Гаднаас хөрөнгө оруулалт татна гэдэг газар нутгаа тавиад тууна гэсэн үг биш

2024 оны 01 сарын 17

“Эрхэт Монгол” медиа группийн редакциуд “Нэг сэдэв - Нэг сар” хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр сарын турш Хөрөнгө оруулалтын тухай хуулийг тойрсон асуудал, сэдвийг онцолж байна. 


Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж буй энэ өдрүүдэд манайхны “эх оронч” зан эргэн сэргээд ирлээ. Юмны учир олоогүй байж, юун тухай хууль хэлэлцэж байгааг ч мэдэлгүй, нэг үг, өгүүлбэр ч сөхөж хараагүй атлаа юу юугүй Монгол орноо гадаадынханд тавиад туучих гэж буй мэт бужигнан Төрийн ордны гадаа хүртэл цуглараад авав. Экс Ерөнхийлөгч нь ч мэдэгдэл хийж байх шиг.

Цар тахлын үеийн эдийн засгийн уналт, геополитикийн мөргөлдөөн, сөргөлдөөнт үйл явцуудаас шалтгаалсан доголдолд ширвэгдэхгүйн тулд зөвхөн Монгол Улс төдийгүй бусад улс орнууд эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор богино хугацааны сэргэлт хийх, гадаадын хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч тэр чигийн бодлогоо ид шинэчилж, өөрчилж байна. Манайх ч үүний л нэг адил Хөрөнгө оруулалтын хуулиа шинэчилж буй хэрэг.

Гадаадаас хөрөнгө оруулалтгүй дотоодоосоо хэрэгцээгээ хангана гэвэл өнөөдөртөө манайд боломж хараахан алга, улс орон ч хөгжихгүй. Гагцхүү оруулж ирсэн хөрөнгийг ашигтай зөв зарцуулах, хөрөнгө оруулагчдад хяналт тавих, буруу зөрүү гарвал соргог харж засах үүрэг л төр, засаг хийгээд иргэн бидэнд бий.

Манайхан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;

16.1.2. чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;

16.1.3. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх;

16.1.4. экспортод чиглэсэн инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, инновацын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

16.1.5. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг олгох;” гэсэн заалтууд дээр анхаарлаа ихээхэн төвлөрүүлж шүүмжилж буй. УИХ-ын зарим гишүүн ч хэлэлцэж байгаа асуудлынхаа эсрэг зогссон харагдана.

Тэгвэл мөнөөх “...газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалт 1993,2013 оны мөн хуульд хэрхэн туссаныг авч үзье.

Хөрөнгө оруулалтын тухай 1993 оны тавдугаар сарын 10-нд гаргасан хуульд “5.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно. /Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/.

6. Газар ашиглуулах гэрээний хугацаа дуусахаас өмнө гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж татан буугдсан бол газар ашиглуулах гэрээний хугацаа нэгэн зэрэг дуусгавар болно. /Энэ хэсэгт 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7. Улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг солих буюу эгүүлэн авч болно. Энэ тухай шийдвэрийг гагцхүү Засгийн газар гаргана. Үүний улмаас гадаадын хөрөнгө оруулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг саадгүй гүйцэтгэнэ. Нөхөн төлбөрийн хэмжээг газрыг солих буюу эгүүлэн авах үеийн үнэлгээг үндэслэн тодорхойлно.

8. Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал газар ашиглуулах гэрээг цуцална” гэсэн байна.

Харин 2013 оны 10 дүгээр сарын 3-ны өдөр УИХ-аар баталсан хуульд “12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах.

12.1.2.чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;

12.1.3.дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;

12.1.4.инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд батлан даалт гаргах;

12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох” гэжээ.

Эндээс харвал гадаадын хөрөнгө оруулагчдад газрыг урт хугацаагаар ашиглуулах асуудлыг хуульд тусгаад 31 жил, гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох асуудлыг тусгаад 11 жил өнгөрч байна.

Байдал ийм байхад өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрийг өөрийн хувийн болгосон гадаадын этгээд, гэр бүлээрээ байнга оршин суугаад харьяат болчихсон хүн гарсангүй. Харин ч гадаадын хөрөнгө оруулалт саараад байгаа учраас л нааш татахаар, бас орчин цагийн байдалд нийцүүлэн хуульдаа өнөөдөр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хэрэг.

Тиймээс энэ нь цоо шинэ, дөнгөж өнөөдөр орж ирж буй асуудал огт биш гэдгийг дахин хэлье. Аль нэг нам, улс төрийн хүчнийг буруутгая гэвээс аль аль тал энэ хуулийг нэмэлт, өөрчлөлт оруулан баталж байсан. 1993 оны хуулийг батлахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр П.Очирбат, УИХ-ын даргаар Н.Багабанди /МАХН буюу өнөөгийн МАН/, 2013 оны хуулийг батлахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, УИХ-ын даргаар З.Энхболд /АН/ ажиллаж байсан бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар Г.Занданшатар /МАН/ ажиллаж байна. Тэгэхээр хуулийн эдгээр заалт нь нэгд, цоо шинэ зүйл биш, 31 жилийн өмнөөс байсан, хоёрт, гадаадаас хөрөнгө оруулалт татна гэдэг газраа харийнханд тавиад туучихна гэсэн үг биш. Гуравт, зарим нэг улстөрч чуулганы танхим, Төрийн ордон дотроос улс төр хийж буй нь эсвэл мэдсээр байж ашиг сонирхлын үүднээс ингэж байгаа, нөгөө бол дээрх хуулиудыг огт уншаагүй, мэдэхгүй, бүр цаашлаад сонгуулийн өмнөх Пи Ар хийж байна гэсэн үг.

Монгол хэлний тайлбар тольд бичсэнээр үндсэн утгаараа “Ашиглах” гэдэг нь “Ашиг тусыг хүртэх, хэрэглэх” гэсэн утгатай. “Эзэмших” гэдэг нь “Юмны эзэн болох, хариуцах” гэсэн утга бүхий.

Тэгэхээр газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах гэдэг нь “Ашиг тусыг хүртэх, хэрэглэх” гэсэн утгатайгаас бус “Эзэн суух” гэсэн үг биш ажээ. Эрх биш эзэнтэй, төртэй тусгаар улсын иргэд газраа зүгээр тавиад туучихгүйгээ мэдэлгүй дээ. Одоо Оюутолгойн ашиглалтын гэрээ байгуулж асан цаг шиг тэгж гэнэдэж суудаг үе ч биш.

Ерөөсөө гадаадын хөрөнгө оруулалт гэдэгт газрын баялгаасаа зөв зохистой ашиглуулж валютын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна мэргэжлийн хүмүүсийн туршлага, мэдлэг, ноу-хау зэрэг мөнгөөр хэмжишгүй баялгийг давхар оруулж ирэхийг хэлдэг.

Монгол Улсын хувьд энэ байдал ямар байгааг товчхон хэдэн тоо баримтаар дурдах нь зөв байх. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр орох урсгал 2022 оны эхний улиралд 695 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 51 сая ам.доллараар өссөн бол сүүлийн жилд ч тогтворжих аястай байгаа нь хөрөнгө оруулагчдаа бараг хөөгөөд гаргачихсан ковидын өмнөх үеийнхээс ахисан үзүүлэлт.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзвэл цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын хөрөнгө оруулалт 2022 оны дунд үеийн байдлаар өмнөх оны мөн үеэс 108 сая ам.доллараар, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны хөрөнгө оруулалт 25 сая ам.доллараар, худалдаа, үйлчилгээний бусад салбарынх тус бүр 16 сая ам.доллараар, тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарынх таван сая ам.доллараар тус тус өссөн байдаг. Харин уул уурхай, олборлолтын салбар дахь хөрөнгө оруулалт 151 сая ам.доллараар, ХАА-н салбарын хөрөнгө оруулалт нэг сая ам.доллараар тус тус буурчээ. Эдгээр салбарт хөрөнгө оруулагчдыг манайхан адлах маягтай байдагтай ч энэ бүхэн холбоотой.

Гэхдээ л сүүлийн 30 жилийг авч үзвэл 35 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт Монголд орсны 70 гаруй хувь нь зөвхөн уул уурхайн салбарт орсон үзүүлэлт бий. Тэр хэрээрээ уул уурхайн салбарын бүтээмж, баялаг нэмэгдсэн шууд хамаарал харагддаг. Үүн дээр тулгуурлаж өнөөдөр Монгол Улс хөгжиж байна.

Бусад салбарт ч энэ үр дүнг яаж шингээж, хөгжүүлэх вэ гэдэг чухал. Эдийн засгийн төрөлжилтийн бодлогыг гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлоготойгоо нягт уях хэрэгцээ шаардлага байгаа учраас хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлт дээр УИХ, Засгийн газраас анхаарч буйн нэг хэлбэр нь өнөөдөр шуугиан тариад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт юм.

Шинэ сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтад тусгасан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл, Зөвшөөрлийн хуулийн төсөл боловсруулах ажил хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа юм. Нэгэнт орж ирсэн хөрөнгө оруулалтын тогтвортой үйл ажиллагааг хангах, хууль ёсны эрх ашгийг нь хэрхэн хамгаалах зэргийг хуулийн концепцид тодорхой тусгаж оруулжээ. Эндээс дараа дараагийн хөрөнгө оруулалт Монголд орж ирэх нь шууд шалтгаална.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг наашлуулах үүднээс ЭЗХЯ-ны дэргэд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цонхны үйлчилгээг хоёр жилийн өмнөөс бий болгосон. Энд УБЕГ, ТЕГ, НДЕГ, ГИХГ зэрэг таван байгууллагын үйлчилгээг нэг дор үзүүлж байгаа бөгөөд e-invest.mn гэсэн цахим үйлчилгээний нэгдсэн системийг хөгжүүлж, ашиглалтад оруулжээ. Энд 62 төрлийн үйл ажиллагааг цахимаар явуулдаг ажээ. Хуучин бол 15 байгууллагыг дамжиж, 54 км зам туулж, олон өдрийн ажил болж байж хөрөнгө оруулалтын асуудал шийдэгддэг байв. Нөгөө талаар олон улсын санхүүгийн корпорацтай хамтарч хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх цахим системийг ашиглалтад оруулаад үйл ажиллагааг нь жигдрүүлээд байгаа юм. Гомдол гаргасан хөрөнгө оруулагчид цахимаар үүнийгээ хянаад явах боломжтой болжээ.

Хэрэг дээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт, бууралтын хэмжээ нь манай ДНБ, эдийн засгийн өсөлт, бууралтаас шууд хамааралтай. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын оролцоо, ДНБ-д эзлэх хэмжээ хэдий чинээ өндөр байна, тэр хэрээр Монгол Улсын бүтээмж, эдийн засгийн өсөлт өндөр байх үзүүлэлт харагддаг учир төр, засгаас үүнд гол анхаарлаа хандуулдаг юм. Шинээр хөрөнгө оруулалт татахад ямар боломж нээх тухай концепц ч хуулийн шинэчилсэн найруулгад мөн явж байгаа. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн тэргүүлэх салбарт хөрөнгө оруулахад ямар хөшүүрэг, дэмжлэгийг үзүүлэх талаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой оруулсны үр дүнд хуулиудын давхардлыг арилгах юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуулиар тодорхой хэмжээний татвар хөнгөллөө гэхэд Татварын тухай хуулийн заалтаар зөрчил үүссэний улмаас хөрөнгө оруулагчид хохирч болзошгүй хийдэл, давхардлыг бас арилгахаар болжээ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, Тогтворжуулах гэрчилгээ олгоход анхаарах зэрэг шаардлагыг нарийвчлан зохицуулахаар болсон байна. Тогтворжуулах гэрчилгээ гэдэг нь тухайн хөрөнгө оруулалтын гэрээ хийх үед татвар ямар байна, тэр татварыг нэмэгдүүлэхгүйгээр тодорхой хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах баталгааг нарийвчилж хуулийн заалт болгож оруулах юм. Гадаадад үйл ажиллагаа явуулж Монгол Улсыг төлөөлдөг дипломат төлөөлөгчийн газруудын хөрөнгө оруулалт татах чиглэлээр явуулдаг чиг үүрэг, хариуцлагыг шинэчилж нэлээд тодотгож авч үзэхээр болжээ. Хөрөнгө оруулагчдад учирдаг саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн талаас ямар боломжууд бий болгох талаар тодорхой заалтууд оруулсан аж.

Тэгэхээр дороо суурьтай, дотроо бодлоготой байж, өмнөх хойдохоо харьцуулан үзэж шинэ хуулийн төсөлд хандах учиртай болж байна. Улсын хөгжил, маргаашийн дэвшил эндээс ихээхэн хамаарна гэдгийг л ухаарах цаг ирээд байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.184) 2024 оны 01 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2024 оны 01 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
ЗОЧИН(42.119.201.120) 2024 оны 01 сарын 17

ГУРАВХАН САЯ ХҮНТЭЙ ЮУНЫ Ч ЗАХ ЗЭЭЛГҮЙ УЛСАД ХЭН ЯАХ ГЭЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЮМ БЭ. ДОТООДДОО АМЬЖИРГАА ЗАЛГУУЛЖ БУЙ ХЭДЭН ЦАЙНЫ ГАЗРЫН ЭЗЭД ХЯТАД БОЛЖ, ЗАХ ДЭЭР ЗОГСОЖ ГЭР БҮЛЭЭ ЧИРЖ ЯВАА АРХИЧИН НӨХӨРТЭЙ ХЭДЭН АВГАЙЧУУДЫГ АЖИЛГҮЙ БОЛГОЖ, ХӨДӨӨГҮҮР МЯНГА МЯНГАН ЯМААТАЙ МОНГОЛ ЭХНЭРҮҮДТЭЙ МЯНГАТ МАЛЧИН ХЯТАДУУД ДҮҮРНЭ. ӨӨР ЯМАРЧ ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ. ГАЗАР НУТГАА ЯМХ ЯМХААР АЛДААД ДУУСНА.

0  |  0
зочин(103.41.93.133) 2024 оны 01 сарын 17

Яагаад 40 жил байх ёстойн 4 жил ч байж болно.

0  |  0
эм(43.228.129.162) 2024 оны 01 сарын 17

худлаа шаа шаа алалцъя аа

0  |  0
Зочин(103.212.118.124) 2024 оны 01 сарын 17

Дэмжиж байна. Одоо байгаа хуулийн хөрөнгө оруулагчаас шаарддаг 100 мянган долларын босгыг авч хаяснаар хүрз жоотуунаас өөр юмгүй хар мянган хужаа орж ирж монголд 100 жил суурьшихаар болж байгаа нь үнэн биздээ.

1  |  1
Нямаа(139.5.219.83) 2024 оны 01 сарын 17

Гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн ордуудыг түшиглэсэн боловсруулах үйлдвэр байгуулах ажилд чиглүүлэх нь зүйтэй санагдана. Дотоодын том, жижиг аж ахуйн нэгжээ дэмжих нь эргээд тухайн аж ахуйн нэгжүүд өсч томрох, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

0  |  2
Top