УИХ-ын өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрх барьж байгаа нам сонгууль бүрийн өмнө өөрийн намдаа ашигтай гэсэн хувилбараар Сонгуулийн хуулийг байнга өөрчилж ирсэн практик өнгөрсөн найман сонгуульд давтагдсан.
Сүүлд сонгуулиас зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн жишиг тогтоосон боловч 12 сард нь бас л өөрчлөлт хийж бужигнуулдаг.
Энэ нь сонгогчдын боловсролыг төлөвшүүлэхэд ч, улс төрийн намуудыг төлөвшлийг хангахад ч тогтворгүй байдлыг бий болгож, саармагжуулж ирсэн. Энэ асуудлыг нэг мөр цэгцэлж байна гэж ойлгож байгаа. Монгол Улсыг байнга хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, байнгын хагаралдуулсан байдалд байлгахыг хүсэж байгаа олон эрх ашиг байна.
Сонгуулийн тогтолцоо тарж бутаргадаг биш эвлэлдэж нийлүүлдэг, улс орныхоо том эрх ашгийн төлөө нэгддэг ийм боломжийг олгодог холимог тогтолцоог сонгож өнөөдрийн Сонгуулийн хуульдаа суулгаж, баталгаажуулж байна.
Бид өнөөдөр өөрсдөд ирэх шүүмжлэл, өрөөлөөс ирэх дайралтаас хулгаж болохгүй. Ард түмний төлөөлөгчид мянга, мянган иргэдийн төлөөлөгчид учраас тэдний дуу хоолой болж, үзэл бодлоо илэрхийлж, иргэдийнхээ төлөө тэмцэж явах хэрэгтэй. Энэ ч утгаараа Сонгуулийн тухай хуульд том өөрчлөлтийг орууллаа.
Одоо энэ хуулиа тогтвортой мөрдөх ёстой. Хоёр намын гишүүдийн гаргасан саналыг нэгтгэсэн хувилбар дээр олон намын үзэл бодлыг тусгаж баталлаа. Цаашид эрх баригч нам өөрсдийн эрх ашгийн төлөө Сонгуулийн хуулийг өөрчилдөг байдал үүгээр дуусгавар болж байна. Энэ Сонгуулийн хууль цаашдаа 30 жил тогтвортой мөрдөгдөх ёстой гэдгийг онцлон тэмдэглэе.” гэв.
Сэтгэгдэл ( 0 )