700.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахыг дэмжив

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.13) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр, 13 цаг 13 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм. Улсын Их Хурлын зүгээс Төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрүүдийг 2017, 2019 онуудад соёрхон баталсан. Төслийн хэрэгжилтийн явцад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс EPC-4 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын төсөвт өртөг нэмэгдэх талаар мэдэгдсэн бөгөөд төслийн өртгийн нэмэгдлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 9 дүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллароор нэмэгдэхээр баталгаажуулжээ.

Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр, Зээлийн хэлэлцээрийг хийгээд байгаа хэмээн Ц.Туваан сайд танилцуулав.

Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулагдах тул 2019 онд тус багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулах хэлэлцээрийн дүнд нэгтгэсэнээр, нийт 700.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар төсөлд тусгажээ. Зээлийн хэлэлцээрийн төсөлд Энэтхэгийн талаас өмнөх зээлийн хэлэлцээрийн нөхцөлүүдээс гадна дараах 3 нөхцөлийг шинээр тавиад байгаа гэв. Тодруулбал, төслийн хүрээнд дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх; төслийн хүрээнд олох бүх орлого, авлагыг Монгол Улсад орших аль нэг банканд нээсэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансаар дамжуулах бөгөөд хэрэв зээлийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос шууд татан авах; Зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлбөрийн үүрэг дуусах хүртэл буюу 2045 он хүртэлх хугацаанд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн орлогод дарамт үүсгэх аливаа асуудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банктай зөвшилцөх зэрэг нөхцлүүдийг зээлийн хэлэлцээрт тусгасан гэв.

 

Мөн төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор орж ирсэн тоног, төхөөрөмжийг төсөл дуусах хүртэл гаалийн түр горимд байршуулах зохицуулалтыг тус хэлэлцээрийн төсөлд тусгасан болохыг Ц.Туваан сайд танилцуулав. Нэмэлт санхүүжилтийн зээлийн эх үүсвэр нь өмнөх зээлүүдийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна.

Тус Зээлийн хэлэлцээр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг болох “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг бүрэн хэрэгжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад чухал ач холбогдолтой аж.

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Р.Батболд, Б.Жаргалан, Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Х.Ганхуяг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэв. Тухайлбал, П.Сайнзориг гишүүн Монголын талаас хариуцлагатай, гүйцэтгэлтэй байх нь шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, хамгийн хурдан хугацаанд бүх боломжит нөөцөө дайчлан төслийг дуусгах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Б.Мөнхсоёл гишүүн, 2019 онд дээрх багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг цуцалж, шинээр байгуулахаар байгаа бөгөөд энэ гэрээний төсөлд авсан зээлээ ашиглаагүй байсан ч хүү төлөх зохицуулалт байгааг сануулж, гэрээний нөхцөлийг анхаарах санал хэлж байв. Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж буйгаа М.Бадамсүрэн гишүүн илэрхийлээд, гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлийг жил бүр дүгнэж, хариуцлагын асуудлыг тодорхой болгох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Р.Сэддорж гишүүн төслийн гүйцэтгэгч, албан тушаалтнууд хариуцлагатай байхыг сануулж, төсөл хэрэгжиж буй аймаг, орон нутгийнхантайгаа зөвшилцөлд хүрч, хамтарч ажиллах нь чухал гэдгийг хэлж байсан. Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь дэмжив. Иймд санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top