МАН гишүүдийн тоо, тогтолцооны асуудлыг улс төрийн бусад намтай зөвшилцөнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.16/ хуралдаж, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан байдал, нийгэмд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар УИХ-ын гишүүд орон нутагт ажилласан мэдээллийг сонссон. Бүлгийн хурал өндөр ирцтэй хуралдаж, 40 гаруй гишүүн үг хэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд ямар байр суурьтай байгаа талаар ярилцаж, гишүүд саналаа хэлсэн. Орон нутагт ажилласан гишүүдийн зүгээс гурван зүйлийг хэлж байна. Нэгдүгээрт, Холимог тогтолцоог иргэд ойлгож, дэмжиж байна. Иймд холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах боломжтой гэж үзлээ.

Хоёрдугаарт, Иргэдээс гишүүдийн тоог 152-оос бууруулах санал давамгайлж байна. Гуравдугаарт, Харьцааны тухайд мажоритар тогтолцоо давамгай байх ёстой гэдэг саналыг хэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, гишүүдийн тоо 152-оос бага байх ёстой. Мөн харьцааны тоог Үндсэн хуульдаа тусгах шаардлагатай юм байна. Сонгуулийн тухай хуулиар явж болох ч тухайн эрх барьж буй нам нь байнга өөрчлөөд тогтворгүй байх нөхцөл бүрдэх учир Үндсэн хуульдаа тусгаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт нь эрх барьж буй МАН-ын асуудал бус парламентад суудалтай намууд зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзэж байгаа.

Иймд АН, ХҮН-тай уулзаж, гишүүдийн тоо, тогтолцоо, харьцааны асуудлыг зөвшилцөж ярилцаад бүлгийн хурлаараа дахин хэлэлцэж, эцэслэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байгаатай холбоотой иргэдийн бухимдал их байна. Иймээс ойрын хугацаанд төсвийн тодотголын асуудлыг судалж, тодорхой санал боловсруулж танилцуулах чиглэлийг бүлгийн хурлаас Засгийн газарт өглөө.

Мөн Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хаврын тариалалт, зуншлага тааруу газруудад үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулах, орон нутагт тэр дундаа сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарах зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж, тодорхой асуудлуудад Засгийн газарт чиглэл өглөө” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.7) 2023 оны 05 сарын 16

УИХ-н гишүүн Доржханд: Нэг УИХ-ын гишүүн нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгч, нэг туслахтай тавуулаа ажилладаг. Сарын зардал 10 сая төгрөг. Үүнийг 76 гишүүнээр үржүүлээд нэг жилээр нь тооцвол 10 тэрбум төгрөг. Гишүүдийн тоог 152 болговол зардал 20 тэрбум болно. 10 тэрбум төгрөгийн илүү зардал гарах гээд байна аа.

1  |  0
Top