Д.Тогтохсүрэн: Эмэгтэйчүүдийн квотыг шат дараатай нэмэх нь зүйтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.12/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Нэгт, Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол, хоёрт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн байна. 

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт 2023 оны Төсвийн тодотголыг өргөн барьж, УИХ-аар анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төсвийн тодотголыг дагаж 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 7 хууль, 2 тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж батална. Төсвийн хуулийг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх учраас яаралтай горимоор хэлэлцэнэ. 

МАН хүйсийн тэгш байдлыг дэмжих бодлого барьж ирсэн. Одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуульд эмэгтэй квот 20 хувь байгаа. УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувиас доошгүй байхаар тусгасан. 

УИХ-д суудалтай эмэгтэй гишүүд 40 хувь болгох саналыг байнгын хорооны хуралдаанд гаргасан нь дэмжигдээгүй ч УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжсэн. Иймээс дээрх асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, анх өргөн барьсан 30 хувиас доошгүй байна гэж хуулийн төсөлд тусгасан заалтыг олонх нь дэмжлээ.

Цаашид эмэгтэйчүүдийн квотыг шат дараатай нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орох 48 хүнийг 1:1 зарчмыг хэвээр хадгалахаар намын бүлэг санал нэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top