Цөмийн үйлдвэр мөрөөдөж байхаар усан цахилгаан станц, бусад эх үүсвэртээ анхаар

4 цагийн өмнө

Цахилгаан, эрчим хүчний хомсдол дагаад дараагийн эх үүсвэр хэрэгтэй хэмээн амтай бүхэн цоролзож байна. Монгол Улсад эрчим хүчний дараагийн эх үүсвэр яах аргагүй хэрэгтэй болсон төдийгүй үүнтэй зэрэгцээд уран хэмээн тойроод маргаж байна. Тэр ч бүү хэл Цөмийн цахилгаан станц барих тухай халууран маргаж байгаа нь “Алаагүй баавгайн арьсыг хуваах”-ын үлгэр болж байгаагаас цааш хэтрэх зүйл биш л болов уу. Цөмийн цахилгаан станц барихгүй юм гэхэд ураныг бол олборлоно. Хайгуул судалгаа нь бэлэн болчихсон, дэд бүтцээ шийдчихсэн, Засгийн газрын хэмжээнд хүлээн зөвшөөрчихсөн, олборлох улс нь ороод ирчихсэн, хөрөнгө оруулалтын гэрээ юу юугүй зурагдах гэж байгаа учраас уран олборлож таарна. Төсөлд хамтарч буй Франц улс бол улсынхаа цахилгаан эрчим хүчний 70 хувийг цөмийн реактораар үйлдвэрлэдэг, гүрэн дамжсан ураны чиглэлийн корпорацитай туршлага бүхий орон.

Монгол Улс баруун бүсэд 90 МВт-ын хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барьж байна. Мөн зүүн талдаа 600 МВт-ын Бөөрөлжүүтийн усан цахилгаан станц гэх зэргээр эх үүсвэрээ нэмэгдүүлэх оролдлого хийж байгаа ч ажил нь урагштай биш. Гэтэл усан цахилгаан станцаа марттал уран ярих болов. Бид дотооддоо маргаад байгаа болохоос биш уран олборлох, цөмийн цахилгаан станц барих тухай асуудал бол тийм ч амар бүтчихгүй. Цөмийн салбарт магнат болсон Франц улсын энэ салбар ч тийм амар хялбар оршин тогтноод байгаа зүйл үгүй юм. Элдэв цаг үеийн сорилтуудтай нүүр тулсаар ирсэн салбар. Тэгвэл дэлхийд данстай Францын аварга том Electricity de France компани  2023 оны эхний хагаст эдийн засгийн хүндрэлд орж түүхэндээ 5.3 тэрбум еврогийн алдагдалтай ажилласан. Энэ нь Орос, Украины дайн болон цахилгаан эрчим хүчний үнэ тарифын хэлбэлзлэлээс шалтгаалсан. Тухайн компанийн өр сүүлийн 15 жил гурав дахин өссөн, 2007 онд 16.3 тэрбум евро байсан бол 2023 оны эхний хагас жилийн байдлаар 42.8 тэрбум евро болсон гэх зэрэг эрсдэл байна. Эрчим хүчний томоохон эх үүсвэрийнхээ эхнийхийг 1979 онд, дараагийн эх үүсвэрийг 1987 онд оруулсан. Одоо гуравдагч эх үүсвэрийг ирэх онд оруулахаар төлөвлөсөн байна. Энэхэн хэсгээс харахад дэд бүтэц, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, алдагдал гээд тийм ч амар харагдахгүй. Тэгэхээр бидний маргаан дэгдээгээд байгаа ураны салбар Франц улсад хэрхэн оршин тогтнож байгаа талаар зарим мэдээлэл хүргэе.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТООР ЖИЛД ГУРВАН ТЭРБУМ ЕВРО ОЛОХ ТООЦОО ГАРГАЖЭЭ

 

Франц улсын Засгийн газар нь 2014 онд цөмийн реакторуудаа 50 хувиар багасгаж бодлогоо өөрчилсөн ч Ерөнхийлөгч Эммануэл Макрон Европын өмнө тулгарсан эрчим хүчний эрсдэлийг бодитой олж харж бодлогоо дахин өөрчилжээ. Тэрээр 2022 оны хоёрдугаар сард мэдэгдэхдээ, улсдаа нэмж зургаан шинэ цөмийн реактор барих, мөн дээр нь хэтийн төлөвтөө наймыг барих чиглэл өгчээ. Тэгээд ч Франц улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өөрийн өртөг нь хямд тул гадагш экспортлож, нэг үгээр жилд дунджаар гурван тэрбум еврогийн ашиг олох тооцоо гаргасан байна. Нийт улсынхаа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 17 хувийг цөмийн хоёрдогч түүхий эдээс үүсвэр болгон ашиглаж, түүнийг экспортод гаргах ба гол худалдан авагч нь Британи, Итали юм байна. Дэлхийд тэргүүнд орох босоо удирдлагатай монопол эрчим хүчний Electricity de France (EDF) компани Францын нэг нэрийн хуудас нь. Түүний чадварыг сорих цаг эдүгээ ирээд байна. Өнөөгийн цаг үе энэ компаниас маш хүчтэй бизнесийн үдирдлагын үйл ажиллагаа шаардаж байна. EDF компани нь эрчим хүчний шилжилтийн шинэ бодлогыг энэ цаг үед хэрэгжүүлж чадахаас өөрөөр байх аргагүй. Эх орныхоо цөмийн эрчим хүчний салбарт шинэ санхүүгийн зохицуулалт хийх, үнэ тариф өсөхөөс хамгаалах, компанид бүтцийн шинэ зохион байгуулалт хийх зэрэг арга хэмжээ авч, тэгснээрээ үндэсний тэргүүлэгч компани хэвээр үлдэх явдал чухал ажээ.

 

ҮЙЛДВЭРЛЭЛ БАГАССАН ТАВАН ШАЛТГААН

 

Цөмийн реактороор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээ ийнхүү багасгасан нь дор дурдсан сөрөг таван шалтгаанаас болжээ. Нэгдүгээрт, Франц улсын эрчим хүчний талаарх батлагдсан Гранд Каренаже хөтөлбөр гэж бий. Энэ хөтөлбөрөөр 2014-2025 оны хооронд ажиллаж байгаа болон ажиллагаанд оруулсан бүх цөмийн реакторуудын техникийн аюулгүй ажиллагааг хянаж үзнэ. Цөмийн реакторын аюулгүй ажиллагааны дүрмэнд дундаж хугацааг 37 жил гэж үздэг аж. Хоёрдугаарт, нарийвчилсан цаг хугацаанд явагддаг реакторуудын засвар үйлчилгээ нь ковид хэмээх цар тахлаас шалтгаалж хийгдээгүй график алдагдсан. Гуравдугаарт, зарим хоолой элэгдэж зэвэрснээс болж 12 реакторыг зогсоож, техникийн үзлэг явуулсан. Учир нь насжилттай холбоотой элэгдэл хоргодол бий болж байгаагаас үүдэлтэйг дурджээ. Дөрөвдүгээрт, сүүлийн нэг жилийн цаг агаарын тааламжгүй халуун болон хуурай байдал цөмийн реакторуудыг хөргөхөд саад учруулж температурыг буулгах буюу хүчин чадлыг нь багасгах горимонд оруулсан. Тавдугаарт, Flamanville-3 (1,630 MW) цөмийн реакторын барилгын ажил 2007 оноос эхэлсэн ч явцын дунд удааширч 2012 ашиглалтад өгөх байсан бол одоо 2025 он болж хойшилсноос болжээ.  Дээрхи хугацаанд Франц нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээ багасгасан. Учир нь хуурай нүүрс ба шингэн түлш дээр суурилсан цахилгаан станцуудаа агаар орчинг бохирдуулахгүй гэсэн зорилгоор бүрмөсөн хаагаад байна. Улсын цахилгаан эрчим хүч үйлдэрлэл нь хумигдаж, нөгөө талдаа энэ онд эрчим хүчний хэрэглээ улам өсч, түүнийгээ нөхөхийн тулд түүхэндээ анх удаа Германаас 14 GW цахилгаан эрчим хүч импортлосон мэдээ байна. Гэвч дээрхи бэрхшээлийг даван туулах Засгийн газрын хөтөлбөр бэлэн байна. Цөмийн эрчим хүчээр түүнийгээ хэрэгжүүлнэ. Цөмийн эрчим хүчийг дэмжих зорилгоор одоо ажилаж байгаа реакторуудын дундаж наслалтыг 50 жилээс дээш болгон уртасгаж, дээр нь нэмээд 6-14 цөмийн том ба бага хэмнэлийн системийн реакторуудыг 2050 он гэхэд ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ.

 

ФРАНЦ 2060 ОН ГЭХЭД ЭРЧИМ ХҮЧНИЙХЭЭ 50 ХУВИЙГ ЦӨМИЙН ЭНЕРГИЭС ҮЙЛДВЭРЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

 

Том оврын цөмийн реакторууд 2028 оноос барилга байгууламжаа эхлүүлнэ, 2035 онд ашиглалтад өгнө. Эхний бага оврын хэмнэлттэй горимд ажилладаг цөмийн реакторыг 2030 оноос ашиглалтад оруулна. Францын Засгийн газрын шинэ төлөвлөгөө маш тодорхой бөгөөд 2012-2021 онд явуулж байсан ойлгогдохгүй бодлогоо засч, маш тодорхой зохион байгуулалт, зорилго чиглэлтэй болгож байгаагаараа үнэтэй бөгөөд ач холбогдолтой хэмээн гадаадын эрчим хүч судлаачид тэмдэглэж байна. Францын эрчим хүчний үндэсний хөтөлбөрт 2050 он хүртэл алсын бодлогоо тодорхойлохдоо нүүрс төрөгчөөс ангид байхыг зааж, 2060 он гэхэд бүх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн хэрэглээний 50 хувийг цөмийн энергиэс, үлдсэн 50 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэнэ гэж заажээ.

Энэ төлөвлөгөг хэрэгжүүлэх үндсэн хөшүүрэг нь цөмийн реакторуудын ашиглалтыг уртасгаж, дээр нь бага жижиг оврын хэмнэлттэй горимонд ажлладаг реакторуудыг ашиглалтанд оруулах явдал юм. Мөн одоо дэлхий дахинаа нүүрлэн буй эрчим хүчний хямрал, үнэ тарифын өсөлтийн эсрэг тухайн салбарын аюулгүй байдлыг хангахыг Францад онц чухлаар авч үзэж байна. Энэ түүх нь 1970-аад оны үед анх газрын тосны хямралаас үүдэлтэй бий болжээ. Тухайн үед газрын тосны том тоглогч Булангийн орнууд Араб-Израилийн мөргөлдөөнтэй холбогдуулж олборлолтоо түр зогсоож, мөн Иранд лалын хувьсгал ялснаас болж газрын тосны үйлдвэрлэл хомсдож эрчим хүчний хямрал дагалдаж байжээ. Тэр үеэс Франц нь цөмийн эрчим хүч ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөө мөрдөж, хатуу түлш-нүүрснээс татгалзсан түүхтэй. Дээрхи төлөвлөгөө амжилттай хэрэжиж биеллээ олсноор 50 жилийн дараа  нийт цахилгаан эрчим хүчний 70 хувь цөмийн энерги ашиглан үйлдвэрлэж байна. Тус улс 1978-1999 онд нийт 56 цөмийн реакторуудаа төвийн эрчим хүчний шугам сүлжээнд холбосон. Энэ бүхнээс дэлхий дахин дүгнэлтээ хэдийнээ хийгээд байна. Юу гэвэл цөмийн эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх Францын арга оновчтой зөв гэж үзжээ. Франц улс нь ураны нөөцгүй улс. Гэтэл цөмийн эрчим хүчээр дэлхийд нэгдүгээрт гараад ирсэн байдаг. Ураны тээвэрлэлт, хадгалалт, хэрэглээ аюулгүй, түүнийг аюулгүй байлгаж болдог гэдэгт Франц баталгаа гаргаж өгснөөрөө олон улсын ач холбогдолтой гэж үзэж байна.

 

ФРАНЦ ELECTRICITY DE FRANCE КОМПАНИЙГ 100 ХУВЬ ТӨРИЙН МЭДЭЛД АВЧЭЭ

 

Нигериа, Казахстан, Узбекистан, Австралиас экспортолж байна. Энэ нэрс дээр Монгол гээд багтчихвал манай экспортын орлого суга өснө гэж би боддог. Францтай цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гуравдагч хөршийн эдийн засаг-хөрөнгө оруулалтын томоохон ололт байх болно. Манай 3.5 сая хүн амыг эрчим хүчээр тасралтгүй хангахад бага оврын ганц хоёр цөмийн реактор байж болно, энэ бол биелэшгүй мөрөөдөл биш, биелүүлж болно гэдгийг салбарынхан хэлдэг ч нөгөө талд хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг. Тэгэхээр Францын туршлагаас цааш сөхье. Цөмийн энерги ашиглах нь төрөл бүрийн асуудал, шийдвэрлэх зорилт ар араасаа дагуулдаг нь мэдээж юм. Түүнийг шийддэг механизм нэгэнтээ төлөвшин тогтсон. Тиймдээ ч Франц улс нь дотоодын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ ихэнхи хувийг цөмийн эрчим хүчнээс хангасаар байна. Electricity De France (EDF) компанийн төрийн өмч 84 хувь байсныг буцаагаад 100 хувь төрийн өмчит компани болгож хувьчлах шийдвэр гаргасан. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ төр мэдэлдээ авч, захиран зарцуулахаар болж байна гэсэн үг. Улс орны эрчим хүчний өнөөгийн аюулгүй байдал, шилжилтийн үед эрчим хүчний салбартаа бүрэн хяналт тавих, хувьцаа эзэмшигчдийн зүгээс тогтворгүй үйлдлүүдийг хянах, хэрэглэгчдэд хэл үггүй түгээх, цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг тогтвортой байлгах гэхчлэн олон зорилтоос энэ шийдвэр угшилтай. Гол нь хэрэглэгчдэд учрах болзошгүй эрсдэлүүдээс найдвартай хамгаалах явдал юм. Дээр нь нүүрстөрөгчөөс ангид цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үндэсний хөтөлбөртэйгээ өөр хоорондоо уялдна. Энэ бүхэнтэй уялдан Францын эрчим хүчний шинэ төлөвлөгөө батлагдсан. Одоо хэрэгжиж буй Гранд Каренаже программ нь 50 тэрбум еврогийн төсөвтэй. Мөн “Flamanville-3” шинэ реакторын барилга байгууламжинд 23 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Улсынхаа баруун хойд эрэгт Атлантын далай хөвөөлөн суваг дээр баригджээ. Бүтээн байгуулалт явагдаж байна. Гурав дахь бүтээн байгуулалтын багтаамж нь 1.570 MW. Өндөр даралтын усан реактор, хөрөнгө оруулалт нь 12.38 тэрбум евро, дулаан гаргалт нь 4,300MWth, жилдээ 13TWh цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Лав Баруун Европыг эрчим хүчээр өлхөн хангачих аварга бүтээн байгуулалтын тухай товч өгүүлэхэд ийм байна. Ирээдүйдээ цахилгаан эрчим хүчний тэргүүлэгч үйлдвэрлэгч байх бүх нөхцлөө Франц бүрдүүлж байна. Эдийн засгийн ямар ч хэлбэлзлээс хамааралгүй, дээр нь экспортлогч орон байх хэтийн зорилгоо дээдлэн ажиллаж байна. Аливаа нэг их гүрэн бүх салбарт их гүрэн байх албагүй. Тийм бололцоо ч байхгүй. Гэхдээ аль нэг салбарыг голлон, дагнаж үйлдвэрлэх экспортлоход тэргүүлэхэд л болдог гэсэн жишээ сургамжийг Франц ийнхүү харуулна.

ЖИЧ

Цөмийн салбарт тэргүүлэгч улс оронд нөхцөл байдал ингэж үргэлжилж байна. Баримтаас харахад цөмийн цахилгаан станц нь 1979, 1987 онд, сүүлийнх нь 2025 онд гэхээр цаг хугацааны хувьд ч урт байгааг анзаарч байна. Хөрөнгийн хувьд гэхэд ирэх 2025 онд ашиглалтад орох “Flamanville-3” шинэ реакторын барилга байгууламжинд 23 тэрбум еврогийн хөрөнгө зарцуулж байгаа юм. Тэгэхээр бид энд Цөмийн үйлдвэр тойрч хэрэлдээд байх шаардлага байна уу. Асар урт хугацаа, маш том хөрөнгө оруулалт шаардлагатайг энэхэн жишээнээс харж болно. Энэ бүхний ар дээр Монгол Улс эрчим хүчний хувьсгал хийж, эргэлтэд оруулж чадах уу үгүй гэдэг ч эргэлзээтэй харагдана. Харин цөмийн технологи үйлдвэр гэх мэт ахадсан санаа тойрон хэрэлдэж байхаар усан цахилгаан станцуудаа хурдхан шиг ашиглалтад оруулах, нарны зайны гэх мэт өөр бусад эх үүсвэртээ анхаарах нь эрчим хүчний хомсдлоос хурдан гарах хамгийн ойр дөт арга болов уу.  

Цөмийн станц барих таатай цаг ирнэ биз дээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БД(202.179.24.69) 2 цагийн өмнө

Усны Эрчим ХХК 2022 оын 1 сард ЭХЯ-нд Баруун бүсэд өндөр түрэлтийн 670 МВт чадалтай жилд 2.1 тэрум кВтц ЦЭХ үйлдвэрэлн 4 УЦС-ы 644 сая ам.доллараар байгуулж, Монгол Улсыг ЦЭХ-ий дутагдлаас гаргах санал тавьж, ТЭЗҮ боловсруулахад хөрөнгөийн туслалцаа хүүсэ боловч ямар ч дэмжлэг авсангүй. Түүнээс эхний ээлжинд Майхан 72 МВт УЦС-ын ТЭЗҮ өөрийн хөрөнгөөр боловсруулж Баруун 5 аймгийн ЦЭХ-р хангахаар ЭХЯ-д 2024 оны 4 сард батлуулахаар оруулсан боловч одоо хүртэл батлахгүй байна. ЭХЯ төр хувийн хэвшлийн түншлэлээр УЦС байгуулах, ЦЭХ-ий дутагдлаас агижруулах сонирхолгүй бололтой

0  |  0
Зочин(202.9.46.86) 2 цагийн өмнө

Цөмийн цахилгаан станц хямд үнээр цахилгаан үйлдвэрлэх боловч урт хугацаандаа хамгийн үнэтэй цахилгаан станц. Учир нь хаягдлыг нь яах вэ гэдгийг одоо хүртэл шийдэж чадаагүй байна. Газар дор 450 м --ийн гүнд хадгалахаар газар ухаж бэлдэж байгаа улс ч байна. Гэхдээ энэ нь маш их өртөгтэй. Анх цахилгаан станц барих өртөг нь ч мөн маш их. Манай улсын хувьд аймгийн төвүүддээ бага оврын нүүрсний цахилгаан станцуудыг хамгийн сүүлийн үеийн технологиор барьж төвийн сүлжээнд холбон орон нутгаа хөгжүүлэх боломжийг хямд цахилгаан үйлдвэрлэж нээх хэрэгтэй. Технологи нь Японд байна хэрэгжсэн ажиллаж байна.

0  |  1
Ааааа(202.21.107.20) 22 минутын өмнө

Цөмийн эх үүсвэр нь баталгаатай. УЦС нь ямар найдваргүй нь одоо харагдаж эхэлсэн. АЦС гэхээр уран ухаж олборлохтой холбоод байх шиг. Үгүй юмаа. Францууд хэзээ ч Монголд АЦС барьж өгөхгүй, тэд хэзээ ч хүнд зүгээр юм өгдөггүй, хүнээс зүгээр юм авдаг, төлбөрт нь хулхиддаг үндэстэн. Тэгээд ч Францын цөмийн технологи хоцрогдсон. Өнөөдөр цөмийг энхийн ба дайны 2 төрлөөр ашиглахад ОХУ нь Дэлхийд тэргүүлэх технологитой болж хөгжсөн бна.

0  |  1
Top