Нийгмийн анхааралд байгаа "Ногоон автобус"-ны хэрэгт улс төрийн хариуцлага хүлээж Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн. Улс төрийн энэхүү нөхцөл байдлаас үүдэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд Хотын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг, Хууль зүй дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг, Хот хариуцсан сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарын нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ирэх долоо хоногт Хотын даргаар томилох бол өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг Хот хариуцсан сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэв. Түүнээс өмнө Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарыг өөрийнх хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ч мөн Засгийн газрын гишүүнээс чөлөөлөв.
Харин шинээр томилогдох хоёр сайдын танилцуулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдэд танилцуулж, Хот хариуцсан сайдаар Б.Дэлгэрсайханыг, Хууль зүй дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Б.Энхбаярын хувьд 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бол Хот хариуцсан сайдаар томилогдсон Б.Дэлгэрсайханы хувьд 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )