Эстонийн парламент орон нутгийн сонгуульд Орос, Беларусын иргэдийн санал өгөх эрхийг хасах нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр олонхын саналаар дэмжсэн байна.
Эстонийн эрх баригч эвслээс өргөн барьсан уг хуулийн төсөлд тус улсад оршин сууж байгаа НАТО, Европын Холбооны гишүүн орнуудын иргэд болон харьяалалгүй иргэдийн санал өгөх эрхийг хэвээр үлдээсэн ажээ. Орос, Беларусын иргэдийн санал өгөх эрхийг хасах уг хуулийн төслийг одоо хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг парламент гурван удаа хэлэлцэх ёстой аж. Үүний дараа 2025 оны дөрөвдүгээр сарын үед Эстонийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж болзошгүй юм байна. Харин орон нутгийн сонгууль нь 2025 оны аравдугаар сард болох ёстой ажээ.
Аравдугаар сарын 25-нд Эстонийн Дотоод хэргийн сайд, Социал-демократ намын дарга Лаури Ляэнеметс Украинд явуулж байгаа Оросын цэргийн тусгай ажиллагааг буруушаагаагүй ОХУ-ын иргэдийн санал өгөх эрхийг хязгаарлахыг засгийн газарт санал болгоно гэж мэдэгдэж байжээ. Харин Эстонийн Ерөнхий сайд, эрх баригч Шинэтгэлийн намын дарга Кристен Михал тус улсад оршин сууж байгаа ОХУ, Беларусын бүх иргэний сонгуульд санал өгөх эрхийг хасахыг уриалсан байна.
Эстони болон Латвид иргэн бус гэсэн ангилал байдаг бөгөөд энэ ангилалд багтсан хүмүүс төрийн байгууллагад ажиллах, улс төрийн байгууллагад нэгдэх, парламентын сонгуульд санал өгөх эрхгүй ч орон нутгийн сонгуульд саналаа өгдөг байжээ. Ийм хүмүүс нь саарал өнгийн паспорттой байдаг ба тэдний олонхи нь орос хэлтэй оршин суугчид юм.
Сэтгэгдэл ( 2 )
Украйны түүхийг давтахгүйн тулд үүнээс өөр яалтай билээ, орос хэлтнүүд байсан цагт газар нутаг таслах, оростой нэгдэх гээд л бөөн яршиг төвөг, дайн дажин болно шд. Тэгэхээр энэ бол зөв алхам.
тэнэглэл