Израилд жагсагчид ээлжит бус сонгууль явуулахыг шаардав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 01

Израилд өнгөрсөн ням гарагт олон мянган жагсагчид Кнессет парламентын ордны өмнө цугларч, ээлжит бус сонгууль явуулах, Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг суллах тухай хэлэлцээр даруй байгуулахыг шаарджээ.

Хагас жил шахам үргэлжилж байгаа Хамас, Израилын мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа болж буй эсэргүүцлийн цуглаанд 100 мянга гаруй хүн оролцсон байна. “The Jerusalem Post” хэвлэлд онцолсноор, жагсагчид ээлжит бус сонгууль явуулах, барьцаанд байгаа хүмүүсийг суллах талаар хэлэлцээр байгуулах, Кнессетийн чуулганы завсарлагыг хүчингүй болгохыг шаардаж байна. Жагсагчдын үзэж буйгаар, барьцаанд буй хүмүүс суллагдаж, мөргөлдөөний улмаас орон гэрээсээ дайжсан израилчууд гэртээ харих хүртэл хууль тогтоогчид ажиллах ёстой. Жагсагчид автозамуудыг хааж, түүдэг гал асаан эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд тэднийг тараахын тулд хүчнийхэн даралттай ус зэргийг ашиглажээ.

Сүүлийн долоо хоногт Израилд эсэргүүцлийн жагсаал, цуглаан идэвхжиж эхэлжээ. Хамас Израилд халдахаас өмнө шүүхийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top