УИХ-ын дарга Г.Занданшатар Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

2023 оны 06 сарын 30

Олон улсын парламентын өдөр өнөөдөр /2023.06.30/ тохиож байгаа бөгөөд Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Г.Занданшатар дарга мэндчилгээ дэвшүүлэв.

Парламентын засаглалтай, парламентат ёсыг төлөвшүүлж байгаа улс орнуудын хувьд жил бүрийн бүрийн зургадугаар сарын 30-ны өдөр чухал тэмдэглэлт өдөр байдгийг тэмдэглэсэн юм. Одоогоос 134 жилийн өмнө буюу 1889 онд Олон улсын парламентын холбоо үүсгэн байгуулагдсан энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 онд “Олон улсын парламентын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ардчиллыг бэхжүүлэхийн тулд ардчиллын гол байгууламж болох парламент нь хүчирхэг, ил тод, хариуцлагатай төлөөллийг хангасан байх нь зүй ёсны шаардлага болж байна. Олон улсын парламентын өдрөөр дэлхийн парламентууд ард түмнийг төлөөлөх чиг үүргээ илүү сайжруулах, нийгмийн хөгжил, цаг үеийнхээ шаардлагыг мэдэрч, хөл нийлүүлэн алхах зэрэг үндсэн зорилгуудынхаа хүрээнд хүрсэн ахиц дэвшлүүдээ үнэлж дүгнэж байна. Тодруулбал, парламент үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөх, шинэ технологи, инновац нэвтрүүлэх зэрэг арга хэмжээнд ач холбогдол өгөхийг уриалдаг. Монгол Улсын Их Хурал энэ хаврын ээлжит чуулганаараа төлөөллийг хангах реформуудыг хэрэгжүүлллээ. Мөн d.parliament.mn, цахим парламент болох чиглэлээр инновац, технологийн шинэчлэлүүдийг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна” хэмээлээ.

Энэ өдрийг НҮБ ийнхүү онцлохын учир нь дэлхий даяар хүмүүсийн улс төрийн институцэд итгэх итгэл аажмаар суларч, популистууд болон явцуу сонирхол бүхий тодорхой хэсэг бүлгийн зүгээс үзүүлж байгаа олон сорилт бэрхшээлүүдтэй ардчилал тулгардаг. Энэ эгзэгтэй цаг үед Олон улсын парламентын өдрийг тэмдэглэж байх нь онцгой ач холбогдолтой гэж НҮБ үзэж, 2018 оноос тэмдэглэх болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top