“Дашваанжил” буруутай юу, стандартгүй хотыг бий болгосон хүмүүс буруутай юу

С.Данзан | Zindaa.mn
2025 оны 02 сарын 20

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сард хийн түлш ачиж явсан машин дэлбэрч, ихээхэн хэмжээний хохирол учирсан хэрэг гараад багагүй хугацаа өнгөрчээ


Уг хэрэг өдгөө шүүхийн шатанд очсон. Ингэхдээ “Дашваанжил” компанийн захирал, газ тээвэрлэж явсан жолооч хоёр шүүгдэж байгаа бөгөөд эцэст нь “Дашваанжил” компани буруугүй болж, жолооч буруутгагдах магадлалтай болсныг албан бус эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ энэ асуудлыг шалгаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй. Уг ослын улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг. Энэ бол асар их гарз хохирол.

 

ЖОЛООЧИЙГ БУС СТАНДАРТГҮЙ ХОТЫГ БИЙ БОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦ

 

Үнэн хэрэгтээ газ дэлбэрэх болсон шалтгаан нь стандартгүй хотын буруу. Гэвч хэн нэгнийг буруутгахаар эрэлд гарсны эцэст компанийн захирал, жолооч хоёрыг буруутгаж байгаад эцсийн эцэст жолооч нь буруутан болж үлдэх бололтой. Гэтэл үүний алдаа, буруу нь бидний нүдэнд ил, өдөр бүр тохиолдож байгааг л хэлэх гэсэн хэрэг. Учир нь монголчууд бид ямар ч стандартгүй хотод данстай, ямар ч стандартгүй хороололд амьдарч, ямар ч стандартгүй замаар зорчиж, ямар ч стандартгүй хүнс хэрэглэж, алхам тутамдаа айдас хүйдэстэй, амь насандаа заналхийлүүлж байгааг харуулсан эмгэнэлт үйл явдал болсон.

Уг нь Стандартын болон хэмжил зүйн хууль 1996 онд батлагдаж, аймаг бүрд Стандарт, хэмжилзүйн хэлтэс байгуулагдаж хүнс,барилгын материал, тэсэрч дэлбэрэх бодис, жин туухай, цахилгааны болон усны тоолуур, нийтийн хоол, тээвэр, зам талбай, орон сууц гэх мэт 600 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг стандартын дагуу баталгаажуулалтад хамруулсан байдаг. Үүнийг мөрдөж аижлладаггүй. Барилга орон сууцны газар олголтоос эхлээд авлигын хүрээнд асуудал шийдэж ирсэн учраас авлига дагасан стандартгүй хот бий болгосонд жолоочид буруу байхгүй, үүнийг бий болгосон хүмүүсийг буруутгах учиртай.

 

ДАШВААНЖИЛ УСНААС ХУУРАЙ ГАРАХААР ГҮЙЖ БАЙНА

 

Тэгвэл "Дашваанжил" компаниас мэдээлэл хийхдээ “Тусгай зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслээр аюултай ачааг тээвэрлэж байсан. Дүрмийн хүрээнд тоноглогдсон автомашинаар шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэж байсан. Одоогийн байдлаар орон нутгийн болон хот дотор торхтой буюу даралтат савтай 20 орчим машин шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Бид Монгол Улсад мөрдөгдөж байгаа болон дэлхийн стандартын шаардлага хангасан ОХУ, БНХАУ, БНСУ, Японд үйлдвэрлэсэн LPG буюу шингэрүүлсэн нефтийн хийг тээвэрлэдэг машиныг худалдаж авч, ашигладаг. Авахдаа хамгийн сайн шаардлага хангасан тээврийн хэрэгслийг авдаг. Тусгай зориулалтын машин учир зах дээрээс дураараа авдаг тээврийн хэрэгсэл биш. Шадар сайдын 2019 онд гаргасан тушаалын дагуу аюултай ачаа тээвэрлэх маршрутын дагуу явсан. Заасан маршрут, цаг, стандартын шаардлага хангасан машинаар хийн түлшээ тээвэрлэж явсан. 

Осолдсон тээврийн хэрэгсэл хотыг нэвтэрч гарч байсан. Осолдсон цистерн машиныг 2024 оны нэгдүгээр сард авсан. Дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан” гэж мэдэгдээд байгаа нь “Бид буруугүй” гэсэн байр суурийг тодорхой илэрхийлж байна. Мөн осол гарсны маргааш “Дашваанжил” компанийн захирал Н.Баатаржав “Өчигдөр манай компанийн машиныг барьж явсан жолооч осол гаргасан. Газ тээвэрлэж явсан автомашин өчигдрийн осол болдог замаар явах зөвшөөрөлтэй байсан. Уулын замаар явж болдоггүй юм. Мөн үе үеийн хотын дарга нарын зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөн сийрсэн үед газ тээвэрлэх боломжтой байдаг.

Гэтэл өчигдрийн тохиолдолд гэнэтийн зам тээврийн осолд өртөж, олон хүний амь эрсэдлээ. Хариуцлагагүй байдал байгалийн гамшгаас илүү аюултай гэдгийг энэ удаагийн осол харууллаа. Манай машины хажуу талаас мөргөсөн жолоочийг гэнэт зогсож, осол гаргана гэж хэн мэдэх билээ. Жолооч нар хоёулаа хариуцлагатай байх ёстой. Өчигдөр осол гаргасан хоёр жолоочийн хоёулангийнх нь буруу байсан. Манай компанийнхан стандартын дагуу тээвэрлэлтийн ажлаа хийж байсан боловч гэнэтийн осолд өртлөө” гэж мэдээлэл хийсэн юм.

 

АНХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЖОЛООЧ ХӨДӨЛГӨӨНД ОРОХДОО ЭРСДЭЛ УЧРУУЛСАН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ҮЗСЭН

 

Мэргэжлийн байгууллагууд бол анхны дүгнэлтээр "Шатсан автомашины хохирлын асуудлыг хэлэлцсэн. Ер нь буруутай этгээдээр төлүүлбэл “Дашваанжил” компанийн эзэмшилд байгаа автомашин хөдөлгөөнд оролцох явцдаа эрсдэл учруулсан байж болзошгүй гэдэг дээр хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Өөрөөр хэлбэл жолооч нь буруутай байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны дараа буруутай этгээдээр төлүүлэх асуудал тодорхой болно. Энэ автомашин НИТХ-ын тогтоолоор баталсан дүрэм журмыг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцсон гэдэг асуудал эхний байдлаар тавигдсан" гэж мэдээлж байсан. Харин одоогийн байдлаар уг хэрэг шүүхийн шатанд яваа учраас мэдээлэл авах боломжгүй байна.

 

Э.МӨНХНАРАН АЖЛААСАА ХАЛАГДАЖ, ХЭРГЭЭС МУЛТАРСАН

 

Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ын дарга асан Э.Мөнхнарангийн унаж явсан “Ниссан патрол” загварын автомашин нь байгууллагын нэр дээр бүртгэлтэй буюу Батлан хамгаалах яамны нэр дээр бүртгэлтэй байдаг. Тэрбээр Төв аймагт албан ажлаар яваад, гэр рүүгээ харих замдаа осолд өртсөн тайлбарыг албаныхан өгдөг. Харин Э.Мөнхнаран нь осолтой холбоотойгоор ажлаасаа чөлөөлөгдөөд найман сар болжээ.

Үүнээс үзвэл түүнийг зам тээврийн осолд буруугүй гэж үзсэн бололтой. Тухайн үед “Дашваанжил” компанийн жолооч “Уулзвараар баруун эргэхэд хажуугаас давхар машин гулгаж орж ирээд газын хошууг цоолчихсон. Гал гарч эхлэнгүүт машинаасаа буусан. Мөргөсөн машины хүмүүсийг гарч чадсан эсэхийг мэдэхгүй байна. Дашваанжил компанийн 60 тонн газыг тээвэрлээд Замын-Үүд рүү явж байсан” хэмээж байснаас үзэхэд Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ-ын дарга асан Э.Мөнхнаран буруутай гэж үзэж болохоор.

 

СТАНДАРТЫН НЭГЖ ГАЗРЫГ УЛААНБААТАРТ БАЙГУУЛААГҮЙ 

 

Хууль ёсны дагуу Стандартын нэгж газрыг Улаанбаатар хотод байгуулах ёстой ч өгөөгүй. Иймээс нийслэлийн иргэдийн хэрэглэж байгаа хүнснээс эхлээд тээвэрлэж яваа ачаа бараа, зам тээвэр гээд олон зүйл хяналтгүй болж, өдрөөс өдөрт эрсдэл учирсаар байна. Энэ үйлчилгээг Стандарт, хэмжилзүйн газар дайвар маягаар хууль зөрчин гүйцэтгэж байгаагаас хүртээмж чанар нь шаардлага хангахгүй байгаа юм.

Учир нь шинэчлэн батлагдсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний хуулиар Стандарт, хэмжилзүйн газар нь стандарт техникийн зохицуулалтын бодлого, зохицуулалтыг улсын хэмжээнд гүйцэтгэхээс аль нэг аймаг нийслэлийн ажлыг гүйцэтгэхийг хориглосон байдаг.

Өөрөөр хэлбэл бид хуулиа зөрчин ажиллаж байна. Төр өөрөө ийм том асуудлыг анхаарахгүй, хууль зөрчин ажиллаж байна. Төрийн эрх барьж буй үе үеийн нам, улс төрийн хүчин байх ёстой байгууллагыг нь байгуулж, стандарт мөрдүүлээгүй учраас удаа дараагийн аюулд өртөж, амь насаа алдсаар байна. Хамгийн наад зах нь осол болсон орчмын зам харгуйн цас мөсийг арилгаагүй.

Аврах ангийнхан ирэхэд орон сууцны хороолол руу орох гарах газар нь шууд нэвтрэх боломжгүй учраас орчныг хязгаарлаж хугацаа алдсан зэрэг бүх зүйл стандартгүйн улмаас үүдсэн гэдгийг харж болно. Зөвхөн өнгөрөгч зуны үер усны аюулд иргэд амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсон нь хотод ямар ч стандарт тогтоож өгөөгүйг харуулсан. Өнөөх л авлига, албан тушаалын хүрээнд ажил өрнөж байгааг харуулсан гашуун сургамж юм. Ганцхан жишээ дурдахад “Авлигал” хороолол байна.

 

СТАНДАРТ БОЛ АМЬД ЯВАХ БАТАЛГАА

 

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байхаар тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд өдгөө 16 бүлгийн 52 стандартыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан ч энэ нь мөрдөгдөхгүй байгааг аймшигт осол харуулсан. Аймшигт ослоос гадна ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд олноороо хоолны хордлогод орж байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад 2024 оны есдүгээр сард “Оюунлаг” сургуулийн хүүхдүүд хоолны хордлогод орсон гэх мэтээр стандартгүйн эрсдлийг дурдаад байвал олон зүйл бий. 

 

 

СТАНДАРТ ГАРГАЖ ИРЖ БАЙГААД ЖОЛООЧИЙГ БУРУУТГАХ БОЛОЛТОЙ

 

Аюултай ачаа бараа тээвэрлэж байгаа жолоочид тавигдах шаардлага гэж бий. Үүнийг үндэслэн, жолоочийг буруутгаад энэ хэрэг хаагдах бололтой. Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил тасралтгүй жолоодсон, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна. Дээрх ажилд томилогдсон жолооч нь тэсрэх   материалтай харьцаж ажиллах ажилчдыг бэлтгэх сургалтад хамрагдсан байх. Найман цагаас дээш хугацаагаар тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлд ээлжийн жолоочийг хамтад нь томилно.

Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь замын хөдөлгөөний дүрэмд заасан бичиг баримт авч явахаас гадна дараах тээвэрлэлтийн бичиг баримттай байна. Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь батлагдсан замналыг зөрчих, өөр газарт зогсолт хийх, хурд хэтрүүлэхийг хориглоно. Зайлшгүй зогсолт хийх тохиолдолд ачааг илгээгч болон хүлээн авагч байгууллагад шуурхай холбоогоор мэдэгдэж, суурин газраас 200 метрээс багагүй, замын баруун гар талыг шахаж, хойно ба урдаа 100 метрийн зайнд ослын зогсолтын тэмдэг тавих, шаардлагатай гэж үзвэл ачааг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна.

Зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд жолооч замын хөдөлгөөний дүрэм болон ослын картанд заасны дагуу шуурхай ажиллаж шаардлагатай гэж үзвэл онцгой байдал болон эмнэлгийн түргэн тусламж дуудах, зам тээврийн осол, хэргийн газар руу гадны хүмүүсийг ойртуулахгүй байх арга хэмжээ авна. Замын тээврийн осол, хэрэг гарсан газарт цагдаагийн болон эмнэлгийн ажилтныг нэвтрүүлнэ.

Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлд ачааны бичиг баримтад тусгаагүй ачаа бараа, гадны хүн хамт авч явахыг хориглох гэх мэт зүйл бий. Энэ бүрх стандартыг гаргаж ирж байгаад жолоочийг буруутгах бололтой.

Ачааны автомашин, автобус зэрэг том оврын тээврийн хэрэгсэлд “Сохор бүс” гэж байдаг. Энэ бүсэд орсон хүн, автомашин нь тухайн том оврын машины жолоочид харагддаггүй. Том оврын ачааны машин, автобусны хажуугаар чихээд байдаг жолооч нар ч анхаарахад илүүдэхгүй.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.169.108) 2025 оны 03 сарын 13

Юун стандарт вэ? 2 жолооч нар дүрмээрээ явцгаасан бол юу гэж тийм юм болох вэ дээ.\n

1  |  0
Зочин(67.171.160.15) 2025 оны 03 сарын 13

энэ дашваанжилын 2 алуурчинаас өөр хэн буруутай гэж. цагаан прадо урд нь байхад харсаар байж дайр ч орсон зөнөг. жаахан шүргээд цагаан прадог хорлочих санаатай байсан ч санаа муут яван хатна гэгч боллоо доо .

1  |  0
Зочин(67.171.160.15) 2025 оны 03 сарын 13

энэ дашваанжилын 2 алуурчинаас өөр хэн буруутай гэж. цагаан прадо урд нь байхад харсаар байж дайр ч орсон зөнөг. жаахан шүргээд цагаан прадог хорлочих санаатай байсан ч санаа муут яван хатна гэгч боллоо доо .

1  |  0
S(139.5.216.107) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
усц(202.179.15.114) 2025 оны 03 сарын 13

прадо машины жолооч ямарч гэмгүй тээ, тэр нэг машин нь өөрөө ачааны машины хажуугаар нь чихээд ороод, крант юмыг нь мулт цохисон юм бна л даа\n

1  |  3
zzzz(103.212.118.197) 2025 оны 03 сарын 13

danzan guai buu tenegt , khiin tulshtei osol garwal khaana ch l iim yum bolno , yun standarttai standartgui gej , medemkhiirekh geed tenegee gaikhuulaw

1  |  0
Бат инженер(202.9.40.227) 2025 оны 03 сарын 13

БХЯ-ны тэр жолооч крантыг нь мөргөж цоолоогүй бол юун осол гарах. Тэр л гол буруутан

1  |  4
Close menu