БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотын Эзэн хороо театрт энэ сарын 19-21-нд гурван өдөр тоглох байсан “Тамгагүй төр” жүжгийг Хятадын эрх баригчид тоглолт эхлэхээс 30 минутын өмнө, 1200 орчим үзэгчид театрын гадна цугласан үед тог тасарсан гэдэг шалтгаар гэнэт цуцалж, уран бүтээлчдийг нь шөнө 03:00 цагийн үед цагдаагийн хүчээр албадан нутаг буцаав.
УРИГДАЖ ОЧСОН НЬ
Монголд тасралтгүй 156 удаа тоглогдож, ирэх 11-р сард Лондон хотноо Коллезум театрт тоглох “Тамгагүй төр” жүжгийг Хятадад тоглуулах сонирхлыг анх 2022 оны наймдугаар сарын 25-нд Хятадын Элчин сайд Цай Вэньруй илэрхийлсэн юм. Тэрбээр жүжиг үзсэнийхээ дараа ярилцлага өгөхдөө, “Тамгагүй төр" гэх сайхан жүжгийг үзлээ. Энэ бол зохиолчийн, найруулагчийн, жүжигчдийн ур чадварыг мэргэжлийн өндөр түвшинд хүрснийг харууллаа. Энэ жүжиг надад их таалагдсан. Ер нь хоёр улсын найрсаг харилцаа, ард түмний найрамдлыг хөгжүүлэхэд соёлын харилцаа их чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаашид хоёр орны соёлын харилцааг улам хөгжүүлэхэд Хятадын тал ажиллах болно. Миний хувь хүний зүгээс өөрөөсөө шалтгаалах ажлуудыг хийхэд бэлэн байна” гэсэн нь тэр өдөртөө news.mn дээр нийтлэгджээ.
Жүжгийн Ерөнхий найруулагч Б.Баатарыг Хөх хотын Улаан театрт нэг сар зочин найруулагчаар ажиллахыг урьжээ. Олон удаагийн урилгыг хүлээн авч, Хятадад тоглох нь хөрш орны хувьд, том зах зээлийн хувьд найрсаг үйлдэл, чухал алхам гэж үзсэн билээ.
2023 он гараад Өвөр Монголын Урлагийн театрын урилгаар “Тамгагүй төр” жүжгийн менежментийн баг Хөх хотод очиж, гуравдугаар сарын 7-нд Өвөр Монголын Зюсянь соёл, мэдээллийн компанитай гэрээ байгуулж, “Тамгагүй төр” жүжгийг Өвөр Монголд тоглуулахаар тохиролцсон юм. Коммунист улсын хувьд Хятад өөрийн оронд тоглуулах гадаадын жүжиг, кино, зохиолыг маш нарийн хянаж, цензурдсны дараа зөвшөөрөл олгодог. Энэ л журмаар “Тамгагүй төр” жүжгийн зохиол, тоглолтын сабтайтлтай видео, орчуулгыг гэрээ байгуулснаас хойш гурван сарын турш хянаж, 2023 оны наймдугаар сарын 28-нд Өвөр Монголын Соёл, аялал жуулчлалын газраас есдүгээр сарын 20-26-нд Хөх хотын Урлагийн театрт жүжиг тоглох албан ёсны зөвшөөрлийн бичгийг өгсөн билээ.
Есдүгээр сарын 1-ний өдөр мөн Соёл, аялал жуулчлалын газраас “Тамгагүй төр”-ийн 109 уран бүтээлчдэд есдүгээр сарын 1-30-ны хугацаанд Хятадад богино хугацаагаар ажиллах зөвшөөрлийн бичиг өгчээ. Энэ хоёр төрлийн зөвшөөрлийг үндэслэн БНХАУ-аас Монгол Улсад суух ЭСЯ жүжгийн багийн 109 хүнд ажлын виз олгосон юм. Тиймээс “Тамгагүй төр” бол БНХАУ-д тоглох албан ёсны зөвшөөрөлтэй жүжиг.
АНХНЫ ОЙЛГОМЖГҮЙ ШИЙДВЭР
Гэрээний дагуу есдүгээр сард Хөх хотын Улаан театрт жүжиг тоглохоор Монголоос тайзны ажилчид, зураач нар очиж, тайзны бэлтгэл ажлыг хийж байтал есдүгээр сарын 6-нд Хөх хотын театрын удирдлага гэнэтийн ойлгомжгүй бичиг ирүүлж, Гэрээнээсээ буцав. Улаан театрт Өвөр Монголын Өөртөө Засах Орны удирдлага хурал хийхээр болсон тул жүжиг тоглох боломжгүй гэдэг дараахь мэдэгдэл ирүүлжээ.
МОНГОЛ УЛСЫН "ТАМГАГҮЙ ТӨР" ЖҮЖИГТ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ УЧИРСАН ТУХАЙ МЭДЭГДЭЛ
Херо энтертаймент группт
Манай компани танай компанитай урьдчилж тохирсоны дагуу "Тамгагүй төр" жүжиг Хөх хотын Улаан театрын концертын танхимд хийгдэх байсан тоглолтыг давагдашгүй хүчин зүйлийн улмаас (Засгийн ордноос дайчлан хэрэглэх болсон) цуцлах буюу хугацааг хойшлуулахаар боллоо. (Хавсралт: Талбайг дайчлах тайлбар )
Манай компани та бүхэн энэ асуудлыг ойлгон хүлээж аваасай хэмээн найдаж байгаа бөгөөд уг гэрээний давагдашгүй хүчин зүйл хэмээх заалт болон Хятадын хуулин дахь давагдашгүй хүчин зүйлийн талаарх тайлбар сэлтэд үндэслэн манай тал (Засгийн ордноос дайчлан хэрэглэх) уг асуудал дээр үнэхээр хүчин мөхөсдөж, А Б хоёр талд учирсан хохиролд гүнээ харуусаж байна. Одоо манай компани давагдашгүй хүчин зүйл хэмээх заалтыг үндэслэн хамгийн шуурхай та бүхэнд энэ тухай мэдэгдэж байгаагийн сацуу, нөхвөр арга хэмжээг авах талаар идэвхитэй ажиллаж, А, Б хоёр талд учрах хохирлыг аль болохуйц бууруулахын тулд доорх шийдвэрлэх хувилбарыг дэвшүүлж байна.
1. Тоглолтыг хойшлуулж зохион байгуулах: А, Б хоёр тал өөр тоглолтын хугацааг хэлэлцэж тоглолтыг зохицуулж болох бөгөөд Б тал нэгэнт зарагдсан тасалбаруудыг буцаах, тайлбарлан зохицуулах ажлыг хариуцан гүйцэтгэх болно. А тал өөрийн улсад хийж бэлдсэн тоглолтын хэрэгслүүдийг Б тал агуулахад хийж хадгалаад шинэ тоглолтын хугацаа тогтсоны дараа хоёр тал бодит нөхцөл байдалд үндэслэн тоглолтыг үргэлжлүүлж болох юм.
2. Хотыг солих: Б тал бусад хотуудын театртай холбогдон харилцах асуудлыг хариуцан гэрээний доторх ажлын агуулгуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, бодитойгоор хэрэгжүүлэх нарийн ширийн зүйлс болон холбогдох зардлыг жич хэлэлцэе! Хөх хот дахь тоглолтын асуудлыг зохистойгоор зохицуулах ажилд нэгэнт зардал гарган хийгдсэн дизайн, зар сурталчилгаа, хянан тохиолдуулга, зочид буудлын урьдчилсан захиалга болон холбогдох ажлын зардал зэрэг Б талаас нэгэнт гаргасан төлбөрүүд багтах болно.
Өвөр Монголын Зюйсянь соёл энтертайнмент компани. 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр.
Маргааш нь Хөх хотод тоглогдохоор есдүгээр сарын 12-26-нд товлогдсон байсан гэрээг цуцалж, давагдашгүй хүчин зүйл учирсан тухай Өвөр Монголын Урлагийн жүжгийн театрын мэдэгдэл бас ирэв.
Хятадад нам, засгийн шийдвэр нь байгалийн гамшигт үзэгдэлтэй адил давагдашгүй хүчин зүйлд тооцогддог.
Жүжгийн менежментийн баг Өвөр Монголын талын гэрээнээсээ буцсан гэнэтийн шийдвэрийг хүлээцтэй хүлээн авч, тэдний санал болгосноор Ордос хотын Эзэн хороо гэдэг театрт есдүгээр сарын 19-21-нд гурван өдөр тоглохоор тохиролцов.
Энэ дагуу Өвөр Монголын Соёлын газраас есдүгээр сарын 19-21-нд Ордом хотын Эзэн Хороо хошууны театрт тоглолт хийх тамгатай, 150100120027 дугаартай зөвшөөрлийн бичиг дахин гарчээ.
“СҮНСЭН ХОТОД” ОЧСОН НЬ
Өөрчлөлт орсон Гэрээ ёсоор есдүгээр сарын 12-нд Монголын 119 уран бүтээлчид Эрээнээс хоёр автобусаар 670 км туулж, Ордос хотын Канбаши дүүргийн “Venus Royal Hotel” гэдэг ахадсан нэртэй зочид буудалд буулаа. Гол нь энэ зочид буудал бидний тоглох театртай хамгийн ойрхон байршилтай нь.
Ордос бол 2000 гаруй жилийн тэртээ Хүннү гүрний уугуул нутгийн нэг байсан юм. Ордос Батмөнх Даян хааны үед Монголын улс төр, засаглалын төв байж, Чингис хааны тахилын шүтээн оршиж байсан тул мөн нийт монголчуудын оюун санаа, шүтлэг бишрэлийн төвийн үүргийг гүйцэтгэж байлаа.
Ордос 10-аадхан жилийн өмнө дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх нүүрсний орд газрынхаа хүчинд эдийн засгийн хурдацтай өсөлтөөрөө дэлхийг гайхшруулж байсан билээ. Энэ хотын нэг хүнд ногдох ДНБ 35 мянган ам.доллар хүрч, Европын орнуудыг давсан юм. Харьцуулвал манайх дөнгөж энэ жил 5000 ам.доллар хүрч байна.
Гэнэт баяжсан ордосчууд 161 тэрбум ам.доллараар Канбаши буюу Хиа багш гэдэг цоо шинэ дүүрэг байгуулсан ч хүн амьдрахгүй байсан тул дэлхий дахинд “Ghost town” гэж алдаршсан. Эзэнгүй энэ хотод 2021 оны байдлаар дөнгөж 110 мянган хүн амьдарч, хотын нийт барилгын 2-ны 1 нь хоосон хэвээрээ байна.
Очсоныхоо маргаашнаас уран бүтээлчид бэлтгэл ажилдаа орж, тайзаа угсарч эхлэв. Энэ хугацаанд театрын удирдлага туйлын найрсаг хандаж, бүх ажилд хамтран ажиллаж байв.
ЕСДҮГЭЭР САРЫН 18: ТОГЛОЛТЫН ӨМНӨХ ӨДӨР
Тоглолтын өмнөх өдөр уран бүтээлчид, тайзны ажилтнуудын бэлтгэл оройтож, шөнийн 01:35 минут өнгөрөхөд театрын ажилтнууд вичатаар мессеж явуулж, Хятадад том автобусыг шөнийн 2-5 цагийн хооронд зорчихыг хориглосон бөгөөд зохион байгуулагчид, жолооч нар шийтгэл хүлээх тул яаралтай зочид буудалдаа очихыг хүсэв. Энэ дагуу шөнийн 02:00 цагаас өмнө бэлтгэлээ дуусгаж, зочид буудалдаа буцаж очсон юм.
Есдүгээр САРЫН 19. “ТОГ ТАСАРСАН НЬ”
Есдүгээр сарын 19-нд жүжиг эхлэх өдөр янз бүрийн осол гэмтэл гарч эхэллээ.
Өдрийн 14.00 цагийн орчимд тайзан дээр галаас хамгаалах системийн нэг тонн орчим ус алдаж, тайз бүхэлдээ усанд автсан байна. Театрын удирдлага энэ тухай тодорхой тайлбарлаж чадаагүй бөгөөд “галын аюулгүй байдлын хамгаалалт өөрөө ажилласан” гэдэг тайлбар өгчээ. Жүжгийн баг яаралтай тайзаа цэвэрлэж, дахин бэлтгэхэд хоёр цаг орчмын хугацаа зарцуулжээ. Гэтэл 16.00 цагийн орчимд тайзны дээр гарах байсан театрын удирдлага жүжгийн сабтайтлын текстийг шаардаж авч, Хүннү, шаньюй зэрэг үгсийг хасч, Хүннү гэдэг үгийн оронд аймаг, шаньюй-г их ван гэх мэтээр өөрчлөхийг шаардав. Жүжгийн баг Театрын гэнэтийн шаардлагыг хүлээн авч, яаралтай засвар өөрчлөлтийг хийв.
Мөн Ордосын телевизийн сэтгүүлчид театрт хүрэлцэн ирэхэд цагдаа нар тэднийг буцааж байлаа.
Ордос хотын Канбаши дүүрэгт хүн маш цөөхөн амьдардаг тул үзэгчид олноороо ирэх талаар өөдрөг төсөөлөл байгаагүй боловч жүжгийн зар сурталчилгаа албан ёсоор эхлэхэд 1400 хүний суудалтай Эзэн хороо театрт гурван өдөр тоглох жүжгийн тасалбар бүрэн зарагдаж дуусав. Жүжиг үзэхээр Өвөр Монголын өнцөг булан бүрээс, 1000 гаруй км-ийн алсаас, Японоос хүртэл зорьж ирсэн байна.
Жүжиг эхлэхээс 30 минутын өмнө, 19:00 цагийн орчимд тайзны цахилгаан гэнэт унтарч, театрын дарга сандран Соёлын газрын удирдлагадаа мэдэгдсэний дараа театрын тог бүхэлдээ унтарчээ. Тог тасрахаас өмнө театрын подстанцын орчим олон хятадууд бөөгнөрч, ойр хавьд нь байсан Монголын уран бүтээлчдийг хөөж байлаа.
Арав орчим минутын дараа аюулгүй байдал хангах гэдэг шалтгаанаар нийт уран бүтээлчдийг театраас гаргаж, тайзыг бүхэлд нь битүүмжлэв.
Театрын гадна Өвөр Монголын өнцөг булан бүрээс ирсэн 1300 орчим үзэгчид цугларч, бухимдаж эхлэхэд театрын удирдлага цагаан хоолойгоор тэднийг тарахыг шаардаж, маргалдаж эхлэв.
Тог тасарснаас хэдхэн минутын дараа БНХАУ-д суугаа Монголын ЭСЯ, Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар Хятадын Гадаад яам, Соёлын яамны удирдлагаас энэ талаар тодруулга авахад тэд хаа холын Ордосын Эзэн хороо театрт тог тасарсан талаар бүрэн мэдээлэлтэй байсан нь гайхшрал төрүүлж байсан юм.
БНХАУ-ын Гадаад явдлын яамнаас мэдээлснээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засаг захиргааны дэд дарга Ян Жинь шуурхай хурал зарлаж, Ордос хотын Эзэн хороо театрын тогийг засах талаар хэлэлцжээ.
Хоёр цаг орчим тог ирэхийг хүлээсэн Монголын уран бүтээлчид зочид буудалдаа буцаж очих үед Хятадыг тагнуулын ажилтнууд үдээс өмнө бараг хоосон байсан зочид буудлын гадна олноороо цугларч, илт бичлэг хийж, ажиглалт хийж байгаа нь харагдаж байв.
Тэр шөнө Ордосын удирдлага шуурхай хурал зарлаж, тэр завсраа шөнийн 00:02 цагийн үед Монголын уран бүтээлчдэд гурван хайрцаг тараг, сүү явуулж, “Монгол, Хятад хоёр улс үеийн үед сайн хөрш, сайн анд нөхөд, хурлын дараа энэ асуудлыг нааштай шийднэ гэдэгт итгэлтэй байна” гэдэг мессежийг вичатаар явуулжээ.
Уран бүтээлчид тог засагдаж, маргааш жүжиг тоглоно гэдэгт найдвартайгаар тэр шөнө амарчээ. Хятадын тал ч тийм итгэл найдвар төрүүлсэн үгс хэлж байв.
ЕСДҮГЭЭР САРЫН 20. ТОДОРХОЙГҮЙ ӨДРҮҮД, ТОДОРХОЙ АЛХМУУД
Маргааш нь (2023.09.20) Эзэн хороо театрын баруун талын зам буюу театр луу ордог нэг км орчим автозамд засвар хийх нэрийдлээр бүрэн хаасан нь жүжигчдийг буцах хүртэл хэвээрээ байсан юм.
Монголын уран бүтээлчид жүжгийн хувцастайгаа Ордосын Чингис хааны онгонд зочлох үед Хятадын тусгай албаны ажилтнууд тасралтгүй бичлэг хийж, үйл хөдлөл бүрийг нь баримтжуулж авч байв. Жүжгийн хувцастайгаар Чингис хааны онгонд бичлэг хийх, зураг авахыг бүрмөсөн хориглож байлаа.
11:01 цагийн үед Эзэн хороо театрын удирдлага мэдэгдэл гаргаж, жүжгийг цуцалсан тухай мэдэгдэл гаргаснаа цахим орчинд нийтэлжээ.
АРГА ХЭМЖЭЭГ ЗОГСООСОН ТУХАЙ МЭДЭГДЭЛ
Эрхэм хүндэт үзэгчид ээ,
“Тамгагүй төр” жүжиг нь 2023 оны есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Эзэнхороо хошууны театр тоглогдох хуваарьтай байсан.
Есдүгээр сарын 19-ний өдрийн 18.00 цагийн орчимд театрт гэнэт цахилгааны гэмтэл гарч, театрын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болоод байна, бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа боловч засварын ажил хугацаандаа хийгдэж чадаагүй тул жүжгийн нээлт хуваарийн дагуу нээлтээ хийх боломжгүй болоод байна. Үзэгчид болон театрын нийт жүжигчид, ажилтнуудын хувийн аюулгүй байдлыг хангах үүднээс театрын драмын жүжиг, урлагийн тоглолтыг өнөөдөр түр зогсоож, тоног төхөөрөмжийн эвдрэлийг шалгаж, засаж залруулахад бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Тоглолтын тодорхой хуваарийг дараа мэдээлэх болно.
Иймд үзэгчид та бүхэнд хүндрэл учруулсанд хүлцэл өчиж, дараах нөхөн олговрыг олгохоор боллоо.
1. Тасалбар буцаалт: Тасалбар худалдан авсан газартаа хандан буцаана уу.
2. Зочид буудлын нөхөн олговор: Үзвэрийн хугацаанд тус орон нутгийн зочид буудалд байрласан баримтаа үзүүлэн 2023 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 08.00 цагаас хойш Эзэнхороо хошууны Юаньшөн зочид буудалд ирж нөхөн олговроо авна уу.
3. Замын зардлын нөхөн олговор: Үзвэрийн хугацаанд Ордос хот руу галт тэрэг, хурдан галт тэрэг, онгоц зэрэг тээврийн хэрэгслээр ирсэн бол дээрх бичиг баримт болон тоглолтын тасалбарын хамт 2023 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 08.00 цагаас хойш Эзэнхороо хошууны Юаньшөн зочид буудалд ирж нөхөн олговроо авна уу. Хэрэв 100 км-ээс хол газраас авто машинаар ирсэн бол км тутам нэг юаниар тооцож нөхөн олговор олгоно.
4. Аяллын нөхөн олговор: Хэрэв Эзэнхороо хошуунд үлдэж тоглолтыг хүлээх бол Эзэнхороо хошууны Юаньшөн зочид буудалд ирж Эзэнхороо хошууны үзэсгэлэнт газрын аяллын үнэгүй тасалбар Эзэнхороо хошууны Юаньшөн зочид буудалд ирж нөхөн олговроо авна уу.
Эзэнхороо хошууны Тянь Чяо Шэнь Жүнь худалдааны компани
2023 оны есдүгээр сарын 20
11:40 минутын үед Хөх хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар Өвөр Монголын Өөртөө Засах Орны Гадаад харилцаны хэлтсээс тодруулга авахад: “Өнөөдөр Ч.Номин сайдыг хүлээн авах хэвээрээ. Ордосын Эзэн хороо театрт болсон цахилгааны гэмтлийг өнөөдөртөө засварлаж дуусаад хуваарийн дагуу жүжгийн тоглуулна” гэж мэдэгдэв.
Жүжгийн тоглолтын хоёр дахь өдөр (2023.09.20) Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Ордосын Эзэн хороо театрт очиж, Хятадын соёлын салбарын удирдлагатай хамт тоглолт үзэхээр тохиролцсон байсан ч тог тодорхойгүй хугацаанд тасалдсан, мөн Эзэн Хороо театрын удирдлага мэдэгдэл гаргасан тул айлчлалаа цуцалжээ.
ЕСДҮГЭЭР САРЫН 21. МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ХӨӨЖ ЭХЭЛСЭН НЬ
Энэ өдрөөс Ордосын Эзэн хороо хошууны Цагдаагийн газрын албан хаагчид Монголын уран бүтээлчдийн байрласан “Venus Royal Hotel”-д очиж, тэдний бүртгэлийг шаардан авчээ. Тэнд байсан өвөр монголчуудын хэлснээр шөнийн 3-4 цагийн үед Цагдаагийн газрын удирдлага Зочид буудлын удирдлагатай утсаар ярьж, Монголчуудыг байрлуулахгүй байхыг шаардсан аж. Тэр өдрөөс зочид буудлын ажилтнууд Монголын уран бүтээлчдэд өрөөндөө мартсан картных нь оронд дахин карт олгохоос татгалзах зэргээр дарамт учруулж эхэллээ.
Монголын ЭСЯ-ны зүгээс жүжгийн асуудал хэрхэн шийдэгдэх тухай Хятадын Гадаад яаманд хандахад “Гадаад явдлын яам, Монголд суугаа ЭСЯ та бүхний асуудлыг огт мэдээгүй байна” гэдэг хариу өгчээ.
ЕСДҮГЭЭР САРЫН 22. МОНГОЛЧУУДЫН ТАКТИК, ХЯТАДУУДЫН ТУЛГАЛТ
Энэ өдрийн 12:45 минутын үед Ордос хотын Эзэн хороо хошууны удирдлага зочид буудалд байрлаж, бидэнд үйлчилж байсан өвөр монголчууд, хятадуудыг дарамталж, өнөөдрийн дотор Хятадыг орхиж явахгүй бол хатуу хариуцлага хүлээлгэнэ гэх зэргээр сүрдүүлжээ.
13:00 цагийн үед Эзэн хороо хошууны намын хорооны гишүүн, соёл, аялал жуулчлал, үндэсний асуудал хариуцдаг Лю Сяодун зочид буудалд ирж, хоёр шаардлага тавив. Нэгд, жүжигчдийг яаралтай нутаг буцаах, хоёрт, тайзанд угсарсан техник хэрэгслээ орхиж явах ёстой бөгөөд түүнийг нь бидний араас хятадууд буцаах болно.
Гэвч тайзны техник хэрэгсэл, гэрлийг мэргэжлийн Англичууд, инженерүүд угсарсан бөгөөд тэдний оролцоогүйгээр салгавал эвдэх нь ойлгомжтой байсан юм.
Тиймээс “Тамгагүй төр” жүжгийн менежментийн баг тэдний ойлгомжгүй шаардлагыг эмсэргүүцэж, “Хэрэв театрт тог тасарсан юм бол та бүхэн яагаад биднийг яаралтай нутаг буцаахыг шаардаж байгаа вэ? Өвөр Монголын Соёлын газраас бидэнд албан ёсны гурван зөвшөөрөл өгсөн, бид аялал жуулчлалын 30 хоногийн визтэй, бид ажлын 30 хоногийн виз авсан байхад яагаад өнөөдөр буцахыг шаардаж байна вэ? Та бүхэн тийм эрхтэй юу?” гэж асуулаа. Тэгэхэд Лю Сяодун хариу хэлэлгүй, илт бухимдаад өрөөнөөс гарсан юм.
Жүжгийн менежментийн багийн хувьд Хятадад тоглолт хийхээс илүү Английн Коллезиумын театрын тайзтай хэмжээгээрээ ижил Эзэн хорооны театрт тайзны гэрлээ тохируулж, жүжгийн сургуулилалтаа хийх нь илүү чухал байлаа. Учир нь арваннэгдүгээр сард Лондонд тоглоход адил хэмжээтэй тайзтай театр Монголд байгаагүй. Тиймээс ямар ч үзэгч, бичлэггүйгээр жүжгийн сургуулилалт хийх саналыг олон удаа тавьсан ч Хятадын удирдлага огт хүлээн зөвшөөрөөгүй билээ. Тиймээс тэдний хувьд биднийг Хятадад нэг өдөр ч илүү байлгах сонирхолгүй нь илт мэдрэгдсэн юм. Тэр өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд “Бүс ба Зам” сэдэвт Монгол-Хятадын эрдэм шинжилгээний хурал болж, “Хятадын соёлын долоо хоног” Улаанбаатарт зохион байгуулагдаж байлаа.
Шөнийн 00:34 минутын үед Лю Сяодун зочид буудлын хурлын танхимд биднийг урьж, яаралтай Хятадыг орхин гарахыг шаардахад бидний зүгээс өдрийн асуултаа дахин асуусан юм. Хэлэх үндэслэлгүй болсон Лю 10 минутын дараа “Маргааш энэ асуудлыг өөр хүмүүс хариуцаж, та нартай өөр аргаар ярих байх” гэж сүрдүүлээд явлаа. Тэр шөнө Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын хоёр ажилтан бидний хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар Ордост хүрэлцэн ирлээ.
Бид Хятадыг орхин гарахаас татгалзах ямар ч асуудалгүй боловч тайзны техник хэрэгслээ авч гарах, мөн Ордост байх бүх зардал, театрын түрээсийг төлсөн байсан тул Гэрээнд заасны дагуу хохирлоо барагдуулах, мөн хамгийн гол нь Ордосын удирдлагын биднийг Хятадаас хөөсөн хууль бус шаардлагыг хүлцэнгүй дагахыг хүсээгүйд билээ.
ЕСДҮГЭЭР САРЫН 23. ХЯТАДУУД ӨӨРСДИЙГӨӨ ҮГҮЙСГЭСЭН НЬ
Энэ өдрийн өглөө бидэнтэй гэрээ байгуулж, хамтран ажилласан Зюсянь компанийн төлөөлөгч Дун Хуа Монголын консултай дуртай дургүй уулзлаа. Тэрээр олон дахин дуудуулж байж ирсэн юм. Тэрээр “Монголын уран бүтээлчдийг яаралтай нутаг буцахыг огт шаардаагүй, Эзэн хороо хошууны зүгээс ямар ч уулзалт хийгээгүй” гэж улайм цайм худал хэлэв. Өчигдөр Эзэн хороо хошууны намын хорооны гишүүн Лю Сяодун-ыг уулзах үеийн зургийг үзүүлэхэд уурлаад уулзалтыг орхиж явлаа.
Зочид буудлын лоббины цаадах өрөөнд тэднийг удирдан чиглүүлж байсан “хэн нэгэн” байсан бололтой. Дун Хуа ч асуудал гарах бүрд тэр өрөө ороод хэсэг хугацааны дараа гарч ирж шийдэж байв.
Удалгүй театрын ажилтан гэж бидэнд өөрийгөө танилцуулсан, Бээжингээс ирсэн нь илт Гао Минь гэдэг үсгэн брендээр гоёсон залуу бидэнтэй “хэлэлцээр” явуулж эхлэв. Тэрээр бүрэн эрх мэдэлтэйгээр бидэнтэй “хэлэлцээр” хийж эхэлсэн нь “өөр байгууллагын хүн” мэт.
Тэрээр шинэ гэрээний төсөл бидэнд харуулж, тэр өдрийн 14:00 цагаас өмнө Ордос хотыг орхих, түүнээс өмнө 13:00 цаг гэхэд театрт генератор залгаж, тайзанд угсарсан техник хэрэгслийг дөрвөн ачааны машинаар зөөхөөр тохиролцсоны үндсэн агуулга нь биднийг үтэр түргэн Хятадыг орхиход чиглэж байв. Бид ч тайзны тоног төхөөрөмжөө авч явж байвал Хятадад удах ямар ч сонирхолгүй байсан тул гэрээг зөвшөөрч, 14:00 цагаас Эрээн рүү автобусаар техниктэйгээ хамт явахаар бэлдэж эхэллээ.
Генератор залгаж, театрыг түр гэрэлтүүлэхдээ генераторынхоо утсыг театрын разетканд залгасан байж билээ.
Гэтэл ойлгомжгүй шалтгаанаар гэрээнд заасан 13:00 цагт ачааны машин нь ирээгүй бөгөөд Гао Минь бидэнд 17:10 цагийн үед “Одоо 16:00 цаг нэгэнт өнгөрсөн тул зам тээврийн аюулгүй байдлын дүрэм журмын дагуу том автобус замд гарч болохгүй, өнөөдөр орой та нар гарах боломжгүй боллоо” гэдэг мессежийг явуулжээ.
Тэгснээ 18:12 цагт “цагдаагийн машин гуперлэж явбал том автобус аюулгүй тул та бүхэн өнөө орой Эрээн хот руу явж болно. Та нар дахин зөвлөөд хариу хэлнэ үү” гэдэг өмнөх мессежээсээ буцсан мессеж дахин явуулав. Театрын ажилтны хувьд цагдаагийн машинаар гуперлуулах санал нь хэтэрхий ахадсан эрх мэдэл байлаа.
Бид нэгэнт харанхуй болсон үед замд гарвал 120 гаруй хүний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзээд тэр оройдоо амрахаар шийдсэн билээ.
Харин тэр оройдоо ачааны машинууд ирж, театрын тайзанд угсарсан байсан тоног төхөөрөмжөө манай залуучууд бүгд нийлж ачаад 21:00 цагийн үед дуусгажээ. Театрын захиргаа энэ тухай баталгаа бичиг бичиж, гэрчээр батлуулжээ. Ямар ч байсан, Монгол руу буцахад асуудалгүй боллоо.
Тэр орой бидний багийн гишүүн, гэрлийн инженер, тайзны мэргэжилтэн Английн зургаан иргэн Бээжингээр дамжиж, Лондон нисэхээр Бээжинг зорьсон юм. Гэтэл Ордосын удирдлага тэдний тасалбарын зургийг өгөхийг шаардахад бид гадаадын иргэдийн хувийн мэдээллийг тэдний зөвшөөрөлгүйгээр дамжуулахаас эрс татгалзав.
ЕСДҮГЭЭР САРЫН 24. ШӨНӨ ДӨЛӨӨР ХӨӨГДСӨН НЬ
Бүгд ачаалалтай хүнд өдрийг өнгөрөөгөөд амрахаар өрөө өрөөндөө орсон байлаа. Шөнийн 01:35 минутын үед Эзэн хороо хошууны намын хорооны гишүүн Лю Сяодун, Өвөр Монголын Гадаад харилцааны хэлтсийн дарга, мөн Ордосын Гадаад харилцааны хэлтсийн дарга Цогсүлд болон орон нутгийн цагдаа, тусгай албаны 40 орчим хүн зочид буудлын лоббид цугларч, биднийг сэрээв.
Тэд зочид буудлын гадна гурван том автобус бэлтгэж, тэр шөнөдөө Эрээн явахыг шаардлаа. Бид нэгэнт тайзны тоног төхөөрөмжөө ачуулж, Эрээн рүү явуулсан тул цааргалсангүй. Шөнийн 02:30 цагийн үед 120 гаруй уран бүтээлчид бүгд автобусанд сууж, харин менежментийн багийн гишүүдийг номергүй машинд суулгахыг шаардав. Бид зөвшөөрөөгүй бөгөөд бусадтайгаа хамт автобусанд суув.Гэвч автобус бүрд 4-5 энгийн хувцастай, орон нутгийн Нийгмийг аюулаас хамгаалах газрын ажилтнууд сууна гэж шаардав. Тэд биднийг хянах шаардлагагүй тул бид зөвшөөрөөгүй юм. Бидний автобусны араас 40-50 орчим цагдаа, тусгай албадын ажилтнууд, Эзэн хороо хошууны удирдлагыг суулгасан 10 илүү жийп хамт явлаа. Цаг харахад шөнийн 03:00 цаг өнгөрч байв. Монголын уран бүтээлчдийг хөөгдсөн шөнө Их эзэн богд Чингис хааны шүтээнийг зуун зууны турш хадгалсан Ордосын тал нутагт биднийг ирснээс хойш анх удаа уйлагнасан бороо шивэрч байлаа. “Шар тууж” хэмээх эртний Монгол сурвалжид Батмөнх Даян хааны зургаан түмэн Монголын магтаалд Ордос түмнийг магтсан ийм нэгэн магтаал бий:
Эрчимт начины жигүүр болсон
Эргэх хасаг тэргийг хадгалсан
Эрхийдээ их мэргэн
Өвчүүндээ их зоригт
Омогт төрсөн их эзний
Уул мэт цагаан гэрийг хадгалсан
Ордос түмэн.
Анх урилгаар энэ зочид буудалд уран бүтээлчид ирэх үед хадаг, цэцгийн баглаатай угтаж байсан билээ. Гэтэл шөнөөр сэрээж, хүчээр хөөгдсөн нь энэ.
Замын турш хоёр удаа зогсож, бие засуулснаас бусдаар яг “хоригдол” мэт харгалзсаар 12.00 цаг давхисны эцэст Эрээн хотод ирэв. Бид Эрээнд нэг хонож, тэр өдөр нь вагонгүй тул маргаашийн 17:00 цагийн галт тэргээр явахаар тохирсон бөгөөд яг үнэндээ 30 хоногийн визтэй, ажлын гурван сарын визтэй, гэмт хэрэгт холбогдоогүй хүмүүсийн хувьд энэ тохиролцоо ч утгагүй хэрэг байлаа. Гэтэл автобусууд шууд Эрээний хилээр гарахаар чиглэсэн бөгөөд биднийг тэр даруй гаргахаар “хуйвалдаж”, “хуурсан” байжээ.
Бид Эрээнд суугаа Монголын Ерөнхий консулыг дуудлаа. Биднийг “харгалзан хүргэж ирсэн” Ордосын удирдлага, мөн тэдний дуудсанаар Эрээний удирдлага биднийг уулзахыг дуудаж, шууд гарахыг шаардсан нь “муухан жүжиг” мэт санагдав.
Ерөнхий консул ирж, тэдэнтэй уулзаад “Монгол, Хятадын хилээр хууль зөрчөөгүй, визний зөрчилгүй иргэдийг албадан буцаах ажлыг Ордосын удирдлага шаардаж байгаа нь ямар учиртай вэ?” гэж “чангахан” асуухад тэдэнд хэлэх үг угаасаа байсангүй.
Тэд өнөөдрийн дотор нутаг буцахгүй бол нөхөн олговрын мөнгө өгөхгүй гэж сүрдүүлсэн бөгөөд бид хүний эрхийг зүйл зүйлээр зөрчсөн үйлдлийнх нь төлөө Олон улсын шүүхэд хандахаа мэдэгдэв. Тэд “Олон улсын шүүхээр явбал 2-3 жил болно, бас та нар мөнгөө олж чадахгүй” гэж сүрдүүлсэн. Хятадын тал Монголчуудын Эзэн хороо театрыг арван өдөр түрээсэлсэн түрээсийн мөнгө, 3000 орчим үзэгчийн билетийн төлбөр зэрэг мөнгөний нөхөн олговрыг олгоно гэж хуурахдаа биднийг хэрэв Эрээнд очвол хилээр гарах сүүлчийн хүнд нөхөн олговрын мөнгийг бэлнээр өгнө, эсвэл Эрээнд хил гарахын өмнө дансаар шилжүүлнэ гэх зэргээр мэхэлж байв. Монголчуудыг мөнгө гэхээр шаардсан бүхнийг нь биелүүлнэ гэж бодсон бололтой. Гэтэл тэрхүү хууль ёсны нөхөн олговрын мөнгө өнөөг хүртэл шилжээгүй төдийгүй биднийг Монголд ирсний дараа Хятадын театрын удирдлага вичат хаяг дээрээ блоколсон билээ.
Бид тэдний утгагүй уулзалтыг шууд орхиж, Ерөнхий консулын газраас тохирсон хоёр зочид буудалд төвхнөж, 12.00 цаг хоол, цай идээгүй уран бүтээлчидтэйгээ хоолонд орж, ихэд алжааснаа мэдээд нам унтлаа. Зочид буудлын гадна Хятадын зэвсэгт цагдаагийн хоёр машин, Ордост биднийг тасрахгүй дагаж байсан “танил царай”-нууд жижүүрлэж байв.
ЕСДҮГЭЭР САРЫН 25. ХЯТАДЫГ ОРХИН ГАРЛАА
Энэ өдрийн өглөө нь Ордосын удирдлага зочид буудлын лоббид хүлээж байлаа. Бидний хувьд тэдэнтэй ярих шаардлага байгаагүй тул огт уулзаагүй бөгөөд 17:00 цагийн галт тэргээр явсан юм.
Галт тэрэгний өртөөн дээр улигт Ордосын удирдлага, цагдаа, тусгай албадын ажилтнууд байнга ажиглаж, галт тэрэг хөдлөн хөдөлтөл биднийг харсаар “үдэв”. Тэд хэн нэгэн үлдсэн эсэхийг байнга шалгаж, цагдаа нар уран бүтээлчдийн нэрсийн жагсаалтыг тулгаж байв.
Галт тэрэг эрчээ аван явсаар Замын-Үүд өртөөнд ирэхэд л бид сая нэг эрх чөлөөний агаар амьсгалсан билээ.
ТОХУУРХАЛ МЭТ НАЙРАМДЛЫН ӨДРҮҮД
Монголын 120 гаруй уран бүтээлчдийг шөнө дөлөөр албадан хөөж, Хятадыг орхин явдаг өдрийн өглөө морин цагт “Хятадын найрамдлын өдрүүд” Улаанбаатарт нээлтээ хийж, “Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр” сэдэвт нийтлэлийн уралдааныг зохиолч, сэтгүүлч, судлаач, сонирхогчдын дунд зарласан ба шилдэг бүтээлийн эзнийг БНХАУ-д аялуулахаар төлөвлөснөө мэдэгджээ. Нээлтийн үеэр “Монгол, Хятадын найрамдлын өдрүүд” арга хэмжээ нь хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбарын харилцаа, дипломат үйл ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ард түмний харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.” гэж мэдэгджээ.
Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, Ардчилсан намын зүтгэлтэн Д.Энхтуяа “Хоёр улсын харилцаа түүхэндээ хамгийн таатай үедээ явж байна хэмээн судлаачид хурлын үеэр дүгнэн хэлж байна. Тиймээс одоогийн харилцаагаа улам хөгжүүлж, бэхжүүлэхэд ардын дипломатын харилцаа болон соёл, хүмүүнлэгийн харилцаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг. “Бүс ба Зам” санаачилгын гол санаа нь хамтдаа хөгжиж, хамтдаа хожих юм. Иймд хурдан галт тэргэнд хамт сууж, хөгжлийг Монгол Улсдаа авч ирье гэсэн концепц бол манай төрийн бодлогод суусан.” гэж мэдэгдсэн нь гайхал төрүүлж байв. Монгол, Хятадын тал улс төрийн дээд түвшинд хоёр тал бүхий л салбарт ижил тэнцүү байх зарчмыг тууштай баримталж байгаагаа байнга мэдэгддэг.
Гэвч Монголын уран бүтээлчид “тог тасарсан” гэдэг шалтгаанаар хөөгдсөн өдөр Хятадын уран бүтээлчид Улаанбаатарт өндөр анхаарал халамжийн дор, Монголын нэрт зүтгэлтнүүдийн урам магтаалын үгсээр тоглолтоо толилуулсан билээ.
Т.ЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Элчин сайд Цай Вэнь Ру эгүүлэн татагдсаны учир энүүнд байжээ
Өмнө зүгт хэн байгааг өглөө бүр Монголчууд санаж байх хэрэгтэй болжээ.....
Цэдэнбал дарга асан төрд ажилд орох хүнийг гарал угсааг нь харж авдаг байсан гэдэг, одоо харин төрд бөөн хужааны эрлийзүүд гарчихсан өөрсдийгөө монгол мэт аашилж сууж байгаад харамсах юм даа
Анхнаасаа энэ жүжгийг хятдад тоглогдоно гэж тооцолоолж байсныг гайхаж байлаа
Дэлхийг донсолгож найрамдлын элч илгээн явсан их эзэн Чингэсийн үр садаас хятадууд айх нь аргагүй ээ. Хувилай хаан хятадыг эзэгнэн сууж хөгжүүлсэн түүхэн үнэн бий. Бүр 300 жил үргэлжилсэн байх шүү. ”Тамгагүй төр” түүхэн үнэнийг харуулдаг учраас ... Бүр хүннү-гээс Түмэн шанью...гээд яривал баялаг түүхтэй ард түмэн шүү бид. Монголчуудыг хүчирхэг байлгахыг хүсдэггүй улс бас байнаа. Энэ нь эдийн засгийн хөшүүрэг болох үйлдвэржилт, ажиллах хүчний бодлого ... гээд ....
хүлээцтэй сайхан харилцаж, нэр төртэй байсан байна, уран бүтээлч нар маань
Бөөн цус нөж болсон юмаа тэнд очиж яаж болно гэж явдаг эргүүнүүд вэ
ХЯТАДАД ЯАЖ ТОГЛОГДОНО ГЭЖ ТООЦСОН ЮМ !!!