Монголд шатахуун үйлдвэрлэдэг байсан, удахгүй тийм цаг дахин ирнэ

2025 оны 01 сарын 30

Монгол Улс дотооддоо нефть боловсруулж шатахуун үйлдвэрлээд зүүн аймгуудынхаа шатахууны хэрэгцээнд нийлүүлчихдэг байсан гэвэл өнөөдөр үнэмших хүн бараг байхгүй. Бүр нефтийн үйлдвэртэй байсан гэвэл “Амаа мэдэж бур” гэх биз. Гэтэл тийм цаг байжээ. Тийм цаг байсан болохоор бид энэ их газрын тосны баялгаа ашиглаад дотооддоо бензин шатахуун үйлдвэрлэж, хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг бардам хангаж чадна гэсэн үг.

Нефть боловсруулж байсан үеийн түүхийг эргэж харъя. Хайгуулчид  1947-1962 оны хооронд БНМАУ-ын өмнөд, зүүн өмнөд, зүүн хэсгээр нефтийн хайгуул хийж ордуудыг тогтоожээ. Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, Зөвлөлтийн геологич Ю.С.Желубовский нар 1940 онд Дорноговийн Зүүнбаянд газрын тосны орд байгааг олж тогтоосон нь дотооддоо шатахуун үйлдвэрлэх болсны эхлэл. Түүнээс хойш 10 жилийн турш нөөц тогтоож, үйлдвэр  байгуулж, ажил өрнөсөөр ЗХУ-ын “Монгол нефть” хэмээх компани олборлолт эхлүүлж, Зүүнбаянд 1950 оны арванхоёрдугаар сард нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулжээ.

Анх тогтоосон нөөц нь 2.7 сая тонн гэсэн дүгнэлт бий. Хамгийн дээд талдаа 1955 онд 55 мянган тонн газрын тос олборлосон байна. Кокс гаргах байгууламж 1952 онд ашиглалтад орж Зүүнбаянд Нефтийн үйлдвэрийн иж бүрэн цогцолбор бий болжээ. Олборлосон нефтийнхээ 25 хувийг автобензин, 13 хувийг дизелийн түлш, 4.4 хувийг кокс, 48 хувийг мазут болгон гаргаж, Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрийн анхны суурь бий болов. Нийт 97 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, зургаан сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 400 ажилтан ажилчидтай лут том газар болжээ. Тус үйлдвэрийг түшиглэн 1954-1958 онд ТМС байгуулж нефть олборлох чиглэлийн мэргэжилтнүүдээ дотооддоо бэлтгэж 500 хүн төгсгөсөн байна. Монголд цаашдаа нефть, химийн аж үйлдвэр хөгжих суурь ч бэхжих аястай болжээ.

Гэвч 1960-аад оноос нефтийн олборлолтын хэмжээ эрс буурсны зэрэгцээ боловсруулах үйлдвэрийн зардал өсч эхлэв. 1960 оны үед нэг тонн нефтийн өөрийн өртөг 211 төгрөг байсан бол 1968 онд 601 төгрөг болж нэмэгджээ. Тэр үед Зөвлөлтөөс импортоор авдаг тонн нефтийн үнэ 226-264 төгрөг байсан тул ашигтай ажиллахад хүнд болж эхэлж. Зөвлөлтийн тал 1957 онд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг Монголын талын өмч болгон үнэ төлбөргүй шилжүүлж өгсний дээр  “Совмонголметалл” нийгэмлэгт оруулсан Зөвлөлтийн талын хувь хөрөнгийг хөнгөлөлттэйгээр Монголын талд шилжүүлж өгчээ. Хэдийгээр эдийн засгийн ашиг тааруухан боловч Монголын тал дангаараа эзэмшин 12 жилийн турш ажиллаад явж байтал 1969 оны арваннэгдүгээр 8-нд гэнэтийн осол болж, гал гарч тэсэрч дэлбэрчээ. Түүх сөхвөл “Засгийн газар 1968 оноос Зүүнбаянг цаашид хэрхэн ашиглах талаар шийдвэр гаргах комисс байгуулж тодорхой дүгнэлт гараагүй байтал 1969 оны 11 дүгээр сарын 8-ны 14 цаг 54 минутад крекинг байгууламж халуун эргэлтийн горимд ажиллаж байхад эвоаппаратурын дээд тал тасран унаж тэсрэлт үүсэж, гал гарсан юм” гэжээ. Ээлжийн ажилтай нэг хүн осолд өртөж дэлбэрэн хар нүүрс болсон гэдэг. Үүнээс үүдэн үйлдвэрийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Ийнхүү Монгол Улс дотооддоо шатахуун үйлдвэрлэж байсан цаг өнгөрч, хойд хөршөөсөө бензин шатахууны бүрэн хамааралтай болсон байна. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг Зөвлөлтийн тал зориуд “золигт гаргаж” өөрсдийн мэдэлд шатахууны монополийг авсан гэсэн яриа ч байдаг.

1990-ээд оноос хойш дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болох талаар өнө удаан ярьсаар өнөөг хүрэв. АНУ-ын “Соко интернэшнл” компани лицензийг нь авсан Тамсагийн  22 дугаар цооногоос 1997 онд нефть оргилж, анхны Ерөнхийлөгч агсан дээлээ мялааж, Монгол даяараа дотооддоо нефтийн үйлдвэртэй болох нь гэж хүлээсэн. Тэгтэл БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтай "Петрочайна Дачин Тамсаг Монгол” компани 2006 онд "Соко интернэшнл ЛЛС” компаниас тус ордын лицензийг худалдан авч одоог хүртэл Монголд үйл ажиллагаа явуулж буй. “Соко интернэшнл”- ийн хувьд хөрөнгө оруулалтаа хангалттай хэмжээнд хийж чадахгүй гэсэн шалтгаанаар “Петрочайна Дачин Тамсаг” компанид хувьцаагаа зарсан гэдэг. Монголын тал худалдаж авах гэсэн боловч мөнгөгүйн улмаас чадалгүй өмнөд хөршийн мэдлийнх болжээ.

Харин өдгөө хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зорьж буйн нэг нь Газрын тос боловсруулах цогцолборын төсөл юм. Монголын тал Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын зээлээр 2018 оноос эхлэн Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефтийн үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд Сайншандаас Алтанширээ хүртэлх нийт 17.5 км, салаа төмөр замтайгаа нийлээд 27 км төмөр замыг барьж байгуулах ажлыг 2019 онд дуусгаж ашиглалтад оруулсан билээ.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн даргаар ажиллаж буй. Тэрбээр ажлын явцын талаар саяхан хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 20 хувьтай ч манай улс үндсэн зээлийн төлбөрөө төлөөд эхэлсэн. Үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацааг 38 сараар сунгаж, зээлийг 500 сая ам.доллароор нэмэгдүүлэх асуудлыг УИХ хэлэлцэж байна. Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг монголчууд 1.7 тэрбум ам.долларын зээлээр, найман жилд барихаар болж байна” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ өөрчлөгдөж, хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн учраас нэмж 500 сая ам.долларын зээлийг Энэтхэгийн Экспорт-Импорт банкнаас авахаар болсон талаар тэрбээр өгүүлжээ.

Ц.Туваан сайдын хэлснээр Алтанширээгийн Нефтийн үйлдвэрийг түүхий тосоор хангах орд газар нь Дорнод аймгийн Матад сум дахь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дэх талбай бөгөөд түүхий тосыг автомашин, вагоноор бус хоолойгоор зөөдөг. Тэр дагуу Матадаас Алтанширээ рүү түүхий тосыг хоолой тавьж зөөх ажээ. 2020 онд энэ чиглэлийн тендерийг зарлаж БНХАУ-ын “Норинко” компани шалгарч 380 сая ам.долларын санхүүжилтээр ажлаа гүйцэтгэж байгаа юм байна. Ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 82 хувьтай яваа бөгөөд үйлдвэрийг ашиглалтад оруулахад түүхий тос зөөвөрлөх хоолой бэлэн байх ёстой тул уг ажлыг эрт дуусгахаар төлөвлөөд явж буй аж. Сайдын тооцоолж байгаагаар Алтанширээгийн Нефтийн үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын зах зээлийнхээ 55 хувийг хангаж, нэг тэрбум орчим ам.долларыг гадагш урсгахыг зогсооно. Жилдээ 4.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, өртөг нөхөх хугацааг 7.5 жил хэмээн тооцжээ. Нефтийн үйлдвэртэй болсноор өдгөө хэрэглэж буй шатахуунаас өндөр чанартай, “Евро-5” ангиллын бүтээгдэхүүн, авто дизель гаргаж, онгоцны түлш ч хийх ажээ. Мега төслүүд амжилттай урагшилбал монголчууд хуучин цагт дотооддоо үйлдвэрлэж чадаж байсан бензин, шатахуунаа хийж, гадаад зах зээлээс хараат байдлаа нимгэлэх цаг ирэх гэж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.219.147) 2025 оны 01 сарын 30

ANUSN80955877

0  |  0
зоч(66.181.190.97) 2025 оны 01 сарын 30

сонирхолтой түүхэн баримт дэлгэжээ.

0  |  0
Гэрэл(202.55.188.42) 2025 оны 01 сарын 30

Дарханы Хонгор суманд 2000 оны эхээр өдөрт 2тн шатахужэ нэрдэг жижиг оврын үйлдвэр ажиллаж байсан шүү. Дорнодод 5 тн дизель түлш гаргадаг цех мөн байсан

0  |  0
Close menu