“Нийт 52.030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй”

2023 оны 12 сарын 19

ЭХНИЙ ӨДРИЙН СОНСГОЛООР ГУРВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭВ

УИХ-аас 2023 оны долоодугаар сарын 6-ны өдөр 63 тоот тогтоол баталж нүүрсний луйврын асуудлыг Хянан шалгах түр хороо байгуулан сонсгол зохион байгуулах ажлын хэсэг гаргасан билээ. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүргийг Хянан шалгах түр хороо хүлээж нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шатыг өчигдөр эхлүүллээ.

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар ажиллаж байгаа юм.

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн өнөөгийн удирдлагууд хүрэлцэн иржээ.

Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар Нээлттэй нийгэм форум, Цогц хөгжлийн үндэсний төв төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Сонсголд оролцуулахаар дээрх гурван асуудалтай холбогдуулан 76 гэрчийг дуудуулжээ. Гэрч нарын дунд нүүрс тээврийн жолооч нарыг оролцуулсан нь бодит байдлыг зөв танилцуулахад зохих нөлөө үзүүлсэн юм.

Хоёр дахь шатны эхний өдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор "Эрдэнэс таван толгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт; Нүүрс тээврийн “С” зөвшөөрөлтэй холбоотой асуудал; Гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудал гэсэн гурван сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авлаа.

Т.ДОРЖХАНД ГИШҮҮНИЙ ХЭЛСЭН 40 ИХ НАЯДЫН АСУУДАЛ МАРГААН ҮҮСГЭВ

“Нүүрсний хулгай” гэх товч нэртэй болсон уг үйлдэл хэзээ хаана болсон, хэр хэмжээний хохиролтой, хэн хэн оролцсон талаар сонсох юм хэмээн эхний өдрийн сонсголыг нээж Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа . Тэрбээр мөн “УИХ-ын гишүүн С.Ганбаатар 440 их наяд төгрөгийн хулгай болсон гэдэг мэдээллийг ярьж, түгээсэн. Энэ асуудлаа нотолно хэмээн тодорхой асуудал ярьж байсан. Мөн 40 их наяд төгрөгийн хулгай болсон гэдгийг нотолж, ярьсан Т.Доржханд гишүүнийг гэрчээр асуух шаардлагатай гэж үзлээ. Эдгээр тоо яаж гарч ирсэн, ямар үндэслэлтэй тоо вэ гэдгийг эхлээд ярих нь зөв" хэмээлээ.

 Шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын нийт экспортын 27.4 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хийжээ. Тус ХК-ийн нийт экспортолсон нүүрсний хэмжээ 67.5 сая тонн. Монголбанкны статистик мэдээнд дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн амын ажлын тайлангаар нийт экспортод гаргасан нүүрсний хэмжээ нь 73 сая. Татварын ерөнхий газраас ирсэн АМНАТ-ын тайланд баталгаажсанаар бол нийт 73 сая тонн нүүрс экспортолсон мэдээлэл ирсэн. Эдгээрийг харьцуулахад, нийт тооны хувьд зөрүүтэй байгаа. Монгол Улс экспортод хоёр төрлийн нүүрс гаргадаг. Үүнд чулуун болон хүрэн нүүрс багтаж байна. Дунджаар чулуун нүүрс нь тонн тутамдаа 90 ам.доллар, хүрэн нүүрс 31 ам.доллар байдаг. Хоёр төрлийн нүүрс тонн тутамдаа ялгаатай байгааг нийт нүүрсээр тооцсон нь тооцооллын хувьд үндэслэлгүй байна. Тээврийн хохирол гэсний хувьд 2020 оны тээврийн зардлыг дунджилж аваад бусад онд хасаж, үүнээс тээврийн хохирлын хэмжээ 8.9 их наяд гэж тооцсон байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд Уурхайн амнаас “Ганц мод” боомт хүртэл хилийн хураамж 5.9, татварт 16-20 хувь, бусад тооцоолоогүй зардалд гурван хувь, тээврийн зардалд 12.4-14.3 хувийн хасагдах зардал гардаг ажээ.

Т.Доржханд гишүүн 40 их наяд төгрөг гэсэн тооцоог хэрхэн гаргасан  тухай асуултад хариулахдаа "Шинжээчийн зүгээс 40 их наяд нь 330 их наяд болчихлоо. Энэ тооцоолол 2022 оны 12 дугаар сарын 8-нд гарсан. Тооцооллыг манай судлаачдын баг, дээрээс нь энэ чиглэлээр мэргэшсэн олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан. Энэ бол ямар нэг мэдээлэлгүй байх үед гаргаж ирсэн, байж болох төсөөлөл, магадлалын онол дээр үндэслэсэн тооцоолол юм. Ингээд 40 их наяд төгрөг гэдэг тоог хаанаас гаргаж ирснийг түүхээр нь ярья.

2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байдаг. Тус мэдээлэлд "Төрөөс гадуур хяналтгүй их хэмжээний мөнгө эргэж байна. Тавантолгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс 60 орчим ам.доллараар ачигдаад, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Эндээс 60-70 ам.долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэхүү далд эдийн засаг цэгцрэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа" гэж мэдээлсэн.

Ингээд тухайн оны арванхоёрдугаар сард нүүрсний асуудал мандаж гарч ирсэн. Энэ мэдээллийн дагуу бид судалж, ямар тооцоолол хийснийг хэлье. Шинжээч сая манай хийсэн тооцоолол дээр дүгнэлээ. Нүүрсний 40 их наяд төгрөгийн тухайд дөрвөн асуудал байгаа. Үнийн зөрүү, тээврийн нугалаа, биетээр алдагдсан нүүрс, оффтэйк гэрээ гэсэн дөрвөн асуудал бий.

Үнийн зөрүүгийн хувьд Засгийн газрын тогтоолоор нүүрсний жишиг үнэ, гэрээний үнэ байхаар нийт есөн удаа өөрчилсөн. Эндээс бид хэр хэмжээний орлого алдсан гэдэг тооцоо гарч байгаа. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улс 2012-2021 онд нийт 250.1 сая тонн нүүрс экспортлоод 18.5 тэрбум ам.долларын орлого олсон. Нэг тонн нүүрсийг дунджаар 74 ам.доллараар борлуулсан. 2012-2021 онд Ашигт малтмалтын газраас мэдээлснээр нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 156 ам.доллар байсан байна. Энэ зөрүү нь 5.8 тэрбум ам.доллар болж байгаа юм. Ашигт малтмалын газрын мэдээлснээр БНХАУ-ын хойд хэсэгт нэг тонн коксжих нүүрсний зах зээлийн үнэ 2020 онд дунджаар 119 ам.доллар байсан байна. Гэтэл нэг тонн нүүрсийг дунджаар 74 ам.доллараар зарсан. Харин 2021 онд зах зээлийн дундаж үнэ 309 ам.доллар болж өссөн байгаа юм. Монгол Улс нэг тонн нүүрсийг 172 ам.доллараар борлуулсан байдаг. Тээврийн үнэ өнгөрсөн оны үнэтэй харьцуулахад нэг тонн тутамд 92 ам.долларын нугалаа үүссэн байна. Харин гурав дахь буюу биетээр алдагдсан нүүрс гэж байна. Энэ тухайд бид мэдээлэлгүй байхад тухайн үеийн Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд "2013 онд 380, 2018 онд 390 мянган тонн болсон байх магадлалтай" гэж мэдэгдсэн. Энэ алдагдал нь 2013 болон 2018 оны экспортын нийт дүнгээс харгалзаж үзвэл 2.1 хувь болон 2.5 хувийг эзэлж байгаа юм.

Энэ хэмжээгээр тооцоод үзэхээр сүүлийн арван жилийн хугацаанд нийт зургаа орчим тонн нүүрс алдсан байх магадлалтай. Нийтдээ 923.8 сая ам.доллар буюу 3.2 их наяд юм байна гэж бид байгаа мэдээлэл дээрээ үндэслээд статистикийн аргаар гаргаж ирж байгаа юм.

Дөрөв дэх нь оффтэйк гэрээ. Энэ гэрээ нууц байсан шүү дээ. 2019-2021 онд нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 195 ам.доллар байсан. Оффтэйк гэрээнд нүүрсийг тооцож авахдаа 50 ам.доллараар авсан байгаа. Тус гэрээний нийт дүн ойролцоогоор 37 сая тонн нүүрсийг худалдаж авна. Харин 50 ам.доллар гэх юм бол нийт 3.7 тэрбум доллар буюу 13 их наядын зөрүү гарч байна. Ийм байдлаар судлаад, энэ дөрвөн алдчихаад байгаа орлогыг нийлүүлээд үзэхээр 41 их наяд төгрөгийн зөрүү гарч байна. Иймээс үүнийгээ батал, гаргаад ир гэж шахсан нь үнэн" хэмээн хариулж байлаа.

Тэрбээр Б.Энхбаяр сайдын лавлаж асуусан нэмэлт асуултад хариулахдаа “Бид тоо баримтаа албан ёсны эх сурвалжаас авсан. Мэдээж экспортод гарахдаа хэдэн хувь нь коксжих, хэчнээн нь эрчим хүчний нүүрс вэ гэдэг ялгаан дээр үндэслэж гаргасан. Өнөөдөр танилцуулж байгаа шинжээчийн тоо бодитой биш байна. Эрчим хүчний нүүрс юун 31 ам.доллар. Европууд Хятадаас 500 ам.доллараар авч байсан шүү дээ. Эрчим хүч, коксжих нүүрсний үнэ хэлбэлзэж явдаг юм. Энэ хэлбэлзлийг бид дунджилж гаргаагүй хувийн жин дээр нь үндэслэж гаргасан” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Г.Ганболд “Улстөрчдийн амнаас гарсан 44 их наяд болон 440 их наяд гэсэн тооноос болж ард түмэн өнгөрсөн өвөл Сүхбаатарын талбайг дүүртэл жагсаж байсан. Үүнээс болж Монголын ард түмэн юмаа хулгайд алдсан хүн шиг нэг жил амьдарлаа. Энэ нь эсрэгээрээ Монголын төрд итгэх итгэлийг асар их бууруулж байгаа юм” хэмээн Т.Доржханд гишүүний хэлснийг шүүмжилж байв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хулгай гэдэг чинь хэдэн тонн нүүрс юм, 440 их наяд уу, 40 их наяд уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлтээр 5.2 сая тонн нүүрс бүртгэлгүй гарсан гэж танилцуулж байна. Үүнийг хамгийн дээд 150 ам.доллараар үржүүлж үзвэл 2.6 их наяд төгрөгийн хулгай гарч байгаа шүү. Бид шинжээчдээ итгэх ёстой гэж үзэж байгаа. Шинжээчид буруу бодсон гэж үзэж байвал хоёр гишүүн шүүхэд өгч болно. Бид хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байна. Ард иргэдийг үймүүлсэн, буруу гажуу мэдээлэл өгсөн ёс зүй байж болохгүй. 5.2 сая тонн нүүрсний асуудал яригдаж байна. Энд худалдаалагч нь 5.2 сая тонн нүүрс зарсан юм уу” хэмээн эргэлзэж буйгаа хэлсэн юм.

"Эко глобал ложистик" ХХК-ийн дэд захирал Ш.Нэргүй “Шинжээчийн дүгнэлтэд буруу тоонууд байна. Жишээлбэл, "Эко глобал ложистик" ХХК 4,236 удаа гаалийн бүрдүүлэлтгүй гарсан гэсэн тоо тавьсан байна. Манай компани 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр нэг машин өдөрт гурван удаа гарсан тоо гарна. Энэ нь ямар ч боломжгүй. Нэг машин С-зөвшөөрлийнхөө хүрээнд сард 2-3 удаа л гардаг. Машин гаалийн бүрдүүлэлтгүй гарах боломжгүй” гэж байлаа.

"Жиасмон ложистик ХХК"-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Манай компанийн 2,600 гаруй машин гаалийн бүрдүүлэлтгүй гарсан хэмээн тусгасан байна. Хятадын гаалийн зүгээс ийм байх ямар ч боломжгүй. Тухайн машин нь Монголын гаалийн бүрдүүлэлтгүйгээр Хятадын гааль руу орвол хүлээж авахгүй байх нөхцөл үүсдэг. Тэгэхээр энэ мэдээлэл нь үндэслэлгүй байна. Мөн С-зөвшөөрөл нь хязгаартай бөгөөд сардаа 3-4 удаа тавигддаг.

Бүрдүүлэлтгүй гээд байгаа машины тооны талаар мэдээлэл өгөхөд тухайн үед "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дундын тээврээр дамжуулагдаад, дахиад терминал дээр очоод өөр машинд шилжүүлэгдэж ачигдаад гардаг байсан. Энэ процессын бүртгэл нь НАБТ-аас гарсан машин дээр бүртгэгдээд байх шиг байна. Нэг жолооч 1-2 жилийн дотор 130 удаа бүртгэлгүй гаалиар гарах ямар ч боломжгүй” хэмээлээ.

52.030 УДААГИЙН ТЭЭВЭРЛЭЛТЭЭР 5.2 САЯ ТОНН НҮҮРСИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТГҮЙ ГАРГАСАН УУ

Сонсголын үеэр Шинжээч бүртгэлгүй гарсан нүүрсний талаар танилцууллаа. Шинжээчийн хэлснээр"Нүүрс ачих буулгах талбай  /НАБТ/ эрхлэгч 36 ААН-ээс ирүүлсэн пүү /жин/-ний программын өгөгдөлд 2014-2023 онд хамаарах 487 компани 59,928 удаагийн давтамжтайгаар нийт 63,369,021 тонн нүүрсийг Цагаан хад суурьшлын бүсээс Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тээвэрлэсэн байгаа.

НАБТ-н пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээвэр С-зөвшөөрөл бүхий 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна.

НАБТ-н пүүний программд С-зөвшөөрөл бүхий тээврийн компанийн мэдээлэл бичигдээгүйгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлтгүй Гашуунсухайт боомтоор гарсан нийт 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая тонн нүүрсний тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байлаа" гэлээ.

Ш.АДЬШАА: 2012 ОНД КОМПАНИ ЗАРСНЫ ТӨЛӨӨ ЭНД ИРЖ ШҮҮГДЭНЭ ГЭЖ БОДСОНГҮЙ

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, түүний туслах байсан Ш.Мөнхцэцэгийн хамаарал бүхий компанийн талаарх мэдээллийг Шинжээч танилцуулсан юм. Уг асуудалтай  холбогдуулан  Ш.Адьшаа гишүүнээс Хянан шалгах түр хорооны дарга асуулт асуув. Ш.Адьшаа гишүүн цаас дэлгэж байгаад шүлэг найраг унших мэтээр уянгалуулан дуудаж тайлбар өгсөн юм.

Тэрбээр “Энэ сонсголд ард түмэн, төрөө хүндлээд ирсэн. Би 2005 онд Монголын гаалиас гарч, 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Амьдрахын тулд энэ хугацаанд олон бизнес хийсэн. 2012 онд компани зарсны төлөө энд ирж шүүгдэнэ гэж бодсонгүй” хэмээн үгээ эхэлсэн. Энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр, Ш.Адьшаа гишүүн нарын хооронд дараах яриа өрнөлөө.

Б.Энхбаяр:

-Би таныг хүндэтгээд яриулж байна. Таны үүсгэн байгуулсан компани, Жаргалсайхан гэдэг хүн жижиг "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн гэж гарсан, та энэ хүнтэй хамааралтай. Та зөвлөхөөрөө ажиллаж байсан Ш.Мөнхцэцэгийг нүүрсний жагсаал болсноос хойш зургаа дахь хоногт чөлөөлсөн байна. Юунд сандраад зөвлөхөөсөө салав. Баригдаад илчлэгдэнэ гээд чөлөөлсөн юм уу. Үүнийгээ тайлбарла.

Ш.Адьшаа:

-Энхбаяр аа, харин чи сандраад байгаа юм биш үү. Ш.Мөнхцэцэгийн ямар компанитай байгааг нь харж зөвлөхөөрөө томилоогүй. Би хуулийн төсөл боловсруулах гэж зөвлөхөөр авсан. Арай л эрээ цээргүй зүйл болж байна. Тэр бол Ховд аймгийн бүсгүй гэдгийг бүгд мэднэ. Ийм утгагүй зүйлийг авч ирж яллах ажиллагаа явуулна гэдэг буруу. Энхбаяр аа, чи залуу сайд хүн. 2012 онд "Алтанговь транс" ХХК байгуулж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн анхны нүүрсийг талбайдаа буулгасан нь үнэн. Гэхдээ Ч.Жаргалсайхан болон Ч.Буянжаргал нарын ах дүү нарт бүх зүйлээ зарсан. Ингэж болохгүй юу. Хэрэв УИХ-ын гишүүн болсны дараа ийм зүйл хийсэн бол намайг яллах нь зөв өө, Б. Энхбаяр аа.

Би бусад компанийн талаар юу ч мэдэхгүй. Энэ ямар ажиллагаа болоод буйг гайхаж байна. Энэ бол шүүх хурал, мөрдөн шалгах ажиллагаа биш. Та нар андуурч байна. Би өглөө энд ирэхэд 10 компанитай болчихсон байна. Ер нь уул уурхайтай олбоотой нэг л асуудалд орооцолдвол Монголын ард түмнийг харах нүүргүй болно гэв.

А.АДЬЯАСҮРЭН: СӨРӨГ ХҮЧНИЙ ХЭДЭН ГИШҮҮНЭЭ ДУУДААД УЛСТӨРИЙН ЗОРИЛГООР ХАРЛУУЛАХ ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн хамаарал бүхий  “Далангол” ХХК, “Топ транспорт” ХХК, “Дагаалай шарга 88” ХХК, “Прайд транс” ХХК, “Ивээл сор транс” ХХК гаалийн бүрдүүлэлтгүйгээр олон удаа нүүрс тээвэрлэснийг сонсголоор танилцуулав.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө улс төрд нөлөө бүхий хүн байгаагүй. Өмнө нь жолооны сургалт явуулж, 40 орчим мянган жолооч бэлтгэсэн. Бэлтгэсэн жолооч нарт маань ажлын байр хэрэгтэй учраас 2016 оноос хойш тээврийн салбарт орж ажилласан. Тухайн үед эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа 400 гаруй тээврийн компани байсан. Би жолооч нарын болоод тээврийн компанийн зовлон жаргалыг мэддэг хүн.

УИХ-ын гишүүн болсноос хойш олон гүтгэлэг гарсан, би ямар нэг хариу тайлбар өгөлгүй явж ирсэн, өнөөдөр үгээ хэлэх цаг болсон байх. 2020 он хүртэл Адъяасүрэн гэдэг хүнийг хэн ч таньдаггүй байсан. Сонгуульд нэр дэвших сургаар С зөвшөөрлийн авлигын хэргийн тухай ярьж, янз бүрээр харлуулж байсан. Тэр бол зээлийн гэрээний асуудал байсан. Маш энгийнээр тайлбарлавал, манай эгч нэг хүнд зээл өгсөн, энэ зээлийг сонгууль дуустал надтай холбож, авлигын хэргээр харлуулж ирсэн. Өнгөрсөн жил “Нүүрсний” гэх хэрэг үүсэхэд мөн л намайг холбоод зээлийн гэрээг нүүрсний хэрэг болгоод өнөөдөр би энд асуугдаад сууж байна.

Нүүрс тээврийн компаниуд нүүрсний үнийг тогтоодоггүй. Бид А цэгээс Б цэгт ачаа буулгадаг хүмүүс. Жишээ нь, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гишүүн Нарантуулаас 300 шуудай будаа аваад тээвэрлэгчид хандвал тэр хүн заасан газарт нь л будааг нь хүргэж өгнө. Тээврийн компани ингэж л ажилладаг. 

Нүүрсний хулгай гээд бодит мэдээлэл өгөх болов уу гэж бодож байтал бизнес эрхлэгч, жолооч нарыг авчраад суулгачихсан байх юм. Бизнес эрхлэгчдэд эрх мэдэл байхгүй шүү дээ. Ардын нам л засаглаж байсан шүү дээ. Сөрөг хүчний хэдэн гишүүнээ дуудаад, улстөрийн зорилгоор харлуулах гээд байгааг ойлгохгүй байна. Би их олон хамаарал бүхий компанитай болчихлоо. Би нэг компаниас бусдыг нь мэдэхгүй” гэж байв.

Б.ГҮРСОРОНЗОНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДЛЫГ ТАВИНА

Сонсголоор "С" зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр Авто Тээврийн Үндэсний Төв(АТҮТ)-ийн захирал ирээгүйг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлж тайлбар хийлээ. Тэрбээр "2017 оноос хойш одоог хүртэл "С" зөвшөөрөлтэй холбоотой авлига албан тушаалын үйлдлүүд гарсан жилүүдэд АТҮТ-ийн захирлаар ажиллаж буй Б.Гүрсоронзон нь энэ 12 дугаар сарын 11-ний өдөр буюу нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсанаас хоёр өдрийн дараа гадаад руу явсан. Тэрбээр эмчлүүлж байгаа гэсэн шалтгаан хэлсэн байна.  Б.Гүрсоронзон бол Засгийн газрын харьяа байгууллагын этгээд юм. Гэтэл сүүлийн долоон жил "С" зөвшөөрлийн асуудлыг хариуцаж байсан атал зугтаж алга болсон, төрийн дээр гарсан хүн юм байна.

УИХ-аас зохион байгуулж буй нүүрсний сонсголд санаатайгаар ирээгүй үйлдэл гаргаж байна. Гол асуултад хариулах этгээд албан тушаалын хариуцлага тооцох асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайдад тавина гэдгээ мэдэгдье" гэлээ.

Үүний дараа тээврийн хэрэгслийн "С" төрлийн зөвшөөрлийн талаар мэдээллийг Шинжээч өгөв. Тэрбээр "Хоёр улсын Зам, тээврийн яам хоорондын Протоколын дагуу Монгол Улс БНХАУ-тай долоон төрлийн зөвшөөрлийн бичиг солилцож, зорчигч болон экспорт-импортын ачаа тээвэрлэлтэд ашигладаг. Зорчих С-зөвшөөрөл нь байнгын ачаа тээвэр хийх тээврийн хэрэгсэлд хэрэглэх бөгөөд олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн дотор олон удаа нэвтрэхэд хүчинтэй. БНХАУ-ын ӨМӨЗО-той Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Ханги, Гашуун­сухайт, Шивээхүрэн, Хавирга зэрэг боомтуу­даар "С" зөвшөөрлийн бичиг солилцон ашигладаг. Тус зөвшөөрөл нь 90.000 төгрөгийн үнэтэй бөгөөд 2013 оноос үнэ тарифын хувьд өөрчлөлт ороогүй" гэсэн юм.

А.ГАНСҮХ: 2012-2014 ОНД ОЛГОСОН "С" ЗӨВШӨӨРӨЛ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БАЙСАН ЭСЭХИЙГ ШИНЖЭЭЧ НАР ЯРЬЖ ӨГӨХ БАЙХ

Хянан шалгах түр хорооны үдээс хойших хуралдаанаар олон улсын тээврийн хэрэгслийн "С" төрлийн зөвшөөрлийн бичигтэй холбоотой асуудлыг сонсох үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх гэрчийн мэдүүлэг өглөө.

Тэрбээр “Гэрчийн мэдүүлэг өгөхөөс өмнө зарим нэг зүйлийг тодорхой болгосны дараа ярихгүй бол ойлгомжгүй зүйл гарах гээд байна. УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуулиар бол гэрч худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгвэл шинжээч бас ийм үүрэгтэй байна шүү. Бүгдээрээ хариуцлага, үүргээ ойлгочихоод тайлбар өгсөн нь дээр байх.

Би 2012-2014 онд Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажилласан. Үүнээс хойш зургаан сайд солигдож долоо дахь нь ажлаа хийж байна. Тэр сайд нар хаана байна вэ. Цар тахлын үед хамгийн том хулгай гарсан гэсэн. Энэ үед хэн сайд байсан юм, хаана байна вэ” хэмээн асууж байв. Тэдний хооронд болсон ярианаас сийрүүлбэл:

Б.Энхбаяр: -Сонсголд гэрчээр хэнийг дуудах вэ гэдгийг та биш шинжээч нар мэднэ. 2016 оноос өмнөх "С" зөвшөөрөл олгосон бүх баримт устгасан гэх асуудлаар таныг дуудсан. Та үүнд тайлбар хийнэ үү?

А.Гансүх: -Миний сайд байх үеийн 2013 оны 11 дүгээр тушаалыг Шинжээч буруу тайлбарлалаа. Энэ бол "С" зөвшөөрөл олгох тушаал биш. "С" зөвшөөрөл гэдэг чинь нүүрс зөө гэж олгодог зүйл ч биш. Хүнд даацын тээврийн хэрэгсэл хил дамжихад стандартыг хангасан гэдгийг бататгаж буй зөвшөөрөл. Миний тушаалаар Хятад-Монголын хооронд байнгын ачаа тээвэр гүйцэтгэхэд баримтлах болон гэрчилгээний шаардлага баталсан. Яам "С" зөвшөөрөл олгодоггүй. Зөвхөн бодлогын шийдвэр гаргадаг. Автотээврийн үндэсний төв өмнө нь яамны харьяа алба байсан. Үүнийг бие даасан үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангасан. 2012-2014 онд олгосон "С" зөвшөөрөл нүүрсний хулгай байсан эсэхийг Шинжээч нар ярьж өгөх байх.

Б.Энхбаяр: -2016 оноос өмнөх "С" зөвшөөрлийн материал нь байхгүй гэсэн бичгийг Хянан шалгах түр хороонд ирүүлсэн. Зам тээвэр, хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвд байхгүй гэхээр нь Архивын ерөнхий газарт хандсан. Гэтэл байхгүй гэсэн бичиг ирсэн. Таныг сайдаар ажиллаж байх үеийн материал байхгүй. Гэтэл 2010-2016 онд долоон тэрбум төгрөгийн 310 мянган "С" зөвшөөрөл олгосон байгаа юм. Энэ үед ямар компанид "С" зөвшөөрөл олгосон баримт Монгол Улсад байхгүй.

А.Гансүх: -"С" зөвшөөрлийг олгох ёстой. Харин ч үүнийг олгохгүй бол хясан боогдуулсан гэмт хэрэг болно. Яагаад байхгүй буйг Автотээврийн үндэсний төв хариулж өгөөрэй.

Б.Энхбаяр: -Автотээврийн үндэсний төв түүнийг устгачихсан юм уу?

Авто тээврийн үндэсний төвийн дарга Н.Пунцаг: -Тэр бичгийг устгах ямар ч шаардлага байхгүй. Тухайн үед манай төв орон нутгийн салбараараа дамжуулж "С" зөвшөөрлийг олгодог байсан. Автотээврийн үндэсний төв үйл ажиллагаа явуулахдаа хилийн бүс орж ажилладаггүй гэж байв.

НҮҮРСИЙГ ГААЛИЙН МЭДЭЭЛЭЛГҮЙ ГАРГАСАН ХЭРЭГ 13 ЖИЛИЙН ӨМНӨӨС ИЛЭРЧ БАЙЖЭЭ

Олон улсын тээврийн хэрэгслийн "С" төрлийн зөвшөөрлийн бичигтэй холбоотой асуудлыг сонсох үеэр сайд Б.Энхбаяр 2010-2011 онд Гашуунсухайт боомтоор 3.758 тээврийн хэрэгслээр 379,017.4 тонн нүүрсийг Гаалийн байгууллагад мэдээлэлгүйгээр хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх асуудал урьдчилсан байдлаар тогтоогдож байсныг онцлов. Тэрбээр "Энэ асуудал өнгөрсөн онд гэнэт илэрсэн юм биш. 13 жилийн өмнө илэрч байсан байна. Энэ асуудлыг 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэрэгсэхгүй болгожээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий прокурор болон тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж нарын хамаарал бүхий "Женерал тех" компани 100 мянган тонн нүүрсний гэрээ хийсэн байдаг. Энэ нь явсаар байгаад 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгээр гарчээ. 25 хувийг нь шалгаад л энэ шүү дээ. Анхны үйлдэл дээр нь таслан зогсоолгүй, толгойг нь илсээр энэ соёл болж тогтоод сүлжээ болсон. Нүүрс тээврийн компаниуд хил гаалийн албан хаагчдад тогтсон жишигтэй болсон байна. Гашуусухайтын гаалийн даргаар эсвэл улсын ахлах байцаагчаар нэг жил ажиллахад нэг насны амьдралынхаа асуудлыг шийддэг гэж ярьдаг. Гаалийн байцаагч нар тэнд очих тухай ярьдаг. Бодит үнэнийг хэлэх хүн байна уу?" гээд жагсаалтад байгаа буюу маш цөөхөн хэдэн компани л гаалиар ногоон байдлаар гарч байгаа нь тодорхой болсон гэдгийг сануулж байлаа. Сонсголын төгсгөлд Гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудал гэсэн сүүлийн сэдвийг хэлэлцэж, ХХЕГ-ын дарга асан хошууч генерал Ш.Лхачинжав нар гэрчээр оролцов. Хоёрдугаар шатны эхний өдрийн сонсгол өчигдөр 18:45 цагт өндөрлөлөө. Сонсгол өнөөдөр үргэлжилнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top