Шилийн Богдын тухай шинэ, хуучныг эргэцүүлэхүй

2023 оны 09 сарын 06

Өнө эртний Агшун буюу Шилийн Богдын тухай хүүрнэн оройд нь гарч орчлонгийн нар салхины бүлээн энергийг авч бие сэтгэлээ ариутган таашаал авахыг хүсдэггүй монгол хүн ховор гэнэ.

Дарьгангын талархаг  нутгийн 200 гаруй унтарсан галт уулсыг, энэ уулын орой дээрээс тоолоход бидний нүдний хараа мэдэх хэрэг. Эдгээр уулсууд нь баруун хойд талаасаа намхан учир тэндээс оройд нь гарч алсын барааг харан бие сэтгэлийн таашаал авдаг. Урд талаасаа огцом эгц өндөр тул дээшээ гарахад бэрхшээлтэй,  янгир халтирам ян сарьдаг учраас улсын хил амгалан тайван байдаг. Манай нутагт  ялангуяа өвөл, хаврын улиралд болон  ихэнх тохиолдолд баруун хойноосоо салхилдаг билээ. Алтай, Хангайн оргилын ариун сайхан бүхэн замдаа таарсан уул, ус, хөвч тайгын хамаг сайхан энергийг хаман цуглуулж салхин хөлгөөр алдарт Шилийн Богдын оргил тэнгэрт хуралдан тогтдог гэнэм. Ялангуяа жил бүрийн Цагаан сарын шинийн 8-ны дотор өглөөний алтан нарыг салхиар хөлөглөн ирсэн энергийнх нь хамтаар алган дээрээ тосон авч амьсгалан, алжаал ядаргаагаа тайлан тухайн жилийнхээ эрч хүчийг сэргээн авдаг гэнэм.

Шилийн Богд, Агтана Хүрээт

Ширхэг чулуу нь эрдэнийн үнэтэй

Шилийн ургамал нь адуу малын эм

Шилийн эрсийн дуудлагатай нутаг

Ар, өвөрлөгч нарын хилийн зааг

Адуу малын бэлчээрээр арвин

Айл хүн ховор, ан гөрөөс элбэг

Ар халхын эрчүүдийн дуудлагатай

Агтана  Хүрээт

Шилийн Богдоос зүүн урагш 10 гаруй км яваад Сэнжит хар өндрийн баруун урдах бэлд арсайж сэрсийсэн хоёр том хадан толгой байх бөгөөд тэрүүхэн баруун урд талд нь Гадас толгой нэртэй шовх шовгор толгой байдаг. Тэр толгой дээр хилийн 999-р баганыг босгожээ. Тэр толгойгоос зүүн тийш 400 орчим метр газарт Сэнжит хад гозойн харагддаг билээ. Харамсалтай нь манай хилийн торны гадна хоёр торны хооронд орчихсон байна. Энэ Сэнжит хад, Гадас толгой хоёрыг Чингисийн гүүн зэлний уяаны гадас гэсэн домог байдаг. Сэнжит өндрийн баруухан хойно Идэрмэг, Элтэрмэг уулын зүүхэн урд дээшээ харуулаад тавьсан ширмэн тогоо шиг гүнзгий хүр байх бөгөөд түүнийг Агтана Хүрээт гэж нэрлэдэг ажээ. Энэ хүрээний онцлог нь урд талдаа хөрөөдөөд авчихсан юм шиг сэтэрхий амтай, голдоо гозгор толгойтой ажээ.

Уулын дуу ноён (Дугар) 10 мянган адуугаа Агтана Хүрээтэд хураалган өөрөө дунд нь буй гозгор толгой дээр гарч дүүрэн дундуураар нь гүйцэд дутуугаа бүртгэн мэддэг байсан гэдэг домогтой. Өвөрлөгчийн дээрэмчин Жодовжав тэр адуунаас 1000-ыг дээрэмдэн хулгайлж явсан гэсэн яриа нутгийн ард түмний дунд одоо ч яригдсаар байдаг ажээ.

Г.ДОВДОНДОРЖ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top