Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл маргаан дэгдээгээд байна. Энэ талаар FVSP компанийн ерөнхий менежерийн орлогч, Монголын геологийн салбарын чадварлаг мэргэжилтний нэг Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.
-Та Монголын геологийн холбооны ерөнхийлөгч, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байсан. Нэлээд хэдэн жил энэхүү ажлыг гүйцэтгэлээ. Хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа цөөхнийг онцлооч. Өөрөөр хэлбэл, гол ажлуудаасаа нэрлэхгүй юү?
-Түүх юм даа. 2019 оны сүүлээр Монголын геологийн холбооны чуулганаар миний бие тус холбооны Удирдах зөвлөлд, улмаар Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Манай салбар бол олон шинжлэх ухааны үзүүрийг нэгтгэж байдаг том салбар шүү дээ. Тэр утгаараа чиглэл, чиглэлээрээ ялгарсан бие даасан төрийн бус байгууллагууд олон байдаг. Тэднийгээ нэгтгэе гэдэг зорилго тавиад үзэл санаа нэг нөхөдтэйгөө хамтран зүтгэж ажилласны хүчинд 2020 оны эхээр Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл (МГХНЗ)-ийг байгуулсан. Анхных нь даргаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Чулуун сонгогдож геологийн салбарт нэлээд олон ажил хийхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Мэдээж олон хүний хүч хөдөлмөр нэгэн зорилгын төлөө төвлөрч байсан болохоор олон жилийн дараа геологийн салбар маань Монголын үндэсний геологийн алба хэмээх өөрийн гэсэн төрийн агентлагтай болсон. Анхны даргаар нь О.Чулуун гавьяат томилогдсоныг та бүхэн мэднэ. Түүнээс хойш би МГХНЗ-ийн даргын үүргийг хүлээн авсан. Холбоог санаачлан бий болгосон хүний хувьд надад итгэл өгч, улмаар төлөөлөх зөвлөл маань даргаар сонгож билээ. Ажиллах хугацаандаа салбарын зөвлөх мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэх ажилд оролцож өнөөдрийн байдлаар 400 гаруй Зөвлөх инженерүүдийг батгаалжуулсанаас гадна олон мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгээд байна. Өөрөөр хэлбэл, энэ ажил маань жигдэрсэн. Төрийн ажлыг төрийн бус байгууллага хэрэгжүүлэх боломжийг төр олгосон гэсэн үг л дээ. Ямар ч байсан бид үүргээ амжилттай хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, олон төрийн бус байгууллага бүгдээрээ тус тусдаа төртэй харилцахад хэцүү. Энэ үүднээс бид салбарынхаа үзэл санаа, бодлогыг нэгтгээд салбарын ирээдүй ямар байх юм, цаашид яаж хөгжүүлэх юм гэдэг чиглэлд онцгой анхаарч ажилласны хүчинд олон сайхан үр дүн гарсан. Тухайлбал, 2023 оны гуравдугаар сарын 24-нд 40 гаруй жилийн дараа анх удаа Монголын геологийн салбарын улсын зөвлөгөөнийг Төрийн ордонд хийсэн. 500 гаруй төлөөлөгч оролцсон томоохон арга хэмжээ болсныг тэмдэглэх нь зүйтэй.
-Геологи, уул уурхайн салбарын хуулиас хөрөнгө оруулалт шууд хамаарна гэж би хувьдаа ойлгодог. Салбараа сайн мэдэх хүний тань хувьд танаас ашигт малтмалын хууль эрхзүйн орчны талаар асуух нь зүйтэй гэж бодож байна?
-Мэдээж бидний тулгамдсан асуудал бол хууль эрхзүйн орчин гэдгийг хүмүүс мэдэж байгаа. 2023 онд Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг гарсан. Гэхдээ уг ажлын хэсэгт геологийн салбарыг төлөөлсөн хүнийг бараг оруулаагүй гэхэд болно. Тэгэхээр бид хууль эрхзүйн орчноо чамбай сайжруулахын тулд асуудлыг бодитой харж, их ажил хийж, ул суурьтай хандах ёстой юм. Энэхүү хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хэчнээн сайн ажилласан ч яг асуудлыг мэддэг хүмүүс орж ажиллаагүй нь дутагдлыг бий болгосон. Улс орны эдийн засагт нөлөөлөх хэмжээний том салбарын хууль эрхзүйн орчны бүх алдаа дутагдлыг засах нөхцөлийг бүрдүүлэх ёстой байсан юм. Гэтэл манай салбарын суурь болсон Газрын хэвлийн тухай хууль хөндөгдөөгүй. Ашигт малтмалын хууль олон удаа өөрчлөгдсөн. Олон удаа өөрчлөлт оруулсаар ирсэн. Энэ хооронд хуулийн цоорхой, хийдлээс гадна давхцал, алдаа завхрал зөндөөн гарсан. Газрын хэвлийн тухай суурь хуулиа Ашигт малтмалын тухай хуулийн өмнө ул суурьтай судалж батлах ёстой л доо. Эхлээд суурь хуулиа баталсны дараа Ашигт малтмалынхаа хуулийг боловсруулах ажилдаа орох нь зүйтэй юм. Мэргэжлийн баг, гаднын байгууллага судалгаа хийгээд өчнөөн хийдэл давхцал байна гэж хэлээд байхад Ашигт малтмалын хуульдаа дахин өөрчлөлт оруулах гэж зүтгээд байгааг ойлгоход тун хэцүү. Үүний цаана томоохон бүлэглэлийн эрх ашиг нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй юм даа. Геологийн салбарын улсын зөвлөгөөн дээр манай салбарын томоохон мэргэжилтнүүд, геологчид, насаа зориулсан хүмүүс энэ талаар санал бодлоо хэлсэн шүү дээ.
-Чуулганаас ямар тодорхой санал гарсан бол?
-Суурь хууль болох Газрын хэвлийн хуулийг баталсны дараа түүн дээрээ суурилаад Ашигт малтмалын хуулиа яаралтай батлах нь зүйтэй гэдэг санал гарсан. 40 гаруй жилийн дараа болсон салбарын чуулганы саналыг УИХ, Засгийн газрын гишүүд, харьяа яам, агентлагийн холбогдох албан тушаалтнуудад бүгдэд нь хүргэсэн. Гэсэн хэдий ч маш их эсэргүүцэл гарсан. Би санаачилсан бус, чуулганаас гарсан шийдвэрийг л дамжуулах үүрэг гүйцэтгэсэн. Ямарваа нэгэн хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхдээ маш олон судалгаан дээр үндэслэх ёстой. Улмаар тэрхүү чамбай гарсан хуулиа ягштал мөрдөж ажиллах л юм бол хөгжинө. Түүнийг дагаад хөрөнгө оруулалт ямар ч асуудалгүй орж ирнэ.
-Хөрөнгө оруулалт гэснээс Ч.Хүрэлбаатар сайдын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хууль маргаан дэгдээгээд байна. Ер нь л улстөрчдийн эрх ашиг ард түмнийг талцуулаад байна л даа. Энэ талаар таны байр суурийг сонсоё?
-Энэ хуулийн төслийг би маш чамбай болсон гэж үзэж байгаа. Олон зүйлээр өмнөх хуулиасаа дэвшилттэй гэж хэлмээр байна. Харамсалтай нь энгийн ард иргэдэд буруу ойлголт төрүүлэхээр гүтгэсэн маягтай явуулга их гарч байна. Нэг ёсондоо хууль санаачилсан хувь хүнд нь хандсан, улс орныхоо хөгжлөөс хойш нь татсан, улс төрийн утга агуулгатай болгож хүндрүүлж байна. Уг нь хөрөнгө оруулалт Монгол Улсын хувьд амин чухал юм. Хөрөнгө оруулалтгүйгээр Монгол Улс урагшаа гишгэхгүй, хөгжих боломжгүй. Тэр тусмаа геологи, уул уурхайн салбар гаднын хөрөнгө оруулалтгүйгээр явахгүй. Би ард түмнийхээ нэгэн адил эх орон, газар шороондоо хайртай. Хэн нэгнээр хамаагүй сэндийчүүлмээргүй байна. Гэсэн хэдий ч бид өөрийнхөө нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа баялгаа мэдэх үүрэгтэй. Мэдсэн цагтаа хэнтэйгээ яаж ярих нь Монголын төрийн шийдэх асуудал. Хөрөнгө оруулалт гадныханд илүү давуу эрх өгч байна гэдэгтээ бус, тэр хөрөнгөөр Монгол Улс хөгжих боломжоо нээхэд гол ач холбогдол нь байгаа юм. Хөрөнгө оруулалт орж ирснээр ард иргэдийн амьдрал сайжрах нь бодит үнэн. Иргэдийн амьдрал дээшлэх тусам улс орны эдийн засгийн боломж нөхцөл нэмэгдэх нь гарцаагүй үнэн. Өнөөдөр цөөнгүй хүн Оюутолгойг муулж байгаа. Уурхай гэдэг утгаар нь олборлолт, ашиглалт явуулж байгаа нь Оюутолгойгоос өөр алга. Уул уурхайн салбарт орж ирсэн асар их хөрөнгө оруулалт газар руу шингэдэг.
Газрын доор байгаа баялаг хэвээрээ байгаа үедээ ямар ч үнэ цэнгүй. Гаргаж аваад боловсруулах юм уу, эсвэл экспортлож байж нэг ёсондоо баялаг болж байгаа юм. Тэр баялгаа зөв зохистой зарцуулахаас олон зүйл хамаарна.
-Нүүрсний хулгай гэх сэдэв тойрсон дуулиан намжаагүй байна. Энэ талаар та ямар дүгнэлттэй явдаг вэ? Анх нүүрсний хулгай гэдэг нэр томьёо гараад ирэхээр ямар бодол төрөв?
-Би хувьдаа нүүрсний хулгайг ортой л юм яригдаж байна гэж боддог. Залуу Ерөнхий сайд гарч ирээд зоригтойгоор таван шинэчлэл дэвшүүллээ. Хийхийн төлөө зүтгэж байна. Гэсэн хэдий ч завсраар нь хотонд байгаа өөрийн сүүлгүй чононууд нь буруу ашиглаад байна. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг завших ажилд төр барьж байгаа хүмүүс оролцсоныг ард түмэн харж мэдээд, тэдэнд яаж төрийн төмөр нүүрээр хариуцлага тооцох бол хэмээн хүлээж байна. Харамсалтай нь хэргийг шийдэх процесс нь удаан явагдаж байна. Үүнээс манайд системийн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага бий болсон нь харагдаад байгаа юм. Монгол Улс бол нэлээд хатуу чанга хуультай улсын нэг гэж би хувь хүний хувьд боддог. Харин хуулиа хэрэгжүүлэх, дагаж мөрдөх тал дээр дэндүү сул байна. Мөнгөгүй, танил талгүй хүнд хууль хатуу үйлчлээд байдаг. Хөрөнгөтэй цөөхөн баячуудад сул үйлчилдэг байж таарахгүй. Амьд явахын эрхэнд 10000 төгрөг хулгайлсан хүүхэд, 10 тэрбумаар нь идсэн хулгайчид оноох ял тэнгэр, газар шиг байгаа нь шударга бус байгаагийн хамгийн том нотолгоо юм. Банкны мөнгө идсэн хэрэг, дараа нь нүүрс, ногоон автобусны хэргүүд гээд албан тушаалтнуудын оролцсон мөн ч их хэргүүд гарлаа даа. Улс даяараа шуугиж, улс төрийн эр зориг гарган УИХ нь орон даяар сонсгол хийх гэж зүтгээд байгаас үзвэл худлаа биш байх.
-Манай улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. Цаашид өөр ямар салбарт найдаж болох вэ?
-Манай улс уул уурхайгаас олсон орлогоосоо л цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж байгаа. Одоохондоо Монголыг аваад явах хэмжээний салбар байхгүй. Мал аж ахуй үндэсний баялаг мөн үү, мөн. Төр онцгой анхаарах ёстой юу, ёстой. Малчин ард түмэн манай эрх чөлөө тусгаар тогтнолын үндэс суурь мөн үү, мөн. Бид бүгдээрээ л малчин түмнээс гарал үүсэлтэй. Гэсэн хэдий ч мал аж ахуй өнөөдөр байгалиас хамааралтай шүү дээ. Нэг өдөр байгалийн гамшиг нүүрлэхэд хэдэн мал маань өртөж, хотоо харлуулах аюул байж л байна. Хоёрдугаарт, төр засаг алсыг харахаас гадна олон салбараа хөгжүүлэх тал дээр анхаарах ёстой байгаа юм. Тодорхой чиглэлийн бодлогыг тодорхой хугацаанд идэвхтэй дэвшүүлж, дэмжиж чаддаг байх ёстой. Мянгат малчин гээд бодлого хэрэгжүүллээ. Үр дүнд нь малын тоо толгой өссөн. Бараг 90 сая хүрсэн биз дээ. Гэхдээ үр дагаварт бэлчээр нь даац хэтэрч, эргээд экологийн тэнцвэрт байдлаа алдагдуулахад хүргэж байна. Монголын нийт нутгийн 70 хувь нь цөлжсөнийг эрдэмтдийн судалгаа өгүүлж байгааг яагаад анзаарахгүй байгаад гайхах юм. Мал аж ахуйгаа тордоод байх юм бол тоо нь өссөн ч, чанаргүй олон малтай болно. Идэж байгаа хүнс чинь хор болж хувирна. Малын өвчинд онцгой анхаарахгүй бол ард түмний эрүүл мэндэд маш сөрөг нөлөө үзүүлнэ шүү. Гэтэл ердөө л уул уурхайг ад үзээд байгааг үнэндээ ойлгохгүй байна. Монголд гай тарьж мэдэхээр олон салбар байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Жишээ нь, эрүүл мэндийн салбар тэр дундаа эмийн бизнес мафийн зохион байгуулалтад орчихоод чанаргүй эм оруулж ирж Монгол хүний эрүүл мэндэд аюул учруулж байхад яагаад олигтойхон дуугарахгүй байгаа юм бол гэж гайхдаг. ОХУ 1990-2015 он хүртэл ийм замыг туулсан гэдэг. Одоо бүх салбараа цэвэрлээд байна шүү дээ. Юугаар ч сольшгүй эрдэнэт хүний эрүүл мэндээ тэгж хамгаалж байна. Энэ талаас нь харвал ганц манай геологи, уул уурхайн салбарт бус бүх салбарт алдаа дутагдал их байна.
-Ер нь төр засгийн бодлого ямар байх нь төрийн шийдвэрт гаргах түвшинд хэн байгаагаас хамаарах нь дэндүү ойлгомжтой. Энэ талаар та юу хэлмээр байна?
-Эдийн засгаа хөгжүүлэхэд дан ганц татвар төлөгчдийн мөнгө хангалтгүй. Илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлож, эдийн засгийн эргэлтээ сайжруулж байж орлого олно. Жижиг, дунд үйлдвэрлэлээс гадна хүнд үйлдвэрүүдээ хөгжүүлж гаднаас хамаарал багатай болмоор байна. Өнөөдөр манай улсын эдийн засгийн 90 орчим хувь нь урд хөршөөс хамааралтай болчихоод байгаа. Бодлогогүй улстөрчийн болчимгүй авираас болоод оны төгсгөлд бензин шатахууны асуудал үүсээ биз дээ. Төлөвлөдөггүй, бодлогогүй албан тушаалтнаас болоод компаниудад дарамт ирж л байна шүү дээ. Хувийн аж ахуйн нэгжүүд л өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн ачаанаас үүрэлцээд явж байгаа. Гэтэл сонгууль дөхөөд ирэхээр бизнес, нэр төрөөр нь оролддог үзэгдэл гарч байна. Нарийн судалгаа хийгээд үзэхээр төнхөж, гоочилж байгаа улстөрчийн цаана ердөө хувийн эрх ашиг нь байгаа. Улсын эрх ашгийг номер нэгд тавьж чадахгүй л байгаа байхгүй юү. Уул уурхайн салбар овоо гайгүй хөгжиж байгаа аймаг бусад аймгаас илүү хөгжиж байгаа нь нууц биш. Илүү татаас авч байна. Яагаад зүгээр явж байгаа бизнесийг нэг улстөрч хутган үймүүлж, өөрийнхөө эрх ашгийг хүчээр оруулах гэж зүтгээд байгаа юм. Аль хэдийнэ орчихсон жишээ ч байна. Гаднын хөрөнгө оруулалтыг муухай болгож харагдуулах гэж хичээж байна.
-Уучлаарай, өнөөдөр геологийн салбар ямар түвшинд байна вэ?
-Уналтын түвшинд байна.
-Яагаад?
-Яагаад гэвэл цэвэр мөнгө шаардагддаг, зарцуулдаг салбар. Өнөөдөр геологи бол хөгжлийн түүчээ. Геологийн салбар хөгжиж шинэ орд, эрдэс баялагийн нөөц илрүүлэхгүй л юм бол маргааш улс маань ямар байдалд орохыг таашгүй. Манай салбарыхны дунд “Уул уурхай анхдагч уу, геологи анхдагч уу” гэж ярьдаг улс бий. Нөгөө өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй утга нэг юм уу даа. Би хувьдаа бодит зүйлийг л харна. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр суурилж үнэлгээгээ хийх ёстой гэж боддог. Геологийн нэг метр өрөмдлөгийн өртөг 100 ам.доллар гээд боддоо. Түүнээс доошоо 200, 500 метр өрөмдөхөд үнэ нь улам л өсөөд явна. Ер нь маш хүнд ажил шүү дээ. Энэ салбарт хөрөнгө оруулалт агаар мэт чухал байна. Уул уурхайн салбар Геологийн салбaрыг дайвар эрхтэн мэт хардаг далд ухамсрын үзлээс салж харах өнцгөө өөрчлөх цаг болсон. Амьд хэлхээ холбоог бодитой бий болгож байж хөгжлийг авчирна шүү.
-Нээрэн хиймэл оюун ухаанаар орд газрыг илрүүлэх боломжтой боллоо гэсэн мэдээг уншсан. Энэ талаасаа яваандаа танай салбарын өртөг зардал буурах боломжтой болж байна гэж харж болох уу?
-Манай салбарт хиймэл оюун ухааны технологи нэвтэрч эхэлж байна. Орд газрын гүний нөхцөлийг хиймэл оюун ухааны баримт дээр тулгуурлаж бодит төсөөллийг бий болгох боломж нээлттэй болж байна. Салбарын техник технологийн үнэ нь буурах, зардал нь багасах ирээдүй рүү тэмүүлж байгаа хэдий ч яг өнөөдрийн тухайд маш их зардал, хөрөнгө оруулалт шаардагдсан хэвээр байна. Тэр хөрөнгө газрын судалгаанд л зарцуулагддаг. Хэрвээ эрдэс баялаг илрүүлбэл том олз. Олдохгүй бол зарцуулсан хөрөнгө салхинд хийссэн үхмэл болж хувирна гэсэн үг. Нэг ёсондоо судалгаа шинжилгээний ажилд асар их эрсдэл бий. Энэ талаасаа зүгээр л мөнгө олоод байдаг салбар гэж ойлгож дүгнэж болохгүй. Ад үзэж бүр ч болохгүй. Миний ойлгож байгаагаар ойрын 30 жилдээ Монгол Улсын тулгуур багана нь уул уурхайн салбар хэвээр байх нь тодорхой. Цааш нь улам хөгжүүлж, эдийн засгаа тэлэхийн тулд гаднын хөрөнгө оруулалтыг татах нь амин чухал асуудал юм. Зарим улстөрчид энэ хууль батлагдсанаар хамаг баялаг, газар нутгаа харийнханд өгчих юм шиг ойлголтыг мэдээлэл багатай, уншиж судалдаггүй сошиал ертөнцийн хов живнээс салаагүй бүлэг хүмүүст дутуу дулимаг мэдээлэл тарааж байгаа нь улс орны дотор хагарал үүсгэх их үүсвэрийг бий болгоод байна уу гэж хардахаар байгаа юм. Яалаа гэж тийм юм байхав дээ. Бүхэл бүтэн төр, ард түмэн байна шүү дээ. Ямар нүдийг нь боогоод, чихийг нь бөглөх гэж байгаа биш дээ. 1993 оны хуульд ч газрыг 100 жилээр эзэмшүүлнэ гэсэн заалт бий. Тухайн үед нь эсэргүүцэхгүй, анх удаа сонсож байгаа юм шиг одоо яриад байгаа нь ойлгомжгүй. Улстөр хийж болно. Эх орноо бодоод, үр хүүхдийнхээ ирээдүйг бодох ёстой шүү дээ. Хиртэй хуучин хувцастай суугаад байхыг бодохгүй биз дээ? Илүү хөгжих юмсан, илүү орлого олох юмсан, илүү мэдлэг боловсрол эзэмших юмсан гэсэн мөрөөдөл улс орон бүрд, хүн болгонд байдаг биз дээ? Тэр мөрөөдөлд хүрэх замыг хөрөнгө оруулалтгүйгээр одоогийн дэлхийн хурдацтай хөгжлийн явцад төсөөлөшгүй. Хөрөнгө оруулалтыг оруулж ирээд, эрх ашгийг нь тодорхой хэмжээгээр хамгаалах асуудал бас чухал. Наана нь тогтвортой эрхзүйн орчинг бүрдүүлэх ёстой. Хөрөнгө оруулалт орж ирснээр ажлын байр бий болно, орлого, мэдлэг бий болно. Хөрөнгө оруулалттай компани бий боллоо гэхэд Монгол хүнийг л авч ажиллуулна шүү дээ. Ажил, орлого ингэж л бий болно. Хөрөнгө оруулалтын үр дүнд үйлдвэрлэл сэргэж олсон орлого нь татвар хэлбэрээр Монголын эдийн засагт шингэнэ. Татвар нэмэгдэх тусам цалин, тэтгэвэр өсөх боломж бүрдэнэ. Ийм гинжин урвалыг тогтвортой бий болгоход Хөрөнгө оруулалтын хууль зайлшгүй чухал. Хөрөнгө оруулалтын шинэ хуулийн төсөлд эзэмшүүлэх гэдгийг ашиглуулна гэж өөрчилсөн зэрэг нь давуу талтай. Тэгэхлээр ард олон маань уншиж судалж байж асуудалд дүгнэлт хийх хэрэгтэй. Тоглоомын улстөрчийн амаар явж болохгүй цаг шүү гэж би хэлэх гээд байгаа юм. Тахин шүтэх, нэг улстөрчийн популист байр суурь, хэлсэн үг л үнэн байдаг юм шиг бодож явдгаа болих хэрэгтэй. Энэ дашрамд хэлэхэд, манай салбарт ч үл бүтэх улс олон бий. Олон нийтийн байгууллагыг хувийн эрх ашгийн үүднээс байгуулдаг, өөрийн эрх ашгийн бүлэг үүсгэдэг, томоохон нэр устай компаниуд олон нийтийн байгууллагыг хамж авч эрхшээлдээ оруулж өөрийхөө эрх ашгийг хамгаалуулдаг тохиолдол байж л байна.
-Ингэхэд та яагаад геологийн салбарын олон нийтийн байгууллагын удирдлагын ажлаа өгсөн юм бэ?
-Нэлээд хэдэн жил ажиллалаа, олон ч ажил амжууллаа. Нас маань ч 60 гараад явчихлаа. Тэр бодлоор өөр эрч хүчтэй залуу хүмүүс энэ ажлыг маань аваад яваасай гэж бодсон. Энэ ажил руу улайран зүтгэж байгаа хүмүүсийг харахаар цаана нь ашиг сонирхлын томоохон асуудал байхыг үгүйсгэхгүй гэж харж байна. Тамгатай болсон ноён юу ч хийж бантан хутгах боломжууд одоо ч мэр сэр үргэлжилж байхыг үгүйсгэх аргагүй юм шиг харагдах боллоо. Нөгөө талаар Төр сошиал ертөнцөөр ажлаа хийдэггүй болмоор байна. Иргэд сонгуульд зөвхөн өөрийн итгэл үнэмшилээр оролцох нь цэвэр ус, тунгалаг агаар мэт чухал байна. Ирж буй луу жилдээ Монгол хүн бүр эрүүл байж, ирээдүйдээ итгэх итгэлд бага боловч өөрчлөлт авчраасай гэж хүсмээр байна.
Д.Лхагвадорж
Сэтгэгдэл ( 0 )