“Дүүгүүр хээр” шигээ дүүхэлзээд л...

Г.Ганчимэг | Zindaa.mn
15 цагийн өмнө

Могой жилд 70 жилийн тэгш ой нь тохиож байгаа Сүхбаатар аймгийн Наран сум аймгийнхаа хамгийн алслагдсан сумдын нэг. БНХАУ-тай 85 км газраар хиллэдэг, газар зүйн хувьд нүд алдаж, сэтгэл уужрам говь, тал хээрийн бүс зонхилсон өвөрмөц байгалийн үзэсгэлэн, ээрэм их талын хөг анир хосолсон эх орны зүүн өмнөд хязгаар нутагт төрж өссөн нэгэн эрхмийг энэ удаагийн “Хувь заяа” буландаа урилаа. Дархан хилийн бүс, хязгаар нутагт төрж өссөн тэрбээр хожмоо Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон хөгжмийн зохиолч Мижиддоржийн Хатанбаатар юм. 


Өгсөн, авсандаа өлзийтэй “наймаа”
 

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Хатанбаатар “Аавын ээжийг их сайхан дуулдаг хүн байсан гэж нутгийнхан маань дурсан ярьдаг. Хөөрхий, аав маань болохоор багадаа өнчирч үлдсэн. Модоор морин хуур сийлээд сууж байсан ч гэх шиг, төмөр нүхэлж хөрөөдөөд лимбэ болгоод үлээж байсан ч гэх шиг, нэг иймэрхүү зүйлүүд яригдана. Тэгэхээр миний хөгжимд дурлах улбаа гялбаа нь дээд үеэсээ эхлэлтэй ч юм шиг заримдаа санагддаг” хэмээн хуучлав. М.Хатанбаатар ээж ааваас наймуулаа. Тэдэн дундаасаа М.Хатанбаатар л хөгжимд дуртай хүү байж. Яагаад ч юм, хөгжим тоглохсон гэж хорхойсно. Хөгжимтэй болохсон гэдэг туйлын ганцхан хүсэлтэй хүү байв. Хөдөөд хөгжимчин очихгүй, хөгжим олдохгүй. Гэтэл аймгаас нэг залуу гэр бүл шилжиж ирлээ. Наран сумын Намын үүрийн орлогч даргаар Доноров гэдэг хүн ирэв. Дараа жил нь Доноров даргынд шинэ хүн мэндэлжээ.

Тэр үед хүүхдийн тэрэг олддоггүй байж. Хүүхдэдээ тэрэг авах гэж баахан хайж. Хөдөө суманд ховрын бараа яаж байх вэ. Гэтэл найман хүүхэд төрүүлж өсгөсөн Мижиддоржийнд нөгөө хайгаад байгаа хүүхдийн тэрэг нь байж. Хүүхдүүд нь ч овоо болчихсон, гараас гарч байжээ. Тэгээд л Доноров дарга “Танай хүүхдүүд том болчихсон юм чинь тэргээ манайд өгөөч” гэж гуйсан юмсанж. Харин Доноров даргынх гармошка хөгжимтэй “ганган” айл байв. Хатанбаатар жижиг хүүхэд учраас хааяа тэднийхээр орж, нөгөө хөгжмийг харж сэтгэлээ баясгадаг байжээ. Ингээд нэг өдөр аав нь “Донров дарга хүүхдийн тэргээ өгөөч гэж байна. Хүүхдүүд том болсон юм чинь өгье” гэж ярихыг сонсоод “Аав аа, тэднийд нэг гоё хөгжим байгаа. Түүгээр сольж болохгүй юу” гэж асуужээ. Аав нь Доноров даргад “Манай хүү болохоор танай гармошка хөгжмийг сонирхоод байна” гэж хэлтэл “Хүүе, тэг л дээ. Энэ хөгжмийг ав. Харин дүүгийнхээ тэргийг өгчих” гээд л яриа хэлэлцээ шийдэгдэв. Ёстой л өгсөн, авсандаа өлзийтэй, нүдээ олсон “наймаа” болжээ. Түүнээс хойш Хатанбаатар нөгөө хөгжмөөсөө салахаа больж, бүр янз бүрийн хөгжим тоглож сурах суурь нь болсон байна. Сүүлдээ ятга, ёочин ч тоглож сурчээ. Ээж аав нь ч гитар авч өгөв. Энэ бүхэнд их урамшиж, хөгжимд улам дурлаж, Монголын радиогоор маш их дуу хөгжим сонсдог байжээ.


Өвөг дээдсийн ерөөл тогтсон хүү 
 

Сурагч М.Хатанбаатар нэг мэдэхэд л сумын бүжиг, сургуулийн концерт, заставын шинэ жилд хөгжим тоглодог болчихсон байв. Жаалхүүг нутгийн хүмүүс их өхөөрдөнө. Ялангуяа, нутгийн өвөө Бавуу гуай таарах болгондоо “Хүүе, хөгжмийн их зохиолч” гээд л толгойг нь илбэнэ. Тэр үед жаахан хүүхэд ямар хөгжим зохиох билээ. Сурсан хөгжмөө л энд тэнд тоглоод явна. Багадаа ээжийнхээ аавд “Өвөө өө, би танд хөгжим тоглож өгье” л гэж. “Тэгээч, миний хүү” гэхэд “Ямар дуу тоглох вэ” гэж асуухад “Хүү минь, чи “Хадат ухаа”-г тоглоод өг” гэжээ. Тоглож өгөв. Өвөө нь “Хэ, миний хүү чинь ёстой нэг үгийг нь хэлтэл тоглож байна даа” гэж урам хайрлаж хөөргөв. Ийм гайхалтай үг сонсоод тэр үедээ бараг “нисэж” явжээ. Эргээд харахад, нутгийн сайхан өвгөд, дээдсийнхээ их ухаан, амны билгээр хөгжмийн зохиолч болох ерөөл шингэж тогтжээ гэдгийг тэрбээр ойлгосон гэдэг.


Багшийн сэтгэл-Хувь тавилангийн “сюрприз”
 

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын сийлж үлдээсэнчлэн

“...Багш та

Алган дээр

Од тавьдаг шидтэн

Багш та

Амьдралд оч харвуулдаг хүчтэн

Ус мөрнийг

Далайд үдээд

Байрандаа үлддэг уулс юм

Тус бүтээж

Даяныг тэтгээд

Хариу нэхдэггүй өглөгч юм та” гэдэг яруу тансаг мөрүүдийг тэрбээр амьдрал дээр бодитоор туулсан хувь тавиландаа өдгөө талархан сууна. Учир нь М.Хатанбаатар багаасаа хөгжим тоглож сурсан ч хязгаар нутгийн буйдхан ахуйд төрж өссөн хөдөөний хүүхэд. Сургууль, сум, аймагтаа хөгжим тоглодог хүү гэдгээрээ “алдартай” ч зарим зүйлийн нарийн учрыг яаж мэдэх вэ. Юутай ч аравдугаар ангиа төгсөж байж л Хөгжмийн сургуульд явна гэсэн бүдэг бадаг ойлголт, төсөөлөлтэй л явж. Гэтэл наймдугаар ангид ордог намар сургуулийн захирал Но.Дамдинсүрэн дууджээ. Яваад очтол “За, хүү минь. Наймдугаар ангиа төгсөөд яах гэж байна вэ” гэж асуув. М.Хатанбаатар “Би есдүгээр ангид орно. Арван жилээ төгсөөд Хөгжмийн дээд сургуульд явна” гэж “томорлоо”. Гэтэл аавыг нь дуулдуулж байна. Аавыгаа захиралтай уулзууллаа. Аав нь “Хүү өөрөө мэднэ байх” гээд хэлчихлээ гэсээр ирж. Гэтэл Но.Дамдинсүрэн захирал их айхтар, хэрсүү хүн байж. Аравдугаар анги төгссөн хүүхэд ямар ч Хөгжмийн сургуульд орох боломж Монголд байхгүй гэдгийг судлаад мэдчихжээ. Тиймээс энэ хүүхдийг наймдугаар анги төгсөнгүүт Хөгжмийн сургуульд явуулах ёстой гээд дээгүүр баахан гүйжээ.

Хавар боллоо. Тэгтэл М.Хатанбаатарын нэр дээр Багшийн их сургуулийн хөгжмийн ангийн хуваарь ирж гэнэ ээ л гэж дуулдаж байна. Гэтэл захирал нь аль хэдийнэ, намар нь очоод “Манай сургуулийн нөгөө нэг хөгжим тоглодог мундаг хүүд энэ жил хуваарь явуулах ёстой шүү. Энэ авьяастай хүүхдээ бид Хөгжмийн сургуульд явуулна” гээд аймгийн Соёлын хэлтэс, Боловсролын хэлтэст очиж хэлээд явсан байгаа юм даа. Нөгөөдүүл нь хавар хүсэлтийг ёсоор болгож “Но.Дамдинсүрэнгийн захиалсан Хөгжмийн сургуулийн хуваарийг Наран сум руу явуулна шүү" гээд дор бүрнээ хариуцлагатай хандсан байна. Хэрэв сургуулийн захирал Но.Дамдинсүрэн шавийнхаа төлөө тэгж сэтгэл чилээн гүйгээгүй бол өнөөдөр хөгжмийн зохиолч М.Хатанбаатар хаана, юу хийж явах байсан бол. Урлаг, уран сайханд дуртай, хөгжимд чин сэтгэлээсээ хайртай нэгэн байх нь гарцаагүй ч Монгол Улсад нэг сайхан, мэргэжлийн хөгжмийн зохиолч төрөхгүй байсан нь харин үнэн. Учир нь хөгжмийн зохиолч гэдэг хүнийг төрмөл авьяас дээр нь хөгжмийн дээд боловсролыг олгож байж төрүүлдэг учиртай.

Багшийн сургуульдаа иртэл оюутнууд үндэсний нэг хөгжим, хөөргөт хөгжим буюу баян хуур, төгөлдөр хуур зэргийг тоглож сурах ёстой гэсэн байна. Төгөлдөр хуурын багш нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай. Энэ их хүмүүн дээр анх удаа төгөлдөр хуур сурахдаа хуваарилагдсан нь бас их хувь ерөөлтэй, сайхан зүйл болжээ. Хөдөө ямар төгөлдөр хуур байсан биш дээ, тэр үед. Хараа ч үгүй л байж. Гэтэл энэ их хүнээр төгөлдөр хуур заалгах нь залуу хүүгийн хувь ерөөлтэйнх биз.  Бас болоогүй ээ, баян хуурыг болохоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяраар багшлуулав. Харин морин хуурын багш нь алдарт хуурч П.Буян гуай байж. Төрийн гурван хуурч гээд Г.Жамъян, Б.Цэдэн, П.Буян нар ихэд нэр алдартай. Тэгээд нэр алдартай дуучин Х.Галхүү, Х.Бүдхүү гээд олон сайхан мундаг багш нараар дуу хөгжмийн онол заалгаж, “номын дуу” сонсов. Хөгжмийн зохиолч М.Хатанбаатар “Тэр мундаг багш нар хөтөлсний хүчинд л өдий хүртэл явж байна шүү дээ” гэв. Өөр зүйлд сатаарах бодол санаа ч үгүй хөгжимд шунан дурлаж байсан хүү орь залуу насны хүсэл сонирхлоор жигүүрлэж явсаар хожмоо ч зам мөр хазаасангүй. Арменд Ереван хотын Хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсөж иржээ.
 

“Булган сүүл”-тэй дуу
 

Арменд төгсөхдөө дипломоо симфони бичиж хамгаалсан залуу хөгжмийн зохиолч эх орондоо ирэв. Дууны анхны бүтээл нь “Хайрын хорвоо”. Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр “Үүрээр тормойх цэцгийн шүүдэр

Хяруулан мөнгөрөх уяхан хорвоо

Үүлэн нүүдэлд сэтгэл жиндээд

Ижийдээ очмоор намрын өглөө

Аа аа аа” гээд дуулдаг даа.  Энэ дууны шүлгийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, олны хүүхдийн зохиолч хэмээн алдаршсан О.Сундуй бичсэн юм. “Хайрын хорвоо” дуулагдангуутаа л хит болж, ард түмэнд шууд хүрсэн дуу. Энэ нь залуу хөгжмийн зохиолчид цааш бүтээлээ үргэлжлүүлэн туурвихад маш их урам зориг өгч, нэр алдарт хүрэхэд ч маш их нөлөөлсөн юм. Энэ бол “Булган сүүл”-тэй дуу. Дараа нь алдарт “Нутгийн зам” төрөв. Араас нь “Аавын нутаг” шил дарав. Хөгжмийн зохиолч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, алдар хүнд аандаа ирэв. Тэр он жилүүдийн тухайд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Хатанбаатар “Жинхэнэ төрмөл авьяасыг шүтдэг байлаа. Бүр хайж олдог байжээ. Тэгээд чаддаг хүмүүс нь л бичиж туурвин, уран бүтээл хийдэг  байж. Дууны үг, аяыг заавал батлуулж байж, дуучнаа Уран сайхны зөвлөлтэй зөвшилцөж байж дуулуулдаг байлаа шүү дээ. Эргээд харахад, энэ нь зөв байж. Ингэж байж л “Алтан сан”-д үлдэх бүтээл төрнө. Хэн ч юу ч хамаагүй хийдэггүй байсан юм.  Авьяасыг шүтэж, шилмэл хүүхдүүдийг л авч сургадаг байжээ. Энэ хүүхэд хөгжим тоглоно, харин энэ хүүхэд хөгжим зохионо. Тэр шүлэг бичнэ. Тэр нь дуулна гээд л. Тэгээд ч тэр үү, бидний үед Монгол Улс 10 гаруйхан мэргэжлийн хөгжмийн зохиолчтой байлаа. Харин одоо дотоодод сургууль төгссөн мэргэжлийн 60 орчим хөгжмийн зохиолчтой болжээ. Би хувьдаа бодохдоо, төрмөл авьяас гэдэг нэгэн цаг үед тавь, жараараа төрөх боломжгүй зүйл. Тиймээс манай улс жинхэнэ төрмөл авьяастай хүүхдүүдээ олж, дотоодод биш гадаадад төгсгөх хэрэгтэй” хэмээн сэтгэл чилээж явдагаа хуваалцав. Түүний уран бүтээлийн тухайд үргэлжлүүлэн өгүүлэхэд, дуунд зориулсан хөгжмийн бүтээлийн 60-аас илүү хувь нь  түмэнд хүрч, “Дөргөн нуур”, “Гоё халиун”, “Ононгийн аварга хээр”, “Дүүгүүр хээр”, “Анхны цас”, “Аз жаргалын цэцэг” гэхчлэнгээр том, жижиггүй аялан дуулж байна. Эндээс харахад, тэрбээр хүүхдийн, зохиолын, мэргэжлийн, эстрадын гээд бүхий л төрөл жанраар туурвисан нь хэдийнэ ард түмний хайртай бүтээлүүд болжээ. Харин тэрбээр “Хамгийн их шатааж гарсан бүтээл гэвэл симфони сьют бичиж тоглуулж үзсэн маань юм уу даа. Гэхдээ өөрт маань нэг их таалагдаагүй. Харин төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдээ арай дөнгүүр болсон болов уу гэж дотроо бодож явдаг юм” гэлээ. Хөгжим судлаачид л ямар болсныг хэлнэ байх. Мань мэт юугаа мэдэх вэ. Эсвэл он цагийн урт хэлхээс л мэргэжлийн бүтээлүүдэд “дүн тавьдаг” даа. Урт холын замдаа улдахааргүй хөгжмийн зохиолч гэдгийг л энэ цаг үеийнхэн хэлж чадна.

 

Сэтгэл өег явдаг нэгэн үйл
 

Тэрбээр нэгэн үе Хөгжмийн зохиолчдын холбооны дарга байсан юм. Өөрөөр хэлбэл, салбарынхаа дарга болно гэдэг бахархалтай. Мөн Зохиогчийн эрхийн газар анх байгуулагдахад л хөгжим, соёл урлагийн шинжээчээр томилогдож нэлээд олон жил ажиллажээ. Тэнд байхдаа хийсэн хамгийн том үйл бол Ардын жүжигчин Л.Мөрдорж гуайн бичсэн “Алтан өргөө” киноны хөгжмийн нот партитурыг Герман улсаас хөөцөлдөж байж авчруулжээ. Үүнийг авчирснаар Монгол Улс “Алтан өргөө” киноны нот партитураар эх оронд нь анх удаа тоглож, нийтийн хүртээл болгосон юм. Л.Мөрдорж гуай тэр үед нотоо хараад л уйлжээ. Тэрбээр “Мөөеэ багш хязгааргүй их баярласан. Би авьяас билэг төгс, алдартай, мундаг, сайхан хөгжмийн зохиолчоо баярлуулж чадсандаа сэтгэл өег явдаг. Германтай хамтарч хийсэн ч гэлээ “Алтан өргөө” киноны хөгжмийн зохиолын 90 хувийг Л.Мөрдорж гуайн бүтээлээс, 10 хувийг Германы хөгжмийн зохиолчийн бүтээлээс авч оруулсан байдаг. Киноны хөгжмөө бичиж дуусаад “Нот партитураа авъя” гэтэл “Өгөхгүй ээ, энд архивт үлдэнэ” гэсэн юм билээ. Тэгэхдээ “Танай Монгол Улс нэлээд хэдэн жилийн дараа үнэтэй авна даа” гэж хэлж байсан гэдэг. Л.Мөрдорж гуай ч залуу халуун насны аагаар “Өө, энүүгээр яадаг юм бэ. Тэгээд мөнгө төлж аваад байхдаа яах вэ” гэж хэлээд орхиод ирсэн юм билээ. Тэгээд л энд тоглуулах гэхээр нот партитур байхгүй байгаад байсан. Ингэж явсаар, 30 жил болсны дараа би багшийнхаа захиасыг биелүүлэхийг хичээж, өөрийн биеэр хөөцөлдөж байж Монголдоо авчирсан юм. Германы Элчин сайдын яамтай хамтарч тус улсын Дефа студиэс олж ирсэн. Эх орондоо авчирсныхаа дараа Улсын Филармониор тоглуулсан л даа. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгээр удирдуулан тоглуулъя гэдэг саналыг анх би гаргасан юм. Тухайн үеийн Соёлын сайд, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай машид баяртайгаар энэ сайхан үйл явдалыг дэмжиж байлаа” гэв.

 

“Дүүгүүр хээр” шигээ дүүхэлзээд л...

 

Армянууд хүнтэй сайхан харилцдаг, яриа хөөрөө сайхантай, биеэ зөв боловсон авч явдаг, амьдралдаа их арчаатай, дайламтгай хүмүүс. М.Хатанбаатар ширээ болгон дээр нь уух зүйл байж байдаг ч Зөвлөлтийн ганц Эрүүлжүүлэхгүй хот Ереванд сурч байсан хүн. Тиймээс тэндэхийн соёл, ахуйгаас суралцсан зүйл багагүй бий. Тэрбээр Ереванд зургаан жил хөгжим сурахын зэрэгцээ Армяны ард түмний ёс, уламжлал, энэ мэтийн ахуй соёлоос их зүйл сурсан юм билээ. Гэхдээ хамгийн том “өв”-өө ном гэж нэрлэсэн. Учир нь хойно байхдаа их том багш нараар эрдэм заалгасан хүн чинь эх орондоо эргэн ирэхийн цагт эрхэм багш нараа орлох зүйлийг ном гэж үзээд цуглуулж ирсэн ганц зүйл нь байв.

Монголынхоо яруу найрагчдын ном бүтээлийг ч бүгдийг нь худалдан авч, уншиж судалжээ. Дууныхаа шүлгэн дээр нарийн ажиллаж байж л сайн бүтээл төрнө гэж үзлэг юм билээ. Сайн шүлэг бэдэрч, мэдэрч хийсэн бүтээл хүнд хүрэхдээ арай өөр байдаг аж. Энэ хүнд хүрнэ гэж бодож байгаа шүлэг л дуу болж төрдөг. Нэг л үг нь болж өгөхгүй байгаа бол тэр шүлэг яаж ч оролдоод дуу болдоггүй гэнэ. Харин сайн шүлэг өөрөө ая аялгуугаа тээж явдаг байна. Хөгжмийн зохиолч, дуулж байгаа уран бүтээлчээ нэг их зовоогоод байлгүй шинэ бүтээл төрж гардаг. Ард түмэнд ч шууд хүрдэг байна. Тэрбээр энэ цаг үеийнхээ нэр алдартай, сайхан яруу найрагчидтай хамтран олон арван дуу хийсэн хүн. Нэрлээд байвал, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Бавуудорж, Н.Лутбаяр, Лха.Мөнхтөр, сүүлийн үеийн  залуучуудаас Б.Болорцэрэн, Н.Минжинсайхан, Н.Дугарсүрэн, О.Цэнд-Аюуш нарын олон арван сайн бичиж байгаа уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. Одоо ч уран бүтээлээ туурвисаар явна. Улаанбаатар хотын энэ их түгжрэлийн хаа нэгтээ машин дотроо толгойгоо хаялан дуу аялж, “Дүүгүүр хээр” шигээ дүүхэлзэн яваа. Онгодын цагаан хүлэг нь зам эвхэн бодол санаа, зүрх сэтгэлээс нь алдуурч байгаа нь тэр. Хурдхан шиг очиж хөгжмөө бичихсэн, бүтээлээ туурвихсан гэж яарсан даа л энэ.

Хажуугаар нь яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн  шүлгийг хүлхэнэ. Тэгээд түүний “Монголын Есенин” гэж нэрлэж хүндэлдэг яруу найрагч шиг яруу найрагч төрөхгүй байгаад “адгана”. Энэ их мэдрэмж, зөн совингоо хүлцэлгүй заримдаа гадагш илэрхийлснээр зарим нэгийг нь гомдоочихно. Гэхдээ зүгээр. Сэтгэл сайхан, оюун бодол цэгц шулуун байж л хөгжим бичнэ. Хүн өөрөө зөв яваад байвал хийж буй уран бүтээл, ажил төрөл, амьдрал ахуй нь аяндаа зөв явах. Тэрбээр байгалиас илүү хөглөгдөж, урам зориг бадарч, ая эгшиг нь ундардаг байна. Сүүлийн үед байгаль, эх орон, нутаг орны сэдэвтэй богино хэмжээний дан хөгжмийн бүтээл хэдийг туурвих санаатай, “дүүхэлзэнхэн” явна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top