ТБХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ

2023 оны 05 сарын 18

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.18) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 11 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиуд дахь холбогдох зохицуулалтын дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ гэдгийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан байдаг бөгөөд төслөөр эл заалтыг хөндөөгүй. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, тодорхой хувийг нь пропорциональ аргаар сонгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөх эсэхийг лавлаж, цаашдаа энэ агуулгыг дор бүрнээ өөр өөрөөр тайлбарлаж, сонгуулийн тогтолцоог тогтворгүй болох эрсдэл үүсэх талаар байр сууриа илэрхийлэв. Мөн тэрбээр Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн холимог тогтолцоог 2016 онд өөрчлөх нэг үндэслэл нь Үндсэн хуулийн дээрх хэсэг дэх “…шууд сонгох эрх…”-ийг хангах байсныг дурдсан.

  Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариулт өгөхдөө “Анх удаа сонгуулийн холимог тогтолцоогоор зохион байгуулсан Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн дараа нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандсаны улмаас таны дурдсан үндэслэлээр Цэц дунд суудлын хуралдаанаа шийдвэр гаргасан байдаг. “…шууд сонгох…” гэдэг нь хүн сонгох ёстой гэх өрөөсгөл агуулгатай тайлбарыг тухайн үед гаргаж байжээ. Харин Үндсэн хуулийн цэц 2022 оны 01 дүгээр тогтоолоороо тэр заалтыг хүчингүй болгосон. Олон улсад парламентын сонгууль явуулдаг шалгарсан хоёр тогтолцоо байна. Мажоритар, пропорциональ гэх энэ хоёр тогтолцоог парламентын засаглалтай дийлэнх улс орон сонгуулийнхаа үйл ажиллагаанд шууд хэрэглэж байгаа. Улс төрийн намыг төлөвшүүлж, бодлогын нам болгож хөгжүүлэх, парламентыг бодлогын өрсөлдөөний талбар болгодог хөшүүрэг учраас пропорциональ элементийг оруулж ирсэн байдаг. Нөгөөтээгүүр, Монгол Улс шиг хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор газар нутгийн төлөөлөл болон хүн амын төлөөллийг хангах шаардлагаар мажоритар тогтолцоог сонгодог онцлогтой” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр олон улсын жишээ дурдаж, Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэрүүдийг үндэслэн сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх агуулгыг төсөлд тусгасан болохыг тайлбарлав. Төсөлд нийт гишүүдийн 50 хувийг мажоритар аргаар, 50 хувийг пропорциональ аргаар сонгохоор тусгасан. Энэ нь хоёр төрлийн тогтолцоо нь харилцан бие биедээ хяналт тавих чадамжтай байх зүйтэй гэх үндэслэлээр, хоёр тогтолцоог хослуулан хэрэглэж байгаагийн үр дүн ач холбогдол нь илүү гарна гэсэн тооцоололд үндэслэсэн гэв. Харин хэлэлцүүлгийн явцад иргэдээс, Улсын Их Хурлын гишүүдээс, мөн улс төрийн намуудаас 60/40 гэдэг хувилбараар Улсын Их Хурлын 126 гишүүнийг сонгодог байх санал гарсан. Найруулгын өөрчлөлт хийх юм байна гэж ойлгож байгаа гэдэг хариултыг Д.Амарбаясгалан сайд өгсөн.  

Ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дууслаа. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top