О.Энх-Эрдэнэ үсэглэлийн баяр дээрээ анх микрофонтой дуулсан

2024 оны 01 сарын 27

“Авьяаслаг америкчууд” шоуны шүүгчдийг гайхшруулж,америкчуудыг бишрүүлж буй Отгонбаатарын Энх-Эрдэнэ хэвлэлийнхэн болон цахим ертөнцийн гол дүр болоод байна. Тэрбээр Эрдэнэт хотод төрж, цэцэрлэгт явж, бага дунд сургуульд суралцаж, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн Эрдэнэт хотын унаган хүү.

Дэлхийн телевизийн нэртэй шоунд цахиур хагалж буй дуучин О.Энх-Эрдэнийн хүүхэд насыг сонирхож, түүний сурлага хүмүүжилд гол нөлөө үзүүлсэн халамжит нагац ээж Д.Долгорсүрэн болон Орхон аймгийн зарим багш нартай ярилцсан юм.

О.Энх-Эрдэнийн аав ээж хоёр 2000-аад оны эхээр бусдын адил ажил хийж амьдралаа өөд татахаар БНСУ-ыг зорихдоо хүүгээ ээждээ үлдээжээ.

”Эрдэнэт” цогцолбор сургуулийн есдүгээр бага сургуулийн захирал Д.Долгорсүрэн зээ хүүгээ цэцэрлэгт өгч, улмаар өөрийн удирдаж байсан сургуулийн Ш.Мөнхжаргал багштай анхны зургаан настны ангид оруулжээ. Ажил ихтэй захирал зээ хүүгээ үндсэнд нь багшид нь даатгаж, нэмэлт хичээлийг өрөөндөө хийлгэдэг байсныг дурсав. Хавар болсон үсэглэлийн баяр дээр О.Энх-Эрдэнэ хүү “Дууны аварга” гэсэн цагаан тууз зүүчихсэн микрофон бариад хээв нэг дуулахад нь зүрхнийхээ угаас баярлан догдолжээ. Дуундаа тохируулж хувцсаа хэд сольж дуулсан тухай дурсамжаар дуучин О.Энх-Эрдэнийн бага насны тухай бидний дотно яриа эхлэв.


-О.Энх-Эрдэнэ хүүгийн дуучин болох эхлэлийг нь та тавьсан юм биш үү?

-Аав ээж нь хүний нутагт ажиллахаар явж хүүг нь авч үлдсэн болохоор эрүүл саруул байлгаж, сайн сургахыг л хичээсэн. Эрка маань багаасаа нэг тийм бие даасан, дотогшоо, даруухан, ухаалаг хүү байсан л даа. Хичээлээ хийгээд л суудаг. Би хүүгээ хөгжмийн боловсролтой болгох гэж “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн Хөгжмийн сургуулийн морин хуурын ангид МУСТА Д.Аюурзана багшид шавь оруулсан. Хотоос хөгжмийн  “Эгшиглэн” үйлдвэрээс  мэргэжлийн морин хуур авчирч өгч билээ. Жил хэртэй суралцаад ганц хоёр татлага сурсан юм байлгүй, хуураа орхисон. Аав нь Солонгосоос ирээд “Ямаха” даралтат хөгжим авч өгөхөд ёстой нар нь гарсан байх, өрөөндөө тоглоод л дуулаад суудаг болсон. Хичээлдээ сайн, ялангуяа математик, байгалийн ухааны хичээлд дуртай хүүхэд байлаа даа, миний хүү. Миний хувьд сүрхий дэмжсэн юмгүй дээ. Даруу төлөв байхыг зааж сургасан. Өөрт нь жаахан авьяас байсан байх. Сонирхлоороо болог гээд орхисон. Харин хөлбөмбөгт сайн, сагс хөөрхөн тоглодог хүү байсан.

-Танай удамд урлагийн хүн бий юу?

-Миний талд дуулж хуурддаг хүн байхгүй. Би дөрвөн охинтой. Миний хань Н.Пүрэвсүрэн УБДС-д оюутан байхдаа чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин явсан, алдарт Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Т.Артаг нартай 1970 онд Канадын Эдмонтон хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож явлаа. Харин хүргэн Д.Тайванбаатар аймгийн хурц  арслан цолтой, хоёр хүү нь сайн барилддаг.

Энх-Эрдэнийн маань аав ээж гадаадаас ирээд зургаадугаар хороололд байр худалдаж аваад  хүүгээ гэрийнхээ ойр Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуульд оруулсан юм. Сонирхлыг нь дэмжиж аав нь гитар авч өгсөн, хааяа хүргэнийд очиход зээ хүү өрөөндөө ганцаараа хөгжмөө тоглоод л суудаг байсан даа. Энэ хүүхдийг гитар тоглодог, дуулдгийг сургууль, багш нар нь ч эхэндээ сайн мэддэггүй байсан болов уу. Хонхны баяр дээр дуулахад нь дуучин болж магадгүй юм байна гэж би дотроо их тоосон. Хүргэн маань Архангайнх, тэдний талд дуулж хуурддаг, хурдан морь цоллодог авьяастай хүмүүс бий. Хүүхдүүд зун  гэрээрээ хөдөө гадаа явж, эх орноороо  тойрон аялах дуртай. Найр наадамд их очдог байх, сургуульд ордог жил зун хөдөө явж ирээд Энх-Эрдэнэ маань “Айраг шуугин шуугин ислээ...” гээд том хүний дуу сурчихсан ирж билээ. Сонсгол, ой сайтай хүүхэд дээ.

-2016 онд болсон “Авьяаслаг монголчууд” шоуны үеэр та сэтгэл их догдолж байсан биз?

-Эхлээд сайн ойлголгүй хүүгээ хэд дүгээрт явж байгааг нь мэдэхгүй, “Шоу нэвтрүүлэгт орж байгаа нь үнэн үү, зурагтаар хараг­дахгүй юм” гэж суудаг байлаа. Олон сар, удаан хугацаанд тэр шоу болдог юм шиг билээ. Хүүх­дүүдээс асуухад оролцоод амжилттай яваа, сүүлийн шатанд шалгарсан гэж хэлсэн л дээ. Хүүгээ ирэхэд нь шоуны тухайд сонирхвол, ”Эмээ минь, би эхний 32-т багтвал боллоо” гэсэн. Багш нарын дунд яриа хөөрөө  болж байгаа сураг гарч, сурч байсан сургуулиар нь явж дэмжих ажил өрнүүлье гэцгээж, ганц хоёр сургуулиар очлоо. Сүүлийн шатны шалгаруулалт болоход ах дүү нар, хүүхдүүд бүгд манай гэрт цугларч утсаар мессэж бичиж дэмжицгээсэн. Би мессеж бичиж чадахгүй болохоор утсаа хүүхдэд өгч саналаа нэмэрлэж, сэтгэл догдлоод л хүлээж билээ.

Шагнал гардуулах ёслол Монгол TV дээр болоход  биднийг урьж оролцуулсан. Зураг авч баталгаажуулаад дараа шагналыг нь дансаар  шилжүүлсэн. Хүүгийн минь авьяасыг нээж өгсөн Монгол TV болон зохион байгуулагчдад баярлаж явдаг юм даа.

-Та нийгмийн сүлжээнээс Энх-Эрдэнийн талаар бичсэн зүйлийг уншдаг биз дээ?

-Би фэйсбүүк дээрээс хүүгийнхээ тухай бичсэн зүйлийг олж уншиж, сэтгэгдлээ нэмдэг болсон. Таван жилийн өмнө Америкт болсон дэлхийн шилдгүүд цуглардаг “World`s Best” шоунд оролцоход,”Та англи хэл мэдэх үү?” гэж асуудаг даа. Хүү минь ярианы хэлтэй ч нэвтрүүлгийн журам ёсоор “Мэдэхгүй” гэж хариулах ёстой байж л дээ. Англи хэл мэдэхгүй ч англи хэлээр сайн дуулж байна гэж олон нийтэд ойлгуулах учиртай байсан байх. Хүүгийн минь дууг хүмүүс сайхан хүлээн авч сонсдог, тэр тухайгаа бичсэнийг нь унших дуртай.

Миний ойлгож байгаагаар түүний дуулдаг стилиэс нь өөр Америкийн ардын дуу дуулуулахыг санал болгодог юм шиг санагддаг. 300 гаруй сая америкчуудын сэтгэлд нийцүүлэх нь шоуны баг хамт олны зорилго биз дээ.

 

 

-Өөрт нь хөгжмийн болон англи хэлний багш тусдаа  байдаг уу?

-Англи хэл сурч байгаа, зав муутай юм даа. Нэг дуу сурч бичүүлэхэд хугацаа их шаарддаг бололтой. Б.Чулуудайн бичлэгийн студитэй хамтарч ажиллаж уран бүтээлээ хийж байна. ”Амьдрал баян” цомгоо гаргасан. Эртээд “Арван тавны сар” дууг нь сонссон, сайхан дуулж байна лээ. Гэрээгээр ажилладаг хүн хэзээ хаана дуулах хэрэгтэй, тэнд очдог. Сая Архангайд болсон Мөсний баярт дуулж харагдана лээ. Дандаа л яаруу цаг завгүй явдаг ч надтай уулзаж үнсүүлэх гээд сүү, чихэр, амттан бариад ирдэг юм. Гулжганасан өндөр залуу шүү дээ. Ажил хийж яваа юм болохоор зав гарсан үедээ гэрийнхнийгээ хоолонд урьж тансаглуулна аа. Би хүүгээрээ бахархаж суудаг даа.

-Мэргэжил сонгоход нь та санал бодлоо хэлсэн үү?

-Математик, физикийн хичээлдээ их сайн байсан. Дунд сургуулиа амжилттай төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтад дээгүүр жагсаж, нисэгч болно гээд ШУТИС-ийн нисэхийн инженерийн ангид элссэн. Хүүхдийн сонирхол тогтворгүй, өөрчлөгддөг юм билээ, жил сураад Эрдэнэт хотдоо ирж Технологийн сургуулийн Цахилгааны инженер, автоматжуулалтын ангид сурч төгссөн. Оюутан байхдаа ШУТИС-ийн хэмжээнд болдог оюутны урлагийн наадамд багаараа түрүүлж, 2016 онд “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож олонд танигдаж эхэлсэн. Сэтгэх,эргэцүүлэх, дүгнэх, хийсвэрлэн бодохдоо арай л өөр хүүхэд гэдэг нь багадаа мэдэгддэг байсан.

-“Сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг” гэдэг. Шавь нараа хамгийн ойлгож,мэдэрдэг хүмүүс бол багш нар. О.Энх-Эрдэнийн нэгдүгээр ангийн багш Ш.Мөнхжаргал, морин хуурын багш Д.Аюурзана, физикийн багш М.Батзаяа нартай ярилцахад түүний тухай сонирхолтой түүх өгүүлсэн юм.

Багш Ш.Мөнхжаргал:

-Би дөнгөж багш болоод анхны зургаан настныг сургуульд элсүүлдэг тэр жил есдүгээр бага сургуулиас багшийн хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Туршлагатай захирал Д.Долгорсүрэн багшаас их зүйл сурч, байнга асууж зөвлөнө. Даасан ангид минь О.Энх-Эрдэнэ гэж хөөрхөн шар хүү байсан. Багын хэрсүү, бие даасан хүү. Хичээл зааж байхад их сониучхан, тоо бодоход урвуу хариуг олох, “Хэрэв ингэсэн бол яахав багш аа” гээд шулуухан ярина. Хичээл дээр идэвхтэй, яриа мөртлөө хүүхдүүдтэй төдий л нийлж гүйж харайхгүй, сургуулийн коридорт радиогоор явах С.Жавхлангийн дууг дагаад дуулж зогсож харагддагсан. Үсэглэлийн баярт бэлдэж дуу хөгжмийн Ц.Сэргэлэн багш О.Энх-Эрдэнээр “Ъ, Ь” /Хатуу, зөөлний тэмдгийн тухай/ дууг гоцолж дуулуулахад микрофон бариад өөртөө маш итгэлтэй дуулж билээ. Аав ээж нь гадаадад байхад санаж урвайхгүй, бие даасан, хичээлийн дараа эмээгийнхээ өрөөнд даалгавраа хийж, хичээлээ давтаад суудаг даруу хүү байсан. Тоо,зургийн хичээлд сонирхолтой, ер нь танин мэдэхүйн авьяастай, амандаа байнга л дуу аялчихсан явдаг байсан.

 

 

Морин хуурын багш Д.Аюурзана:

-Морин хуур заалгахаар анх ирж байсныг санаж байна. Мэргэжлийн морин хуур хөгжим барьчихсан, Д.Долгорсүрэн багштай хөтлөлцөөд ирдэг байсан. Сонсгол, тогтоох чадвар сайн ч өөрөө нэг их хүчлээгүй, жил суралцаад орхисон. Уг нь нагац эгчийнх нь хоёр хүү Хөгжмийн сургуульд сурч морин хуур сайн тоглодог болохоор тэднийхээ нөлөөнд ороод сонирхоод сурах болов уу гэж харж байсан ч хүсээгүй. Гэхдээ хүүхэд зан нь одоо ч хэвээрээ, Эрдэнэтэд ирэхээрээ мэнд ус асууж уулздаг. Зөв хүмүүжил төлөвшилтэй хүү гэж багшийн хувьд дүгнэдэг.

Багш М.Батзаяа: 

-Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуульд О.Энх-Эрдэнэ шилжин ирж суралцсан. 2013 онд төгсөх ангийнх нь анги удирдсан багш математикийн Г.Баяраа байсан. О.Энх-Эрдэнэ тооны хичээлд сайн, физикт их сонирхолтой, би физикийн гүнзгийрүүлсэн сургалттай тэдний ангид хичээл заадаг байлаа.

Физикийн улсын олимпиад 2010 онд Эрдэнэтэд болоход О.Энх-Эрдэнэ есдүгээр ангийн төрөлд аймагт шалгарч оролцсон юм. Олимпиадын өглөө унтаж  хоцроод санд мэнд орж ирэхдээ үзгээ мартчихсан байж ,шалгагч багшаас “Улаан өнгийн бал байна, бичиж болох уу“ гэж асуухад зөвшөөрсөн. Тэгсэн шалгалтын комиссынхон энэ хүүхэд таних тэмдэг болгож улаан өнгийн балаар бичсэн гээд 0 оноо тавьж бөөн хэрэг мандсан даа. Уг нь даалгавраа алдаагүй сайн гүйцэтгэсэн байсан, шалгагч багш улаан балаар бичих болсон тухайд  тэмдэглэл хөтлөөд, эсвэл Энх-Эрдэнэ багшаас хөх өнгийн бал гуйж аваад даалгавраа бичиж болох байсан. Нэг тийм хэнэггүй гэмээр зан хааяа цухалздаг. Комиссын гишүүд ярилцаад даалгавраа алдаагүй сайн гүйцэтгэсэн тул  түрүүлэх байсан ч нэг байр ухрааж билээ. Ер нь бол бодох, задлан шинжлэх, сэтгэлгээ сайтай сурагч байсан.

Манай сургуульд сурч байхдаа төгсөлтийн баярын өмнө дуулдаг авьяас нь илэрсэн дээ. Багш нар бид тоонд авьяастай юм гээд Энх-Эрдэнээр тоо бодуулаад л, дуулах авьяасыг нь хөгжүүлэхэд анхаа­раагүй юм шиг санагддаг гэв.

Дуучин О.Энх-Эрдэнэ ийнхүү Эрдэнэт хотод төрж өссөн, жирийн л нэг айлын хүүхэд. Багш нагац ээж, эгч нарын буянаар хичээлдээ идэвхтэй суралцдаг, даруу төлөв хүү болж хүмүүжиж төлөвшжээ. Америкчуудын дуртай кантри төрөл түүний хоолойд тохирч, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч болсон. 2019 онд дэлхийн нэр хүндтэй “World`s Best” шоунд авьяасаа сорьж, харин энэ удаад “America`s Got Talent:Fantasy League” шоунд  урилгаар оролцох 40 оролцогчийн бүрэлдэхүүнд багтаж,эхний шатанд шүүгчдээс өндөр үнэлэлт авч,үзэгчдийг гайхшруулж байна. Шоуны хатуу шүүгч Саймон Коулл тэсэлгүй  түүнийг дуулсны дараа “Ам барьж дуулсан уу?” гэж асуусан нь том үнэлэлт гэж бодож байна. О.Энх-Эрдэнийн хувьд жааз, кантри урсгалыг сонирхож, дууныхаа үгийг маш мэдрэмжтэй дуулдаг, элдэв маяггүй, түүртэх зүйлгүй дуулахыг нь сонсоод байгалиас заяасан тэр сайхан хоолой Монгол залууг дэлхийд таниулж байгаад бахархаж буй. Дуу бүрийг нь сонсож сэтгэлийн таашаал эдэлж буй сонсогчид, шүтэн бишрэгчид нь дэлхийд гайхагдсан нэр хүндтэй энэ тэмцээн, шоуны ялагч болоосой хэмээн хүсэж  байгаа нь лавтай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Л.Янжиндулам (43.242.243.33) 2024 оны 01 сарын 28

Долгорсүрэн багшдаа болон авъяаслаг зээ хүү 2т баяр хүргэж, Энх -Эрдэнэдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Сайхан ярилцлага болжээ.

0  |  0
Top