“Миний ээж” ярилцлагын булан 20 дахь жилдээ шинэ зочны хамт уншигч танаа мэндчилж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг угтан энэ удаагийн зочноор Монгол Улсын зөвлөх инженер, ЛХАТОНОМ компанийн захирал С.Төмөрбаатарыг урилаа.
-Ээж болгон үр хүүхэддээ “Дээлтэй судар”, дэлхийд байхгүй ховор эрдэнэ байдаг. Таны ээж аль нутгийн, хэний үр сад, хүүхдүүддээ юу захиж сургадаг хүн байв?
-Миний ээж Бумцэндийн Дуламсүрэн гэж хүн байлаа. Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 1954 онд төрсөн. Таван хүүхэд төрүүлж өсгөсөн нь бүгд эсэн мэнд, нийгмийн янз бүрийн салбарт эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж, амьдарч байна. Би айлын том хүү. Миний ээж маш хүлээцтэй, хүнтэй ерөөс мууддаггүй, одоо бодоход агуу тэвчээртэй хүн байжээ. Энэ амьдралыг туулах явцад сайн муу янз бүрийг л зүйлийг харж, харьцуулж, таньж явна. Бахархмаар, баярламаар зүйл зөндөө, заримдаа уйлмаар, бахирмаар байх нь ч бий. Тэгвэл манай ээж энэ бүхэнд хүлээцтэй тайван дөлгөөн явж иржээ. Бид ээжийгээ нэг удаа уурлаж уцаарлаж, хүнтэй ам зөрж, хэрэлдэж, хүний өмнөөс чанга зандарч байхыг сонсоогүй.
Нутгийнханд ч тэгж хэлэх тааруу дурсамж байхгүй. Тэгэхээр би ээжийгээ маш хүлээцтэй, агуу тэвчээртэй хүн байжээ гэдгийг цаг хугацаа явах тусам улам их мэдэрч ойлгож байна. Ээж минь намайг хүүхэд байхаас “Миний хүү хэдэн дүү нараа авч явах хүн дээ. Миний хүү удирдах ажил хаших, дарга болох хүн дээ” гэж дандаа урмын үг хэлдэг. Түүндээ айлын том хүүгийн үүрэг, хариуцлагын тухай утгыг шингээдэг байсан. Одоо бодоход би яг л ээжийнхээ хэлснээр явж байна. Эх хүн хүүхдээ тэгж кодолдог юм байна. Хүүхдийнхээ ирээдүйг зөгнөж, ямар хүн болж яаж явах вэ гэдэг юмыг бүр жаахнаас тархинд нь суулгаж, одоогоор бол нэг ёсондоо программчилдаг юм байна. Программ сайтай бол хүчин чадал, үзүүлэлт гэж гайхамшигтай юм болно шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн намайг миний ээж л бий болгож бүтээсэн. Мэргэжил сонгоход хүртэл ээж минь зааж зөвлөж, би цахилгаан системийн автоматжуулалтын инженер мэргэжилтэй болсон. Тухайн үед ээж минь орчин үед бүх юм цахилгаанаар явна. Цахилгаангүй юм нэг ч байхгүй болно.Энэ бол хамгийн сайхан мэргэжил. Хаана ч ажлын байр бэлэн гэж хэлж байсан юм. Өнөөдөр эрчим хүч гэдэг хөгжиж буй том салбар, бид мэргэжлээрээ бахархаж ажилладаг.
-Хөвгүүд ээждээ амь бас хань байдаг. Ижийгээ дэргэдээс нь харж, хайрлаж олон зүйлийг мэдэж, мэдэрч өсдөг байх?
-Миний ээж хүнд хэцүү амьдрал дунд зовлон туулсан хүн. 2004 онд хүнд өвчнөөр хорвоог орхисон. 1954 оны тавдугаар сард мэндэлсэн гэхээр ээж минь таван сардаа бүтэн хүрэлгүй, 50 насны босгоор алхаж чадалгүй цэл залуухнаараа бурхан болсон. Ээж минь намайг 18-тайдаа төрүүлсэн. Тэгээд миний 33-ны жил дээр хорвоогоос явсан. Хүн өвдөхөөрөө үс нь бууралтаад, турж эцээд жаахан овортой харагддаг. Тэгэхэд ээж минь хөгширлөө дөө гэж бодож байсан.Гэхдээ өнөөдөр би өөрөө 50 хүрчихээд анзаарч суухад энэ чинь залуу сайхан нас юм байна. Миний үеийнхний зарим нь амьдрал эхэлж, үр хүүхэдтэй болж байгаа нь ч байна. 80 хүрлээ гэхэд одоо төрж байгаа хүү, охиноо насанд хүргэж, хуримыг нь хийж өгчихөөд, гарсан хүүхдүүдийг нь сургуульд орохыг үзэх нь байна шүү дээ. Тэгэхээр би ээжийгээ цэл залуухнаараа хорвоогоос явжээ гэж боддог. Бага байхад манайх Долоон буудалд байлаа. Тэр үеийнхэн хагас сайнд тал, бүтэн сайнд бүтэн амардаг, ээжийн ажил ч тийм байсан. Амралтын өдрүүдэд ээж бидний хувцсыг угааж, гэр орноо арчиж цэвэрлэхийн хажуугаар 10 кг гурил, нэг кг элсэн чихэр аваад том цагаан түмпэн овоолон боорцог хайрна. Тэр нь бараг долоо хоногоо даана. Дүү бид боорцгоо хармаалж хавийн хүүхдүүдэд зөөж өгөөд, өөрсдөө ч идээд л... Тоглож наадахын завсар ээждээ тусална, усандаа явж, мод түлээгээ хөрөөдөж хагална, хүүхэд нас тэгж л өнгөрсөн дөө.
"Ирээдүйд дүү нарыг чинь хайрлах өр зөөлөн бүсгүйг эхнэрээ болгож аваарай” гэж захиж байсан
-Ээжээсээ өвлөж, одоо хүүхдүүд, залуус дүү нартаа дамжуулан хэлж өвлүүлж ямар үг сургааль байна?
-Ээж минь надад “Миний хүү дүү нараа авч явах хүн шүү. Ирээдүйд дүү нарыг чинь хайрлах өр зөөлөн бүсгүйг эхнэрээ болгож аваарай” гэж захиж байсан юм. Хүүхэд байхад хэлж байсан үгс шүү. Би тэгж бодож сонгоогүй, гэхдээ ээжийн минь хүслээр тийм бүсгүй таарсан. Миний ээж худал хэлэх, хулгай хийхийг жигшдэг. “Хүн үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”. Хүн буруу аргаар амьдарч болохгүй гэдгийг бидэнд хэлж ойлгуулдаг байлаа. Өнөөдрийг хүртэл амар хялбар аргаар мөнгө олчих юмсан. Ингэвэл амархан амьдарчих гээд байна гэсэн бодол миний толгойд огт ирж байгаагүй. Өөрийн хөдөлмөрөөр ажиллаж, олсноо амьдралдаа зөв зарцуулаад явж байгаа. Ээж минь бидэнд “Эрдмийн оргилд шамдаарай”, “Хүнээс хулгайлж болдоггүй юм бол эрдэм. Хүний тархинд байгаа юмыг хэн ч булааж авч чаддаггүй юм шүү” гэж захидаг байсан юм. Бид бүгдээрээ дээд боловсрол эзэмшсэн. Тэр үед тэгж сэтгэж, үр хүүхдүүдээ болгож бүтээж байсан гэхээр ээж минь агуу ухаантай хүн байж. Өнөөдөр хүн болгон хүүхдээ их, дээд сургуульд оруулж, боловсролтой болгож байгаа шүү дээ. Гэтэл тэр үеийнхэн ихэнх нь хүүхдээ өсгөөд, яаж ийгээд ажилтай болгож, таван төгрөгний захад хүргэж амьдралдаа нэмэр болгоё гэж боддог. Сургаад авья гэх боломжтой нь бас цөөн байсан байх. Цаг үе нь тийм байсан.Бид хангалуун сайн амьдралтай байгаагүй. Гэхдээ ээж минь ганцаараа өсгөсөн гэхэд биднийг өлсгөөгүй, амттанаар дутаагаагүй. Уранхай цоорхой хувцастай явуулаагүй. Одоо эргээд санахад яаж хүргэж байсан юм бол гэмээр бүгдийг тэгш дүүрэн болгож бүтээж, мөр бүтэн, гэдэс цатгалан явуулж байсан.
-Таны ээжийн удам, дээдсүүд ямар хүмүүс байв?
-Ээжийн минь ээж Лхамсүрэн гэж хүн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул,нутагтаа амьдарч байгаад хожим бага охиноо дагаад Улаанбаатар хотод орж ирсэн юм билээ. Манайхаар олны хөл тасардаггүй, тогоо шанага хоёр байнга угсраатай. Нэг хүнд цай хоол хийгээд гаргахад дараагийнх нь орж ирж байдаг.Тэр олныг хооллосноороо ядуу амьдардаг бол өөрсдөө хоосон байхаар. Гэтэл тэгдэггүй, орж ирсэн хүүхэд бүхэнд чихэр, ёотон, боорцог атгаад өгч байдаг. Нэг том бор авдартай, тэр нь чихэр ааруул, боорцог дүүрэн. Хүн ирэхэд авдраа уудалдаг, дороосоо ундардаг юм шиг л байнга дүүрэн байдагсан. Эмээ маань ийм л олонтой хүн байсан, ээж минь ч тийм байсан.
Эмээ минь айлд өргөгдөж өссөн хүний ганц охин байсан юм гэнэ лээ. Өөрийнх нь ээж бол есөн хүүхэд төрүүлсэн гэдэг. Бодоход хүүхдээ хаа хамаагүй хүнд өгөөгүй байх. Ойр дотны, хамт нутагладаг, хамаатан садангийн айлд хүүхдээ өгсөн болов уу. Өргөж авсан ээжийнх нь ах Богд хааны хаалгач, сойвон Лувсандэндэв гэж хүн байсан. Тэр хүний эдэлж хэрэглэж байсан хэт хутга, хөөрөг нь надад өвлөгдөн үлдсэн. Ээжийн аав нь Гомбосүрэн гэж нутгийнхандаа үнэлэгдэж, хүндлэгдсэн эрдэмтэн, лам хүн байсан. Яагаад эрдэмтэн гэж хэлэв гэхээр төвд хэл бичигт төгсөрсөн, мөн босоо монгол бичигт гаргуун, кирилл бичгийг бие дааж сурсан. Зүгээр нэг лам байгаагүй. Нэрийн номдоо сайн, багад нь нутгаас хувилгаан гэгээнтэн тодруулахаар хоёр хүүхэд сонгоход нэгээр нь сонгогдоод явж байсан. Тэгээд нөгөө хүүхэд нь гэгээнтнээр тодорсон юм гэнэ лээ. Өвөө минь багын л сэргэлэн цовоо хүүхэд байсан гэдэг. 1990 оноос гандан хийдүүд сэргэж, ном судраа тус тусдаа хадгалж байсан айлууд гаргаж ирж нийлүүлээд сум нутгийнхаа сүм хийдэд хандивлахад заримынх нь хуудас дутуу, тасарч гээгдсэн байсныг манай өвөө сэргээн гараар бичээд, сэлбэж гүйцээсэн түүхтэй. Хэр баргийн лам тэр ажлыг гүйцэлдүүлэхгүй байх. Цээж сайтай, шашны ном судрыг бүгдийг уншиж, цээжилсэн байж дутуу, тасарсныг нь гүйцээн нөхөж бичиж, засаж сэлбэсэн байж таарна. Өвөө маань хийдээр шавилан суугаагүй, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд хоёуланд нь оролцсон. Дайнаас ирээд мал маллаж амьдарсан. “Шандны эрэгт хэдэн малтайгаа байхад монгол хүн хэзээ ч турж үхэхгүй шүү” гэж захидаг, бидэнд ёгт үлгэр, үйлийн үрийн тухай шашны сургаалиуд их ярьж өгдөг. Хулгай хийвэл, худал хэлбэл үйлийн үртэй. Хүнээс мөнгө аваад өгөхгүй үхүүлчихвэл бол төлж баршгүй үйлийн үрд унана гээд захина. Би хүүхэд байхаас өвөөгөөсөө, сүүлд өөрийн ээжээр дамжуулан үйлийн үрийн тухай үлгэр, сургаалиар хүмүүжсэн хүн байгаа юм.
-Таны ээж ямар мэргэжилтэй, аль салбарт ажиллаж байв?
-Ээж минь нягтлан бодогч мэргэжилтэй. Гацууртын сангийн аж ахуйн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа дүү бид хоёрыг төрүүлсэн. Дараа нь АПУ компанид 20-оод жил ажиллаад гавьяаны амралтаа авсан. АПУ-ийн борлуулалт дээр ажиллаж, тооцоог нь хийдэг байсан юм. Дараа нь надад зөвлөж байсан, “Миний хүү ээжийнхээ ажлын газраар нэг очоорой, алтан босготой үйлдвэр шүү” гэж захисан. Ээжийнхээ захиснаар би сургууль төгсөж ирээд АПУ компанийн цахилгааны цехэд анх цахилгаанчнаар ажилд орж байсан юм.
Цагаан сараар идээгээ засах болгонд ижий минь бодогддог
-Багадаа сахилгагүйтэж ээждээ зэмлүүлж байсан удаа бий юү?
-Айлын том болохоор тун гайгүй шүү. Гэхдээ л хааяа ээжид ороолгуулна. Индүүний утсаар ороолгодог байсан шүү дээ, тэр үеийн ээж аавууд. Би эмээ дээрээ өссөн болохоор тийм ч дүрсгүй байгаагүй. Дэлгүүр, сургууль, худаг гэсэн гурвалжин дотор л хүүхэд нас маань өнгөрсөн. Хичээлдээ явж ирээд усаа авч, модоо хагална, эмээдээ тусална. Дэлгүүр рүү талх, сүүнд гүйнэ. Мэдээж тэр дунд гүйж харайж, тоглож наадалгүй яах вэ. Манай хашаанаас хойш гудамж бараг байгаагүй, урагшаа бас айлууд цөөхөн. Өвөл бол хашааныхаа хойно гараад чаргаар гулгана. Зун нь гуу жалга дамжаад байлдаж тоглоно. Хааяа чулуугаар байлдана. Тархиа хагалуулах, тархи хагалах асуудал гарна. Болдоггүй л байсан байлгүй, хааяа ээжид ороолгуулж л байсан. Одоо бодоход нэг ороолгуулчихад бие хөнгөрөөд, чих зөөлрөөд явчихдаг байжээ.
-Ээжээс үлдсэн дурсгалтай зүйл юу байна?
-Ер нь бол хүн дурсамжаар л амьдардаг юм байна. Тэгэхээр ээж гэдэг хүний сэтгэлээс ерөөс арилдаггүй. Ардын уран зохиолч П.Бадарч гуай хэлж байсан даа, бага насандаа ээжийгээ санадаг, идэр насанд өөр хүн санадаг юм байна, 60-аас дээш буцаад ээжийгээ санадаг юм билээ гэж. Тэрийг сонсоод самсаа шархирч байсан, гэхдээ надад тийм биш санагддаг. Магадгүй П.Бадарч гуайн аав ээж урт насалсан юм болов уу. Би бол ээжийгээ одоо ч санадаг. Миний ээж эрт бурхан болсон болоод ч тэр юм уу, би эх хүнийг их хайрладаг. Ер нь байхгүй болсон хүн маш их үгүйлэгддэг юм байна. Би ижийгээ дөнгөж 32-той, 33-ны жил дээрээ алдсан, тэрнээс хойш Цагаан сар болгоноор өвөө эмээ дээдсүүдийнхээ ямар явж ирсэн яг тэр хэмжээнд бурхандаа болоод гэртээ гэж тусад нь хоёр идээ засаж, мах шүүс тавьж, 20 гаран жил болжээ. Их залуугаасаа сар шинийг ингэж тэмдэглэж ирлээ. Цагаан сараар идээгээ засах болгонд ижий минь бодогддог. Баяр тэмдэглэхэд бодогддог. Хүн ээжийгээ хоёр тохиолдолд их санадаг юм байна. Амьдралд бэрхшээл тохиолдоход санадаг. Бас баярласан үед их санаж үгүйлдэг. Анх ижийгээ бурхан болоод удаагүй байхад би Хөнгөн хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан болсон юм, их баярласан. Тэгээд хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол ээждээ гүйж очоод үзүүлмээр, үнсүүлмээр...Тэгэхэд их үгүйлсэн... тэгээд ч яалтай билээ. Сүүлд нэг удаа оюутан болсон том охинтойгоо хамт Гачууртын хар усан тохой руу ажлаар явах замд ижийгээ дурсаж, өөрийн эрхгүй нулимс аньсага бүрхээд байсан. Миний ээж том охины минь энэ л насан дээр энд нягтлан бодогчоор ажиллаж, ингээд явж байсан байхдаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан.
-Ээж чинь танд гэрээслэл үлдээж чадсан уу, эсвэл...?
-Миний ээж хүүхдүүдээ бага гэж голдоггүй хүн байлаа. Зуны амралтаар очоод өглөө эрт үнээ саахад нь тугал татаж өгөөд хажууд нь зогсож байхад надтай ярьж байдаг сан. Дүү чинь наймдугаар ангиа төгслөө, одоо яах вэ. Мал дээр гаргах уу, сургуульд явуулах уу гээд асууна. Өөрөө бие дааж шийддэггүй, дандаа надтай ярьж зөвлөж байж шийдвэр гаргана. Би том хүүгийн хувьд саналаа хэлдэг. Аравдугаар ангиа төгсгөе гээд. Бүх дүү нарын сургууль соёлын мөр хөөх, ажил, амьдралын замыг ээж минь надтай зөвлөсөн. Ээжийн санал минийхтэй яг таардаг байсан. Эргээд бодоход тэр бүхэн сайхан дурсамж юм.
Эхийн ач гэдэг хариулж барах эд биш
-Ээжийгээ хамгийн их баярлуулсан мөчийг дурсвал...?
-Биднийг багад булган малгай, булган захтай пальтогүй бол хүүхэн биш болчих гээд байгаа юм шиг нэг тийм цаг үе байлаа. Ээж минь айлын отгон охин, ах нар нь их тусалж дэмждэг байсан. Тэгээд өөрөө булган малгайтай болох гээд манай хажууханд байх үслэг эдлэлийн үйлдвэрт ажилладаг эмэгтэйд хэдэн төгрөг өгч, булганы арьс өгч захиалж л дээ. Гэтэл тэр нь худлаа болж бүтсэнгүй. Тэр айл айхтар урдаг нохойтой, ээж минь надтай хамт олон удаа очиж өнөөхөө нэхэж, сүүлдээ хэдэн ч жил болсон юм, өгсөн мөнгөө цувуулж увуулж аваад өнгөрсөн. Тэр үед би том болоод, мөнгөтэй болохоороо ээждээ булган малгай авч өгнө дөө гэж бодож явсан. Хожим АПУ-д ажилд ороод, цалингаа буунгуут Нарантуул зах руу гарч ээждээ булган малгай авч өгсөн. Ээж минь бурханд явтлаа тэр малгайнаас салаагүй. Бас хүүхнүүдийн гангараа болсон итал гутал авч өгч байлаа. Ээж минь баярласан л байх. Гэхдээ би үүнээс илүүтэйгээр баярлуулсан юм уу, эсвэл сэтгэлийг нь хөдөлгөсөн үү хоёр тохиолдол бий. Намайг оюутан байхад одоогийнх шиг утсаар дүрсээ харж ярьдаг юм байсангүй. Шуудан орж, төдөн сарын тэдний өдөр, төдөн цагаас ярина гээд захиалга өгдөг. Тэр өдрөө хоёр талаас хүн нь очоод хүлээж байгаад ярьдаг. Кабинд ороод яг ярихаар үг нь дуулдахгүй шахуу. “Байна уу, байна уу” гээд хашгираад байна. 2-3-хан минутын захиалга өгдөг, бодвол үнэ мөнгөнөөсөө болдог байсан биз. Тэгээд ээждээ их захиа бичнэ. Нэг удаа захиа бичихэд “Сайн байна уу, ээж ээ. Саравчлан харсаар сууна уу. Саахалт айлын эмээд сайрхаж хүүгээ магтана уу. Хүү чинь сайн...” гээд дууны үг сэтгэлд орж ирээд түүгээр захиагаа эхлүүлээд бичсэн юм. Сүүлд дүү нараас сонсоход ээж минь тэр захиаг аваад их уйлсан гэнэ лээ. Хүүгээ их санаж байж дээ. Хожим эхнэр авчихаад ээждээ очиж чаддаггүй, ер нь эхнэр авч байгаа хүн очих тухай ч бодол төрдөггүй юм байна лээ, ид ийм үедээ яваа залуус бол ойлгох байх. Гэхдээ өөрөө очиж амжихгүй байгаа ч Төв шуудан орж, “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр дуучин Одмаагийн дуулсан “Санаж авах ижий” дуугаар мэндчилгээ илгээж ээжийгээ баярлуулсан гэх үү, очоогүй гэмээ цайруулсан гэх үү. Тэрийг олж сонсоод ээж минь их баярласан гэнэ лээ. Сумынхан нь “Танай хүү ээждээ ая дууны мэндчилгээ илгээсэн байна шүү дээ” гээд гол усаар нэг шуугилдсан гэдэг юм. Тэр бүхэн надад бас дурсамж болж үлдсэн. Одоо хөдөө гадаа явахад тэр дуу эгшиглэхээр ээжийн минь “Миний хүү энэ дууг захиалж, хүмүүс надад тэгж хэлж байлаа” гээд ярьж байсан нь бодогдож, чихэнд сонсогдож, дүр төрх нь нүдэнд харагддаг. Тэгэхээр хүн ээждээ хийж буй аливаа үйл нь хожим санахад өөртөө бүтээж байгаа том дурсамж юм билээ. Нэг юм руу нэвтрэхэд түлхүүр үг байдаг шүү дээ, тэгвэл ээжийгээ боддог түлхүүрийн нэг нь тэр дуу. Баяр баясал тохиох, ээждээ үнсүүлмээр санагдах, хааяа цөхрөхөд өөрийгөө хөглөх түлхүүр тэр.
-Эхийн ач хариулах тухай хүмүүс янз бүрээр ярьдаг. Та юу хэлэх бол?
-Эхийн ач гэдэг хариулж барах эд биш байх. Нэгдүгээрт барахгүй, барсан хүн ч байхгүй, хоёрдугаарт тэгж оролдох ч хэрэггүй. Чадахгүй юмаа хийх дэмий, хүнийг ч, өөрийгөө ч зовоохын нэмэр.Түүний оронд сайн сайхан яваач ээ. Хүнд худал хэлэхгүй, чихийг нь халууцуулахгүй байгаач. Энэ чинь л тэр хүнийг баярлуулж, ачийг нь хариулж байгаа хамгийн том хэлбэр. Нэрийг нь, ясыг нь бүү өндөлзүүл. Хамаатан садантайгаа хэлхээ холбоо сайтай яваач гэж л хэлнэ. Миний ээж амьд сэрүүндээ “Хоёр хүний хооронд залгамжийг сайн хийж байгаарай” гэж захидаг байлаа. Залгамж гэдэг чинь хоёр хүн хоорондоо хэн нэгнийг муулж байхад нөгөө хүн дээр очоод чамайг тэр хоёр тэгж байна гэж хэлж болохгүй нь байна шүү дээ. Харин аль болох сайнаар, сайхнаар дурсаж, тэр хүмүүсийн хооронд зөв үр тарьж явах нь чухал.Тиймээс би хүний хооронд яс хаяж муудалцуулахыг цээрлэдэг, тийм зүйл хийж ч явсангүй. Цаашдаа ч мууг тэвчиж, залгамжийг сайхнаар залгуулсаар, магтаж байвал магтаж байгааг нь нэмж сайхнаар өргөөд,таарууг нь дурсахгүйгээр явна. Өөрийн зам мөрийг ээжийнхтэйгээ адил гэж зүйрлэж бодож ирлээ. Дүү нараа хэзээ ч орхиж байсангүй, дүү нараа болоод бусдыг ямагт боддог. Бусдыг бодож яваа болохоор өөрийн зам засагддаг юм шиг байна лээ. Миний ээж ходоодны хавдар мэдэгдэхгүй явсаар хожуу илэрсэн. Хэдий тийм ч ээжийгээ аврах гэж чадлаараа тэмцсэн. Хагалгаанд орж хавдрыг авахуулаад жил гаруй хэвтэрт байж бид асарсан. Тухайн үед надад юу хэцүү байсан бэ гэхээр, би айлын том хүү, бүх санхүү миний нуруун дээр буусан. Өөрийнхөө хэмжээнд үзүүлье гэсэн бүх л газраар авч, сайн гэсэн болгоныг авч уулгасан. Тэр үед би excel машин унадаг, САПУ үйлдвэрийн техникийн албаны даргын ажилтай байлаа. Цалин бол тухайн үедээ өндөр. Гэхдээ тэр олон хүнийг тэжээхэд хаанаа ч хүрэхгүй. Ажлаа тараад таксинд явна. Бие нь өвдөөд яаралтай эм тариа хэрэгтэй болоход “Аваад ирье” гээд гарахад хармаанд мөнгө байхгүй. Гараад замаараа хүн олж таксинд яваад, олсон мөнгөөрөө эм аваад давхиад очдог байсан. Би боддог юм, өнөөдөр хэрэв миний ээж өвдсөн бол үхүүлэхгүй байсан даа гэж харамсдаг. Тухайн үед хүчин мөхөсдөх, би залуудах, танилын хүрээ бага байх гэх мэт зүйлүүд байсан юм байна лээ.
Хорвоо дээр эмэгтэй хүн байхгүй байсан бол амьдрал байхгүй
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр уншигчдад хүрэх энэ дугаараар дамжуулан хүмүүст сэтгэгдлээ хэлнэ үү?
-Ээжийгээ байхад нь хайрлаарай. Олон газраар явж, зарим хүнийг анзаарч байхад ээжийнхээ зэмлэл, янз бүрийн үгийг тээршаах маягтай байхыг харж байсан. “Аан ээж л байна” гэх юм уу, дуудлагыг нь авахгүй байх жишээтэй. Ээждээ агсам тавьж, зодож байгаа хүнийг ч харсан. Тэр их муухай юм билээ. Би тийм зүйлийг үзэж чаддаггүй. Ээжийгээ хайрладаг хүн эмэгтэй хүнд гар хүрдэггүй. Хүмүүсийг, ээжийгээ хайрлаарай, аливааг зүйрлүүлж бодож байгаарай. Гудамжинд настай хөгшин байхад миний ээжээс ялгаа юун гэж бодож яваарай. Бас нэг охин хоол зөөгөөд бүтэлгүйтээд ирвэл загнахаас илүүтэй миний охиноос ялгаа юу байх вэ гэж зүйрлэж бодоорой. Чиний харах өнцгөөс хамаарч, тэр хүнд хандах хандлага өөрчлөгдөнө. Хорвоо дээр эмэгтэй хүн байхгүй байсан бол амьдрал байхгүй. Эхлэл үгүй бол үргэлжлэл гэж үгүй. Тийм болохоор эх гэж нэрлэсэн байх. Эхийгээ хайрлаарай, эх болох хүмүүсийг хайрлаарай гэж хэлье. Эх бол бурхан юм байна лээ. Хүмүүс бурхан гэж шавар, цаасан бурхан шүтдэг. Амьдрал дээрх бурхан бол амьдралыг бэлэглэсэн тэр хүн чинь шүү дээ. Би ээжийгээ бурхан л гэж боддог. Өөрийн чинь төлөө бүхнээ зориулж чадах, байхгүйгээ ч өгөх агуу хүн бол ээж бурхан. Эх хүн юуг ч бүтээнэ. Аюул тохиоход “Ээж ээ” гээд дуудахад муу бүхэн зайлж байдаг гэдэг шүү дээ. Би үүнийг үнэн гэж итгэдэг. Ээжийгээ хайрлаарай. Мартын 8-ны өдрийг тохиолдуулан Монголынхоо нийт эмэгтэйчүүд, ээжүүддээ баярын мэнд хүргэе. Та бүхэн өдөр бүрийг инээмсэглэж угтаарай. Эрчүүд минь хажуудаа байгаа бүсгүйн нүдний болоод сэтгэлийг галыг нь асааж яваарай.
Сэтгэгдэл ( 0 )