Засгийн Газар, Булган аймгийн онцгой комиссын хамтарсан шийдвэрийг танилцуулж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 26

 

Засгийн Газрын “Шуурхай бүлэг III”, Булган аймгийн онцгой комиссын хамтарсан хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Монгол Улсын Засгийн газар 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын “Шуурхай бүлэг III” Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан, Баян-Агт сумдын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Булган аймгийн онцгой комисс /Б.Ариун-Эрдэнэ/-т үүрэг болгож байна. Үүнд:

1. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан, Баян-Агт сумдын зудын эрсдэлийн үнэлгээг дахин хийж, төмөр зудтай үнэлэгдсэн сумдад дэмжлэг үзүүлэх тусгай төлөвлөгөө гарган ажиллах,

2. Сумын аюулгүйн нөөц дууссан, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн сумдад улсын нөөцөөс нэмэлтээр өгөх тэжээлийн дэмжлэгийг “Шуурхай бүлэг III”-ын санал дүгнэлтэд үндэслэн дараах байдлаар хуваарилах, Үүнд:

Хуваарилах тэжээлийн хэмжээ [тонн]

1 Баяннуур 20

2 Дашинчилэн 20

3 Рашаант 15

4 Гурванбулаг 15

5 Могод 10

6 Сайхан 10

7 Баян-Агт 10

НИЙТ 100 тн

3. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолын дагуу өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн сумдад аймгийн төсөвт зохицуулалт хийх замаар мөнгөн дэмжлэг үзүүлэх ажлыг “Шуурхай бүлэг III”-ын санал дүгнэлтэд үндэслэн зохион байгуулах, Үүнд:

Аймгийн төсвийн зохицуулалтаар олгох нэмэлт санхүүжилтийн хэмжээ [сая.₮]

1 Баяннуур 30.0

2 Дашинчилэн 30.0

3 Рашаант 15.0

4 Гурванбулаг 30.0

5 Могод 15.0

6 Сайхан 15.0

7 Баян-Агт 15.0

НИЙТ 150.0

4. Энэхүү шийдвэрийн 4 дэх хэсэгт заасан мөнгөн дэмжлэгийг дараах чиглэлээр ашиглахыг сумдын Засаг дарга нарт зөвлөх

4.1. Цасанд хаагдсан зам, давааг нээх техник хэрэгслийн түлш, шатахууны зардалд

4.2. Өвс, тэжээлийн дэмжлэг шаардлагатай өрхүүдэд өвс, тэжээл худалдан авах, түгээх, түүнд шаардлагатай түлш шатахууны зардалд

4.3. Өвс, тэжээл татан авахад өмнө нь үүссэн шатахууны өр төлбөрийг барагдуулахад

4.4. Эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай өрхөд хүргэх шатахуун болон эм тарианы зардалд

5. Эрсдэл өндөртэй сумдын Засаг даргын нөөц, давсан орлогыг зудын эрсдэлийн хариу арга хэмжээнд зарцуулах эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх,

6. Сумын эрүүл мэндийн төв /Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан, Баян-Агт/ Засаг даргын Тамгын газар /Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан, Баян-Агт/-т туулах чадвар өндөртэй авто машины төсвийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэх

7. Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, үүргийн дагуу төрийн цэргийн байгууллагаас туулах чадвар сайтай нэгж техникийг хүндэрсэн сумдад хуваарилан цасанд хаагдсан зам даваа гаргах, өвс тэжээл хүргэх автомашинуудад эвдрэл гэмтэл гарч байгаад Улсын Онцгой комиссын Шуурхай штаб, холбогдох байгууллагад мэдэгдэж шуурхай засварлуулах, нэмэлт нэгж техник татан байршуулж, хэвийн ажиллагааг хангах арга хэмжээ авах

8. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, татан авах ажиллагааг зохион байгуулах, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлээр ирэх малд гоц халдварт өвчний идэвхтэй болон идэвхгүй тандалтыг зохион байгуулах зардлыг шийдвэрлэх

9. Даарч муудсан малыг хурдан сэргээх, тэжээлийн дутагдлаас бүрэн гаргаж эмчлэх, малын эм бэлдмэл, нэмэлт тэжээл, амин дэм, эрдэс, амин хүчлийг хэрэглэхдээ мал эмнэлгийн хүрээлэн болон мэргэжлийн бусад байгууллагын зөвлөмж, зааврыг дагах

10. Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг аймаг, сумдын хэмжээнд төлөвлөж, хүн хүч, техник хэрэгслийн тооцоог нарийвчлан гаргаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах

11. Аймаг, сумдын шуурхай штабт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин, илүү цагийн хөлсийг тооцож олгох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх

12. Зудын улмаас амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчин өрхийн тоо мэдээг нарийвчлан гаргаж, малжуулах хөтөлбөрт хамруулах арга хэмжээг зохион байгуулах, олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас олгох тусламжийг давхардуулахгүй байх

13. Шар усны үер, малын сэг зэмийн устгалд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгох 50,0 сая төгрөгийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зарцуулах, хяналт тавих, тайлагнах

14. Шар усны үер, малчдын хаваржааны цасыг гаргах, малын сэг зэмийг устгах, цасанд хаагдсан зам давааг нээх ажлыг Нийтийг хамарсан ажлын хүрээнд зохих журмын дагуу санхүүжүүлж, зохион байгуулах,

15. Зудын эрсдэл өндөр сумдын дотуур байрын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх зураг төсвийг боловсруулан, орон нутгийн болон улсын төсөвт суулгах

16. Гар утасны сүлжээгүй Дашинчилэн сумын Доргонт баг, Могод сумын Баян-Уул баг, Баянгол баг, Баяннуур сумын Хан шахайт баг, Шар тал баг, Баян-Агт сумын Шарга баг, Баянзүрх баг, Баянхайрхан баг гэх нийт 4 сумын 8 багийг интернэт сүлжээгээр хангах санхүүжилтийг Бүх нийтийн үүргийн сангийн эх үүсвэрээс шийдвэрлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгах

17. Малын хорогдол 6 хувиас давсан сумдын малчин өрхүүдэд индексжүүлсэн даатгалын үнэлгээ хийлгэж, даатгалаас нөхөн олговор олгох ажлыг шуурхай зохион байгуулах

18. Малчдад туслах аян, сайн дурын ажил зохион байгуулах

19. Улсын Онцгой комиссын орлогч даргын шийдвэрээр нэмэлтээр олгох мөнгөн дэмжлэг үзүүлэх ажлыг “Шуурхай бүлэг III”-ын санал дүгнэлтэд үндэслэн зохион байгуулах, Үүнд:

Улсын Онцгой комиссоос олгох нэмэлт санхүүжилтийн хэмжээ [сая.₮]

1 Баяннуур 15.0

2 Дашинчилэн 15.0

3 Рашаант 15.0

4 Гурванбулаг 15.0

5 Могод 15.0

6 Сайхан 10.0

7 Баян-Агт 15.0

НИЙТ 100.0

20. Шийдвэрийн биелэлтийг 7 хоног бүр Засгийн газрын “Шуурхай бүлэг III”-т танилцуулж байхаар тус тус шийдвэрлэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top