ДУРСАМЖ | Авьяас, эрдэм нь үл тасрах алдарт уяач Гомбын Шоовдор

2025 оны 03 сарын 12

Говь талын шаргал намар өвөл болохгүй юм шиг сунаж налайх хэдий ч зунжин шувууд чуулсан нуур эхнээсээ эзгүйрч, айл саахалтад зуссан оюутнууд сургууль соёл бараадан, гар хөлийн үзүүрт чавхдаж байсан дүү нар ч сургуульдаа бэлдээд явчихсан цагаар Зүрхийн овооны хойд хөтлөөр холын нүүдэл гэмээр сүр бараа ихээхэн харагдана. Шуудхан манайхыг чиглэсээр ирэхэд нь уяан дээр тосон угтвал Монгол Улсын Алдарт уяач Гомбын Шоовдор хэмээх эрхэм хичээлийн шинэ жилийн нээлтийн дааганы уралдаанд ирээдүйн хурд сойж яваа нь энэ аж. Тэр уралдаанд таван даага сойчихсон, уяач, тавиач хүүхдүүдээ дагуулаад хөтлөөр гарч ирэхээр сүр бараа нь их байлгүй яахав.

Гомбын Шоовдор хэмээх эрхэм бол ус нутагтаа төдийгүй улс, бүсийн хэмжээнд эрдэм чадлаараа гайхагдсан уяач байв. Морины эмгэг өвчнийг анагаах тал дээр гойд нэгэн гэдгийг хотол түмнээрээ л шагшдаг, тийм онцгой эрдэм чадалтай уяач. Алдарт уяач Г.Шоовдорын морь уяж эхэлсэн түүх өөрөө сонин. Ихэнх цуутай уяачид алдаж, онож, сүүл мушгиж байж сая айраг цагаа амсдаг байсан бол тэр шуудхан л түрүү хүртэн, морь уяаныхаа гарааг эхлүүлсэн байдаг. Залуу цагаасаа өндөр сэрвээтэй, хурц түргэн моринд нүд унагаж явдаг нөхөр хөрш зэргэлдээ Хэнтий аймгийн Галшар сумаас эхнэрээ гоёх гэж худалдан авсан хөл түргэн, ааш хурц халтар морио наадамд чимээгүйхэн уяад байжээ. /Түүний эхнэр Пунцагдулам хэмээх орсон гарсанд идээ ундтай сайхан хөгшин байсныг сайн мэдэх юм/ Наадам ч болж, халтар морио хөтлөөд очиход нутгийн нэр зүстэй уяачдын уяа сойлго нь таарсан хүлэг морьдтой халтар морио жишиж харахаар нэг л явамгүй санагдаад байжээ. Тэгэхээр нь морио мордуулахаа болих гэтэл унаж байсан хүүхэд нь уралдана гээд болдоггүй. Арга буюу унаач хүүхдэд дийлдсэн залуу уяач “Хүүхэд морь хоёрын аз мэдэг” гээд мордуулчихсан чинь халтар морь нь түрүүлээд ирсэн түүхтэй. Тухайн үед “Энэ Г.Шоовдор ямар аргаар эхнэрийнхээ унааны морийг уралдуулаад түрүүлгэдэг байна,аа” хэмээн жиг жуг гэлцэж байсан гэдэг. Ингэж л залуу уяач анхны наадмаасаа түрүү хүртэл морь уяаны замналаа эхэлж байжээ.

Энэ цагаас хойш урам ч орж, хурдан морь сойх далд хүсэл ч ёстой нэг шатаа биз. Мэдээж хэрэг, залуу уяачид байгалиас авч төрсөн авьяас билиг, эрдэм чадал байсан болоод тэр байх. Энэ тухайд нутгийн нэрт уяачид “Г.Шоовдор бол морины өвчин эмгэг анагаахдаа гойд эрдэмтэй. Үүнээс гадна хурдан морь таних тал дээр авьяастай хүн” хэмээн ярьцгаадаг байсныг олонтаа сонсож байв. Миний мэдэхээр өөрийнхөө унаган адуунаас гадна залгаа нутгаас шар үсэндээ баригдсан муу бага насны адуу, өвчин эмгэг ороосон үрээ, даага авчирч эмчлээд хойтон жил нь айраг түрүү авч байдаг хүн гэхээр түүний эрдэм чадлыг илтгэнэ. Иххэт сумын нэрт уяач “Өндөр” хэмээх Сандагдорж гуай нэгэнтээ аймгийн наадмын Их сунгаа Үзүүр хайрхны баруун сугад болох үеэр “Алтанширээгийн Г.Шоовдорын хээрийн өмнө гишгих адуу бидэнд олон байна. Гагцхүү Г.Шоовдорын уяа, эрдмийн өмнө гишгих уяач байна уу, үгүй юу” хэмээн галынхандаа ярьж суусан нь өдгөө ч нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож байна. Яах аргагүй энэ наадамд Г.Шоовдор уяач аймгийн наадамд хээр соёолон түрүүлгэж, ус нутгийнхаа нэрийг дуудуулж байсан даа. Иххэтийн “Өндөр” Сандагдорж уяач бол баганаас дор борви нугалах жижиг уяач биш. Ус нутагтаа төдийгүй хил залгаа аймаг сумдад адуугаараа ч эрдэм чадлаараа ч нэрд гарсан том уяач байв даа. Ийм атал тэр том уяач Г.Шоовдор уяачийг өрсөлдөгчөө гэж бодохгүй дотроо битүүхэн хүндэлж биширч явдгийг тэгэхэд мэдэж билээ. Тухайн цагийн уяачид ч, өвгөд ч тэр адууг бүү хэл орчлонг таньсан аугаа амьтад байсан даа. Түүний уяж хурдлуулж байсан домог мэт яригддаг хурдан хүлгүүдийн тухай дорноговьчууд сайн мэднэ дээ.

Алдар суу нь түгсэн “Мөнгөн бөгст”, “Дэлдэн хээр”, “Харлаг”, “Борлог” гээд дурдаад байвал Алтанширээ сумандаа төдийгүй хил залгаа аймаг сумдад нутаг усныхаа нэрийг дуурсгасан олон хурдан ажнай бий. Тэрээр зургаан насны морьдыг жигд сайн уядаг уяач байсан ч их насны морьдыг олноор түрүүлгэж айрагдуулсан амжилтаараа лавтай Дорноговь аймгийн хэмжээнд тодорсон хүн. Ямар сайндаа аймгийн наадмын дэвжээг эзэгнэхэн төрсөн Улсын Алдарт уяач Д.Балданжамц аймгийн наадамд Г.Шоовдор уяачийг ирснийг дуулаад “За өнөөдөр их насны түрүү ч горьдолтгүй юм байна” хэмээн хамрын тамхиа бөөн бөөнөөр нь чихэж суусан гэдэг. Энэ хэрээр түүний уралдаж явсан наадмын дурсамж олон хийгээд домог мэт үлдсэн нэгэн зуны наадмын дурсамж байдаг юм. Г.Шоовдор уяач нэг удаагийн аймгийн наадамд азарган соёолон түрүүлгэж, их нас, хязаалан насны морьдоо айрагдуулж наадсан. Энэ наадмаасаа сумынхаа наадамд ирж, азарган соёлонгоо ахин түрүүлгэж, эндээсээ шууд Замын-Үүдийн наадамд очиж, их насны борлог морио түрүүлгэж, есдүгээр сарын 1-ний дааганы уралдаанд даага түрүүлгэж гээд нэгэн зуны наадмыг өөрийнхөө өмч юм шиг эзэгнэж явсан дурсамжийг өдгөө нутгийн өвгөд бахдан ярьдаг юм. Тухайн цагт өвс ногоогоор хоол тааруулна уу гэхээс тэжээж тэтгэх биш. Ямар машин тэргэнд ачаад явах биш. Тэгэхээр энд л өнөөх уяачийн эрдэм чадал харагдана. Тэр олон наадам, урт замыг хөлөөр нь туулж айраг түрүү давхарлан хүртэнэ гэдэг яах аргагүй эрдэм чадал гэхээс өөр яахав.

Нутгийн уяачид, өвгөдийн ярьж байгаагаар бол “Тухайн цагт морийг сайндаа л гурав давхарлан уяна. Бараг л үгүй. Хоёр давхалвал их юм. Тэглээ гээд наадам бүхэндээ айраг, түрүү хүртэнэ гэж байхгүй. Яагаад гэхээр одоогийнх шиг тэжээл, эм бэлдмэл хэрэглэх биш. Морь үнэн хурдан байгаад уяач сайн бол хоёр наадамд айраг, түрүү хүртээд л болно” хэмээн ярьдаг.

Гавьяат эдийн засагч Л.Ишдорж гуай алтанширээчүүд аймаг болон бүсийн хэмжээний наадамд хэрхэн уралдаж байсныг 1931-2013 оныг хүртэл аймгийн архиваас шүүж үзээд “Улсын бүс, аймгийн наадамд Алтанширээ сумаас нийтдээ 400 орчим хүлэг түрүүлж айрагдсан бол Улсын Алдарт уяач Г.Шоовдор хоёр түрүү, есөн айраг хүртжээ” гэсэн мэдээллийг гаргаж ирсэн. Энэ бол Алдарт уяачийн ерээд оны эхэн үе хүртэл морь уясан амжилт. Үүнээс гадна бусад аймаг сум, бүс нутаг гэвэл тоогоо алдахаар айраг, түрүү хүртсэн хүн гэдгийг надаар хэлүүлэх юун. Өдгөө түүний хүү Ш.Хүрэлбаатар аавынхаа морь уяаны эрдмийг өвлөн авч, нутаг усныхаа нэрийг дуудуулсаар явна. Ш.Хүрэлбаатар аавынхаа зөвхөн морь уяаны эрдмйиг өвлөсөн төдийгүй адууны эмгэг анагаах тал дээр ч сайн суралцсан гэдгийг дурдах нь зүйн хэрэг.

 

Энэ тухайд Ш.Хүрэлбаатар “Аав маань намайг миний морины уяаг залгамжлах хүн энэ л байгаа юм” гэдэг байлаа. Тиймдээ ч түүнийг цэргээс ирдэг жил нь “За хүү минь, би чамд халаагаа өглөө шүү” гэж хэлсэн гэдэг. Энэ бол ерээд оны эхэн үе. Алтанширээ сумын Улсын аварга малчин, Аймгийн Алдарт уяач С.Дашзэвэг “Тод магнай” сэтгүүлийн 2014 оны дугаарт зочноор оролцож, “Та бүхнийг залгамжлан уяж байгаа нутгийн залуучуудаас хэнийг илүү тоодог вэ” гэхэд “Шоовдор гуайн хүү Хүрлээ гэж залуу бий. Сайн хүний хажууд байсан болохоор арай ондоо уяна шүү” хэмээн товч бөгөөд тодорхой хариулсан байдаг. Аймгийн Алдарт уяач Ш.Хүрэлбаатар 2015 онд “Тод магнай” сэтгүүлд аавыгаа дурсан ярихдаа “Манай аав нэг их олон үг хэлээд байдаггүй хүн байсан. Нэг дурсамж ярья л даа. Манай сумын Тойг бригадын наадам 1992 онд болсон юм. Тэр жил аав эзгүй  байгаад, би морьдоо голлож уялаа. Нэг их морь, хоёр соёолон, нэг даага уячихсан үзэж тараад байлаа. Тэгж байтал аав хүрээд ирсэн. Хоёр соёолон нь ер нь их сайн байсан юм. Дүүгийн нэртэй хээрийнх нь хоолыг хасах гэтэл аав “Миний хүү хурд дээр хурд нэмж болдоггүй юм, хэрэггүй. Хээр морь чинь тэртэй тэргүй түрүүлнэ. Чи бүтэн тэжээлээр мордуулчих” гэж байна. Би болохоор хоол хасах ёстой гэж бодоод байлаа. Тэгээд ааваасаа зөрөөд “Би таныг амьд байхад л үзэж сорьж авмаар байна” гэсэн. “Тэгвэл тэг дээ, өөрөө мэд. Хоолыг нь хас”  гэж байна. Хоолыг нь хасчихлаа. Тэгсэн аав “Хоол хасахад 10 морь алддаг юм, чи харж байгаарай” гэж байна. Би ч харъя гэж бодоод хоолыг нь хасчихлаа. Уралдахынх нь өмнө аав харчихаад “Амьд л ирдэг юм бол би үхүүлэхгүй ээ” гэж байна. За тэгээд соёолон уралдлаа. Тэгсэн хоолыг нь хасаагүй хээр нь дөрөвт ороод, хоолыг нь хассан хээр нь 11-д ордог юм” хэмээн дурссан нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах болов уу.

Алдарт уяачийн морь уяаны түүхээс харвал гол төлөв хээр зүсмийн адуу түрүүлж айрагдуулж байсан юм билээ. Тухайлбал, 1975 онд хээр зүсмийн адуу, 1991 онд аймгийн 60 жилийн ойд хээр зүсмийн соёолон тус тус түрүүлгэсэн, мөн аймгийн наадамд 1973, 1983, 1985, 1986 онд хээр зүсмийн адуу айрагдуулж байж. Тэгвэл хүү Ш.Хүрэлбаатар 1994, 2009, 2011 онд “Янзага хээр”, “Улаан хээр” гэх мэт адуу түрүүлж айрагдуулсан.

Энэ бол зөвхөн томоохон наадмын өөрийн мэдэх статистик хэлж байгаа хэрэг. Түүнээс бус бусад наадмуудад ч гол төлөв хээр зүсмийн адуу түрүүлгэж  айрагдуулсан нь элбэг. Түүний бага хүү Ш.Дорждамбын хээр гэх хээр морь ерээд онд ихэд хурдалж байсныг сайн санаж байна. Монгол Улсын Алдарт уяач Г.Шоовдор 1924 оны эрдэнэ зууж ирдэг хэмээн билгэдэх хөх хулгана жил хуучнаар Говь мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Алтанширээ сумын харъяат малчин ард Гомбын дөрөв дэх хүү болон төржээ. Өөрөө таван хүү, дөрвөн охин өсгөсөн өнөр өтгөн өрхийн тэргүүн байж, ийм л нэгэн эгэлгүй уяачийн авьяас, эрдэм үл тасрах ажгуу. Нээрээ мартаж орхиж, тэр жил манайхыг Зүрхийн овоонд намаржиж байхад Алдарт уяачийн хөтөлж ирсэн таван дааганаас нэг нь түрүүлж, нэг нь айрагдаж, нэг нь наймд хурдалж байсан юм даг. Дорнын говь, тэр тусмаа Алтанширээ сумаас салбар салбарын олон алдартан төрөн гарсны нэг нь Монгол Улсын Алдарт уяач Гомбын Шоовдор.   

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мягмармаа Пүрэвсүрэн(139.5.219.14) 2025 оны 03 сарын 16

Сайхан бичжээ.

0  |  0
Мягмармаа Пүрэвсүрэн(139.5.219.14) 2025 оны 03 сарын 16

Сайхан бичжээ.

0  |  0
Мягмармаа Пүрэвсүрэн(139.5.219.14) 2025 оны 03 сарын 16

Сайхан бичжээ.

0  |  0
Шоовдор Байгалмаа(202.9.41.58) 2025 оны 03 сарын 13

Уугандаа даа баярлалаа. Өөрийг тань ийм мэдээлэлтэй, ингэж бичнэ гэж ер бодоогүй шүү. Аав ээж дүү нарын минь дурсамж үнэхээр сайхан байлаа. Би ч аавынхаа жинхэн үнэнч улаан пэн нь, унаач нь байлаа даа. Сэтгэл сэргээж, удам угсааг минь маш тод тодорхой бичиж үгүйлсэнд маш их баярлаж байна. Хэд хоног л омогшоод, уяраад, догдлоод явах юм байна. Сайхан байна шүү. Гүрээ ах маань өөрийг тань маш их тоож их гоё бичсэн байна гэсэн шүү.

1  |  0
Шоовдор Байгалмаа(202.9.41.58) 2025 оны 03 сарын 13

Уугандаа даа баярлалаа. Өөрийг тань ийм мэдээлэлтэй, ингэж бичнэ гэж ер бодоогүй шүү. Аав ээж дүү нарын минь дурсамж үнэхээр сайхан байлаа. Би ч аавынхаа жинхэн үнэнч улаан пэн нь, унаач нь байлаа даа. Сэтгэл сэргээж, удам угсааг минь маш тод тодорхой бичиж үгүйлсэнд маш их баярлаж байна. Хэд хоног л омогшоод, уяраад, догдлоод явах юм байна. Сайхан байна шүү. Гүрээ ах маань өөрийг тань маш их тоож их гоё бичсэн байна гэсэн шүү.

1  |  0
Шоовдор Байгалмаа(202.9.41.58) 2025 оны 03 сарын 13

Уугандаа даа баярлалаа. Өөрийг тань ийм мэдээлэлтэй, ингэж бичнэ гэж ер бодоогүй шүү. Аав ээж дүү нарын минь дурсамж үнэхээр сайхан байлаа. Би ч аавынхаа жинхэн үнэнч улаан пэн нь, унаач нь байлаа даа. Сэтгэл сэргээж, удам угсааг минь маш тод тодорхой бичиж үгүйлсэнд маш их баярлаж байна. Хэд хоног л омогшоод, уяраад, догдлоод явах юм байна. Сайхан байна шүү. Гүрээ ах маань өөрийг тань маш их тоож их гоё бичсэн байна гэсэн шүү.

1  |  0
Цэндийн Батсайхан(203.91.115.51) 2025 оны 03 сарын 13

Ууганаа найз хачин сайхан хүний тухай их сайнхан түүх дурсамж үлдээжээ баярлалаа.

2  |  0
Цэндийн Батсайхан(203.91.115.51) 2025 оны 03 сарын 13

Ууганаа найз хачин сайхан хүний тухай их сайнхан түүх дурсамж үлдээжээ баярлалаа.

1  |  0
Цэндийн Батсайхан(203.91.115.51) 2025 оны 03 сарын 13

Ууганаа найз хачин сайхан хүний тухай их сайнхан түүх дурсамж үлдээжээ баярлалаа.

1  |  0
Н.Сарангоо(202.179.3.126) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр сайхан бичжээ. Олон олон алдартнуудын түүхийг ингэж бичиж түмэн олонд түгээгээсэй.

2  |  0
Н.Сарангоо(202.179.3.126) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр сайхан бичжээ. Олон олон алдартнуудын түүхийг ингэж бичиж түмэн олонд түгээгээсэй.

2  |  0
Top