Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл парламентын босго давсан өдрөөсөө л маргаан дагуулсан билээ. УИХ-ын гишүүд, улстөрчдийн нэг хэсэг нь хуулийн төслийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж байгаа бол хуулийн төслийг дэмжиж байгаа нь олонх байна. Тэгвэл уг хуулийн төслийн талаар хэн юу хэлснийг нэхэн сануулж байна.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан нэлээд том улстөржилт явагдаж байна. Монгол Улс хөгжмөөр байна. Ард иргэдийн амьжиргааг дээшлүүлмээр байна. Орлогыг нь нэмэгдүүлмээр байна. Монгол Улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.
УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ: Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан байгаа. Энэ бол ерөнхий хууль. Энэ хуульд гуравхан л асуудал бий. Нэгд, хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг бүртгэх. Хоёрт, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг хамгаалах. Гуравт, хөрөнгө дээр нь баталгаа гаргах гэсэн л зүйл бий. Энэ хуулиар газар өгөх гээд байгаа зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТ: Хөрөнгө оруулалтын тухай хууль маш чухал төсөл. Ганц хоёр заалтаас шалтгаалан унаж болохгүй. Гадаадын иргэнд 100 жилээр газар өгөх гэж байна гэж яриад байна. Хуулийн төсөл дээр эзэмшүүлэхгүй, ашиглуулах тухай заасан. Үүний цаана гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг адил хэмжээнд авч үзэхээр заасан. Бид нэг Монгол, ойлголцоод явмаар байна.
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.ДОРЖХАНД: Аливаа улс орны эдийн засагт гурван хүчин зүйл маш чухал. Улсын төсөв, гадаадын зээл, хөрөнгө оруулалт. Үүнээс харахад улсын төсөв маш их алдагдалтай, гадаадын зээл нь өрийн хязгаар давчихсан байна. Энэ үед хөрөнгө оруулалтын ямар орчинтой байх вэ гэдгийг ярьж байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйл нь хэзээ ч өр үүсгэдэггүй. Тэгэхээр өрийн дарамт байхгүй болно. Дараагийн нэг асуудал нь шинэ зах зээлийг бий болгодог. Ажлын байр бий болно гэх мэтчилэн маш олон давуу талтай. Бид хөгжиж байгаа орон учраас гадаадын хөрөнгө оруулалт маш чухал.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.БАТТУЛГА: Газрын асуудалд бид хөнгөн хуумгай хандаж болохгүй. Өнөөдөр нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд нарийн эмзэг энэ асуудлыг дараагийн 2024 оны сонгуулиар, нэгэнт 126 гишүүнтэй томсгосон тойргоор сонгуулийг явуулах гэж байгаа юм бол тэр бүтцээрээ хэлэлцүүлээч ээ гэж хүсэж байна. Өнөөдөр 1993 онд тавигдсан гадаадын хөрөнгө оруулалтын 100 мянган ам.долларыг 2013 онд тавигдсан гэж толгой эргүүлж яриад байгаа юм. Энэ 100 мянган ам.долларын босго байхгүй болоход өнөөдөр хөрөнгө оруулагч нэртэй ямар ч хүн орж ирээд манай газар нутаг дээр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух боломжийг бий болгосон цоорхой хууль. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль тогтоомж тогтвортой л байх ёстой.
УИХ-ын гишүүн А.АДЪЯАСҮРЭН: Засгийн газраас 2023 оны долоодугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хүсэлт өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ-аар 11 сараас хэлэлцэж эхэлснээс хойш ард түмэн бухимдлаа илэрхийлсээр, маргаан дэгдээд байна. Би иргэн хүний хувьд, хууль тогтоогчийн хувьд үүнийг хуулийн зөрчилтэй, хуулийн бүрдэл болоогүй гэж үзэн УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан, Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргалаа.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Хөрөнгө оруулалтын хуулийн асуудал хоёр хүний хэрүүл байж болохгүй. “Женко” Х.Баттулга ч тэр, Ч.Хүрэлбаатар сайд ч тэр нийгмийг талцуулахаа больсон нь дээр. Хэдэн троллоороо гишүүдийг шантаажилж байгаад хууль батлуулна, зогсооно гэж байхгүй. Нэг талаас Үндсэн хуулийн Цэцэд өгөөд хэлэлцүүллээ гээд байдаг. Нөгөө талаас хуулийг зургаан сар барилаа гээд байдаг. Бид эрүүл саруулаар хандаж улс, эх орны эрх ашиг, язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж асуудалд хандана гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Ер нь, тэр Үндсэн хуулийн Цэцэд өгнө, барина гээд байгаа нөхдөд хэлэхэд 2013 онд 100 жилээр эзэмшүүлнэ гээд баталчихсан юм билээ шүү. Тэгээд ямар юмаараа хууль зөрчсөн гээд Үндсэн хуулийн Цэц рүү гүйгээд байгаа юм. Ард түмнийг талцуулдаг, төөрөгдүүлдэг, шоуддаг байдлаа болих хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 1 )
газрын наймаачид, лицензийн наймаачид хятадуудад өндөр үнээр зарсан газраа тэдний нэр дээр болгуулж өөрсдийн бузар нүглээ далдлах гэж байгаа шүү дээ .