Б.Баттогтох: Хайр сэтгэлийнхээ түгжээг “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгээр тайлна

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 03 сарын 02

Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан Южин О’Нийлийн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” уянгын жүжгийг УДЭТ-ын тайзнаа ирэх сарын 5-нд дахин тавьж байгаа юм. Тэртээх 1924 оноос хойш дэлхийн олон орны театрын тайзыг байлдан дагуулсан энэхүү алдарт жүжиг 1996 онд анх “Тамын дурлал” нэрээр манай УДЭТ-ын тайзнаа тавигдаж байсан билээ. Энэ удаагийн жүжигт айлын ууган хүү Симеон Кэботын дүрд тоглож байгаа УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Баттогтохыг өнөөдрийн “Өглөөний зочин”-доо онцлон бэлтгэлийн үеэр нь ярилцлаа.


-“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг тайзнаа дахин тоглогдох гэж байгаа. Таныг энэ жүжигт тоглоно гэж сонссон. Хайр дурлал, утга уянга хүн төрөлхтөний мөнхийн сэдэв байдаг. Гэхдээ энэ удаа та дүрээ яаж илэрхийлж, өмнө нь энэ дүрд тоглосон жүжигчдээс арай өвөрмөцөөр яаж гаргая гэж бодож байна вэ?

-Би УДЭТ-т ажиллаад жил гаруй болж байна. Яг оноож авсан дүр гэвэл үүний өмнө МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжигт Дунху улсын элч буюу өмнө нь Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ ахын тоглож байсан дүрийг авч ажилласан. Харин одоо Южин О’Нийлийн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийн Симеон гэж айлын том хүүгийн дүрийг аваад ажиллаж байна.

Бусад дүрээс ялгаатай нь гэвэл энэ дүр миний хувьд өмнө нь ажиллаж үзээгүй, зөрчил ихтэй дүр. Өмнө нь би кино урлагийн бүтээлүүд дээр түлхүү ажилладаг байсан. Одоо миний тоглож байгаа дүртэй төстэй, адил зан авиртай ч гэдэг юм уу ийм дүр өмнө нь надад ирж байгаагүй. Энэ бол миний хувьд өвөрмөц, өөрийгөө дахин өөрчилж харуулах боломж олдож байгаа юм болов уу гэж бодож байна.

-Та дүрийн судалгаагаа нэлээд сайн хийж, дотогшоогоо нэлээд ухаж үзжээ. Энэ дүрээ гаргахын тулд нэлээд шатаж байгаа бололтой. Хэцүү зүйл нь юу байна вэ?

-Хувь уран бүтээлч хүний хувьд хэцүү зүйл мэдээж байгаа. Миний тоглож байгаа Симеоны дүр бол өнөөгийн нийгэмд маш түгээмэл байдаг. Хаана ч байдаг дүр. Аль ч албан байгууллага, хамт олны дунд, ямар ч хүмүүсийн дунд яг энэ Симеон шиг хүмүүс байгаа. Энэ бол нийтлэг хүн. Гэхдээ энэ дүр маань надаас тэс өөр, бараг миний нөгөө хувилбар гэсэн үг. Үүнийг л би харин одоо хийж үзэх гээд оролдож үзээд, туршиж үзээд байж байна даа. Тайзан дээр хамтран тоглогч нартайгаа маш олон янзаар хийж, туршиж үзээд “Үүнийг энэ талаас нь ингэж үзвэл яах уу”, “Ийм байвал ямар вэ” гээд ажиллаж байгаа.

-Амьдрал дээр хаана ч байдаг дүр. Тэгсэн мөртлөө хүмүүс ийм хүн байхгүй юм шиг л амьдардаг шүү дээ?

-Энэ бол байдаг л нэг дүр. Гэхдээ нийгэмд нууцлагдаж амьдардаг. Яг энэ хүн бол нийгэмд үргэлж баг зүүж амьдардаг. Дотор хүн нь бол харин хаана ч байдаг.

-Тэгэхээр хаана ч байдаг дүр юм уу. Эсвэл хэнээс ч, хэзээ ч гарч магадгүй авир юм уу?

-Тэгж хэлж бас болохгүй. Өөрийнхөө муу талыг үргэлж нууж явдаг хүмүүс нийгэмд байдаг шүү дээ. Сайн хүний дүрийг тоглож явдаг. Ийм л хүн. Симеон гэдэг хүн бол айлын том хүү. Миний ойлгож байгаагаар маш хатуу аавын гарт өссөн, тариалангийн талбайд ажилд нухлагдсан том ах. Нөгөө хоёрыгоо бодвол хамгийн их ачааг үүрсэн хүн. Тэр хүний дотор аливаа юмыг аргалах, хялбаршуулах, амархан болгох гэсэн ийм л дүр. Би бол дүрээ ингэж харж, тэр хүнийг дотроо бодож байгаа. Аль болох л ирсэн хариуцлага, аливаа зүйл, шийдвэрээс зугатаачих гээд л, юмыг аргалаад сурчихсан ийм л хүн. Тоглож байгаа дүр маань насны хувьд надтай нэлээд ойролцоо байгаа.

-Симеон бол таны нөгөө хувилбар гэж хэллээ. Гэхдээ нэг үүдийг нээхэд дахиад ч хаалганууд байдаг гэдэг шүү дээ. Уран бүтээлчийн хувьд “Аан, би ингэж болох юм байна шүү дээ” гэдэг шинээр нээж илрүүлсэн олз тань юу байв?

-Байлгүй яах вэ. Симеоны гаргадаг авир, үйлдлийг амьдрал дээр би хэзээ ч хийдэггүй. Харин одоо туршиж үзэж байна. Бага зэргээр амьдралдаа оруулж үзэж байна.

-Ямар мэдрэмж төрж байна вэ?

-Мэдээж, өөрт байдаггүй, жигшдэг зүйлээ хийхээр хүнд онцгүй л санагдана шүү дээ. Амьдралд амархан хялбараар амьдрах аргуудын л нэг. Харин үр дүн нь муу. Болдог л юм билээ. Худал ярьж болдог юм билээ. Аливаа зүйлийг аргалаад байж болдог юм билээ. Худал шалтаг тоочиж болдог л юм билээ. Гэхдээ л... Өөртөө жаахан эмзэглээд байх юм байна.

-Ингэхэд жүжигчин болох нь таны хүсэл мөрөөдөл байсан уу?

-Хүүхэд насны маань мөрөөдөл жүжигчин болох байгаагүй. Би наймдугаар ангид байхдаа анх удаа кинонд тоглосон. Тэгээд л урлагт татагдаж эхэлсэн юм. Кино жүжигчин болъё гэсэн бодолтой СУИС-д элсэн орсон доо. СУИС-ийн босгоор дөнгөж алхахдаа “Би олны танил болно” гэдэг хүсэлтэй байлаа. Ингээд сургуулиа төгсөх явцад урлаг хүнд бага багаар нөлөөлсөөр байдаг юм билээ, би нэг л мэдэхэд сайн уран бүтээлч болохыг л хүсдэг болсон. Маш сайн уран бүтээл хийхийг л хүсэж эхэлсэн. Ингэхээр чинь олны танил болох ямар ч шаардлагагүй болчихож байгаа юм. Багш маань “Батка аа, сайн уран бүтээлч бол. Түүний араас алдар нэр, эд хөрөнгө чинь дагаж явдаг юм” гэж хэлдэг байлаа. Багшийн маань захиас үнэн. Үүнийг би биеэрээ мэдэрч, үзээд явж байна даа. Харин сургуулиа төгсөхдөө би кино жүжигчин болно гэдэг бодлоо орхиогүй гарч ирсэн шүү. Төгсөнгүүтээ шууд л кинонуудад тоглож эхэлсэн. Тасралтгүй 14 жил кино урлагт ажиллахдаа 70 гаруй кинонд гол болон туслах дүрд тоглосон байна.

-Театрт орох шийдвэр яагаад гаргав?

-Би өөрийгөө зогсож эхэлж байна гэж бодсон. Сүүлдээ, жилд бараг найман кинонд тоглож байсан. Энэ ажил маань сүүлдээ залхалт болж эхэлсэн. Надад кайф мэдрэгдэхээ больж байсан. Уран бүтээлээсээ сэтгэл ханамж, баяр баясгаланг авах биш “ял” шиг болж эхэлсэн. Сүүлдээ би зогсож эхэлсэн. Заримдаа дүрдээ дурлахаа больсон. Ингээд өөрийгөө дахин нээж, хөгжих, шинэчлэх зорилго тавьсан юм. Яг тэр үед Монгол улсын Ардын багш, урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, профессор, УДЭТ-ын уран сайхны удирдагч, СУИС-ийн тэргүүлэх профессор Н.Ганхуяг багш маань театрт ажиллах санал тавьснаар би зөв шийдвэр гаргажээ гэж боддог.

-Кино урлагаас ялгаатай нь гэвэл театрын тайзан дээр өдөр болгон дахин шинээр тоглож, үзэгчидтэйгээ амьдаараа уулздаг. Энэ нь танд ямар мэдрэмж төрүүлж байна?

-Тийм ээ. Гэхдээ бас нэг ийм асуудал байна. Монгол Улсад чөлөөт уран бүтээлч байна гэдэг тийм амар зүйл биш. Би хувьдаа маш их гайхдаг. Их олон жүжигчин бэлтгэж байна. Манай улсад одоогоор Хүүхэд, залуучуудын театр, УДЭТ гээд хоёр театр бий. Хувь театрууд нэгдэж эхэлж байна. Гэхдээ ажлын байрны орон тоо хэр их билээ. Чөлөөт уран бүтээлчээр ажиллаад ч амьдрахад хэцүү шүү дээ. Тэр өндөр төлбөртэй СУИС-ийг төгсөөд хаана, юу хийх вэ. Яг л хагархай шилэн дээр алхахтай адилхан зүйл шүү дээ. Би өөрөө энэ замыг 10 гаруй жил кино урлагт ажиллахдаа туулсан. Маш хэцүү байдаг. Би одоо доод үеийнхээ залуу жүжигчдийг маш сайн ажиглан харж байна. Дүү нар маань үг сонсохоо больсон байна. Ачаалал даах чадваргүй байна. Энэ юутай холбоотойг би сайн мэдэхгүй. Яагаад ийм болсныг ч би ойлгохгүй байна. Гэхдээ л ийм болсон байна. Гэтэл кино урлаг чинь өөрөө маш хатуу шүү дээ. Кино найруулагч нар ч маш хатуу. Уран бүтээлч болох сэтгэл зүрхийг нь мохтол үг хэлдэг найруулагч нар олон бий. Үүнийг дааж чадахгүй жүжигчид маш их гарч ирж байгаа. Энэ бол маш аюултай зүйл. Тиймээс би залуу үеийнхэндээ ачаалал даах чадвартай бай, үг сонсож сур гэж л хэлнэ. Залуу үе маань хүчтэй гараад ирвэл бидэнд гоё шүү дээ. Хий нь гарсан шаар шиг хүмүүсийг аваад дахиж хөгжүүлнэ гэвэл хэн хэндээ хэцүү. Би ч гэсэн залуу хүн. Хөгжиж яваа уран бүтээлч. Гэхдээ л үүнийг хэлмээр байна.

-Та кино урлагт чамлахааргүй урт замыг туулсан. “Энэ л яг болчихлоо” гэж ханаж бүтээсэн дүр байна уу. Эсвэл эсрэгээрээ үүн дээр би ингэх байсан юм гэж бодож явдаг дүр аль нь вэ?

-Би тоглосон дүрдээ ханаж үзээгүй. Үргэлж айдаг. Эхэн үедээ би нээлтэн дээрээсээ буюу театраас гараад гүйчихдэг байсан. Хүмүүс “Гоё болсон байна”, “Зүгээр болжээ” гэж сэтгэл зөөлрүүлдэг ч гэсэн би дүрдээ огт ханаж үзээгүй. Надад нээлтэнд нь очихоос ч айж байсан нэг кино бий. “Сайн уу, амьдрал минь-2” гээд “Биг лайн”-ы З.Батболдын найруулсан кино. “Еэ, бурхан минь. Юу л болсон бол доо?” гэдэг их айдастай байсан юм. Яагаад гэвэл, би тэр тоглолтуудыг бүгдийг мэдэж байгаа. Тэнд авсан зургуудыг бүгдийг мэдэж байгаа. Би яг бүтэлгүйтлээ л гэж бодсон. Миний дүр. Киног хэлээгүй шүү. Маш их айдастайгаар кинотеатрт очиж киногоо үзсэн. Харин анх удаа би тэр их айдсаасаа амьсгаа авч үзсэн. Үүнийг л ингэж хийх гэж энэ хүн хүсэж тэмүүлсэн юм байна шүү дээ гэдгийг тэгэхэд тэнд ойлгосон. Найруулагчийн дүр дээр ажиллах ажиллагаа, шийдлийг тэндээс олж харсан.

-Мэдээж, жүжигчин хүн найруулагчийнхаа үгэнд л орно шүү дээ. Гэхдээ амьдрал баян. Би ингээд илэрхийлчихвэл энэ дүр ингэж гарна шүү дээ ч гэдэг юм уу, тийм зөрчил гарах уу?

-Гарна. Өөрийнхөө зөв гэж бодсоныг хэлэх нь зөв. Бүх юм төгс биш шүү дээ. Бүх найруулагч төгс биш. Найруулагчтайгаа бодлоо солилцож үзэх хэрэгтэй. Би үүнийг ингэж бодож байсан юм. Ингээд хийгээд үзвэл танд ямар вэ гэдгийг асууж, хэлж үзэх хэрэгтэй. Гэхдээ бүх шийдвэрийг найруулагч л гаргана. Найруулагч бодож үзээд “Чи тэгвэл энэ дүрийг гаргахдаа үүнийгээ тэгээд, тэрийгээ ингээд хооронд нь авцалдуулаад хийж үзье” гээд ярилцаад хийвэл бас гоё. Найруулагч өөрийнхөө харсан шийдлээ “Чи үүнийг заавал ингэж хийж байж миний зорьсон зорилго, хэлэх гэсэн санаанд очно” гэвэл би түүнийг л хийнэ. Найруулагчийн үг бол хууль.

-Манай залуу уран бүтээлчид 1990-ээд оноос хойш Холливудын оддын амьдралыг мөрөөддөг болсон юм шиг ээ. Ардчилсан хувьсгал ялж, эрх чөлөөтэй болсноор тэр оргилд хүрч, тансаг амьдрах юм шиг сэтгэж, төөрч алдаж эндсэн залуус ч бий байх. Харин одоо нэгэнт 30 гаруй жил өнгөрчээ. Шилжилтийн үе дуусдаггүй ээ. Энэ бол Монголд арай худал юм байна гэдгийг эрт ухаарсан нь ч бий байх?

-Тэнд бол шоу бизнес маш сайн хөгжсөн газар. Хүн амыг нь бодоод үзсэн ч тэнд хэд билээ, манайд хэд билээ. Кинотеатрт шинэ кино нээлтээ хийлээ гэхэд нэг удаагийн үзвэрээс хэдэн ам.долларын ашиг олж байна вэ. Манайх хэдэн төгрөгийн орлого олдог билээ. Нэг сарын дараа ямар үр дүн гарах вэ. Энэ хоёр чинь хоорондоо тэнгэр, газар шиг ялгаатай. Тэнд байгаа Холливудын оддын тансаглал, энд байгаа Монголын жүжигчдийн амьдралыг харьцуулах боломжгүй. Хэрэв гадаадын уран бүтээлчид Монголд хүрч ирээд өөрсдийнхөө жүжигчдэд өгдөг цалинг манай жүжигчдэд өгөөд ажиллуулбал болохгүй зүйл ч бас биш.

-Гэхдээ мөрөөдөлд хязгааргүй шүү дээ. Манай жүжигчид дэлхийд гарчихаж  болохгүй юу. Мэр сэр ийм тохиолдол бий. Манай жүжигчид гадаадын уран бүтээлчидтэй хамтран тоглодог. Түүний нэг нь та. Чингис хааны дүрд тоглосон гэж байсан. Ер нь гадаад зах зээлд гарахад юу чухал вэ. Англи хэл үү?

-Надад боломжгүй зүйл байхгүй юм шиг санагддаг. Өнгөрсөн намар National Geographic /Дэлхийн суваг/ Монголд ирж Чингис хааны тухай баримтат кино хийсэн. Би тэр кинонд Чингис хааны дүрд тоглосон. Би “Чингис хааны дүрд тоглох юмсан” гэсэн мөрөөдөлтэй байснаа энд гүйцээсэн. Би цэвэр англи хэлтэй хүн биш. Тодорхой хэмжээнд ойлгодог, ярьдаг. Тэдэнтэй ажиллахад надад саад байгаагүй. Баримтат киноны зураглаачдын баг ирсэн. Би тэдний ажиллаж байгааг хараад өөрийн эрхгүй алга ташсан. Зураглаач нар нь бүжиглэж байна шүү дээ. Яаж тэр гурван камер дээр зэрэг ажиллаад байна вэ. Яаж 3-4 товчлуураар тэр бүх гэрлийг ямар хурдтай сольж байна вэ. Үнэхээр гайхамшигтай. Манай кино зураглаачид, найруулагчид гадаадад суралцаж ирж байна. Шинэ боловсон хүчнүүд ирж байна. Бидэнд одоо Ази руу гарах боломж нээгдэж эхэлж байна шүү дээ. Саяхан гэхэд, манай монгол залуус Солонгосын А зэрэглэлийн жүжигчидтэй нийлээд кино хийчихсэн л байна. Энэ чинь амжилт шүү дээ. Дэлхийн тайз одоо ойрхон байна. Харин жүжигчин ч бай, кино уран бүтээлч ч бай маш сайн продюсертэй байх ёстой. Би хувьдаа ямар ч хэлийг бэрхшээл гэж харахгүй байна. Жэки Чаныг бодоод үз дээ. Болдог л биз дээ. Тэгэхээр хүлээн зөвшөөрөгдөх нь л хамгийн чухал. Тэр жүжигчний зүс царай, бие хаа, авьяас билэг, ур чадвар хүлээн зөвшөөрөгдөх л хамгийн чухал юм. Гарцаа нээж чадвал боломжгүй зүйл байхгүй.

-Та хэвлэлд ярилцлага өгөх дургүй гэж байсан. Яагаад?

-Таныг асуусан болохоор би хэлье. Зарим нь хандалт авах гэж хэнийг ч хамаагүй, юу гэж ч хамаагүй бичиж байна. Тэрийгээ нийгэмд сэвж байна. Аймшигтай. Гэхдээ үнэн зүйлд хүн дуртай. Тиймээс нийгэмд түгээж байгаа мэдээ мэдээллийнхээ чанарт анхаараасай гэж боддог. Нөгөөтэйгүүр, би энэ амьдралд төгс амьдраагүй. Бас бүгдийг мэддэг хүн биш. Юу зөв бэ гэдгийг мэддэг хүн биш байхгүй юу. Тийм байж, би энд тэнд ярилцлага өгч, хэвлэлд гарах дургүй. Миний ярьсан зүйл буруу байвал яах вэ. Амьдралыг харж байгаа өнцөг буруу байвал яах вэ. Тэрийг хүмүүс даган дуурайвал яах вэ. Магадгүй, шилжилтийн насны хүүхдүүд сонсоод, үзээд, уншаад миний хэлснээр кодлогдоод алхчихвал яах вэ. Тэгсэн чинь би өөрөө 10 жилийн дараа “Яана аа, миний харж байсан өнцөг буруу юм байна шүү дээ” гэж ойлгоход бүх зүйл оройтно. Энэ бол маш том алдаа болохоор байгаа биз. Би үүнээс айдаг болохоор өөрийнхөө үзэл бодлыг олон нийтэд ярих дургүй. Ярилцлага өгөхдөө хэлэх үгээ маш сайн бодох хэрэгтэй болно. Би одоо хоёр хүүхдийн аав. Хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаардаг. Хэзээ ч барьж цагдаж үзээгүй. Юу бодож байна вэ. Юуг хүсэж мөрөөдөж байна вэ. Хийгээд үз, оролдоод үз л гэдэг. Би хориглодоггүй.

-Жүжигчид үеийн үед олон түмний  хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс байдаг. Орчин цагийн хэллэгээр бол нийгмийн хариуцлагатай, нөлөөлөгчид шүү дээ?

-Тийм ээ, нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээсэн хүмүүс. Хийж байгаа үйлдэл болгоноо бодох хэрэгтэй. Ялангуяа, УДЭТ-т ажиллаж байгаа уран бүтээлч гэдэг бол хэлэх үг, хийх үйлдлээ маш сайн бодож байх ёстой. Бүхэл бүтэн улсаараа овоглосон драмын театрын жүжигчин учраас. Жишээ нь, би алдаа гаргалаа гэхэд энэ зөвхөн миний алдаа биш болдог. “Энэ театрын жүжигчин” гэж ярьж эхэлнэ. Тийм учраас энэ бол хариуцлага.

-Хариуцлага гэснээс урлагийнхан болсон, болоогүй маш их зар сурталчилгаанд тоглодог. Тоглож болно. Гэхдээ шүүлтүүртэй байхгүй бол ялангуяа эрүүл мэнд, хүнс, гоо сайхны бараа хүний эрүүл мэнд, амь настай холбоотой учраас яригдах ёстой сэдвийн нэг, бас нийгмийн хариуцлага байх?

-Би нөлөөлөгч биш л дээ. Гэхдээ тэр хүмүүс юу зарж байгаагаа мэдэх ёстой. Чанартай юу, чанаргүй юу. Хүнд хэрэгтэй юу, үгүй юу. Халаасанд орж байгаа мөнгөндөө биш хойноо байгаа ирээдүйдээ анхаарах хэрэгтэй байхгүй юу. Муу бараа сурталчлаад, тэндээс авсан мөнгөөрөө амьдарч байвал энэ бол хүн чанаргүй зүйл. Би хувьдаа ингэж боддог. Уран бүтээлчид гэлтгүй олон дагагчтай хүмүүст хэлэхэд ийм хүн чанаргүй зүйлийг хийж болохгүй шүү дээ. Битгий! Яах юм бэ. Өлсөж үхэхгүй шүү дээ. Зар сурталчилгаанд тоглохдоо өөрийн хэмжээндээ заавал судалгаа хийгээд үзээрэй. Би бол судалгаа хийж байж зар сурталчилгаанд тоглох, үгүйгээ шийддэг.

-“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийнхээ өмнө нь тавигдсан хувилбаруудыг үзсэн үү?

-Хаана тавигдаж, ямар жүжигчид тоглосон бэ гэдгийг бүгдийг мэднэ. Гэхдээ үзэхгүй.

-Яагаад?

-Хуулбарлачихвал яах юм бэ. Тэр жүжигчний тоглолт таалагдаад тархинаас гарахгүй бол яах вэ. Тархинд суучихна шүү дээ. Өөрийн эрхгүй тэр тоглолтыг хүсээд эхэлбэл яах вэ. Би жүжгийн нээлтээ хийгээд 10 тоглолт явсны дараа үзнэ. Өөрийнхөө алдаа, оноог харьцуулж харна. Түүнээс биш одоо бол харж болохгүй. Хармааргүй байна.

-Энэ жүжгийн кино хийсэн хувилбар нь хүртэл бий шүү дээ. Та үзээгүй гэж үү. Мэдээж, 10-20 жилийн өмнө та энэ жүжигт тоглоно гэж төсөөлөөгүй л байх. Санамсаргүйгээр л үзнэ шүү дээ?  

-Азаар үзээгүй. Тийм учраас одоо үзэхгүй.

-Жүжиг яаж эхлэх бол?

-Миний бодлоор манай жүжгийн тайз маш гайхалтай, амьд болж байгаа. “Ямар сайхан харагдаж байна аа” гэж жүжиг эхэлдэг. Магадгүй, үзэгчид орж ирээд яг ингэж хэлнэ. Үүнд бол итгэлтэй байна. Тэгээд цаашаагаа жүжигчин бидний ажил үлдлээ дээ.

-Үзэгчдэд үлдэх өгөөжийг нь та юу гэж харж байна вэ? 

-“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг маань маш сонирхолтой. Хурц зөрчилтэй. Өндөр оргилтой. Тэр хэсэг нь бүр сайхан. Жүжигчдийн характер нь маш хурц, ялгагдсан. Миний мэдэхийн ойрын хэдэн жилд ийм жүжиг тоглогдоогүй. Энэ жүжгийг үзээд гарч ирсэн хүн галзуу хулганад суугаад бууж ирсэн мэт мэдрэмжийг авна гэж би хувьдаа бодож байна. Маш олон санааг энэ жүжгээр хэлж байгаа. Магадгүй, хүн өөрийнхөө амьдралд гацаа үүсгэсэн хайр сэтгэлийнхээ түгжээг тайлна байх. Болохгүй байгаа асуудлынхаа хариултыг энэ жүжгээс олж болох л юм. Үзэхэд үнэхээр сайхан жүжиг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu