УИХ-ын пүрэв гарагийн чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн талаар товч дурдвал төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэг хуулиар зохицуулах, төрийн албан хаагчийн тоог үндэсний ажиллах хүчний тоотой уялдуулан тогтоох, төрийн албан хаагчийн үндсэн цалин ба нэмэгдлийн харьцааг оновчтой болгох зэрэг зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хуульд заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бууруулан тооцох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд тусгасан байна. Энэхүү өөрчлөлттэй уялдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлагийн даргаар хуульд заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хангасан хүнийг томилж болох, энэ тохиолдолд агентлаг нь дэд даргатай байх зохицуулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд тусгасан болохыг Б.Жавхлан сайд танилцуулав. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар төрийн байгууллагуудаас ирүүлж байгаа санал, хүсэлтийг харгалзан хэмнэлтийн зарим зохицуулалтыг өөрчлөх санал боловсруулжээ. Тухайлбал, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болон төрийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах үүднээс эдгээр байгууллага автомашинтай байхаар хуулийн төсөлд тусгасан гэв. Мөн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж дууссан байвал зохих хугацааг хойшлуулах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.
Засгийн газраас хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудлыг онцгой анхаарч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан агентлагийн бүтцийг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Үүнтэй холбогдуулан залуучуудын хөгжлийг дэмжих төрийн чиг үүргийг цаашид иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр тооцож Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэчлэлийг хөрөнгө оруулагч нарт сурталчлан таниулах, түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн судалгаа хийх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байгааг харгалзан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үйлчлэлийг хойшлуулах, төрийн өмчийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд бага зардлаар өндөр бүтээмж бүхий технологи, шинэ бүтээл нэвтрүүлэхийг дэмжих зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Б.Жавхлан сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдав.
Чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуусны дараагаар санал хураахад Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )