Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.28/ хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 99 дүгээр захирамжаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ж.Батжаргал, С.Ганбаатар, Г.Ганболд, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд ажлын дэд хэсэг найм, ажлын хэсэг хоёр удаа тус тус хуралдсан хэмээн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.9 дэх хэсэгт “Хэрэв тухайн хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан бол тухайн ажлын хэсэг хуулийн төслийн талаарх тусгайлсан саналаа эрхлэх асуудал нь хамаарах Байнгын хороонд танилцуулна." гэж заасны дагуу Улсын Их Хурлын “d.parliament.mn” цахим системд иргэдээс ирүүлсэн 52 санал, ажлын хэсгийн гишүүн А.Адъяасүрэн, Ж.Батжаргал, Т.Доржханд, С.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг нараас ирүүлсэн 63 санал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналууд болон 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулж, улс төрийн 30 намын төлөөлөл оролцсон хуулийн төслийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг үндэслэн ажлын хэсэг саналуудаа гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж байна хэмээлээ.
Улс төрийн намын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар 44, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дээр 18, нийт 62 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, мөн найруулгын 2 саналын томьёолол бэлтгэжээ.
Түүнчлэн хууль хоорондын нийцлийг хангах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу эцсийн хэлэлцүүлгийн шатанд шинээр боловсруулах шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзсэн байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр зохицуулах харилцааг Улсын дээд шүүхэд шилжүүлэх саналтай уялдуулан дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах санал боловсруулжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн, төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Д.Тогтохсүрэн нараас УИХ-ын даргад тавьсан саналын дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг хуралдаан даргалагч тодотгосон.
Уг тогтоолын төсөлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.19 дэх хэсэгт заасныг баримтлан Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт жороо морины уралдааныг оруулж зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар, Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайдад даалгахаар тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Дараа нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн байна.
Хуулийн төслийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Хууль санаачлагч дээрх хуулийн төслүүдэд аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох, улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах, аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах, мөн хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэх, Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэлээ.
Хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд нь хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )