ДУРСАМЖ | “Наху гуны байлдаан хаана болсон тухайд"

2025 оны 02 сарын 25

“НАХУ ГУНЫ БАЙЛДААН ХААНА БОЛСОН ТУХАЙД”

(Судалгааны шинэ дүгнэлт)

“Монголын Нууц Товчоо”-ны хэд хэдэн эх болон бусад түүхэн сурвалж бичгийг дагнан судалсан түүхчдийн дунд Наху Гуны байлдаан болсон газар нутгийг олж тогтоосон тухайд үзэл бодол зөрөөтэй, маргаантай хэвээр ажээ.  Өөрөөр хэлбэл, Чингис хаан Найманы Таян хантай байлдсан газар “Наху Гун” уулыг яг олж тогтоосон гэхэд эргэлзээтэй байгаа юм.

"Наху гун" уулын эрэлд

Хангайн нурууны зүүн хормой, эртний Арлут түмний өлгий нутаг, дэлхийн бөмбөрцгийн (уртрагийн 103* өргөргийн 48*) Орхон-Туулын сав 1500-2000 м өндөртэй бэсрэг намхан уулс, цав толгод хөх ногооны униарт сүүмэлзэж Номгон уул, Ташир Могодын нуруудын дундах цухал хөндийгөөр мяралзан урсах Хулжийн гол дагуух агттай адуутай айл бүхэн гүүгээ уяжээ.

ШУА-ийн, Одон орон, геофизикийн хүрээлэн үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн ажлын хүрээнд Булган аймгийн Могод суманд "Могодын хагарал 50" эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өндөрлөөд 2017 оны 7 сарын 25-ны өдөр буцаж байлаа.

Бид замдаа "Сансар" сангийн аж ахуй, Рашаант сумтай танилцах аялалаа үргэлжлүүлж, Монгол Улс, ЗХУ-ын Баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа гуай түүхэн цаг хугацааны жимээр өртөөлөн нутаг орноо танилцуулж энд ийм зүйл байдаг, тэнд тийм зүйл болсон гэхчлэн олон зууны өмнөх түүхийг он цаг дарааллаар бидэнд тайлбарлан таниулж байсан юм. Тэдгээрийн дундаас Дашинчилин сумын урагшаа харагдах Лах уулыг Монголын нууц товчоонд Наху гун уулын байлдаан болсон газар гэж түүхчид үздэг юм. Хэрвээ мөн бол Чингис хаан Төв Азийн цээжинд нутаглах хэл соёл, үндэс угсаа нэгтэй тархай бутархай олон ханилаг овог аймгуудыг нэгтгэсэн түүхэн тулалдаан болсон газар энд болж таарна гэснээр Монголын нууц товчоо тэр дундаа Наху гуны байлдаантай холбоотой хэсгийг амтархан уншиж, сонирхон судалж, харьцуулан дүн шинжилгээ хийж, зэрэгцүүлэн тулгаж үзэх миний судалгааны ажлын үүд хаалга нээгдсэн билээ.

Монголын нууц товчооны хэд хэдэн эх болон түүнтэй ижил төстэй түүхэн бүтээлүүдийг шимтэн уншиж, сонирхон судалж энэхүү Наху гуны байлдаан болсон газар нутаг түүх судлаачдын дунд маргаантай хэвээр байдгийг олж мэдсэн бөгөөд томоохон судлаачдын таамаг ишлэлд дулдуйдан нэг талыг барьсан явдалд ихээхэн алдаа завхрал байна гэж үзээд түүнд шинжлэх ухааны үндэслэлтэй ул суурьтай баримт нотолгоотой дүгнэлт гаргаж Чингис хаан Найманы Таян хантай байлдсан газар "Наху гун" уулыг үнэн зөвөөр олж тогтооход зорьсон болно.

Х.Пэрлээ “Шинжлэх ухаан” сэтгүүл 1948 он №2-3 (17-18) дугаарт бичсэн “Монголын Нууц Товчоо”-ны газар усны нэршлийн тухай урьдчилсан мэдээ хэмээх нийтлэлд “Монголын Нууц Товчоо”-нд гарч нэрлэгдсэн Цахир Могод уул одоогийн Могод [ уртраг -103* өргөрөг -48*] уул мөн хэмээжээ ...

 

... (МНТ 193-р зүйл) Хулгана жил (1204 он) зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр туг тахиад морилруун.

Хэрлэн өөд Зэбэ, Хубилай хоёр магнайлж яваад, Саарь хээрт хүрвээс, Ханхар ханы оройд Найманы харуул тэнд ажгуу. Бидний харуул тэдэнтэй үлдэн хөөцөлдөхөд, бидний харуулаас нэг муу эмээлтэй шунхалхан морийг Найманы харуулд алджээ. Найманы харуул тэр морийг барьж өгүүлрүүн: “Монголын морьд туранхай ажгуу” хэмээлджүхүй.

Манайхан Саарь хээрт хүрч тэнд түр түдэж “Хэрхэн хийх?” хэмээлдвээс, тэнд Додай чэрби, Чингис хаанд дурдан өгүүлрүүн: “Бид ч цөөн буй. Цөөн дээрээ замд чилж зүдэрч ирэв. Ийнхүү түр түдэж агтасаа цадтал энэ Саарь хээрийг бүрхэн бууж, амьд хүн тутам эр бүхэн тав таван гал түлж, галаар сүрдүүлье. Найман иргэн олон хэмээгдмүй. Хан нь гэртээсээ эс гарсан танхи хэмээгдмүй. Галаар гайхшруулж байтал бидний морьд цадмүү зээ. Морьдоо цатган, Найманы харуулыг үлдэн дарж, гол хүчинд нь нийлүүлэн тэр үймээнд хатгалдваас болох буюу?” хэмээн дурдваас энэ үгийг зөвшөөч Чингис хаан зарлиг болруун: “Тийн бөгөөс гал түлүүлэгтүн!” хэмээн цэргүүдэд зарлиг тунхаглав. Төдий Саарь хээрийг бүрхэн бууж, амьд хүн бүр тав таван гал түлэв ...

Одоогийн Дорнод аймгийн Халх гол орчмоос хөдөлж Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг сумын нутаг Саарь толгойгоос Хар уух голын сав дагуу Саарьмагийн гарам хүртэлх өргөн уудам хөндий (Саарь хээр Ц.Б) нутагт ирсэн гэж үзвэл 1000 км-ээс цааш хол замыг морь тэргээр түргэвчлэн өртөөлж нүүдэллэн ирэхдээ өдөрт 100-150 орчим километр замыг дунджаар туулна. Аян замд барагцаагаар 7-10 хоногт явсан болж таарна.

"Наху гун" уулын байлдаанд Чингис хаан Найманы Таян ханы цэргийн илт давуу хүчний эсрэг цөөхөн цэргээр ов мэх авхаалж самбаа гарган уран нарийн төлөвлөгөө хурдан шуурхай гаргаж өөрийн хүчний давуу тал, дайсны сул талыг судлан сэтгэл зүйн дайралт давхар хийж зориг зүрхийг мохоон, хүн хүчний бодлого, зэр зэвсгийн хуваарилалт зэргийг оновчтой гаргаж байгаа зэргээс харахад цэргийн чадварлаг жанжин байсныг илтгэн харуулдаг юм. [Тэмүүжин таван түмэн цэрэг авч мордоод Задгай нэрт ууланд хүрч буув. Рашпунцаг. “Болор эрих” 1776 он] Чингис хааны цэргүүд зохион байгуулалт сайтай, байлдааны арга барил цэргийн эрдмийг бүрэн дүүрэн эзэмшсэн, өөр хоорондоо нягт уялдаа хобоотой цомхон чадварлаг арми байсан нь тодхон харагддаг.

Чингис хааны их цэрэг Саарь хээрт ирж агт морьдоо амрааж аян замын алжаал ядаргаа тайлан өөрийн цэргийн сүр хүчийг шөнийн талд түүдгийн галаар бадраан дайсныг алмайруулан гайхшруулж, зүрх зоригийг мохоон 3-5 хоног болсон гэж үзвэл нийтдээ хагас сар буюу 10-15 өдөр аян замд зарцуулсан байна. Тэгэхээр “Наху Гун” уулын байлдаан болсон хугацаа зуны эхэн сарын 25-30 өдөр бөгөөд сарны гэрлийн эрчим буурсан түнэр харанхуй хоногууд таарч байгаа юм.

Энэ үед Найман аймгийн нутгийн хил зааг Орхон голын сав Могод уулын ойролцоо Хүчүлүг жанжин, Жамуха нар цэргийн хүч хуримтлуулан Ханхар Ханы тэргүүн оргилоос Саарь хээрийг бүрхэн буусан Чингисийн цэргийн сүр хүчийг ажиглан, Хангайн Хачир-Уснаа суугаа эцэг Таян ханд хэл мэдээ хүргэж буйгаас харахад. Найман аймгийн цэргийн хүч хоёр өөр газар байгааг илтгэн харуулдаг.

Эцэг Таян ханы санаа бодлыг үл хүндэтгэх Хүчүлүг хүүгийн доромж үгс, Таян ханы удаах их ноён Хори субэчи гэдрэг эргэн одож буй зэргээс харахад Найман аймгийн цэргийн жанжид өөр хоорондоо эв түнжин муутай, хүчний нягт уялдаа холбоо байхгүй үг хэл, санаа бодлын зөрчилдөөнтэй байгаагийн бас нэг тод илрэл болдог. Монголын цэргүүд Саарь хээрт ирсэн мэдээг аваад

... (МНТ 195-р зүйл) Түүнд Таян хан хилэгнэж өгүүлрүүн: “Үхэх амь, зовох бие бүгд нэгэн адил буй за. Тийн бөгөөс хатгалдъя!” гэж Хачир уснаас хөдөлж, Тамир уруу яваад Орхоныг гэтэлж, Наху Гуны зүүн хормойг дайран, Цахир Могод гэдэг газар хүрч ирэхэд Чингис хааны харуул үзжээ ...

Хангайн Хачир-Ус, [Хануй, Чулуут, Алтай голууд орчмоос] Тамирын гол уруудан Орхоныг гатлан Могодын нуруунд, Жамуха, Хүчүлүг жанжин нарын цэргийн түшиц газрыг зорин ирэх зам дунджаар 200 орчим километр байна. Ийм хэмжээний газрыг морин цэрэг зуур хоноод ирэх боломжтой юм. Найманы цэргүүд Цахир Могодоос буцаж, Наху Гун уулын өврөөр хэжин явж байтал тэдний харуулыг Чингис хааны харуул үзэж “Найман ирж айсуй” хэмээн хэл хүргэвээс, энэ хэл аваад Чингис хаан зарлиг болруун: “Олноос олон цөөнөөс цөөн хор хохирол болмуу зээ” гээд эсрэг морилж (өмнөөс нь очиж) харуулыг нь үлдэн хөөгөөд цэргээ засахдаа, “Харгана зорчил зорчиж, нуур байр байрлалдаж, цүүцэн хатгалдаанаар хатгалдъя” хэмээн тулалдаан эхлэв.

 

“Наху Гун” уулын байлдаан

Тэргүүн эгнээнд Зэв, Хубилай, Зэлмэ, Сүбээдэй тэргүүтэй хүлэг баатрууд Найманы харуулуудыг Наху Гун уулын өвөрт байсан гол хүчинд хүртэл үлдэн хөөж “цүүцэн хатгалдаанаар” хуягласан хүнд морин цэрэгт хүлэг баатрууд дайсны гол хүчинд цөмөрч тулан байлдаж эхлэхэд

Баруун, Зүүн жигүүрээр эрчлэн цойлж, эвхрэн дүүлэх Урууд, Мангууд нарын хөнгөн морин цэргүүд дайсны гол хүчийг тойрч бүслэн “нуур байр байрлалдаж” тал талаас хумин дайсныг хүрээлэн тойрч мэргэн харваачид, хорчингууд (нум сум агсагчид) суман мөндөр буулган харваж самгардуулан нууранд живүүлэх байлдаан үргэлжлэв.

Энэ завшаанаар Чингис хаанаар манлайлуулсан, Хасарт захирагдсан гол хүч атгасан гар шиг нягт уялдаа холбоотой аравт, зуут, мянгатаар багцалсан бүлэг цэргүүд “харгана зорчил зорчиж” тулалдаж дайсныг уул өөд шахав. Тэдгээрийн хойноос найдвартай ар тал болох бэлтгэл хүчийг Отчигин ноён захиран сүүл холбон давшсаар Цахир Могод, Наху Гун уулын дунд хөндийд өдөржин уулгалан байлдаад нар хэвийхэд Найманы цэргүүд ухран ухарсаар “Наху Гун” өөд шахагдан авирч уулын оргилд хүрсэн бөгөөд үдэш болход уг уулыг бүслэн байж хонов. Тэр шөнө Найман буруулан хөдлөх болохдоо, Наху Гун дээрээс гулсаж, дээр дээрээсээ овооролдон, яс үсээ хэмх уналдаж, өмх хожуул болтол даралдан үхэцгээв. Маргааш нь Таян ханыг мохотгож авав. Хүчүлүг хан тусгаар байсаар цөөн хүнтэй дайжин хөдөлжээ.

Түүхэнд тэмдэглэгдсэн “Наху Гун” уулын байлдаан тухайд Найман аймгийн нутгийн хил зааг Орхон голын сав эртний Арлуут түмний өлгий нутаг Наху баяны Цухал хөндий хэмээгдэх газар, Цахир Могод уулаас холгүй болсон бөгөөд Тухайн байлдаан болсон газрын дорнод этгээдэд Ханхар ханы тэргүүн оргил байх тэндээс Саарь хээрийг бүрхэн буусан Чингсийн цэгийн сүр хүчийг тольдон ажиглах цэргийн бэхлэлт “шивээ” байгаа нь түүхэн үйл явдлаас тод харагддаг. Нөгөөтэйгүүр “Наху Гун” уулын оргилд нуугдмал үл анзаарагдах халил хад, ханан хясаа байсан нь Таян хан хийгээд тэдний цэргүүдийн үхлээс илүү ойлгомжтой анзаарагддаг юм.

Түүхэнд тэмдэглэгдсэн Орхон голыг дуртай газраараа гаталчих нарийн гол биш бөгөөд зуны улиралд морин цэрэг гатлахад хамгийн тохиромжтой ус нимгэн өргөн гарам бол Булган аймгийн Сайхан, Могод сумын нутгийг зааглан урсах хэсэг дэх Дэрстийн өргөн олом билээ. Энэхүү гарамнаас 40 орчим километрт Ташир, Могод Номгон гэх зэрэгцээ гурван нуруу оршдог. Авзага хайрханы шилээс хойш Ташир, Могод хэмээх хос хоёр нуруу 60 гаран километр үргэлжлээд Орхон голд тулдаг. Энэхүү нуруудыг түүхэнд тэмдэглэгдсэн “Цахир Могод” мөн хэмээвээс өрнө зүгт 5-10 километрт зэрэгцэн орших Номгон уулыг эртний “Наху Гун” уул мөн хэмээн үзэх боломжтой юм. Могодын нурууг Номгон уулын харалдаа давах хэсгийг Таширын даваа гэдэг нь түүхэнд тэмдэглэгдсэн Цахир Могод бол Ташир Могод байж болох бас нэгэн сэжүүр билээ.

Могодын нурууны зүүн өмнөд этгээд Авзага хайрхан уулын зүүн тал, Суварга уулын баруун талын Шивээт уулын тэргүүн өндөрт байдах “Шивээгийн хэрэм” харуул манааны байгууламжийг Найманы цэргийн харуул байрлаж байсан Ханхар Хан тэргүүн оргил мөн хэмээн үзвээс Саарь хээр хэмээх тавиу хөндий нь Төв аймгийн Заамар, Лүн сумын нутаг Доргонтын арын Саарьмагийн гармаас баруун тийш Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг сумын нутаг Саарь толгой хүртэл Авзага хайрхан, Шивээт, Суварга уулсын өмнөд талын Долоон худаг, Номун булаг, Нанзангийн хоолой, Чин толгой, Баяннуур, Хадаасан толгой, Хар уух голын сав дагуу хөндийг бүхэлд нь тухайн үед “Саарь хээр” хэмээн нэрийдэж байсан бөгөөд Чингис хааны их цэргийн буудалласан Задгай нэрт уул нь одоогийн Хараат болж таараад байгаа юм.

Номгон уулын хяраар урд талаасаа үл анзаарагдах дэллэсэн урт нуугдмал ханан хад, халил хясаа түүхэн зураглалтай яв цав таарсан бөгөөд нутгийн зүг гэдрэг буруулан дутааж буй Таян ханы нисэж үхсэн газар ч энд байж болох юм. Энэхүү нуугдмал халил хясаа уруу харанхуй шөнө байтугай гэгээ гэрэлтэй өдөр ч сонор сэрэмжгүй гарвал хүн мал гулсан нисэж үхэх аюултай.

 

 

Навчин хэлбэрийн ялтсан хуяг (Plate Armor): А

Судалгааны явцад “Наху Гун” буюу Номгон уул орчмоос тухайн цаг үед холбогдох дайн байлдааны ул мөр (нум сумны гурван хянгат төмөр зэв (гилбэр) мөн навчин хэлбэрийн төмөр ялтас хуяг (Plate Armor) гэх мэт эд өлгийн зүйлс олдсон бөгөөд тухайн газрын хөрсөнд геофизикийн цахилгаан соронзон судалгаа хийхэд мөн олон тооны илэрцүүд тэмдэглэгдсэн.

Энэхүү төмөр ялтсан хуягийг нарийн эсгий, бөс даавуу, ширэн хувцас, өмсгөлийн гадна талаас нимгэн ялтсан металл хавтангуудыг зүйж хуяглан ширж оёсон, хадсан цэргийн бүтэн биеийн өмсгөл юм. Mонголчуудын хэрэглэж байсан хуяг дуулга, хамгаалах хэрэгсэл нь олон төрлийн нимгэн төмрөөс бүрддэг. Монголын нум сум харваачид аль болох хөнгөн хуяг дуулга хэрэглэдэг байжээ. Энэ нь хөдөлгөөнд саад учруулахгүй ач холбогдолтой. Дуулгыг голдуу төмрөөр хийдэг байсан ч арьс шир болон бусад түүхий эдийг ч мөн өргөн ашигладаг байсан.

 

Гурван хянгат шөрөг шилбэт зэв (гилбэр):

Түүхэн цаг үед холбодох нэгэн чухал дурсгал бол сумны зэв юм. Зэв нь түүвэр байдлаар хамгийн их олддог. Зэвийг дайн байлдаан, ан агнах зэрэг ажилд ашиглах бөгөөд сумын мөсөнд бэхлэх байдлаар нь онгит [бөгжит], шөрөгт [шилбэт] гэж хоёр үндсэн төрөл зүйлд хуваан авч үзэх ба мөн дотор нь

  • навчин хэлбэрийн
  • гурван хянгат
  • гурван талт

гэж зэвийн толгой үзүүр хэсгийн байдлаар олон төрөл болгодог төдийгүй улам бүр жижиглэн нариивчилж 25 хүртлэх төрөл болгон хуваадаг тал бий. Энэхүү нум сумны гурван хянгат шөрөгт [шилбэт] зэв гилбэрийн үзүүр хэсэг нь хурц шовх гурван тийш ижилхэн хянга ирмэг яваад хойш нарийсан шөрөг [шилбэ] нарийсан шувтарч нэгэн цул байна.

Лах уул Наху гун уул биш:

Лах уулыг мөн хэмээн үзэх судлаачид Цахир уул Мөөрс ухаад татагдан илэрхий хол зөрсөн бөгөөд Могод уулнаас 100 гаран км, Орхон голоос 250 гаран км хол бөгөөд Орхон голыг гатлаад Могодын нуруунд Чингис хааны цэргүүдтэй тулгаран байлдаад ялагдан буцаж яваа хүмүүс хориглолтыг цөмлөн 100 гаран км яваад Лах ууланд хүрэх боломжгүй.

Цахир уул, Мөөрс ухаа Лах уулнаас 50 гаран км, Орхон голоос 300 гаран км хол газар юм. Цахир Мөөрст Чингис хааны цэрэгтэй анх тулгарсан гэж үзвэл 50 гаран км буцаж зугтаасан болж таарах гээд байгаа юм тулалдаан дөнгөж эхлэж байхад ийм хол зугтаах шаардлага байхгүй. Лах уулын бэлээс Цахир, Мөөрс ил үзэгдэхгүй хол байгаа зэрэг нь үнэнээс их төөрснийг илтгэн харуулж байна. Мөөрс ухаа, Цахир уулнаас нутгийн зүг гэдрэг буруулан дутааж яваа хүмүүс Лах ууланд шахагдан гарсан байж болно. Гэвч Лах ууланд нуран унах хэрмэн дэнж, халил хясаа, ханан хад үгүй бөгөөд цавчим хадан хясаа хэдэн шовгор цохио, дэл хаданд нь зориуд авиран гарч үсрэн амиа хорлодоггүй юм бол санамсаргүй халин нисэж үхэх халил хясаа, ханан хад, ан цав үгүй газар байна. Мөн Жамухи Чингис хаанд элч илгээн Таян хан цэргээ захирч чадахгүй хямдхан хүн ажаа анд хатууж тэд чамаас айж тайга ууланд шургалаа гэж байгаа нь ой тайга бүхий модтой газар байгааг илтгэн харуулж байна. Лах ууланд шурган орох ой тайга байхгүй уул учир үнэнд нийцэхгүй бас нэг шалтгаан болно.

Монголын Нууц Товчооны Монгол эхээс Номгон (ᠨᠣᠮᠣᠭᠠᠨ Nuò mǔ gān) гэх үгийг хятад ханзруу (諾姆甘Nuò mǔ gān) гэж галиглан хуулж бичихдээ хэллэг дагуулан (納 忽 崑 Nà hū kūn) гэж бичилтийн алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй юм. Монгол бичгийн хэлэнд Номгон хэмээх үгийг (Номуган ᠨᠣᠮᠣᠭᠠᠨ Nuò mǔ gān) гэж бичих бөгөөд галиглан хэлэхэд (Наху Гун 納 忽 崑 Nà hū kūn) гэхтэй ижил төстэй дуудагдаж байгаагаас үзэхэд, эртний “Наху Гун” уул нь өнөөгийн “НОМГОН” уул мөн хэмээн үзэх бас нэг шалтгаан болно.

 

Энэхүү судалгаанаас харахад “Монголын Нууц Товчоо” түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн “Наху Гун” уул Булган аймгийн Могод сумын нутагт бий хэмээн үзэх зарим эрдэмтэн судлаачдын таамаглалд нийцсэн бөгөөд түүхэн зураглалтай яв цав таарч буй учир эртний “Наху Гун” уул бол өнөөгийн “Номгон” уул мөн болно.

 

Ашигласан ном зохиол:

  • Ш.Чоймаа, “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” Дэлгэрэнгүй тайлбарт эх Улаанбаатар
  • Шанжмятавын Гаадаба, “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” Худам монгол бичгийн сийрүүлэг эх, Худам монгол эхийн шинэ үсгийн сийрүүлэг, Зарим үгийн тайлбар. “Га багшийн номын сан-9” хоёрдахь хэвлэлт Улаанбаатар хот 2024 он.
  • С.А.КОЗИН "СОКРОВННОЕ СКАЗАНИЕ" Монгольская хроника 1240 г. под названием “MONGOL-UN NIГUCA TOBCIYAN” ЮАНЬ ЧАО БИ ШИ монгольский обыденный изборник ТОМ-I МОСКВА 1941 ЛЕНИНГРАД.
  • Д. Цэрэнсодном "Монголын нууц товчоо" Эрдэм шинжилгээний орчуулга, тайлбар. Улаанбаатар 2000 он.
  • Х. Шагдар Чингисийн байлдааны цадиг (1179-1206). УБ., 1993
  • Монгол цэргийн түүхийн товчоон (МЭӨ III зуунаас XX зууны эхэн хүртэл). Тэргүүн дэвтэр. УБ., 1996
  • Монгол улсын ШУА-ийн түүхийн хүрээлэн “МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ” дэд боть (XII-XIV зууны дунд үе) Улаанбаатар 2003 он.
  • С.Гүндэнбал, Ц.Лхагвасүрэн Могод сумын түүхэн товчоо 2011он.
  • Цэнд гүний орчуулсан МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН тайлбарт эх 1,2,3 боть Улаанбаатар хот 2022 он
  • Редактор: Ш.Чоймаа, Ц.Цэрэндорж, Э.Мөнхучрал, Л.Ганбат Дэлгэрэнгүй тайлбартай “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” Улаанбаатар 2023 он
  • Редактор: А.Цанжид, Ш.Чоймаа, Рашпунцаг “БОЛОР ЭРИХ” Улаанбаатар 2006 он.
  • Геофизикийн цахилгаан соронзон хайгуулын “Minelab Safari Metal detector” багаж тоног төхөөрөмж
  • Интернет хэрэглээний https://satellites.pro/Mongolia_map,  https://earth.google.com/ программ болон бусад “Word, Excel, Photoshop, AutoCAD, PowerPoint” зэрэг цахим хэрэглээний программ хангамжуудыг ашигласан болно.

 

­Судлаач: Ц. Буяндүүрэн 2025 он

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хайнзаны ШАГДАР(202.131.233.251) 2025 оны 06 сарын 16

Эрлийг сургаар Эрдмийг хичээлээр” гэж манай ард түмэн цэцэлдэг билээ. \nЦэгмидийн Буяндүүрэн арваад жил ”Наху Гун” уулын эрэл, суралд гарч эрлээ олж, эх орныхоо түүхийг баяжуулж байна. Түүхч газар зүйч биш барилгын инженер мэргэжилтэн, уран барилагчийг эх оронч сэтгэл зориг нь дуулсан хэрэг биз ээ. Монголын үе үеийн түүхч, газар зүйчид Их Монгол Улс байгуулагдах эсэхийг дэнсэлсэн сүүлчийн их тулалдаан болсон Наху Гун уулыг хайн шинжсээр ирсэн юм. \nГэтэл Буяндүүрэн гэгч залуу Наху Гун уулыг олж тогтоон Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойдоо буян дүүрэн бэлэг барьж байна даа

1  |  0
зочин(66.181.179.248) 2025 оны 04 сарын 05

Түүхэн судалгааны гаргалгаа сайн байна. ”Монгоын Нууц Товчоо” түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн ”Наху Гун” уулын байлдаан болсон газар тодрон гарж иржээ. Монгол Улс тухайн газар нутгийг соёлын өвийн жагсаалтад оруулж авах ёстой доо. \n

1  |  0
Уншигч(66.181.190.157) 2025 оны 04 сарын 05

Сайн судалгаа байна, амжилт.

3  |  0
Top