Цэцгийн дэлбээнд алчуур унагах шиг...

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

Үргэлжилсэн үгийн нэрт төлөөлөгч Соргодогийн Жаргалсайханы зохиол “Шөнө дундын бүжиг” жүжиг 20 жилийн дараа дахин тайзнаа амиллаа.

Найруулагч М.Батболдын найруулгаар Улаанбаатар зочид буудлын их танхимд тавигдаж буй уг жүжгийг зорьж очсон хүн бүрийг үүднээсээ л романтик орчин угтана. Хамбан хөшиг, улаан бүтээлэгтэй ширээ, сандал, ширээн дээр асаасан лаа... дарс...

Гол дүрийн бүсгүй Шубирагийн гоо үзэсгэлэн, эрхэмсэг, эмэгтэйлэг, бас цэцгийн дэлбээ мэт эмзэг ариухан байдал эхний үзэгдлээс л үзэгчдийг ховсдон татах аж. Шөнө дунд бааранд бүжиглэдэг ч түүнд дурлагсад, шүтэн бишрэгчид олон. Тэдний дотор шуналтай баячууд, хүсэл тачаалдаа идэгдсэн хүн дүрст араатнууд ч бий.

Гэхдээ Шубира бүсгүйд ухаангүй дурласан Дудра гэх жирийн зөөгч залуугийн хувьд дээрх хүмүүсээс огт өөр дүр. Дудра гэх инээдтэй нэртэй, инээдтэй ч гэмээр залуугийн дүрийг СТА С.Батзориг бүтээжээ. Үзэгч миний харснаар бол тэр тайзруу гарч ирэхээсээ эхлээд жүжиг дуусан дуустал С.Батзориг биш Дудрагаар амьдарч, амьсгалж, алхаж байлаа. Шубираг ажлынх нь гадаа өдөр бүр хүлээж, бүсгүй түүнтэй ярих нь битгий хэл тогтож харахчгүй байхад тэр дурласан Дудра хэвээр байв. Түүний харц, догдлол, сандрал бүр нь үнэн бас өхөөрдөм байлаа...

Цэцгийн дэлбээнд алчуур унагах шиг

Чамдаа би хайраа үлдээлээ

Сэтгэл минь зунаараа дэлгэрсээр байтал

Сэрүү татаад даарах шиг... дуу эгшиглэнэ. Гомдож, шаналсан Шубираг гар нь чичрэн тэвэрч, энгэртээ наан зогсох Дудра ямар үнэн байсан гээч. Түүний цээжинд наалдан уйлах эмзэгхэн бүсгүй хүн... Энэ үзэгдэлд Шубирагийн дүрийг бүтээсэн жүжигчин Д.Асардарь, С.Батзориг нарын тоглолт ямар гайхалтай байсныг, дээрээс шаагих бороо яасан үзэсгэлэнтэй харагдсаныг дахиад мэдэрмээр.

Шубирагийн нөхөр Хавхын дүрийг жүжигчин Т.Сэргэлэн бүтээсэн юм. “Халуун зүрх” киноны эсрэг талын дүрийг бие жихүүцтэл бүтээсэн түүнийг “Опал”, “Анна Каренина” жүжигт бүтээсэн дүр нь ч ямар жүжигчин болохыг нь хэлээд өгнө. Өөрийн гэсэн өвөрмөц ертөнц, үзэл бодолтой мэт санагддаг жүжигчин Т.Сэргэлэнг энэ удаад үзэгчид “Midnight dance club”-ын захирал, ял эдэлж байсан гашуун түүхтэй, хөндий хүйтэн залуугийн дүрээр харлаа...

Хайр сэтгэлийн өмнө ямар ч хатуу зүрх хайлдаг гэлтэй. Гэхдээ Шубирагийн ариун хайран дээгүүр тэр гишгэлж байх шиг эхэндээ санагдана... Гэсэн ч бүсгүй хайрласаар. Залуугийн зүрх сэтгэл зөөлөрсөөр байлаа...

Хавх, Шубира хоёрын амьдралд нэг л өдөр хар дарсан зүүд шиг гарч ирсэн өстөн Амигогийн дүрийг Төрийн Соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар бүтээжээ. Тэр Шубира дээр анх ирдэг үзэгдлээс эхлээд л сайн санаж ирсэн хүн биш гэдэг нь харагдлаа. Амиго нэгэн цагт хайртай бүсгүйг нь мансууруулан хүчирхийлж, тагтан дээрээс түлхэж, өрөөл татуу болгосон Хавхаас үйлийн үрийн төлөөсийг нь нэхэн иржээ. Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох хайрыг нь сүйдлэн үгүй хийсэн Хавхаас Амиго хариугаа авахын тулд Шубираг онилно...

Энэхүү жүжгийн тайз шийдэл, хөтлөгчийн шийдэл, бүжиг, хувцаслалт үзэгчдийн таашаалд бүрэн нийцэж байгаа нь хүмүүсийн яриа, алга ташилтаас сонсогдож байсан юм. “Фауст”, “Гэм зэм”, “Опал” зэрэг жүжгээрээ Монголын театрын урлагт өөрчлөлтийн салхи сэвэлзүүлсэн найруулагч М.Батболд энэ удаад “Шөнө дундын бүжиг”-ээр дахин шинэ шийдэл харуулж чадлаа.

Жүжгийн бас нэгэн эмэгтэй дүр Анкагийн дүрд залуу жүжигчин Н.Нархажид тоглосон. Шубираг “Аниа, аниа” хэмээн шарваганах түүний жинхэнэ хүсэл нь юу байв? Тэр ч бас ялгаагүй хайрыг хүссэн эмэгтэй хүн үү? Уг дүр нэлээд хэдэн асуултыг үлдээв. Ямартаа ч мөрөөдлийнхөө дүрийг бүтээсэн жүжигчин Н.Нархажидын үзэсгэлэнт төрх, гоолиг бие, уянгалаг хоолой “Шөнө дундын бүжиг”-ийн нэг чимэг нь байлаа. Бусдыг нь уншигч та өөрөө үзээд тунгаах биз ээ.

Эцэст нь “манай” Шубира. Бороонд норон алхах, хайртай хүнрүүгээ хамаг хурдаараа гүйх Шубира. Гомдон шаналах, бас уучилж энэрэх бүсгүй хүн. Тэр Дудрагийн сэтгэлийг ойлгож, мэдэрч байгаа нь илт. Гэхдээ тэр Хавхад өгсөн их хайраа яах билээ?

Жүжигчин Д.Асардарь тайзан дээр энхрий ялдам, дур булаам Шубира байлаа. Түүний алхаа гишгээ, харц, шаналал, мэдрэмж бүр нь нэг тийм эмэгтэйлэг. Даашинзных нь хормой хийсэн алхах, гүйх нь эмзэг хөнгөн... Цэцгийн дэлбээнд алчуур унагах шиг...

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top