Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.14/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Тус ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулга хийв.
Тэрбээр, анхны хэлэлцүүлгээр хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёолол, мөн анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т заасны дагуу гаргасан эрх зүйн дүгнэлтийн хүрээнд зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын саналаар дахин хураалгах зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллыг тус тус бэлтгэсэн гэлээ.
Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд нь агуулгыг хувьд:
·Тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан 42 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, 41 дүгээр зүйлийн зарим хэсгийг хасах, өөрчлөх;
·Бэхэн тэмдэглэгээ хийхтэй холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан 66 дугаар зүйлийн 66.14 дэх хэсгийг хасах;
·Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах;
·Нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх;
·Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх;
·Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зэрэг хүрээг хамарсан байна.
Дараа нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хууль зүйн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаар санал хурааж дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохицуулалттай зөрчилдсөн эсэх, хэрхэн нийцүүлэх, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор нэгтгэсэн төслийн дагаж мөрдөх хугацааг нийцүүлэх талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны “Хууль зүйн дүгнэлт гаргуулах тухай” шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хууль зүйн дүгнэлт гарган Хууль зүйн байнгын хороонд ирүүлснийг Байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Хууль зүйн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат танилцуулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Ганбат сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ болон нэгдсэн самбарын талаар асуулт асууж, хариулт авсан.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.8 хувь нь Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )