дурдав. Үндсэн хуульд 2019 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтийн гол санаа бол баялгийн өгөөжийг одоо ба ирээдүй үеийнхэнд тэгш хуваарилах зорилготой бөгөөд эдгээрт үндэслэн зөвлөл зөвлөмжөө гаргасан байна. Байгалийн баялгийг эрчимтэй ашиглаж байгаа өнөө үед эдгээр орлогоос хуримтлал үүсгэх шаардлага бий гэдгийг хэлж байв. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэрүүд шаардлагатай байгаа аж. Иймд нийгмийн даатгалын системээр дамжуулж хуримтлал үүсгэдэг олон улсын жишгийг Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг саналыг танилцуулав. Нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хувийг шууд дансанд нь олгох байдлаар шийдвэрлэвэл 2.4 их наяд төгрөгийн Тэтгэврийн сангийн орлогын тал орчим хувь нь буюу 1.3 их наяд төгрөг нь хувь хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэл болж, цаашдаа хуримтлал болох боломжтой хэмээн тооцжээ. Ингэснээр иргэдийн даатгалд хамрагдах сонирхолыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна. Байгалийн баялаг бүхий орнууд бүгд энэ жишгээр хуримтлал үүсгэдэг болохыг Австрали, Хятад, Америк зэрэг улсын жишээг дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улс хуримтлалын ийм тогтолцоог нэвтрүүлэхгүй бол нийгмийн даатгал болон төсвийг цаашид эрүүлжүүлэхэд хүндрэлтэй болно гэдгийг Д.Даваасүрэн дарга танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл болон нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Үнийн өсөлтийн шалтгаан, түүнийг бууруулах боломжийн талаар Д.Тогтохсүрэн гишүүн тодруулахад “Төв банк болон Засгийн газраас энэ чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд зорилтот хугацаандаа үр дүн нь гарна гэсэн хүлээлттэй байгаа. Суурь шалтгаан гээд судлаад үзэхээр цар тахлын үед нийт улс орнууд хөл хоритой байснаас үүдэн үйлдвэрлэл буурч, тэр хэрээр нийлүүлэлт саарсан тал бий. Мөн улс орон бүрийн нөхцөл байдал өөр байсан тул дамжин тээвэрлэх явц дахь үнэ, өртгийн өөрчлөлт байсан бөгөөд одоогоор нөхцөл байдал нийтдээ хэвийн болж байна. Тиймээс эргээд зах зээлдээ аажмаар нөлөө үзүүлнэ гэж харж байна. Засгийн газрын зүгээс нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хиймэл хориг саад, хүндрэл, бэрхшээлийг арилгах чиглэлд л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой” гэдэг хариултыг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ. Валютын ханшаас үүдсэн инфляцын дарамт ч буурч байгаа гэдгийг тайлбарласан. Гадаад өрийн талаар тодруулсан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа, Улсын Их Хурлын 2022 оны “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” 26 дугаар тогтоолын дагуу ажиллаж байгааг хэлэв. 2024 онд 3 дугаар сард төлөгдөх “Хуралдай” бондын 391 сая ам.долларын үндсэн төлбөр, хүүгийн төлбөрт 299 сая ам.доллар, гадаад зээлийн үндсэн төлбөрт 380 сая ам.долларын төлбөрүүдийг төлөх хуваарьтай байгааг мэдээлэв. Эдгээр төлбөрөөс учрах төсвийн дарамтыг бууруулах хүрээнд 2022 оны арван хоёрдугаар сард 2023, 2024 онуудад төлөгдөх хуваарьтай байсан гадаад бондын үлдэгдлүүдийг хугацаанаас нь өмнө 15.8 сая ам.долларыг буцаан худалдан авчээ. Мөн 2023, 2024 онд үүсэх хүүгийн зардлыг бууруулах зорилгоор “Сенчири 1” зохицуулалтыг 2023 оны нэгдүгээр сард авч хэрэгжүүлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Г.Амартүвшин, Х.Баделхан нар эдийн засгийн өсөлтийг хэрхэн өрх бүрд хүргэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн талаар тодруулсан юм.
Ашигт малтмалыг биржээр худалдаалж эхлэхээр эдийн засгийн өсөлт 6.5 хувьд хүрэх боломжтой хэмээн Засгийн газар тооцож байгаа бөгөөд цаашид цалин, тэтгэвэрийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх талаар төсөлд тусгасан гэдгийг тайлбарлалаа. Цар тахлын нөлөөгөөр иргэдийн орлого тодорхой түвшинд буурсан бөгөөд ирэх онуудад өрхийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлвэл зохих бүх төлөвлөлтийг төсөлд тусгасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ. Түүнлэн цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулахгүй бол алсдаа эдийн засаг, хүний нөөцийн бодлогодоо сөрөг нөлөө үзүүлж байгааг тооцсон гэв. Энэ арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай ч ирэх жилд 2.5 их наяд төгрөгийн хүрээнд энэ төрлийн зардлын багцыг төлөвлөх боломжтой гэдэг хариултыг өгсөн юм. Мөн эдийн засгийг сэргээхийн тулд хувийн хэвшлээ дэмжих нь нэн чухал гэдгийг хэлээд энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгсөн. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд ойрын хугацаанд татварын реформ хийхгүй хэмээн Б.Жавхлан сайд хариулт өгөв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Тэмүүлэн нар төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм. Түүнчлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )