ГИХГ: Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын туршлагаас хуваалцлаа

2023 оны 10 сарын 13

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч хоёрдугаар сард Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газарт айлчилж, айлчлалын үр дүнд хоёр орны ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, орчин үеийн техник технологийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, мөн албан хаагчдыг Унгар Улсад богино хугацааны сургалтуудад хамруулахаар болсон билээ.

Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын гурван албан хаагч Унгар Улсын Будапешт хотноо “Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах” сургалтад 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд хамрагдлаа. Тус сургалтаар Унгар Улсын хөгжил,  цагаачлалын тогтолцоо ба бодлого, дүрвэгсдийн асуудал зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, Унгарын цагдаагийн байгууллагын шинжлэх ухааны холбооны олон улсын хуралд оролцож туршлага хуваалцсан байна. Мөн Рошке дахь дамжин өнгөрөх бүс, Морахалам дахь Хяналт, удирдлагын төв, Нийслэл Будапешт хотын Тамгын газар, Унгар Улсын Үндэсний цагдаагийн газар, Төрийн үйлчилгээний үндэсний их сургуулийн үйл ажиллагаа болон нэвтрүүлсэн дэвшилтэт техник технологи, шилдэг туршлагатай танилцсан юм.  

 Гадаадын иргэн, харьяатын газар, Унгар Улсын Цагаачлал, иргэний харьяаллын алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх энэхүү сургалт нь улирал тутам зохион байгуулагдах бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ижил чиг үүргийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагаа, техник технологиудтай танилцаж, байгууллагын үйл ажиллагаанд шинэлэг туршлагын нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь ижил чиг үүргийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа бөгөөд энэ хүрээнд 2023 онд 50 гаруй албан хаагчийг гадаад сургалтад хамруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top