Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо өчигдөр (2023.06.27) хуралдаж, ажлын явцын тайланг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд түр хорооноос хийсэн хяналт шалгалтын ажлын тайланг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, Хянан шалгах түр хороо нь хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох ажлыг Монгол Улсын Их Хурлын 31 дүгээр тогтоолын хүрээнд дараах чиглэлээр зохион байгууллаа. Үүнд, хилийн боомтуудад очиж нүүрс нэвтрүүлж байгаа ажлыг газар дээр нь танилцах, хил, боомтын ажилд оролцож байгаа мэргэжлийн хяналт, гааль, хил хамгаалах, цагдаа, хилийн боомтын үндэсний зөвлөлийн ажлын уялдаа холбоо, мэдээ, мэдээлэл солилцож байгаа явц, гаалийн хяналтын бүсийн зохион байгуулалт боомтод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, нүүрсний тээвэр ложистикийн үйл ажиллагаа, бүртгэл хяналт, экспортод гаргаж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт, уул уурхайн салбарт төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нүүрс экспортлохтой холбоотой гэрээ, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн худалдааны үнэ тарифын талаар хууль тогтоомжийн хэрэгжилт гэсэн сэдвийн хүрээнд явагдсан болохыг танилцуулав.
Мөн Хянан шалгах түр хорооны бүрэн эрхийн хугацаанд 5 шинжээч, 5 хянан шалгагчийг томилон, нийт 6 удаа хуралдаж Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой 10 тогтоолыг баталсан байна. Хянан шалгах түр хороо 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Булган хилийн боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур чөлөөт бүсэд, 2022 оны 11, 12 дугаар сард Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Ханги боомтын үйл ажиллагаатай удаа дараа очиж танилцжээ.
Хянан шалгах түр хорооноос тайлант хугацаанд нийт 77 албан бичгийг холбогдох газруудад хүргүүлж, 45 албан бичиг ирүүлсэн материалтай танилцан, нотлох баримт цуглуулах нөхцөл байдалтай газар дээр нь танилцах тэмдэглэл үйлдэх баримт цуглуулжээ. Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны 2023 оны 11 дүгээр тогтоолоор “Түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов”-ыг баталж, 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр олон нийтэд зарлан бэлтгэл ажлыг хангасан байна.
Гэвч сонсголд гэрчээр дуудахаар товлосон 100 гаруй этгээдийн 50 орчим хувь нь Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагад нэгэнт шалгуулж, гол гэрчүүдийн хувьд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь түр хорооны сонсголыг зохион байгуулахад хүндрэлтэй нөхцөл бий болгжээ.
Мөрдөн байцаах ажлын нууцыг хамгаалах, үр дүнг дээшлүүлэх шаардлагаар Авлигатай тэмцэх газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан тоотоор Түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлтийг тавьсан тул Сонсгол хийх боломжгүй болсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболдыг солиоч