Төсвийн тодотгол батлагдаж, хүүхэд бүрд ХҮҮХДИЙН МӨНГӨ олгох боллоо

2023 оны 06 сарын 16

УИХ-ын өнөөдрийн /2023.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ удаагийн төсвийн тодотгол их чухал ач холбогдолтой юм. Төсвийн орлого их хэмжээгээр давж биелсэн. Хүүхдийн мөнгийг энэ оны нэгдүгээр сараас ялгавартайгаар олгож эхэлсэн. Цэндийн Сандаг-Очир гишүүнээс авхуулаад Жамъянхорлоогийн Сүхбаатар гишүүн хүртэл их шүүмжлэлтэй хандаж, бүх хүүхдэдээ олгоё гэсэн санал, санаачилгыг дэвшүүлж байсан.

Ард иргэдийн зүгээс ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байхад маш буруу тогтолцоо, зарчимтай яваад байна гэсэн. Ингээд олон удаагийн хэлэлцүүлэг УИХ дээр өрнөсний үр дүнд хүүхэд бүрд ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгох болж байна.

Хүүхдийн мөнгө үүнээс хойш халамжийн мөнгө биш, монгол хүүхэд бүрийн эх орныхоо баялгаас хүртэж байгаа хишиг юм. Өөрөөр хэлбэл ирээдүйн өв сангаас хүртэж байгаа хишиг.

Тийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зөвхөн ирээдүйд биш, одоо ба ирээдүй үеийн нийт иргэддээ тэгш хүртээмжтэй байх зарчмыг баримтална гэсэн зарчмыг оруулсан нь ийм учиртай" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top