Авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн хаврын чуулган өндөрлөлөө

2023 оны 07 сарын 07

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2023.07.07/ хаалтаа хийлээ. 80 гаруй өдөр үргэлжилж, чамгүй олон хууль, тогтоол баталсан энэ удаагийн хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийснээрээ онцлог байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэж байв.

Тэрбээр, хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно” гэж байсан. Энэ дагуу Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиудыг баталсан гэв. Авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэхийн чухлыг хэлээд “Бизнесийн болон өрсөлдөөний шударга орчин бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтооход шинээр баталсан хөтөлбөр чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээсэн.

Энэ чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.\

Энэ хуулиар төрийн зарим өндөр албан тушаалтнууд, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүдийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг болон төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглосон агуулга бүхий заалтууд орсон. Шударга ёсыг тогтооход, алба тушаал, эрх мэдлээр далимдуулан бусдаас давуу байдал эдлэх боломжийг хязгаарлахад энэ хуулийн зохицуулалт чиглэжээ.

Авлигын эсрэг эрх зүйн шинэчлэлийн зэрэгцээ нийгмийн бодлогын эрх зүйн реформдоо томоохон алхам хийж, төсвийн нэмэлт эх үүсвэрийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулах чухал шийдвэрүүдийг энэ хаврын чуулганы хугацаанд УИХ гаргасан болохыг Г.Занданшатар дарга хэлсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top