Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.13) хуралдаанаар 

Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

“Эрчим хүч-3” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл” нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,  “Шинэ сэргэлтийн бодлого” болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, эрчим хүчний өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг тодотгов. Засгийн газрын зүгээс тус төслийн зээлийн хэлэлцээрийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийж,  Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.

Төслийг Дэлхийн банкны 47.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд тус зээл нь СОФР буюу баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй юм байна. Зээлийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 24.3-д заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн байна.

Төслийг хэрэгжүүлснээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг хоёр дахин нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудын өргөтгөн, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдахаас гадна өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг саадгүй хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой болохыг Б.Жавхлан сайд танилцууллаа.

Зээлийн хэлэлцээрийг төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, М.Энхцэцэг, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан. Эрчим хүчний найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой энэхүү төслийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлж байсан бөгөөд ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа төслийг хэрэгжүүлэх санаачилга 2007-2008 оны үед гарсан, Зээлийн хэлэлцээрийг 2022 онд эхлүүлсэн талаар тайлбарлаж байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэхдээ С.Цэнгүүн гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Р.Сэддорж гишүүн эрчим хүчний эх үүсвэрийг найдвартай байлгах чиглэлээр санаачилгатай ажиллахыг салбарын яамныханд сануулаад санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 64.7 хувь нь дэмжснээр Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top